Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00855

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00855

 

 

 

 

НЗ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Отгонцэцэг, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02903 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч НЗ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ЗТХЯ-дхолбогдуулан гаргасан хохиролд 10 451 569 816 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, П.Цэцгээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Монгол Улсын Их Хурлын 2008 оны 47 дугаар тогтоолоор өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгөөр барих авто замын жагсаалтыг баталсны дагуу нээлттэй сонгон шалгаруулалтад манай компани шалгарч, 2010 оны 7 дугаар сарын 5-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, замын барилгын ажлыг эхлүүлсэн. Бид ГБ ХХК-аас 15 000 000 000 төгрөгийн зээл авч, өөрийн хөрөнгөөр авто замын барилгын ажлыг эхлүүлсэн. Улмаар 2012 онд нэмэлт гэрээ байгуулсан бөгөөд үнийн дүн 60 700 000 000 төгрөг болж шинэчлэгдэн, ажлыг 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуусгахаар, санхүүжилтийг Хөгжлийн банкаар дамжуулан олгохоор болж 2013 онд гурвалсан гэрээ байгуулсан.

Ажлын гүйцэтгэл 73 хувьтай хийгдсэн ба хийгдсэн ажлын гүйцэтгэл болох 33 300 000 000 төгрөгийн санхүүжилтийг олгосон. Тус замын барилгын ажлыг гүйцэтгэх хугацаанд бороо их орсон, санхүүжилтийг олгохгүй удаашрах, гаднаас авах ажиллах хүчний асуудлыг шийдвэрлэхгүй удааширсан зэрэг биднээс үл хамаарах нөхцөл байдлаас зам барилгын ажил хугацаа алдсан. Гэтэл гэрээт хугацаандаа дуусгаагүй гэсэн үндэслэлээр ЗТЯ-ны ТНБД-н2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаар тушаал, Засгийн газрын 2014 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 185 дугаар тогтоол тус тус гарч, гэрээ цуцалсантай холбоотойгоор тус компанид 8 844 606 451 төгрөгийн хохирол учирсан.

Дээрх тушаалтай холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хандаж шүүхээс 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 174 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Талуудын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Ө-Ч чиглэлийн 143 км авто замын ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсантай холбоотойгоор гарсан маргааныг шийдвэрлэх зорилго бүхий эвлэрлийн гэрээг хариуцагчтай байгуулсан. Гэрээний 1.3, 2.1, 2.2-т зааснаар Зам, тээврийн хөгжлийн яам нь Т-У чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын ажлыг бүрэн гүйцэтгэсний үр дүнд олгох санхүүжилтээр манайх өмнө учирсан хохирлоо нөхөн барагдуулах болзолтойгоор эвлэрлийн гэрээ байгуулсан.

Үүний дагуу манай компани 41 412 3 сая төгрөгийн өртөг бүхий С-АЗ-Б 2015-66/166 тоот Т-У чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гэрээг 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яам, ХБ-тай байгуулсан. Гэтэл Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 44 дүгээр тэмдэглэлээр дээрх ажлын хөрөнгийн эх үүсвэрийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол улсад олгосон хөнгөлөлттэй зээлээс хэмнэгдсэн эх үүсвэрээр санхүүжүүлэх шийдвэрийг гаргасан байдаг. Шийдвэрийн дагуу ххххх 2016 оны гэрээ дүгнэсэн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэл, Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр санхүүжилтийн эх үүсвэр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ххххххх 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 36 тоот тушаал гарч Т-У чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гэрээг захиалагчийн санаачилгаар дуусгавар болгосон.

Мөн ххххх 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 36 тоот тушаалаар Т-У чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гэрээг дуусгавар болгосны улмаас уг авто замын барилга угсралтын ажлаас олох байсан ашиг болох 1 606 963 365 төгрөгийг болох боломжгүй болсон. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт заасны дагуу захиалагчаас Т-У чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гэрээнээс олох байсан ашиг болох 1 606 963 365 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй юм.

Ө-Ч чиглэлийн 143 км, Т-У чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажлыг эхлэхдээ ГБ ХХК-аас 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ЗГ тоот зээлийн гэрээ байгуулж, 8 800 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай авсан. Мөн 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ЗГ тоот зээлийн гэрээг ГБХХК-тай байгуулж, зээлийн гэрээний дагуу 4 000 000 000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авч, зам барилгын ажлыг эхэлж санхүүжүүлсэн.

Дээр дурдсан зээлийн гэрээнүүдийн барьцаанд өөрийн хувийн болон компанийн эд хөрөнгө, техник тоног төхөөрөмж, үл хөдлөх эд хөрөнгөнүүдээ барьцаалснаас гадна гэрээний дагуу хийж гүйцэтгэх ёстой байсан авто замын барилгын ажлын гэрээний орлогыг давхар барьцаанд тавьсан болно. Хариуцагчийн зүгээс гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээ ёсоор хийж гүйцэтгэж байсан ажлын санхүүжилтийг олгоогүй, авто замын барилгын ажлын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж өгөөгүйн улмаас бид ихээхэн хэмжээний зардал гаргаж, олох ёстой байсан орлогоо олж чадаагүй хохирч байна.

Өнөөдрийн байдлаар бид ГБ ХХК-тай байгуулсан гэрээний гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас дээр дурдсан зээлийн 2 гэрээний дагуу төлөх ёстой үндсэн зээлийн үлдэгдэл 3 500 000 000 төгрөг, зээлийн хүү 3 237 610 799.97 төгрөг, баталгааны шимтгэлд 65 644 685.30 төгрөг, нийт 7 124 068 864.47 төгрөгийн өр төлбөрт ороод байна. НЗ ХХК-д учруулсан хохирол болох 8 844 606 451 төгрөг, гэрээ дуусгавар болсонтой холбогдуулан НЗ ХХК-ийн олох байсан ашиг болох 1 606 963 365 төгрөг буюу нийт 10 451 569 816 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 174 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад нэхэмжлэгч компанид учирсан хохирол болох 8 844 606 451 төгрөгийг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй. Зам, тээврийн сайд болон НЗ ХХК-ийн ерөнхий захирал нарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 107 дугаар эвлэрлийн гэрээгээр хохирол гэх 8 844 606 451 төгрөгийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас гаргуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах үүргийг НЗ ХХК хүлээсэн.

Мөн эвлэрлийн гэрээний 3.2-т заасны дагуу ххххх, ХБ гүйцэтгэх захирал, НЗ ХХК-ийн Ө-Ч чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг С-АЗ-Б 2015-64/153 дугаартай байгуулснаар дээрх эвлэрлийн гэрээ цуцлагдсан бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсгийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж зааснаас үзвэл мөн гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах хаан хэлэлцэх хугацаа дууссан.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Т-У чиглэлийн 67 км авто замын ажлыг хийж гүйцэтгэсэн бол олох байсан орлого болох 1 606 963 365 төгрөг гэж тодорхойлжээ. Зам, тээврийн яам, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, НЗ ХХК-ийн Ерөнхий захирал нарын хооронд байгуулсан 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Т-У чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг С-АЗ-Б 2015-66 дугаар гэрээний тусгай нөхцөлийн 13.3-т 1 удаагийн гүйцэтгэлийн дүн нь гэрээний нийт үнийн дүнгийн 2 хувиас доошгүй байна. Сард нэгээс дээшгүй удаа санхүүжилтийн нэхэмжлэл хийнэ гэж тус тус зааснаас үзвэл ажлыг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхээр хууль болон гэрээгээр зохицуулсан тул дээрх мөнгийг олох хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасан үндэслэлгүй тул Зам, тээврийн яам-аас 10 451 569 816 төгрөг гаргуулах тухай НЗ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 000 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэмж 27 415 799.08 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015.174 дүгээр шийдвэр ёсоор ЗЗТЯ-ны ТНБД-н2014.3.21-ний өдрийн 96 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтын "НЗ ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож. зохигч талуудын хохирол нэхэмжилсэн хэсэгт (8 844 606 451 төгрөг гаргуулах) эвлэрлийн гэрээг баталгаажуулсан. Төрийн захиргааны төв байгууллага болох Зам тээврийн хөгжлийн яамны зүгээс энэхүү эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бодитой биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид учирсан бодит хохирлоо шүүхийн журмаар нэхэмжилсэн. хохирол болох 8 844 606 төгрөг нь Ө-Ч чиглэлийн 143 км авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг шууд цуцалсантай холбогдуулж Хөгжлийн банкны зүгээс урьдчилгаа төлбөрийн баталгаа болох дээрх мөнгийг бидэнд баталгаа гаргасан Голомт банкнаас шууд татан авснаар үүссэн хохирол билээ. Дээрх мөнгийг Голомт банкны зүгээс бидэнд олгосон зээлээсээ шууд суутган авснаар бидэнд 8 844 606 төгрөгийн шууд хохирол учирсан.

Хариуцагчийн зүгээс энэхүү хохирлыг зөвшөөрч өөр ажил гүйцэтгүүлэх замаар дээрх хохирлыг барагдуулахаа хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан. Анхан шатны шүүхээс үнэн зөв бодитой дүгнэлт хийлгүй учирсан гэх 8 844 606 төгрөгийн хохирлыг үл маргах журмаар төлж барагдуулах үүргийг уг гэрээгээр хүлээсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй нэхэмжлэгчийн энэ шаардлага баримтаар нотлогдохгүй байна гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Т-У чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх С-АЗ-Б 2015-66/166 тоот гэрээнээс орох байсан орлого гэж 1 606 963.365 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгчийн шаардлагын тухайд анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 355 дугаар зүйлийг илт буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасны дагуу орох байсан орлогыг нэхэмжилсэн. Тооцоолол нь хэргийн 71 дүгээр хуудаст байгаа төсөвт өртгийн тооцоо гэх баримтад тусгагдсан.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэг шаардлагыг тодруулах шаардлагатай гэж үзсэн. Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох 1 606 963 365 төгрөг гаргуулах үндэслэлээ хариуцагч байгууллага эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласан байхад анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан дээрх ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болоход гэрээний аль тал үүргээ зөрчсөн хариуцагч байгууллагын зүгээс санхүүжилтийн эх үүсвэр өөрчлөгдсөн үндэслэлээр гэрээг дуусгавар болгосон гэх нөхцөл байдал нь хууль болон гэрээнд заасан хохирол төлөх үүрэгт хэрхэн хамаарч байгаад дүгнэлт өгөх шаардлагатай байна гэж маш тодорхой заасан байдаг.

Гэтэл анхан шатны шүүхээс дээрх асуудалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүйн улмаас шийдвэр нь үндэслэлтэй хууль ёсны болж чадсангүй. Тухайлбал: Бид нэхэмжлэлийн үндэслэл шаардлагадаа болон шүүхийн мэтгэлцээний явцад эвлэрлийн гэрээний үүргээ Зам тээврийн хөгжлийн яам биелүүлээгүйн улмаас учирсан хохирол гэж шинэ нөхцөл байдалтай холбогдуулан нэхэмжлэлээ тодруулсан. Энэхүү тодруулга нь дээд шатны шүүхээс хийсэн дүгнэлтийн дагуу хохирлын хууль зүйн үндэслэлийг илүү тодруулсан нөхцөл байдал болсон юм. Нөгөө талаас Т-У чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн бол олох байсан ашгийг нэхэмжилсэн. Хариуцагч нь гэрээний нэг тал учир гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор шударгаар биелүүлэх учиртай билээ. Гэтэл хариуцагчийн зүгээс асуудлыг Засгийн газар шийдвэрлэсэн гэж гэрээний тал биш субьектыг зааж хариуцлагаас зайлсхийж байхад энэ асуудалд шүүхээс бодитой дүгнэлт хийж чадсангүй. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. биелүүлэх талаар тодорхой санал санаачлага гаргаагүй хариуцлагаас зайлсхийж байгаа хариуцагчийн үйлдэл холбогдол холбогдох нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байхад шүүх шийдвэрлэхгүй байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээр дурдсан үндэслэлүүдээр өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч НЗ ХХК нь хариуцагч ЗТХЯ-д холбогдуулан эвлэрлийн гэрээний 1.2 2.1-т заасан үүргээ биелүүлээгүйн улмаас НЗ ХХК-д учруулсан хохирол болох 8 844 606 451 төгрөг, захиалагчийн санаачилгаар Т-У чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалсантай холбогдуулан олох байсан орлого болох 1 606 963 365 төгрөг нийт 10 451 569 816 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: Нэхэмжлэгч нь нээлттэй сонгон шалгаруулалтад шалгарч 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчтай авто зам барих ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан тухайд талууд маргаангүй байна.

 

Нэхэмжлэгч нь ГБХХК-аас 15 000 000 000 төгрөгийн зээл авч өөрийн хөрөнгөөр авто замын барилгын ажлыг эхлүүлсэн гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй. /1-р хх 1-4, 2-р хх 26-30/ Улмаар талууд 2012 онд нэмэлт гэрээ, 2013 онд гурвалсан гэрээ байгуулсан талаар тайлбарласан.

 

Дээрх авто замын ажлын гүйцэтгэл болох 33 000 000 000 төгрөгийн санхүүжилтийг олгосон тухайд талууд маргахгүй байна. /1-р хх 1-4, 98-99/

 

Авто замын барилгын ажлыг гэрээт хугацаанд дуусгаагүй гэсэн үндэслэлээр ЗЗТЯ-ны ТНБД-н2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаар тушаал, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 185 дугаар тогтоол тус тус гарч дээрх ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан тухайд ч талууд маргахгүй тайлбарлаж байна.

НЗ ХХК ньЗТЯ-ны ТНБД-н 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 96 тоот тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар, гэрээг цуцалсантай холбоотойгоор үүссэн хохирлоо гаргуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, тус шүүхээс 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 174 тоот шийдвэрээр 96 тоот тушаалын дөрөвдүгээр хавсралтын НЗ ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /1-р хх 23-31/

Талууд Ө-Ч чиглэлийн 143 км авто замын гэрээ цуцлагдсантай холбоотойгоор гарсан маргааныг шийдвэрлэх зорилго бүхий гэх нэртэй эвлэрлийн гэрээ байгуулсан нь эвлэрлийн гэрээний хувиар нотлогдож байна./1-р хх 21-22/

Уг эвлэрлийн гэрээний дагуу Т-У чиглэлийн 67 км авто замын ажлыг хийж гүйцэтгэх гэрээг талууд байгуулсан гэх боловч мөн захиалагчийн санаачилгаар цуцлагдсан талаар талууд маргахгүй тайлбарлажээ. /1-р хх 190-192, 2-р 28-30/

Нэхэмжлэгчийн Өмнө цуцалсан гэрээнээс учирсан хохирол гэх 8 844 606 451 төгрөг нөхөгдөөгүйгээс гадна сүүлд захиалагчийн санаачилгаар Т-У чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болсонтой холбогдуулан олох ёстой байсан орлого болох 1 606 963 365 төгрөг нийт 10 451 569 816 төгрөгөөр хохирсон гэх байр суурийг хариуцагч зөвшөөрөхгүй маргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой байгаа нөхцөлд хуулийг тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм. Хохирол гэх 8 844 606 451 төгрөгийн задаргаа, эдийн засгийн үндэслэл тооцоолол, хууль зүйн үндэслэл тодорхойгүй, талууд энэ талаар мэтгэлцээгүй байна.

Нэхэмжлэгч нь илт хууль бус захиргааны актын улмаас учирсан гэм хорын хохирол шаардаж байна уу, эсхүл гэрээ цуцлагдсанаас учирсан хохирол шаардаж байна уу гэдгийг тодруулах шаардлагатай. Учир нь нэхэмжлэгч нь 8 844 606 451 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа хохирол гэж ерөнхий утгаар томъёолжээ. Хохиролд үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлого хамаарах юм. Мөн үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй.

Хэрэв нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар эвлэрлийн гэх гэрээ нь өмнөх цуцлагдсан гэрээнээс учирсан хохирол гэх 8 844 606 451 төгрөгийн алдагдлыг нөхөх зорилготой байсан бол сүүлд байгуулагдсан гэрээ цуцлагдсанаар 8 844 606 451 төгрөг дээр нэмж 1 606 963 365 төгрөг нэхэмжилсэн үндэслэл тодорхойгүй болжээ./1-р хх 1-4, 190-196/

Нэхэмжлэгч нь 8 844 606 451 төгрөгийн хохирол гэх үнийн дүнг яаж тооцоолсон нь тодорхойгүй бөгөөд Зам тээврийн хөгжлийн яамны зүгээс үнийн дүнд огт маргаагүй гэх боловч талууд тухайн нэхэмжлэлийн шаардлагын хувьд маргаантай байна.

Хариуцагч нь 107 дугаар эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурснаар талуудын үүрэг дуусгавар болсон гэж тайлбарлажээ. Хэргийн баримтаар талууд эвлэрлийн гэрээнээс хойш үргэлжлүүлэн замын ажлын гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээний гүйцэтгэл, биелэлт үйл баримтын хувьд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдож байна. Талууд нэгэнт гэрээ байгуулсан бол Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх ёстой юм.

 

Хэрэв нэхэмжлэгч гэрээ цуцалсантай холбогдуулан шаардлага гаргаж байгаа бол гэрээ ямар үндэслэлээр, хэний буруугаас дуусгавар болсон, хэдэн төгрөгийн хохирол хэнд учирсан, энэ талаар ямар баримт тооцоолол байгаа, нийт ажлын төсөв, ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, үүнээс ашиг буюу орлого нь хэд болох зэргээр гэрээний хэрэгжилтийн талаар бүхэлд нь дүгнэн үзэхгүйгээр зөвхөн зайлшгүй олох ёстой байсан орлого гэх ойлголтыг тусад нь авч шийдвэрлэх боломжгүй юм.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна гэж заасан. Нэхэмжлэгчийн маргааны агуулгыг тодруулж маргааныг агуулгаар нь нэг мөр шийдвэрлээгүйн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх эсэх зорилгоо шүүх хэрэгжүүлээгүй байна.

 

Талууд НЗ ХХК-тай байгуулсан үндсэн гэрээний санхүүжүүлэгч нь Хөгжлийн банк ХХК болж өөрчлөгдсөн гэж тайлбарласнаас үзэхэд цуцлагдсан гэрээ түүний үр дагаврын талаар шаардлага гаргаж байгаа бол Хөгжлийн банк ХХК-ийн эрх ашиг сонирхол хөндөгдөх эсэхийг тодруулах нь зүйтэй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02903 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 181З2021/02162 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД