Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00881

 

 

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00881

 

С.Т-ийн нэхэмжлэлтэй

С.Т-ийн иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/00693 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Т-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О ХХК-д холбогдох О ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 4558 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн HR0063 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ө, хариуцагчийн өмгөөлөгч О.М, Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Т нь 2012 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс О ХХК-д хүнсний ахлах технологичоор хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Тус байгууллагад Уурхайн дэд бүтэц, үйлчилгээ-кэмп болон сайт үйлчилгээний хэлтсийн хүнсний ахлах технологич ажлын байранд ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн HR0063 дугаар тушаалаар ажлаас халагдсан.

2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр О ХХК-ийн гүйцэтгэх захирлын 4558 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гарсан бөгөөд уг тушаалд заасан зөрчлийг үндэслэлгүй, нотлогдоогүй, судалгааны ажлыг дутуу, хуурамчаар үйлдсэн гэж эс зөвшөөрсөн.

Улмаар 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тус компанийн хүний нөөцийн менежер Лаура Томасд зөвхөн өөрийн гарт нь гэж хаяглан дахин шийдвэрээ харах, захиргааны арга хэмжээг буцааж татах тухай хүсэлтийг, гэрээт компанийн нууцлалтай холбоотой баримтуудын хамт хавсаргаж өгсөн. Үүнийг хүлээн авснаас хойш 9 хоногийн дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 5698/ HR тоот Өргөдлийн хариу гэх албан бичгийг гардуулж, үүнээс хойш 30-40 минутын дараа тус компанийн хүний нөөцийн хэлтсийн ажилтан Б.Байгальмаа уг тушаалыг техникийн алдаа гарсан гэж хэлээд буцааж авсан.

Ийнхүү буцааж авснаас 3 хоногийн дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 5698/ HR тоот Өргөдлийн хариу гэх албан бичгийг өгсөн. Гэтэл энэ 2 албан бичгийг харьцуулвал техникийн алдаа бус, харин агуулгын зөрүүтэй албан бичгүүд байсан. Өмнөх албан бичиг нь Өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэх агуулгатай албан бичиг байсан бол дараагийнх нь Таны өргөдлийн уян хатан байдлаар авч үзэхэд бэлэн байна гэх агуулгатай албан бичгийг өгсөн.

Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалаа эргэн харахыг хүссэн хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх гэж байна гэсэн хүлээлттэй байсан тул шүүхэд хандаагүй. Улмаар 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хариу өгөөгүй тул тус өдөр сахилгын шийтгэл хүлээлгэсэн тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандахаар бэлтгэж байтал 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирлын хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай HR0063 тоот тушаалыг гардуулсан. Сахилгын шийтгэл хүлээлгэсэн тушаал нь нотлогдоогүй, үндэслэлгүй тушаал гэж гомдол гаргасан байхад уг тушаалыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн давтан зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Өмнөх сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах өргөдөл гаргасан байхад түүнийг ажил олгогчийн зүгээс эцэслэн шийдвэрлэсэн хариу өгөөгүй атлаа давтан зөрчил гэж үзсэн.

С.Т нь О ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүнээр 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа бөгөөд Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дах хэсэгт заасныг зөрчиж ажлаас халсан. Улмаар С.Т нь 2012 оноос эхэлж тус компанид ажиллаж байх хугацаандаа О ХХК, О ХХК-ийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээ, 2013-2015, 2016-2017, 2018-2023 оны хамтын хэлэлцээрт оролцож, хамтын гэрээг байгуулсан. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дах хэсэгт заасныг зөрчиж ажлаас халсан.

О ХХК-ийн ажилчдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж О ХХК болон тус компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд хамтын маргаан үүссэн байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2 дах хэсэгт заасныг зөрчиж ажлаас үндэслэлгүй халсан.

С.Т нь Мазаалай хоолны газарт болсон ажилчдын хуралд ажил үүргийнхээ хувьд оролцож, тодорхой зөрчлүүдийг хэлж, шаардлага тавьсан. Тухайн хуралд оролцсон хүмүүс гомдол гаргаагүй байхад 5-6 хүнийг дуудаж тайлбар гаргуулсан. О ХХК нь магадлан шалгах ажиллагаа явуулаагүй. Э ХХК-ийн хүний нөөц нь О ХХК-ийн бланкийг ашиглаж хууль бусаар тайлбар авсныг нотлох баримт гэж үзэх ёсгүй тул нотлох баримтыг цуглуулж үнэлээгүй, тушаалд Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн зохих заалтыг бариагүй. Мөн гомдлыг эцэслэн шийдвэрлээгүй байсан тул давтан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

С.Т нь Мазаалай хоолны газарт болсон ажилчдын хуралд оролцохдоо бүдүүлэг, зохисгүй үг хэллэг хэрэглээгүй, бусдыг айлган сүрдүүлсэн, заналхийлсэн үг хэллэг хэрэглээгүй тул сахилгын шийтгэл ногдуулсан болон ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлээр О ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 4558 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, О ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн HR0063 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Т нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр уурхайн талбарын Мазаалай хоолны газарт гэрээт компанийн ажилтнуудтай бүдүүлэг, зохисгүй үг хэллэг ашиглан, боловсон бус харьцаж, компанийн дүрэм журмаар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн тул О ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 4558 дугаар тушаалаар түүнд сануулах шийтгэлийг ногдуулсан.

Гэтэл сахилгын сануулах шийтгэлийн хүчинтэй байх хугацаанд О ХХК-ийн кэмп, уурхайн талбарын үйлчилгээ хариуцсан менежер Ж.Ч-тай харилцахдаа сүрдүүлсэн, заналхийлсэн үг хэрэглэсэн сахилгын зөрчлийг сахилгын эцсийн сануулах шийтгэлийн хүчинтэй байх хугацаанд гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Ажлаас халах гэдэг бол Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан сахилгын шийтгэлийн нэг төрөл болно. О ХХК нь С.Т хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр цуцалсан болно. Сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халаагүй. Мөн О ХХК нь С.Т т түүний сонгуульт үүрэгтэй холбогдуулан, хамтын гэрээний хэлэлцээнд оролцсоных нь төлөө сахилгын шийтгэл ногдуулаагүй.

2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар О ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос О ХХК-д Хөдөлмөрийн тухай хуулийн 115 дугаар зүйлд зааснаар тавьсан нэг ч шаардлага байхгүй. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хамтын маргаан үүсгэх шаардлага тавигдаагүй тул маргааныг шийдвэрлэсэн гэх үйл баримт байхгүй. Мөн нэхэмжлэгч ямар хамтын маргаан шийдвэрлэхэд оролцож халагдсан гэж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй, нотлох баримтгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар нэхэмжлэгч С.Т-ийн О ХХК-д холбогдуулан гаргасан О ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 4558 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн HR0063 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал зэргийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Т-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Ажил олгогч нь Ж.Ч-ыг айлган сүрдүүлсэн, гүтгэсэн, дарамталсан шинжтэй үйлдлийг С.Т ийг гаргасан гэж үзэж түүнийг ажлаас чөлөөлсөн.

Гэтэл айлган сүрдүүлэх, ажил хэргийн нэр хүндэд халдсан гүтгэлэг, худал мэдээлэл тараах үйлдэл гаргахтай холбоотой харилцааг Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд тусгасан бөгөөд эрүүгийн болон зөрчлийн гэмт үйлдлийн улмаас хохирол амссан гэж үзвэл цагдаагийн байгууллагад хандаж гэмт хэрэг, зөрчил мөн эсэхийг тогтоолгох ёстой. Ажил олгогч нь цагдаагийн байгууллага, шүүхийн хийх ёстой ажлыг дур мэдэн гүйцэтгэж, гэм буруутайд тооцон ажлаас халсан нь Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөөгүй, хүний эрхэнд бүдүүлгээр халдсан.

Шүүх шийдвэр гаргахдаа С.Т-ийн гаргасан үйлдэл нь гэмт хэрэг үү, зөрчил үү, Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан ажлаас чөлөөлөх ноцтой зөрчил мөн эсэхийг ялгаж дүгнээгүй.

2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хөдөлмөрийн харилцаа ба стратегийн ерөнхий зөвлөх С.Т тэй хийсэн ярилцлага нь Ж.Ч-ыг айлган сүрдүүлж заналхийлсэнийг нотлох баримт биш. Журмын дагуу бол гомдол гаргасан Ж.Ч-ыг заналхийлж айлган сүрдүүлж байгааг харсан, үзсэн гэрч болох хүмүүсээс мөн адил тайлбар авах, нотлох баримт цуглуулах, албан ёсны дүгнэлт тайлан гаргах ёстой байсан боловч энэ нь хэрэгт байхгүй тул С.Т тухайн зөрчлийг гаргаагүй гэдгийг нотлож байна гэх зэрэг тайлбаруудыг орхигдуулсан нь дээрх үндэслэлийг нотолж байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон үйлдвэрчний эвлэлийн гишүүний сонгуульт үүрэгтэй нь холбогдуулж зориудаар зохиомол нотлох баримт цуглуулан ажлаас чөлөөлсөн гэж нэхэмжлэгч үзэж буйгаа хууль зүйн үндэслэлтэй тайлбарласан байхад шүүх энэ асуудалд огт дүгнэлт хийлгүй, хариуцагчийн зүгээс ийм үйлдэл гаргасан эсэхийг нягталж шалгаагүй, шүүхийн шийдвэрт дурдалгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.

Мөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлагыг гаргасан мэтээр шийдвэртээ тусгаж, үүнд нь эрх зүйн дүгнэлт өгч, огт байгаагүй шаардлагын талаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг илт, ноцтой зөрчсөн /шүүхийн шийдвэрийн 1,4,8,9-р талуудад дурдагдсан/.

Ж.Ч-с Ж.Э-т ирүүлсэн гомдол нь нотариатаар гэрчлүүлсэн тамга, тэмдэгтэй бөгөөд хэлбэрийн хувьд нотлох баримтын шаардлагыг хангасан мэт боловч Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан нотариатын баталгаажуулах үйлдлийн төрөлд үл хамаарах фэйсбүүкийн мессенжер чатыг гэрчилсэн нь мөн хуулийн 25, 27 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5 дах хэсэг заасныг зөрчиж байгаа тухай тайлбар гаргасан байхад дээрх нотлох баримтын шаардлага хангахгүй баримтуудыг нотлох баримтаар үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүх С.Т Ж.Ч-ыг айлган сүрдүүлсэн, заналхийлсэн шинжтэй үйлдэл гаргасан нь нотлох баримтаар нотлогдсон гэж үзсэн бөгөөд С.Т , Ж.Ч нарын утсаар ярьсан бичлэг болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлсэн.

...2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн гар утасны дуу бичлэг нь хууль ёсоор цуглуулсан нотлох баримт биш тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй, хариуцагчаас гаргаж өгсөн хэргийн 98-104 дэх талд байгаа баримтууд нь Ту С гэх хүний нэр нь нэхэмжлэгч С.Т мөн гэдгийг батлах ямар ч боломжгүй, худалч, хулгайч гэх зэргээр Ж.Ч-ыг хэлж байна гэдгийг тогтоох боломжгүй. С.Т нь Ж.Ч-ыг айлган сүрдүүлж, заналхийлээгүй гэдгийг Ж.Ч гэрчээр мэдүүлэг өгөхдөө өөрөө хүлээн зөвшөөрсөн.

Хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ю.Г, Б.М, Т.Я, Ц.М, Б.Э, Н.Б нарын 6 хүнээс авсан тайлбарууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.

Гэрчүүдийн мэдүүлэг илт зөрүүтэй байхад зөвхөн нэг талын гэрчүүдийн мэдүүлгүүдийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Гэрчээр асуугдсан Р.Э, Г.Б, Н.Б, А.С, Ж.Ч , М.М нарын мэдүүлгээс үзэхэд С.Т бусдыг доромжилж, дотоод журам зөрчсөн биш, харин ажлын шаардлага тавьсан нь тогтоогдсон. Гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо илт зөрүүтэй, нэхэмжлэгчийг буруутай, ёс зүйн журам зөрчсөн үйлдэл гаргаагүй гэж мэдүүлсэн Р.Э, Н.Б нарын мэдүүлгийг батлах нотлох баримт байхад түүнийг үнэлэлгүй, давхар бусад эх сурвалжаар огт нотлогдоогүй бусад гэрчүүдийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ илт хууль бус нотлох баримтыг үндэслэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хангалттай судалж үзэлгүй шийдвэр гаргасан.

Шүүгч МУИС-ийн Хууль зүйн сургуулийн доктрорын сургалтад хамрагддаг ба тус сургуулийн ахлах багш бөгөөд докторын ангид хичээл заадаг багш, суралцагчийн /шавийн/ харилцаа бүхий МУИС-ийн хууль зүйн тэнхимийн ахлах багш Д.Э хариуцагчийн өмгөөлөгчөөр тус хэрэгт оролцсон нь хэргийг шударгаар шийдвэрлэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдлыг үүсгэж, хариуцагч талд давуу тал олгож хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3, 91.1.4-т заасныг зөрчсөн.

2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр болсон шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас эвлэрэх санал гаргаж шүүх хуралдааныг хойшлуулсан. Гэтэл 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаан эхлэхэд шүүгч талуудын эвлэрэх саналын тухайд хэрхэн хэлэлцсэн талаар огт асуугаагүй.

2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны явцад хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс гэрчээр асуугдсан Р.Э, Н.Б нар ажлаасаа гарсан учраас нэхэмжлэгч талын нөлөөлөл, ашиг сонирхолд үйлчилж байгаа гэх утгатай тайлбарыг гаргасан бөгөөд шүүгч нэхэмжлэгчийн тухайд буруу, хууль, журам зөрчсөн үйлдэл гаргаагүйг гэрчилсэн дээрх мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэлгүй, хариуцагчийн гаргасан баримт, хариуцагчийн нөлөөлөлд одоо ажиллаж буй гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж ...үнэн зөв шударгаар явуулсан болох нь ... тогтоогдож байна /шүүхийн шийдвэрийн 6 дах тал/ гэх мэтээр дүгнэсэн нь дээрх үндэслэлийг нотолж байна.

Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэгч талын тайлбарын гол хэсгүүдийг орхигдуулсан. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Э шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тайлбарлахдаа С.Т-ийн үйлдэл нь Иргэний хуулийн 60 дугаар зүйлд заасан Хүч хэрэглэж хийсэн хэлцэл юм гэсэн тайлбарыг сонсоод С.Т ийг айлган сүрдүүлсэн, дарамталсан шинжтэй үйлдэл гаргасан гэж дүгнэсэн нь шүүгч зөвхөн хариуцагчийн талд шийдвэр гаргах зорилготой, шүүгч хэргийг шударгаар шийдвэрлэсэн эсэхэд эргэлзэхэд хүргэж байна.

2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 4558 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын талаар О ХХК-ийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох цуцлах журмын 3.2, О ХХК-ийн ажлын гүйцэтгэл ба хөдөлмөрийн сахилгын тухай журмын 3.2.1-т заасан ажиллагаанууд хийгдээгүй учраас уг тушаал хууль зүйн үндэслэл үгүй, өөрөөр хэлбэл дээрх журамд заасан ажиллагааг хийхгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу гэж үзэх үндэслэлтэй. Уг тушаал үндэслэлгүй учраас нэхэмжлэгчийг давтан зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.

Ж.Ч 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатарт гэртээ амарч байхад нэхэмжлэгч утсаар залгаж ярьсан асуудлыг сахилгын зөрчил гэж үзсэн нь үндэслэлгүй. Тушаалын үндэслэл болгосон байгууллагын дотоод журмын 10.2.3 дах заалт нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд хамаарахгүй, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохоор заасан. Тушаалд О ХХК-ийн Ажлын гүйцэтгэл ба хөдөлмөрийн сахилгын тухай журмын 3.1.3, 3.1.11-д заасан сахилгын зөрчил гаргасан гэж дурдсан боловч уг журмын 3.2, мөн О ХХК-ийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох цуцлах журмын 3.2 дах заалтуудад заагдсан ажиллагаа явагдаагүй учраас дээрх тушаал хууль зүйн үндэслэлгүй.

Байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаарх маргааныг аль болох харилцан тохиролцож эв зүйгээр хэлэлцэн шийдвэрлэхийг хичээнэ, хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй тохиолдолд маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалт болон холбогдох бодлого, шийдвэр, журмын дагуу шийдвэрлэнэ гэж заасан боловч дээрх тушаалуудын хувьд энэхүү журмын дагуу хэлэлцэгдээгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Т нь хариуцагч О ХХК-д холбогдуулан тус компанийн сахилгын шийтгэл ногдуулсан 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 4558 тоот тушаал, хөдөлмөрийн гэрээ цуцлаж, ажлаас чөлөөлсөн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн өдрийн HR0063 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамж нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

С.Т нь 2012 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн Уурхайн дэд бүтэц үйлчилгээ Кэмп болон сайт үйлчилгээний хэлтэст хүнсний ахлах технологичоор ажиллаж байсан үйл баримт хөдөлмөрийн гэрээ болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-д заасны дагуу нэхэмжлэгч нь ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан, сахилгын шийтгэл буруу ногдуулсан гэх үндэслэлээр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ гэж заасантай нийцжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дах хэсэгт заасан хугацааны дотор нэхэмжлэгч нь ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан, сахилгын шийтгэл буруу ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь хууль зөрчөөгүй гэж үзнэ. Учир нь хуулиар тогтоосон уг хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо Иргэний хуулийн 76 дугаар зүйлд зааснаар шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагч компанид сахилгын шийтгэл ногдуулсныг хүчингүй болгуулах тухай өргөдөл гаргасан бөгөөд уг өргөдлийн хариуг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өгсөн тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзэхээр байна. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Хариуцагч О ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 4558 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.1, хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8 б, Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2 дах заалтыг баримтлан 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр уурхайн талбарын Мазаалай хоолны газар гэрээт ажилтнуудтай бүдүүлэг, зүй зохисгүй үг хэллэг ашиглан боловсон бус харьцсан зөрчлийг гаргасан гэх үндэслэлээр С.Т т сахилгын шийтгэлийг ногдуулсан байна. /1 дүгээр хавтасны 79 дах тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн нөхцөлд ажилтанд хуульд заасан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулахаар зохицуулжээ.

 

Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа үндэслэл болгосон Хөдөлмөрийн гэрээний 8 б-д компанийн хууль ёсны аливаа заавар, тушаал, шийдвэр, бодлого, журам, дүрмийг баримтлан ажиллах, дагаж мөрдөх гэж заасан байх бөгөөд уг заалтыг зөрчил гэж тодорхойлсон зохицуулалтыг Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн заалт гэж шалгавал тус дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д Монгол улсын хууль тогтоомж, Компанийн эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлс, Бидний ажлын арга барил, болон компанийн бусад бодлого, дүрэм, журам, стандартад нийцүүлэн биеэ авч явах, мөн дүрмийн 9.1.2-т бусад хүмүүстэй эелдэг, боловсон харилцах гэснийг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах юм. Хөдөлмөрийн гэрээ болон Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн дээрх заалтуудын агуулга нь ерөнхий байдлаар зохицуулсан тул ажилтан холбогдох ямар заалтыг хэрхэн зөрчсөн нь тодорхой бус байна.

/1 дүгээр хавтасны 55-60, 79, 105-115 дах тал/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэл болгож баримтлаагүй Ажлын гүйцэтгэлийн менежмент ба сахилгын тухай журмын 3.1, Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Түүнээс гадна Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан зөрчлүүдийг ажилтан гаргасан тохиолдолд ноцтой зөрчилд тооцож түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар заасан байхад нэхэмжлэгчид сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь өөрөө дүрмийн зөрчил болно. 4558 тоот тушаалын үндэслэлд ажилтан бүдүүлэг, зохисгүй үг хэллэг ашиглан боловсон бус харьцсан зөрчил гаргасан гэх боловч Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэмд бүдүүлэг, зохисгүй үг хэллэг гэдэг нь ямар үг хэллэг болохыг тодорхойлоогүйгээс гадна юу гэж хэлснийг бүдүүлэг, зохисгүй гэж үзсэн нь тодорхойгүй байх тул ажилтны гаргасан зөрчлийг ажил олгогчоос тогтоосон гэж үзэхгүй.

 

Хариуцагч компани магадлан шалгах буюу зөрчил тогтоох ажиллагаа явуулж, Ю.Г, Б.М, Н.Б , Т.Я, Ц.М, Б.Э, С.Т , М.М, Н.Б нараас тайлбар авсныг зөрчлийг шалган тогтоосон гэж үзэхгүй.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх Н.Б , Г.Б, М.М нарын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгийг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үзэхгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

/1 дүгээр хавтасны 80-88, 3 дугаар хавтасны 18-19, 30-32 дах тал/

 

Иймд О ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 4558 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч О ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн HR0063 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8 б,в заалт, Ажлын гүйцэтгэл ба сахилгын тухай журам-ын 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.11 дэх заалт, Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 10 дугаар зүйлийн 10.2.3 дах заалтыг баримтлан С.Т нь кэмп уурхайн талбарын үйлчилгээ хариуцсан менежер Ж.Ч-тай харилцахдаа айлган сүрдүүлсэн, заналхийлсэн шинж чанар бүхий үг хэллэг ашиглаж, сахилгын зөрчил гаргасан ба энэхүү зөрчлийг сануулах шийтгэлийн хүчинтэй байх хугацаанд гаргасан гэх үндэслэлээр С.Т т сахилгын шийтгэлийг ногдуулсан байна. /1 дүгээр хавтасны 79 дэх тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дах хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан бөгөөд талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.2.1а-10.2.1и-д заасан сахилгын зөрчил гаргасан бол ноцтой зөрчилд тооцохоор тохиролцжээ.

 

Сахилгын шийтгэл ногдуулах тухай 4558 тоот тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8 б-д компанийн хууль ёсны аливаа заавар, тушаал, шийдвэр, бодлого, журам, дүрмийг баримтлан ажиллах, дагаж мөрдөх гэж, мөн 8 в-д компанийн дотоод бодлого, журмуудад заасан ажилтны ёс зүй болон мэргэжлийн зан төлөвийн талаарх стандартыг ханган ажиллах гэж заасан тул Ажлын гүйцэтгэл ба сахилгын тухай журам-ын 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.11, Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 10 дугаар зүйлийн 10.2.3 дах заалтыг шалгана. Ажлын гүйцэтгэл ба сахилгын тухай журам-ын 3 дугаар зүйлийн 3.1.3-т компанийн бодлого журам стандартыг дагаж мөрдөхгүй байх тохиолдлыг сахилгын зөрчилд тооцох, Кэмпийн дотоод журам ёс зүйн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д Монгол улсын хууль тогтоомж, Компанийн эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлс, Бидний ажлын арга барил, болон компанийн бусад бодлого, дүрэм, журам, стандартад нийцүүлэн биеэ авч явах, мөн дүрмийн 9.1.2-т бусад хүмүүстэй эелдэг, боловсон харилцах гэж тус тус заасныг зөрчвөл сахилгын зөрчилд тооцохоор тус тус зохицуулжээ. Дээрх заалтууд нь агуулгын хувьд хэт ерөнхий байгаагаас ажилтан уг заалтуудыг хэрхэн зөрчсөн нь тодорхой бус байна. /1 дүгээр хавтасны 55-60, 79, 105-115 дах тал/

 

Ажлын гүйцэтгэл ба сахилгын тухай журам-ын 3 дугаар зүйлийн 3.1.11-д зохисгүй зэвүүцэм үг хэллэг ашиглах гэсэн ямар үг хэллэг болохыг тодорхойлоогүйгээс ойлгомжгүй болсон байхаас гадна, ажилтны гаргасан гэх зөрчлийг тодорхойлохдоо Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.2.3-т бусадтай харилцахдаа айлган сүрдүүлэх, түрэмгий зан авир гаргах, заналхийлсэн шинж чанар бүхий үг хэллэг ашиглах тохиолдлыг сахилгын зөрчилд оруулахаар заажээ.

 

Тушаалд С.Т нь кэмп уурхайн талбарын үйлчилгээ хариуцсан менежер Ж.Ч-тай харилцахдаа айлган сүрдүүлсэн, заналхийлсэн шинж чанар бүхий үг хэллэг ашиглаж, сахилгын зөрчил гаргасан гэж заасан тул уг зөрчлийг ажил олгогч тогтоосон эсэхийг шалгах учиртай.

 

Анхан шатны шүүх С.Т нь Ж.Ч-тай харилцахдаа түүнийг айлган сүрдүүлсэн, заналхийлсэн шинж чанар бүхий үг хэллэг ашиглаж болохыг сахилгын зөрчил гаргасан гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Ж.Ч ын гомдол, Ж.Ч ын талаар фэйсбүүк мессенжерт С.Т-ийн бичсэн коммент, утсаар ярьсан ярианы бичлэг эдгээрт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч Ж.Ч ын мэдүүлгийг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасныг зөрчжээ.

 

Хариуцагч компанийн ажилтан Ж.Ч нь тус компанийн хүний нөөцийн хэлтсийн хөдөлмөрийн харилцаа хариуцсан менежер Ж.Эрдэнэбилэгийн ажлын цахим хаягт цахим шуудангаар С.Т-ийн талаар гомдол гаргасныг гомдолд дурдсан асуудлыг шалгуулах тухай өргөдөл гэж тодорхойлох юм. Ж.Ч гомдолд дурдсан асуудлаараа шүүхэд гэрчээр мэдүүлэг өгснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үзэхгүй.

 

Уг цахимт хаягт илгээсэн цахим шуудан, түүнд хавсаргасан гомдолд хариуцагч байгууллагын хүсэлтээр 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр шүүх үзлэг хийсэн боловч үзлэгийн тэмдэглэлд шүүгч гарын үсэг зураагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.6 дах хэсгийг зөрчснөөс дахин шүүх 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үзлэг хийсэн боловч үзлэгээр илэрсэн зүйл тохирсон гэх агуулгаар уг ажиллагааны явцад илэрсэн нөхцөл байдал тэмдэглэлд тодорхой бус байгаа нь үзлэгийг хангалттай хийсэн гэж үзэхгүй боловч энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй тул хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

Мөн хариуцагч байгууллага нь Ж.Ч-тай утсаар ярьсан ярианы бичлэгийг шүүхэд ирүүлсэн, шүүх уг бичлэгийг хуульд заасан хэлбэрээр бэхжүүлээгүйгээс шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй байхаар дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт нийцсэн тул С.Т нь Ж.Ч ын талаар фэйсбүүк мессенжерт коммент бичсэн уг баримтад үзлэг хийж бэхжүүлээгүй тул түүнийг зөрчил гаргасныг тогтоох боломжгүй.

 

Ийнхүү ажилтан ноцтой зөрчил гаргасан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч О ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн HR0063 тоот тушаал нь үндэслэлгүй болжээ. Нэхэмжлэгч нь HR0063 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч уг тушаал нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байна.

 

Дээрх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасныг баримтлан С.Т ийг хариуцагч О ХХК-ийн Уурхайн дэд бүтэц үйлчилгээ Кэмп болон сайт үйлчилгээний хэлтэст хүнсний ахлах технологичийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, /цалин хөлсний тогтвортой 3 сарын цалинг дундажлан 6 596 657+7 025 966+7 004 661=6 875 761:21.5 хоног=319 803 төгрөг/ ажилгүй байсан хугацааны 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх 2 жил 4 сар 5 хоногийн хугацааны цалинтай тэнцэх олговорт 194 120 323 төгрөг хариуцагч О ХХК-иас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг О ХХК-д даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгч нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул шүүх дээрх шаардлагыг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт нотариатын үйлдлийн төрлийг заасан бөгөөд фэйсбүүкийн мессенжэрээр харилцсан яриа бүхий баримт нь нотариатын үйлдлийн төрөлд хамаарахгүй байхад нотариатаар гэрчилсэн нь Нотариатын тухай хуулийг зөрчсөн тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

 

Нэхэмжлэгч нь үйлдвэрчний эвлэлийн гишүүний сонгуульт үүрэгтэй нь холбогдуулж ажлаас чөлөөлсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байхад шүүх энэ талаар дүгнээгүй шийдвэрт дурдалгүй орхисон гэх гомдол үндэслэлгүй. Учир нь хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас чөлөөлөхдөө сонгуульт үүрэгтэй нь холбогдуулж сахилгын шийтгэл ногдуулаагүй байна.

 

Мөн анхан шатны шүүхийн шүүгч нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторын сургалтанд суралцдаг нь хариуцагчийн өмгөөлөгч Д.Э тай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3, 91.1.4-т заасан хувийн харилцаатай, ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/00693 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасныг баримтлан О ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай 4558 тоот тушаалыг хүчингүй болгож, С.Т ийг О ХХК-ийн Уурхайн дэд бүтэц үйлчилгээ Кэмп болон сайт үйлчилгээний хэлтэст хүнсний ахлах технологичийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч О ХХК-аас С.Т-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 194 120 323 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Т т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч О ХХК-д даалгасугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ