Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 159

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч С.Батгэрэл, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Иргэдийн төлөөлөгч Н.Баасанжав,

            Нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

            Улсын яллагч Д.Оюунгэрэл,

            Шүүгдэгч И.Энх-Амгалан, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Боржигон овогт Ишцэрэнгийн Энх-Амгаланд холбогдох 201525030946 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 26-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 1-29 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, 38-ын задгай гэх газар амьдардаг гэх, төрөөс авсан гавъяа шагналгүй,

            -Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон,

            -Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасч, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 48 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 сар 25 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ишцэрэнгийн Энх-Амгалан (РД:УШ76022611),

нь (яллах дүгнэлтэд тэмдэглэснээр) согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2015 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 9 дүгээр байрны хойд талын сааданд иргэн Б.Батцэнгэлийг “агсам тавих гэлээ, аав хүү хоёр ийм байх ёстой юм уу” хэмээн маргалдан түлхэж унагаан зодож санаатай алсан хэрэгт холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгчээс шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:-Миний түлхэлтээс болж талийгаач нас бараагүй. Талийгаачийн зүүн хөл нь угаасаа муу байсан. Тэр над руу агсараад босоод ирэхэд нь би биеэсээ холдуулж жаахан түлхэхэд тэр хөлөндөө тээглээд өөрөө унасан гэж би боддог. Мөн гэрч Мөнх-Үйлсийн мэдүүлсэн шиг би талийгаачийг зодоогүй. Тулгабаатар бол тухайн үед болсон бүх зүйлийг мэдэж байсан мөртлөө “би хараагүй, яваад өгсөн” гэж хэлсэн байна. Тулгабаатар нь талийгаачтай цуг амьдардаг байж яагаад түүнийг авч яваагүйг би гайхдаг юм. Талийгаач шонгийн харалдаа унасан байдаг. Гэтэл намайг хэргийн материалтай танилцаад хэргийн газрын зургийг харахад саадыг голлосон, гутал нь тайлагдсан байсныг би гайхаж байгаа. Би тэр чигээр нь талийгаачийг орхиод явахад Тулгабаатар тэнд үлдсэн. Тэр бүх зүйлийг мэдэж байгаа гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уртнасангаас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-…миний эх Рэнцэнханд, эцэг Б.Батцэнгэл нар нь гэр бүл болоод би 1986 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн. Тэгээд намайг 4, 5 настай байхад миний ээж аав салсан. Тэр цагаас хойш аавтайгаа уулзаагүй 20 гаран жил болсон. Хүмүүсээс л хааяа сургийг нь сонсоход Бөмбөгөр орчмоор архи уугаад явж байна лээ охиноо асуугаад байна лээ гэдэг байсан. Ер нь их архи уудаг хүн гэж сонссон. ...Би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эцгийг алсан хүнд хуулийн дагуу хатуу арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

            Гэрчүүдээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

            1.Б.Мөнх-Үйлсээс:-…2015 оны 7 дугаар сарын 20, 21-нд шилжих шөнө гэртээ байсан. Ойролцоогоор шөнийн 01 цагийн үед гэрээсээ гараад 2 дугаар орцны урд зогсоол дээр байрлуулсан өөрийн эзэмшлийн 85-29 УНП улсын дугаартай сувдан цагаан өнгийн Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслээс бичиг баримтаа авах гээд гарсан юм. Тэгэхэд миний машинаа байрлуулсан зогсоолоос зүүн хойшоо байрлах саравчны урд 2 хүн хоорондоо маргалдсан байдалтай нэг нь газар хажуу тийш хараад хэвтчихсэн нөгөө нь хажууд нь хагас суусан байдалтай “аав хүү хоёр ийм байх ёстой юм уу” гэж чангаар дуугараад байсан….Тэгээд би машинаасаа бичиг баримтаа аваад гэр рүүгээ орсон юм. …Тухайн үед миний харснаар хоорондоо маргалдаад нэг нэгнийхээ дээр нь гарчихсан байсан хоёр хүн нь хоёулаа муухан хар бараан өнгийн хувцастай харагдаж байсан. Тэр 2 хүний гадаад дүр төрхийг нь анзаарч харж чадаагүй. …тухайн үед харагдах орчин муу харанхуй байсан гэхдээ миний санаж байгаагаар хөгшин настай байрын хүн нь газар хажуу тийшээ харчихсан нуруу юм уу бөгсний хэсэг нь ил гарчихсан харин арай залуу байрын хүн нь хажууд нь хагас суух байрлалтай “аав хүү 2 ийм байх ёстой юм уу” гэж хэлээд байсан. Би яг цохиж зодож байгааг нь хараагүй юм. Тэр юм яриад байсан залуу нь архи уучихсан байдалтай орилж хэлж байсан. …Тухайн үед угаасаа өшиглөөд цохиод байгаа дуу нь гараад байсан юм. Тэр хоёр хүн хоёулаа согтуу байсан бөгөөд архины шил хагарчихсан байсан гэдгийг хэлмээр байна. Миний мэдүүлгийг газар дээр нь шалгах явцад архины шилний хагархай байсан. Тухайн үед л би анзаарч хараагүй өнгөрсөн байсан юм шиг байна лээ. Тухайн үед саадан дээр 2 л хүн байсан юм. Бас нэг эмэгтэй хүн ирж очоод л яваад байсан гэдгийг хэлмээр байна гэжээ.

            2.Х.Тулгабаатараас:-…Цэнгэл ах бид 2 Байгалийн түүхийн музейн тэнд явж байхад сааданд Цэнгэл ахын таньдаг 2 хүн архи уугаад сууж байсан. Тэр хоёр хүний нэг нь эмэгтэй ба бага насны өлгийтэй хүүхэд тэвэрчихсэн байсан. Нөгөө эрэгтэй нь нөхөр нь гэсэн. Тэгээд тэр хоёр ууж байсан архинаасаа бид хоёрт хийж өгөөд архиа дуусгачихаад дахиад нэг шил 0.5 граммын Бурхан халдун нэртэй архи авч задлаад уугаад сууж байхдаа Цэнгэл ахын таньдаг гэх залуу нь тэр хавиар бариа хийдэг, хамт бариа хийх үү гээд янз бүрийн юм яриад байхаар нь яриа нийлэхгүй юм байна гэж бодоод яваад өгсөн. Тэр үед Цэнгэл ах тэр хоёртой архи уугаад үлдсэн. Би тэр үед цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. …Тэр хоёрын эрэгтэй нь 40 орчим насны 170-173 см орчим нуруутай хөх өнгийн подволкатай байсан. Харин эмэгтэй нь бараан өнгийн хувцастай байсан. Тэр 2 гадуур тэнэмэл байдлаар амьдардаг бололтой зүс царайтай байсан ба Сүхбаатарын талбай орчмоор тэнэмэл байдлаар амьдардаг гэж байсан. Тэнд байсан эрэгтэйгийнх нь нэрийг Амгаа (Амгалан) гэсэн байхаа. Бид нар хэрүүл маргаан зодоон цохион хийгээгүй. Харин тэнд байсан залуу над руу хандаж хэрүүл маргаан өдөх гээд байхаар нь би яваад өгсөн. Тэр залуу Цэнгэл ахыг аав гэж дуудаад байсан гэжээ.

            Б.Лхагвацэрэнгээс мөрдөн байцаалтад сэжигтнээр мэдүүлэхдээ:-Би тэр өдөр Нандиа, болжмор Болдоо, Нэргүй, онгорхой Төмөрөө нарын хамт Сүхбаатар дүүргийн эмнэлгийн хойд талд өдөржингөө архи уусан. 0.75 граммын 5 шил архи хувааж уусан. Бид нарыг архи ууж суутал Батцэнгэл ах хажуудаа нэг гороочинтой цуг хүрч ирсэн. Батцэнгэл ахыг ирэх үед Нандиа, Болдоо, Нэргүй, Төмөрөө нар манай нөхөр бид хоёроос салаад явчихсан байсан юм. Батцэнгэл ахыг ирэхээр нь манай нөхөр 0.5 граммын Бурхан халдун архи аваад Байгалийн түүхийн музейн хажуу талын саадан дотор хувааж ууцгаасан. …Тэр гороочинг урьд нь харж байгаагүй шинэ хүн байсан. Гороочин гэж сав суулга түүдэг хүнийг хэлээд байгаа юм. Тэр архинаас нь би 1 удаа татчихаад 2 сар хүрээгүй хүүхдээ тэврээд тэд нараас холдоод суусан. Гэхдээ нэг их холгүй суусан. Тэр 3 архи уугаад сууж байгаад аав агсам тавих гээд, хоб хоб гээд 2 гараа хооронд цохиод орилоод босоод ирэхэд нь Энх-Амгалан хол бай гээд түлхээд унагаасан. Аав гэж Батцэнгэл ахыг хэлээд байгаа юм… настай хүн болохоор нь хүндлээд аав гэж дууддаг болсон гэжээ.

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ  хийсэн 2015.8.14-ний ¹1314 тоот актын дүгнэлтэд:

1.Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр зүүн нүдний ухархайн дээд хана, дух, зулай, суурь ясны хугарал, тархины дух, зулай, зүүн чамархай, дагз, суурь хэсгийг хамарсан хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархи дарагдал, тархины дух, суурь, зүүн чамархай, уртавтар тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн няцрал, хуйхны цус хуралт, зүүн нүдний алим, дээд доод зовхины цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр талийгаачийг нас барахаас 6 гаран цагийн өмнө үүссэн байх боломжтой байна.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.9.Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.

5. Талийгаачид үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй.

6.Талийгаачийн цусанд 1.9 промилли спиртийн зүйл илэрсэн байна. Энэ согтолтын дунд зэргийн үзүүлэлт болно.

7.Талийгаач нь АII бүлгийн цустай байна.

8.Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр нас барсан хугацаа тогтоохгүй гэжээ.

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Б.Долгормааг асуусан тэмдэглэлд:-…Б.Батцэнгэлийн биед үүссэн гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжгүй. Талийгаачийн толгойд учирсан ясны хугарал нь хоёр өөр газар өөр өөр хүч үйлчилж үүссэн байх боломжтой. Уг хугаралууд нь нэгнээсээ нөгөө рүүгээ салаалж дамжсан хугарал биш тус тусдаа хүчээр үүсгэгдэсэн хугарал байгаа юм. Зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл нь зулай хэсгийн хугаралаас болж үүссэн байх боломжтой эсвэл нүдний хэсэгт тусдаа хүчний үйлчилсэний улмаас үүсэх боломжтой. Тухайн ясны гэмтэлүүд нь хүний гараар цохиход үүсэх боломжгүй. Тухайн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хатуу мохоо зүйл гэдэг нь галт зэвсгээс бусад болон хурц ир үзүүртэй зүйл болон хүний гараас бусад зүйлийг хэлнэ гэжээ.

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2015.9.22-ны ¹813 тоот дүгнэлтэд:

1.2.И.Энх-Амгалан нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Тэр үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг ойлгон мэдэж удирдаж чадаж байсан байна.

3.И.Энх-Амгалан нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байна гэжээ.

Шүүгдэгч И.Энх-Амгалангийн сэжигтнээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэлд:-…Би саравчин дотор тэвэрч авахаар нь түлхээд саравчны гадна унасан. Түлхэж унагаад орхиод явсан гэжээ.

Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч И.Энх-Амгалан нь 2015 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 9 дүгээр байрны хойд талын саравчинд Б.Батцэнгэлтэй архи ууж согтуурсан үедээ түүнийг агсраад босоод ирэхэд нь түлхэн унагааж, улмаар “аав хүү хоёр ийм байх ёстой юм уу” хэмээн зодсоноос хохирогч нь зүүн нүдний ухархайн дээд хана, дух, зулай, суурь ясны хугарал, тархины дух, зулай, зүүн чамархай, дагз, суурь хэсгийг хамарсан хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархи дарагдал, тархины дух, суурь, зүүн чамархай, уртавтар тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн няцрал, хуйхны цус хуралт, зүүн нүдний алим, дээд доод зовхины цус хуралт бүхий гэмтэл авч, гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр мэдүүлсэн “Тэр над руу агсараад босоод ирэхэд нь би биеэсээ холдуулж жаахан түлхэхэд тэр хөлөндөө тээглээд өөрөө унасан гэж би боддог” гэх мэдүүлэг, гэрч Б.Мөнх-Үйлсийн “… хөгшин настай байрын хүн нь газар хажуу тийшээ харчихсан нуруу юм уу бөгсний хэсэг нь ил гарчихсан харин арай залуу байрын хүн нь хажууд нь хагас суух байрлалтай “аав хүү 2 ийм байх ёстой юм уу” гэж хэлээд байсан. Тухайн үед угаасаа өшиглөөд цохиод байгаа дуу нь гараад байсан юм. Тухайн үед саадан дээр 2 л хүн байсан юм. Бас нэг эмэгтэй хүн ирж очоод л яваад байсан гэдгийг хэлмээр байна” гэх мэдүүлэг, гэрч Х.Тулгабаатарын “…Цэнгэл ах бид 2 Байгалийн түүхийн музейн тэнд явж байхад сааданд Цэнгэл ахын таньдаг 2 хүн архи уугаад сууж байсан. Тэр хоёр хүний нэг нь эмэгтэй ба бага насны өлгийтэй хүүхэд тэвэрчихсэн байсан. Нөгөө эрэгтэй нь нөхөр нь гэсэн. Тэгээд тэр хоёр ууж байсан архинаасаа бид хоёрт хийж өгөөд архиа дуусгачихаад дахиад нэг шил 0.5 граммын Бурхан халдун нэртэй архи авч задлаад уугаад сууж байхдаа Цэнгэл ахын таньдаг гэх залуу нь тэр хавиар бариа хийдэг, хамт бариа хийх үү гээд янз бүрийн юм яриад байхаар нь яриа нийлэхгүй юм байна гэж бодоод яваад өгсөн. Тэр үед Цэнгэл ах тэр хоёртой архи уугаад үлдсэн. Би тэр үед цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Бид нар хэрүүл маргаан зодоон цохион хийгээгүй. Харин тэнд байсан залуу над руу хандаж хэрүүл маргаан өдөх гээд байхаар нь би яваад өгсөн. Тэр залуу Цэнгэл ахыг аав гэж дуудаад байсан” гэх мэдүүлэг, Б.Лхагвацэрэнгийн “…Батцэнгэл ахыг ирэхээр нь манай нөхөр 0.5 граммын Бурхан халдун архи аваад Байгалийн түүхийн музейн хажуу талын саадан дотор хувааж ууцгаасан. Тэр 3 архи уугаад сууж байгаад аав агсам тавих гээд хоб хоб гээд 2 гараа хооронд цохиод орилоод босоод ирэхэд нь Энх-Амгалан хол бай гээд түлхээд унагаасан.” гэх мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-5-7), гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-8-9), амь хохирогч Б.Батцэнгэлийн цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-10), гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-11-13), задлан шинжилгээ хийсэн шүүх эмнэлгийн 2015.8.14-ний ¹1314 тоот дүгнэлт, түүний өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-19), гэрч Б.Мөнх-Үйлсийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл (1-р хх-51-54), шүүгдэгчийн сэтгэц шалгасан шүүх сэтгэц эмгэг судлалын 2015.9.22-ны ¹813 тоот дүгнэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Боржигон овогт Ишцэрэнгийн Энх-Амгаланг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч И.Энх-Амгалан нь 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуульд заасан хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлж, 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 сар 25 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т заасан ялтайд тооцогдох хугацаа нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгогдсон тул шүүгдэгчийг 2015 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө анх удаа Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсныг хүндрүүлэх нөхцөлд харгалзан үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэм хорын хохирол нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй.     

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0.5 граммын шилтэй Бурхан халдун нэртэй архины шил, саарал өнгийн аяга, бэлгэвч зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 5 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Боржигон овогт Ишцэрэнгийн Энх-Амгаланг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүгдэгч И.Энх-Амгаланг 10 (арав) жил, 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч И.Энх-Амгаланд оногдуулсан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч И.Энх-Амгалангийн цагдан хоригдсон 450 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 0.5 граммын шилтэй Бурхан халдун нэртэй архины шил, саарал өнгийн аяга, бэлгэвч зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 5 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6.Шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.

7.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч И.Энх-Амгаланд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ

 

              ШҮҮГЧИД                                          С.БАТГЭРЭЛ

 

       Н.БАЯРМАА