Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 202/МА2021/00016

 

                                      Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 137/ШШ2021/00112 дугаар шийдвэртэй, 

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр багт байрлах Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймгийн Эрдэнэ сум, 5 дугаар баг, Аман ус, 27-* тоот хаягт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ө овогт Б.С холбогдох,

 

Касснаас болон бараа материалаас дутаасан 4254525.32 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 560000 төгрөг, нийт 4814525.32 төгрөг  гаргуулах тухай иргэний хэргийг;

 

Хариуцагч Б.С-гийн өмгөөлөгч С.Э-ын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э /зайнаас цахимаар/, хариуцагч Б.С /зайнаас цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч С.Э /зайнаас цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Чандмань бадрал ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай компанид кассын няраваар ажиллаж байсан А.М нь 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 2018 оны 07 дугаар сарын 27-ныг хүртэлх хугацаанд 3,594,945.81 төгрөгийг касснаас, 6,808,411.11 төгрөгийн бараа материалыг, кассын няраваар ажиллаж байсан Б.С нь 2018 оны 07 дугаар сарын 27-ноос 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд 3,747,012.29 төгрөгийг касснаас, 507,513.03 төгрөгийн бараа материалыг тус тус дутаасан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 109 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн Б.С, А.М нарт холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг шалгах явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 109 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээчийн ажлын хөлс 1,120,000 төгрөгийг буруутай этгээдүүд болох Б.С, А.М нараас хувь тэнцүүлэн гаргуулна. Иймд А.М-гаас касснаас болон бараа материалаас дутаасан нийт 10,403,356.92 төгрөг, шинжээчийн ажлын хөлсний тал хувь 560,000 төгрөг бүгд 10,963,356.92 төгрөг, Б.С-гоос касснаас болон бараа материалаас дутаасан нийт 4,254,525.32 төгрөг, шинжээчийн ажлын хөлсний тал хувь 560,000 төгрөг бүгд 4,814,525.32 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү” гэжээ.  

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Хариуцагч Б.С нь касс болон бараа материалын үлдэгдлийн тооцоо нийлсэн актаа баталгаажуулаагүй, хариуцаж буй бараа материалын сар бүрийн тооллогоо хийгээгүй, эхний үлдэгдэл, орлого, зарлагын гүйлгээ, эцсийн үлдэгдлээ тулган баталгаажуулаагүй байдаг. Мөн эд хариуцагч нярав нь тооцооны нягтлан бодогчоор бодуулж илүү, дутуугийн зөрүүгээ тооцуулаагүй, тооцоо нийлсэн акт үйлдэж гарын үсэг зураагүй, үлдэгдлээ баталгаажуулаагүй зэрэг нь ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй. ...Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газар 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 05/87 дугаартай прокурорын тогтоолын дүгнэлтэд Б.С нь кассын няраваар ажиллаж байх хугацаандаа 4,254,525.32 төгрөгийг дутагдуулсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 109 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа ба харин Эрүүгийн хуульд заасан хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж дүгнээд хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэгч нар нь өөрт ногдсон хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гомдлоо гаргаж шийдвэрлүүлж болно гэж заасны дагуу өнөөдөр нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн. Ингээд Б.С-д холбогдох прокурорын хэрэг бүртгэлтийн хэргийг шалгах ажиллагааны явцад шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт гаргуулсан ажлын хөлс нь 1,150,000 төгрөг байгаа энийг тухайн хэргийн А.М, Б.С нарт холбогдуулж шалгасан учир 2 хүнд нь тэнцүү хуваах нь зүйтэй байх. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг тус тус үндэслэн хариуцагч Б.С-гоос кассаас болон бараа материалаас дутаасан нийт 4,254,525.32 төгрөг, шинжээчийн ажлын хөлсний тал хувь болох 560.000 төгрөг нийт 4,814,525.32 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Б.С анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Ч ХХК-д 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл бэлэн мөнгөний кассын няравын албан тушаал эрхэлж байсан. Энэ хугацаанд Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газраас санхүүгийн тайланд хяналт шалгалт хийгдсэн ба 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01/37 дугаартай төлбөр барагдуулах тухай актаар Б.С надад 3,767,462.29 төгрөгийн төлбөр тавьсан байдаг. Миний бие албан үүргээ гүйцэтгэж байхдаа тухай бүр худалдан авалт хийсэн тайлангаа баримтын хамт байгууллагын нягтлан бодогчид гарган өгч, нэг ч төгрөг дутааж байгаагүй юм. Би ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлаа зохих ёсоор хийсэн. Надад касснаас болон бараа материалаас дутаасан зүйл байхгүй. Би буруугүй гэдгээ тогтоолгох гэж бүтэн 2 жилийн хугацаанд Захиргааны шүүх, иргэний шүүх, цагдаа, прокуророор явсан. Аймгийн төрийн аудитын газраас надад акт тогтоосон байсан. Үүнийг захиргааны хэргийн шүүх надад холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Мөн энэ акттай холбогдуулан намайг ажлаас халсан. Үүнийг дагуу би иргэний шүүхэд хандаж намайг ажилд эгүүлэн тогтоосон. Мөн эрүүгийн журмаар шалгаад хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан. Иймд миний гэм буруугүй гэдгийг удаа дараагийн шүүхийн шийдвэр, прокурорын тогтоол байсаар байхад байгууллага надаас мөнгө нэхээд шүүхэд хандаад байгааг ойлгохгүй байна. Би энэ мөнгийг хувьдаа авсан зүйл байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т зааснаар Б.С-гоос касснаас 3,747,012.29 төгрөг, бараа материалаас 507,513.03 төгрөг, шинжээчийн зардал 560,000 төгрөг нийт 4,814,525.32 төгрөгийг гаргуулан Ч ХХК-д олгож,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,982 төгрөгийг гаргуулан улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С-гоос 91.982 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож,

 

Хариуцагч нь шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдэж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гарган авах үүрэгтэйг мэдэгдэж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

 

Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

 

            Хариуцагчийн өмгөөлөгч С.Э давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Ч ХХК нь Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газрын хяналт шалгалтаар 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01/37 дугаар төлбөр барагдуулах тухай акт, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 03/38 дугаар албан шаардлагын дагуу Б.С нь нийт 10,403,356.92 төгрөг дутагдуулсан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, хэрэг бүртгэлтийн хэрэг явуулсан боловч Б.С нь хөрөнгө завшсан үйлдэл тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн.

Дээрхээс дүгнэхэд Б.С-гийн хууль бус санаатай, болгоомжгүй үйлдэл, эс үйлдлийн улмаас Ч ХХК-д ямар гэм хорын хохирол учирсан тогтоогдоогүй, үгүйсгэгдэж байхад анхан шатны шүүх гэм хорын хохирол гэж үзэн Иргэний хуулийн 497 дугаар зүйл ангиар шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн.

2. Ч ХХК нь анх Цагдаагийн байгууллагад хандахдаа Төрийн аудитын газрын хяналт шалгалтаар 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01/37 дугаар төлбөр барагдуулах тухай акт, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 03/38 дугаар албан шаардлагын дагуу Б.С нь нийт 10,403,356.92 төгрөг дутагдуулсан гэх үндэслэлээр гомдол гаргаж, хэрэг бүртгэлтийн шатанд дахин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 109 тоот шинжээчийн дүгнэлтээр нийт 4,254,525.32 төгрөг дутагдуулсан гэх дүгнэлт гарсан.

Гэтэл Ч ХХК-ийн 2018 оны нийт 40 хавтас санхүүгийн баримтуудад хяналт шалгалт хийсэн тухай үйл баримтыг дүгнэсэн Захиргааны хэргийн шүүх, Иргэний хэргийн шүүх дүгнэж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа, мөн Цагдаагийн байгууллага шалгаж байгууллагын хөрөнгийн завшсан болон дутагдуулсан гэм буруутай үйлдэл тогтоогдохгүй гэж хэргийг хаасан нотлох баримтуудад хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх “...гэтэл эрх зүйн актуудаар хариуцагч Б.С-г Ч ХХК-д касснаас болон бараа материалд 4,254,525.32 төгрөгийг дутаагаагүй гэсэн шийдвэр гаргаагүй” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн.

3. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийн 14-р хуудасны 2 дахь догол мөрөнд ...хариуцлага хүлээх албан тушаалтнуудыг зөв тодорхойлж, актаар тогтоосон төлбөр болон албан шаардлагад дурдсан дараа тооцооны авлагыг дахин нягталж, дутагдсан мөнгөн хөрөнгийг хэн хэн хариуцан ямар хэмжээгээр төлөх талаар цаашид тодруулах шаардлагатай, уг асуудлыг шүүх шууд тогтоох боломжгүй, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 27-н өдрийн 01/37 дугаар төлбөр барагдуулах тухай акт, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 03/38 дугаар албан шаардлагын тус тус Б.С-д холбогдох хэсгийг хариуцагчаас санхүүгийн аудитыг дахин хийж, сонсох ажиллагаа хуульд заасан журмын дагуу явуулсны үндсэн дээр шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол дээрх маргаан бүхий акт, албан шаардлагын Б.С-д холбогдох хэсгийг хүчингүй дурдаж шийдвэрлэсэн.

Дээрх дүгнэснээс үзэхэд Б.С-г мөнгө дутаасан гэж дүгнээгүй, төлбөрийн акт шинжээчийн дүгнэлтийн үнийн дүн зөрүүтэй байгаа, шинжээчийн дүгнэлтийг шинжээч хэрэг бүртгэгчийн асуултад хөтлөгдөн гаргасан болохоос яг Б.С-гийн ямар үйлдэл, эс үйлдлийн улмаас мөнгө дутаасан үйлдэл тогтоогдоогүй, Ч ХХК нь эрх ашиг зөрчигдсөн гэж үзсэн бол Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газарт шүүхээс тогтоосон хугацаанд хүсэлт гарган дахин хяналт шалгалт хийлгэх боломж байсан зэрэг нөхцөл байдлуудыг шүүх анхаарч үзэлгүй, хариуцагч талаас гаргасан нотлох баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Б.С нь үйл баримтыг дүгнэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул анхан шатны шүүх дахин уг үйл баримтыг дахин шийдвэрлэх үндэслэлгүй гэж маргасан болно.

Иймд дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

 

Хариуцагч Б.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би бүтэн 2 жил шүүх цагдаагаар явж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргуулж байгаа. 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр сая захиргааны хэрэг, иргэний хэргээр явсан, Улсын дээд шүүхээр мөн явсан миний талд шийдэгдсэн байгаа. Тэр шүүх хуралдаан дээр яагаад дахиад чамайг иргэний хэргээр шүүхэд өгсөн байна, ямар үндэслэлээр өгөөд байгаа юм бэ гээд гайхаад сууж байна лээ. Би энэ нотлох баримтуудаа өгөөд шат шатны шүүхийн шийдвэрүүд гараад мөн эрүү дээр шинжээч томилоод шалгуулсан ч гэсэн намайг энэ мөнгийг дутагдуулаагүй байна. Дутагдуулсан гэх баталгаа байхгүй байна гэсээр байтал энэ компани яагаад надтай ингээд зууралдаад шүүхэд хандаад байгааг ойлгохгүй байгаа. Одоо мөн энэ шүүх хуралдаан дээр үнэн зөв шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Ямар учиртай шүүхэд дахин хандаад байгааг нь ойлгохгүй байна” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо үндсэн гурван зүйлийг тусгасан байгаа. Цагдаагийн байгууллагаас хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж хааж шийдвэрлэсэн гээд байгаа. Хэдийгээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Сум дундын прокурор 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 5/87 дугаартай тогтоолын дүгнэлтэд “Ч” ХХК-д 2018 онд няраваар ажиллаж байсан Б.С нь 4250525.32 төгрөгийг дутагдуулсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 109 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх ба харин өөр гэмт хэргийг үйлдээгүй байна гэж хаасан болохоос Б.С-г ийм дутагдал гаргасан гэж хяналтын прокурор Б.Д гаргаж ерөнхий прокурор Д.Э гэх хүн гарын үсэг зурсан байдаг. Мөн тогтоол дээр хууль ёсны төлөөлөгч Ц.Э, иргэний төлөөлөгч Ц.Л нарыг өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гомдлоо гаргаж шийдвэрлүүлбэл зохино гэж дурдаж шийдвэрлэсэн байгаа. Шүүх гэм хорын хохирол гэж Иргэнийн хуулийн 497 дугаар зүйлийг баримталж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж байна. Гэтэл шүүхийн шийдвэрийг сайн уншаад үзэх юм бол Б.Сарангоод холбогдуулан гаргасан шинжээчийн дүгнэлтийн ажлын хөлс 1120000 байдаг үүний 50 хувь буюу 560000 төгрөгийг 2018 онд цуг ажиллаж байсан М гэх хүн цуг ажиллаж байсан учир 50 хувийг нь Б.С-гоос нэхэмжилсэн. Үүнийг анхан шатны шүүх хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл тэрийг хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж болохгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 109 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хариуцагч талаас хүлээн зөвшөөрсөн байдаг. Шүүхээр шийдвэрлүүлээд нөхцөл байдал нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь дүгнээд Б.С нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод зааснаар ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэдэг нь тогтоогдож байгаа. Иймд учирсан хохирлоо гаргуулахаар нэхэмжилсэн. Б.С-гийн ажилдаа хайнга хандсан энэ байдлыг Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Хавтаст хэргийн 62-72 дугаар хуудсанд байгаа шийдвэрт үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэх зүйл байгаа. Харин үүнд 03 сарын хугацаанд танайх санхүүгийн асуудлаа өшөө нарийн шалгуулаад дахин акт гаргах хүртэл шалгалтаа явуулаа гээд түдгэлзүүлсэн байдаг. Энэ хугацаанд манай байгууллагаас аудит оруулж дахин дүгнэлт гаргаагүй байсан ч энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр. Өнөөдөр энд яриад байгаа шүүхийн шийдвэрүүд Б.С-г ямар ч буруугүй болохоор гарсан шийдвэрүүд биш юм. Өмгөөлөгчийн гомдлын хэсгээс харахад Б.С-г мөнгө дутаасан гэж дүгнээгүй шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй шинжээчийн дүгнэлт асуултаар гарсан гэж яриад байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад шүүхийн шийдвэрийн дүгнэлтэд “Нью Капитал тэнцэл аудит” ХХК нь манай 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт гарсан байдаг. Энэ дүгнэлтээс Б.С нь 4330376.21 төгрөгийн хохирол учруулсан гэдгийг тогтоосон. Энэ дүгнэлт нь шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтээр бүр илүү нарийн гарсан. Б.С нь касснаас 3747012.29 төгрөг, бараа материалаас 507513.03 төгрөг нийт 4254525.32 төгрөгийн хохирлыг энэ байгууллагад учруулсан байна гээд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаа. Энэ хоёр шинжээчийн дүгнэлтээс 85000 орчим төгрөгийн зөрүү гарсан байдаг юм. Тэрнээс биш өөр өөр шинжээчийн дүгнэлтээр ноцтой хохирол зөрүү учраад байсан зүйл байхгүй. Хавтаст хэргийн 107 дугаар хуудсанд 2018 оны санхүүгийн тайлангийн аудит Б.С өөрөө гарын үсэг зурсан эх хувиараа байгаа. 107 дугаар хуудсанд байгаа баримт дээр байгаа мөнгөн дүн мөн энэ хоёр шинжээчийн дүгнэлттэй 100000 гаруй төгрөгийн зөрүүтэй байдаг. Уг баримт дээр Б.С нь хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан байгаа. Хариуцагч сая ярихдаа яагаад намайг ингээд байгааг ойлгохгүй байна гэлээ яагаад ингээд яваад байна гэхээр энэ бол таны ажилдаа хариуцлагагүй хандсан үйлдлээс чинь болж таныг завшаагүй гэж хуулийн байгууллага тогтоосон ч хариуцагчийг байгууллагад хохирол учруулсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа. Хавтаст хэргийн 113-114 дүгээр хуудсанд мөн шүүхийн шийдвэрт дурдагдсан байгаа. Манай байгууллага дотооддоо шалгалт хийсэн. Дотоодод хийсэн шалгалтаар мөн Б.С дээр зөрчил илэрсэн гэдгийг тайлан дээр дурдсан байгаа. Б.С нь  тооцооны авлага дутагдуулсан, үнийн дүн зөрүүлсэн тайлан үйл ажиллагаанд доголдол илэрсэн зэрэг нөхцөлүүд тогтоогдож байгаа учир эдгээрийг үнэн зөв бодитой тооцож гаргах шаардлагатай гэж шүүхийн байгууллагууд үзсэн байгаа тэрнээс биш Б.С-д холбогдох ямар ч хохирол тооцоо байхгүй байна гэсэн зүйл байхгүй. Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь харахад тухайн үед манай байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад буруу зөрүү зүйл байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд баримт бичгийг үйлдсэн этгээд хариуцна гэж заасан байгаа. Б.С өөрөө мэдэж байгаа байх тухайн үед ажил хүлээж авах хүлээлцэх үед зуун задгай нэг сарын ч тайлан гаргаагүй тайлан байхгүй байдаг. Энэ бүх баримтууд Б.С-г “Ч” ХХК-д ажиллаж байх хугацаандаа ямар ч байсан дутагдал гаргасан гэдэг нь харагдаж байна. Эцсийн байдлаар шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 109 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Харин хариуцагч өөрөө тухайн үед шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол дахин шинжээч томилуулах эрх нь байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.1 дүгээр зүйлийг үндэслэн хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Нэхэмжлэгч “Ч” ХХК нь хариуцагч Б.С-д холбогдуулан кассын няраваар ажиллаж байхдаа касснаас дутагдуулсан 3747012,29 төгрөг, бараа материалын үнэд 507513,03 төгрөг, шинжээчид төлсөн зардал 560000 төгрөг, нийт 4814525,32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.С эс зөвшөөрч “... тухай бүр худалдан авалт хийсэн тайлангаа, баримтын хамт байгууллагын нягтлан бодогчид гарган өгч, нэг ч төгрөг дутааж байгаагүй, ... Дээрх үйл баримтыг захиргаа, иргэний шүүх дүгнэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа, мөн Цагдаагийн байгууллага шалгаж байгууллагын хөрөнгийг завшсан болон дутагдуулсан гэм буруутай үйлдэл тогтоогдохгүй гэж хэргийг хаасан ...” гэж маргажээ.

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2 дахь хэсэгт заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн өмгөөлөгч С.Э эс зөвшөөрч “... анхан шатны шүүх ... хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй, хэргийн үйл баримтад бодит дүгнэлт хийгээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргасан байна.

 

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч С.Э-ын давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар  хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс маргаанд холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж  дүгнэв.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагч Б.С нь “Ч” ХХК-д кассын няраваар 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 3 сарын туршилтын хугацаанд /хх-51/, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн үндсэн ажилтнаар томилогдон /хх-52/ ажиллаж байгаад “Ч” ХХК –ийн захирлын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/29 дугаартай тушаалаар “... бэлэн мөнгө, мөнгөн хөрөнгийг дутаасан ...” шалтгаанаар хөдөлмөрийн гэрээ цуцалж ажлаас халагдсан /хх-53/, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 137/ШШ2020/00123 дугаартай шийдвэрээр Б.С-г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон /хх77-87/, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Цагдаагийн хэлтсээс “Ч” ХХК-ийн нярав Б.С ... нь мөнгө дутагдуулсан гэх гомдол мэдээллийг шалгаад Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 5/87 дугаартай Прокурорын тогтоолоор “... хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй...” гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 4  дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж хэрэг бүртгэлийн хэргийг хаасан тухай үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч Ч ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарт “... няраваар ажиллаж байгаад ... касснаас болон бараа материалыг дутагдуулсан...” гэснээс үзэхэд нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д заасан ажилтанд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл буюу “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэнд үндэслэсэн гэж үзэхээр байна.

 

Энд зааснаас үзэхэд ажилтанд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтны өөрийн буруугаас байгууллагад хохирол учирсан байх явдал бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгчид учирсан хохиролд хариуцагч буюу ажилтан ямар буруутай болох, мөнгө, бараа дутагдсан  шалтгаан нөхцөл нь юу болох талаарх үйл баримт тогтоогдоогүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй, энэ талаарх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасны дагуу бүрэн дүүрэн үнэлж, дүгнэж чадаагүй гэж үзнэ.

 

Мөн анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т заасан “хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан” гэснийг үндэслэж хэрэглэсэн байх боловч энэ тохиолдолд ч эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар тодорхойлно.

 

Тодруулбал нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ эд хөрөнгийн дутагдал гаргасан хугацааг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэрэгт гаргасан Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний 109 дүгээр санхүүгийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтэд /хх12-16/ үндэслэж төлбөрийн хэмжээг касснаас 3747012,29 төгрөг, бараа материал 507513,03 төгрөг, нийт 4254525,32 төгрөгийг дутагдуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

 

Хэрэгт дээр дурдсан хугацаанд хариуцагчийг нэхэмжлэгч байгууллагын эд хөрөнгийг дутагдуулсан тухай энэхүү Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний 109 дүгээр санхүүгийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээс гадна Дорноговь аймгийн Төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01/37 ДГА2019/5/СТА-ОНӨААН дугаартай төлбөр барагдуулах тухай акт /хх58-59/, Дорноговь аймгийн Төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 03/38 ДГА2019/5/СТА-ОНӨААН дугаартай зөрчил арилгуулах тухай албан шаардлага /60-61/, Ч ОНӨХХК-ийн 2018 оны бүтэн жилийн мөнгөн кассын нэгтгэл /хх-107/, кассын нярав Б.С-гийн тайланд хяналтын шалгалт хийсэн комиссын тайлан /хх-113/, хэрэг бүртгэлтийн хэрэгт өгсөн гэрчийн мэдүүлгүүд /хх115-122/ зэрэг бичгийн нотлох баримтууд цугларчээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар  тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэвэл 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч Ч ХХК-ийн кассаас тухайн баримтуудад заасан хэмжээний мөнгөн хөрөнгө, үнэ бүхий бараа материал дутагдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч “Ч” ХХК нь хариуцагч Б.С-той байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.5-д /хх54-55/ ажилтанд эд хөрөнгийн бүрэн болон хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэхээр заасан ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3, 135.4-т нийцсэн тул түүнтэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулсан гэж үзнэ.

 

Гэвч 1. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний 109 дүгээр санхүүгийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт нь хэрэг бүртгэлтийн хэрэгт гаргасан байх ба уг дүгнэлтээр мөнгө, бараа материал дутагдсан шалтгаан нөхцөл тодорхойлогдоогүй, прокурор энэ үндэслэлээр гэмт хэргийн шинжгүй буюу хариуцагч Б.С-г байгууллагын хөрөнгийг хувьдаа завшсан шинжгүй гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, уг шинжээчийн дүгнэлтийг үндэслээгүй.

 

2. Дурдсан хугацааны хариуцагч Б.С-д холбогдох төлбөрийн асуудал нь  нэхэмжлэгч байгууллагын 2018 оны санхүүгийн тайланд хяналт шалгалт хийж Дорноговь аймгийн Төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01/37 ДГА2019/5/СТА-ОНӨААН дугаартай төлбөр барагдуулах тухай акт, Дорноговь аймгийн Төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 03/38 ДГА2019/5/СТА-ОНӨААН дугаартай зөрчил арилгуулах тухай албан шаардлага гаргасан байх боловч эдгээр нь нэхэмжлэгч Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гомдол гаргаснаар тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 115/ШШ2019/0021 дугаартай шийдвэрээр /хх 62-76/ уг акт, албан шаардлагын нэхэмжлэгч Б.С-д холбогдох хэсгийн хувьд дахин шинэ акт гаргахаар 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, энэхүү тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол дээрх акт болон албан шаардлагын нэхэмжлэгчид холбогдох хэсгүүдийг хүчингүй болгохоор зааснаар шинэ акт гараагүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6, 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар дээрх акт болон албан шаардлага хүчингүй болсон байна.

 

3. Бусад нотлох баримт болох Ч ОНӨХХК-ийн 2018 оны бүтэн жилийн мөнгөн кассын нэгтгэл баримтын хувьд 2018 оны бүтэн жилийн бэлэн мөнгөний тооцоо гэсэн агуулгатай атлаа 2019 оны 02 дугаар сарын 23-ны байдлаар тооцоо нийлсэн байдлаар тэмдэглэгдсэн нь нэхэмжлэлд заасан хугацаанд хамааралтай гэж үзэх үндэслэлгүй, кассын нярав Б.С-гийн тайланд хяналт шалгалт хийсэн комиссын тайлан баримтын дүгнэлтэд кассын үлдэгдэл 3709553,21 төгрөг гэсэн боловч энэ нь нэхэмжлэгчийн үндэслэсэн  Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний 109 дүгээр санхүүгийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтэд зааснаас үнийн дүнгийн хувьд зөрүүтэй, дутагдал ямар шалтгаанаар гарсныг тогтоогоогүй.  

 

4. Хэрэг бүртгэлтийн хэрэгт өгсөн гэрч Ц.Л /хх115-118/, Э.У /хх119-122/нарын мэдүүлэгт хариуцагч Б.С-г тайлангаа зохих ёсоор гаргаагүйгээс дутагдал гарсан гэсэн агуулга тусгагдсан боловч энэ үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан байх ба энэ нь хууль бус үндэслэлгүй болохыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 137/ШШ2020/00123 дугаартай шийдвэрээр тогтоож ажилд нь эгүүлэн тогтоосон байгааг шүүх анхаараагүй.

 

Өөрөөр хэлбэл дээр дурдсан баримтуудаар дурдсан эд хөрөнгийн зөрчил, дутагдлын шалтгаан нөхцөл, дутагдсан хөрөнгийн төрөл, тоо, хэмжээ, үнийн дүн  тодорхойлогдоогүй буюу хариуцагч буюу ажилтан Б.С нь нэхэмжлэгч “Ч” ХХК-д кассын няраваар 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар өөрийн буруугаас байгууллагын эд хөрөнгөд хохирол учруулсан гэж үзэх болон  мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэлүүд тогтоогдсонгүй.

 

Гэтэл анхан шатны шүүх энэхүү хуульд заасан ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй байхад хэрэг бүртгэлтийн хэрэгт өгсөн гэрчийн мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгож Ажлын байрны тодорхойлолтын /хх123-125/ 8.1, 8.2, 8.4, 8.11-д заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь дээрх хуульд заасан нотлох баримтыг үнэлэх журамд нийцсэнгүй.

 

Улмаар нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэг бүртгэлтийн шатанд шинжээчийн шинжилгээ хийсэн зардалд 1120000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдсон боловч хариуцагч Б.С-гийн хувьд уг үйл баримтад гэм буруутай гэж үзэх шалтгаан нөхцөл тогтоогдоогүй тул түүнээс энэ үндэслэлээр нэхэмжилсэн 560000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй болно.

 

Иймд хариуцагчийн өмгөөлөгч С.Э-ын давж заалдсан гомдол үндэслэлтэй тул хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Б.С-д холбогдох нийт 4814525,32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 137/ШШ2021/00112 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.С-гоос эд хөрөнгийн хариуцлага, хохиролд нийт 4814525,32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгч С.Э-ын давж заалдсан гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хариуцагч Б.С нь давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

  

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй. 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

 

                                      ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

 

                                                                                             Н.БАТЧИМЭГ