Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/00911

 

Н.Дийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2021/00625 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Дийн хариуцагч МГХАМТИС, МГХАМТИСУЗ, МУБСШУСС нарт холбогдох МГХАМТИС-ийнүүсгэн байгуулагчдын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар баталж, 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан дүрмийн 3.4.10 дахь заалтыг хуульд нийцэхгүй болохыг тогтоолгож, хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., Г.Х, хариуцагч МГХАМТИС-ийнөмгөөлөгч Б.Б, хариуцагч Боловсрол, соёл, шинжлэн ухаан, спортын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 6/270 дугаар тушаалаар МГХАМТИС-ийнзахирлаар Н.Дийг томилсон ба 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гарсан МГХАМТИСУЗийн Ажлаас чөлөөлөх, ажил хавсран гүйцэтгүүлэх тухай 34 дүгээр тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын Шийдвэр баталгаажуулах тухай 38 дугаар тушаал зэргийг тус тус үндэслэж ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн дээрх МГХАМТИСУЗийн 34 дүгээр тогтоол нь МГХАМТИС-ийн үүсгэн байгуулагчдын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар баталж, 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан дүрмийн 3.4.10 дах заалтыг үндэслэж гарсан тогтоол юм. Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасны дагуу Боловсролын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага нь төрийн өмчит их сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, чөлөөлөх эрх хэмжээтэй байна хэмээн заасан байхад МГХАМТИС-ийн үүсгэн байгуулагчдын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар баталж, 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан дүрмийн 3.4.10 дахь заалтад Удирдах зөвлөл нь сургуулийн эрдмийн зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр захирлыг томилох, чөлөөлөх тухай шийдвэр гаргах ба шийдвэрийг Монгол Улсын Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталгаажуулна гэж тусган Боловсролын тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Үүнээс гадна Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус сургуулийн удирдах зөвлөлд хуулиар олгогдсон эрхээ шилжүүлсэн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, дээрхи хуульд нийцээгүй дүрмийн заалт нь Н.Дийг хууль бусаар үндэслэлгүйгээр ажлаас халах үндэслэл болсон бөгөөд Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасны дагуу Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ажлаас халах эрх хэмжээтэй тул шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хандсан. Дээрхээс гадна, Н.Дийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүйн дээр 2019 онд байгуулсан Үр дүнгийн гэрээ-г дүгнээгүй байхад үндэслэлгүйгээр хуульд нийцээгүй дүрмийн заалтыг үндэслэж намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд МГХАМТИС-ийн үүсгэн байгуулагчдын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар баталж, 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан дүрмийн 3.4.10 дахь заалт нь Боловсролын тухай хуулийн 28.1.2-т заасантай нийцэхгүй байх тул хүчингүй болгож, тус хуульд нийцэхгүй дүрмийн заалтыг үндэслэн гаргасан 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн МГХАМТИСУЗийн 34 дүгээр Ажлаас чөлөөлөх, ажил хавсран гүйцэтгүүлэх тухай тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын Шийдвэр баталгаажуулах тухай 38 дугаар тушаал зэргийг тус тус хүчингүй болгож, Н.Дийг захирлын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилд эгүүлэн тогтоосон бол ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор хуульчилсан байдаг тул нэхэмжлэгчид шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч МГХАМТИСУЗийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Дийн нэхэмжлэлийн шаардлагуудыг МГХАМТИСУЗ нь дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/290 дугаартай тушаалаар Нямжавын Дорждэрэмийг 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Монгол-Германы хамтарсан технологийн дээд сургуулийн захирлаар томилсон байдаг. 2019 оны 7 дугаар сард Монгол-Германы Ашигт малтмал, Технологийн их сургуулийн захирлаар ажиллаж байсан доктор Н.Дийн таван жилийн томилгооны хугацаа дуусгавар болсон. МГХАМТИС-ийнзахирлыг томилох асуудлаар тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн болон Удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрүүдийн хурлаас гарсан шийдвэрийн талаар тайлбарлах шаардлагатай байна. Сургуулийн Удирдах зөвлөл нь Монгол-Германы Ашигт малтмал, Технологийн их сургуулийн дүрэмд заасны дагуу уг албан тушаалын томилгоонд хамаарал бүхий шийдвэрийг Эрдмийн зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр гаргасан. Удирдах зөвлөл нь Сонгон шалгаруулалтын комисс байгуулж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай зөвшилцөн тус ажлын байрыг дотоод болон гадаадад хэд хэдэн удаа нээлттэй зарласан. Комисс нь сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр Монгол-Германы Ашигт малтмал, Технологийн их сургуулийн багш, профессор Л.Алтангэрэл болон захирал асан доктор Н.Дийн нэрийг оруулахаар санал нэгдсэн. Монгол-Германы Ашигт малтмал, Технологийн их сургуулийн захирлыг сонгон шалгаруулах үйл явц нь дүрмийн хүрээнд зохион байгуулагдсан учир Н.Дийн нэхэмжлэл үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/38 дугаартай шийдвэр баталгаажуулах тухай тушаал гарсныг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр уг тушаалыг нэхэмжлэгчид танилцуулан ажил хүлээлцэх комиссын хуралд Н.Д санал хүсэлтээ гаргаж, сайдын тушаалыг хүндэтгэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн атлаа 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн тул Н.Дийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч МГХАМТИС-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн үүсгэн байгуулагчдын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар баталж, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан дүрмийн 3.4.10 дахь заалтыг хуульд нийцээгүй болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлагын тухайд; Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль-ийн дүрмийн 3 дахь хэсгийн 4.10 дахь хэсэгт захирлыг томилох чөлөөлөх тухай шийдвэр гаргах шийдвэр гаргах эрх Боловсролын асуудал Засгийн газрын гишүүн баталгаажуулах хэмээн заасан бөгөөд Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12 дахь хэсэгт Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төрийн өмчит их сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, чөлөөлөх эрх хэмжээтэй байна хэмээн заасан бөгөөд хуулиар Боловсролын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүнд олгогдсон эрх хэвээр байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзнэ. Тус сургуулийн үүсгэн байгуулагчдын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар баталж, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан дүрмийн 3.4.10 дахь заалтыг хууль зөрчсөн гэж үзсэн бол Н.Д нь энэ талаархи гомдол хүсэлтээ тухайн сургуулийн үүсгэн байгуулагчид гаргаж, шийдвэрлүүлэх байтал энэ талаар гомдол, хүсэлт гаргаж байгаагүй. Н.Д нь захирлын үүрэг гүйцэтгэх хугацааг таван жил байх талаар тус дүрэмд заасныг мэдсэн бөгөөд хөдөлмөрийн гэрээнд энэ талаар зааж тохиролцсон ба түүний хугацаа дуусаж байгаатай холбогдуулан Сонгон шалгаруулалт зарлаж, түүнд өөрөө оролцсон. Улмаар олонхийн санал аваагүйгээ мэдсэн байж, тус сонгон шалгаруулалтын талаар гомдол санал гаргаагүй нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болж байна. Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд: Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийн үндэслэл болсон дээрх журам нь нэгэнт хуульд нийцсэн, агуулгын хувьд зөрчилдөөгүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь мөн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэр нэгэнт хуульд нийцсэн, агуулгын хувьд зөрчилдөөгүй гэж үзэж байгаа учраас ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах шаардлага нь мөн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Н.Дийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, спортын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийг 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Канцлер нарын санаачлагаар Монгол Улсын Засгийн газар байгуулсан ба Н.Дийг 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус сургуулийн захирлын албан тушаалд томилон ажиллуулж байгаад Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн Удирдах зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Ажлаас чөлөөлөх, ажил хавсран гүйцэтгүүлэх тухай 34 дүгээр тогтоолоор тус сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн бөгөөд МУБСШУССын Шийдвэр баталгаажуулах тухай Б/38 дугаар тушаалаар удирдах зөвлөлийн 34 дүгээр тогтоолыг баталсан байна. Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн удирдах зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 34 дугаартай тогтоолд Монголы Улсын Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.13 дахь заалт, МГТИС-ийн дүрмийн 3.1 дэх заалт, 3.4.10 дахь заалт, МГТИС-ийн Удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн Н.Дийг Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн захирлыг үүрэгт ажлаас 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлөх, ажил хавсран гүйцэтгүүлэх тухай тогтоолыг МУБСШУСС хянаж үзээд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12 дахь заалт, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн дүрмийн 3.1, 3.4.10 дахь заалт, Удирдах зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Шийдвэр баталгаажуулах тухай Б/38 дугаар тушаалыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан нь хууль зөрчөөгүй байна. Н.Д нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн Удирдах зөвлөл, МУБСШУССад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилд эгүүлэн тогтоосон бол ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно, мөн хуулийн 36.1.2-т ...ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон хэмээн тус тус заасан тохиолдол хамаарна. Иймд Н.Дийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.9, 69 дүгээр зүйлийн 69.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч МГХАМТИС, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн Удирдах зөвлөл, МУБСШУСС нарт тус тус холбогдох МГХАМТИС-ийнүүсгэн байгуулагчдын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар баталж, 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан дүрмийн 3.4.10 дах заалтыг хуульд нийцэхгүй болохыг тогтоолгож, хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Дийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Боловсролын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар Боловсролын удирдлага нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага боловсролын байгууллагын болон түүний өөрийн удирдлагаас бүрддэг. Тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12-т заасны дагуу нэхэмжлэгч Н.Д намайг тус албан тушаалд томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх бүрэн эрх гагцхүү Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байсан. Уг хуулийн зохицуулалтын дагуу Боловсрол, шинжлэх ухааны сайдын 6/270 дугаартай тушаалаар 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Захирлын албан тушаалд томилогдож 2015-2017 онд хугацаатай, 2018 оноос хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах болсон. Мөн 2015-2019 онуудад жил бүр үр дүнгийн гэрээг байгуулан, дүгнэж ажилласан.  Өөрөөр хэлбэл, 2019 онд байгуулагдсан үр дүнгийн гэрээний хугацаа дуусаагүй, гэрээний 4.2-т заасны дагуу гэрээний хугацааг тайлагнах, биелэлтийг дүгнэх хугацаа ч болоогүй ажиллаж байхад хууль зөрчин ажлаас чөлөөлсөн. Боловсролын тухай хуулийн 34 дүгээр зүйл, 36 дугаар зүйлд заасны дагуу Удирдах зөвлөл нь холбогдох хууль тогтоомжийн дагуу боловсролын байгууллагыг хөгжүүлэх бодлого, I төлөвлөгөө, хөтөлбөр, дүрмийг батлах өөрчлөх, сургуулийн үйл ажиллагааны тайлан хэлэлцэх, үнэлэлт, дүгнэлт өгөх зэрэг сургуулийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлдэг субъект юм. Харин Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.13 дах хэсэгт зааснаар Удирдах зөвлөл нь захирлыг чөлөөлөх талаар зөвхөн санал гаргах эрхтэй. “МГХАМТИС”-ийн үүсгэн байгуулагчдын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар баталж, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар нэмэлт өөрчлөлт оруулсан дүрмийн 3.4.10-нь Боловсролын тухай хуульд нийцэхгүй болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Гэтэл анхан шатны

шүүхээс Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4 дэх заалтыг үндэслэн Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12 дах заалтыг зөрчөөгүй байна гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь илтэд үндэслэлгүй байна. Мөн анхан шатны шүүхээс дээрх дүрмийн заалттай холбоотой шаардлагыг гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй гэж буруутгасан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарласан дүгнэлт болсон.  Нэхэмжлэгч миний бие 2018 оноос хугацаагүй Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах болсон бөгөөд 2019 онд байгуулсан үр дүнгийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусах байсан. Миний Хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээний хугацаа дуусаагүй байхад хуульд заасны дагуу намайг ажлаас чөлөөлөх эрхгүй этгээд болох сургуулийн Удирдах зөвлөл 2019 оны 08 дугаар сарын 29-ны өдөр 34 дугаартай ажлаас чөлөөлөх тогтоолыг гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “талуудын харилцан тохиролцсон” тохиолдолд хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болохоор зохицуулсан. Нэхэмжлэгч надтай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор хэн ч харилцан тохиролцоогүй. Мөн анхан шатны шүүх зөвхөн сургуулийн дүрмийн заалтыг үндэслэж миний захирлаар ажиллах хугацааг 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болсон байна гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан уу эсвэл талууд харилцан тохиролцсон уу гэдгийг шүүх ялгаж салгалгүйгээр сургуулийн дүрмийн 5 жил гэсэн заалтыг баримталж хамааралгүй, өнгөц дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Намайг хууль бусаар халахын өмнө зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч би аргагүйн эрхэнд оролцсон. Гэтэл анхан шатны шүүхээс намайг уг сонгон шалгаруулалтад оролцсон, уг сонгон шалгаруулалтын дүнд гомдол гаргаагүй гэх мэтээр нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар буруутгасан үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

        Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

        Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч МГХАМТИС, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн Удирдах зөвлөл, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны сайд нарт тус тус холбогдуулан, МГХАМТИС-ийнүүсгэн байгуулагчдын дүрмийн 3.4.10 дах заалтыг хуульд нийцэхгүй болохыг тогтоолгож, хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

        Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацааны талаар дүгнэхдээ хэрэгт авагдаагүй баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн нь буруу болжээ. Тодруулбал, шүүхээс “нэхэмжлэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргасан талаар Иргэн-2014 программд бүртгэгдсэн бүртгэл болон шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2019/14283 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжаар тогтоогдсон” гэж дүгнэжээ.

        Хэдийгээр нэхэмжлэгч 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсаргасан баримтын жагсаалтад тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2019/14283 дугаартай шүүгчийн захирамжийг бичсэн байх боловч нэхэмжлэлийн ард дарагдсан шүүхийн дардаст нийт 121 хуудас баримтыг шүүх хүлээн авсан талаар тэмдэглэжээ. Иргэний хэрэг үүсгэх захирамж гарахаас өмнө хэргийн хуудасны дугаарлалтаар 122 хуудас баримт хэрэгт дугаарлагдсан байх тул уг захирамжийг нэхэмжлэгч шүүхэд өгөөгүй гэж үзнэ. /1 хэргийн 1-122 дугаар тал/

        Нэхэмжлэгчээс 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хэнд холбогдуулан ямар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар иргэний хэрэг үүсгэснийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2019/14283 дугаар шүүгчийн захирамжаар ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй байна.

        Харин тус шүүхэд нэхэмжлэгч 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШЗ2020/03530 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна. /1 хэргийн 119 дүгээр тал/

        Шүүхээс нэхэмжлэгчийн гомдол гаргасан өдрийг Иргэн-2014 программд бүртгэгдсэн бүртгэлээр тогтоож байгаа тохиолдолд уг программд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасны дагуу үзлэг хийж, бэхжүүлэх шаардлагатай.

        Нэхэмжлэгчээс гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн эсэх нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийхэд ач холбогдолтой юм.

        Давж заалдах шатны шүүхээс дээрх байдлыг тодруулах ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримт, хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2021/00625 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                     ШҮҮГЧИД                    Ч.ЦЭНД

 

                                        С.ЭНХТӨР