Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 226/МА2021/00010

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж” ХХК-ны нэхэмжлэлтэй

Н.Х-т холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

226/2021/0010

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Болормаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул,   

Хариуцагч Н.Х- нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 193 дугаар шийдвэртэй “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Х-т холбогдох “гэрээний үүрэгт 2300000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагч Н.Х-ийн давж заалдах гомдлоор 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Нэхэмжлэгч “Ж” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ариунгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Х- нь  “Ж” ХХК-ний  үйлдвэрлэлийн бараа  бүтээгдэхүүнийг  хөнгөлөлттэй нөхцлөөр худалдан авч “О”  дэлгүүрээр дамжуулан  зарж борлуулдаг байсан. Нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнэ болох  2256680  төгрөгийг төлж барагдуулах зорилгоор  харилцан тохиролцож 2020 оны 10 дугаар сарын    02-ны өдөр  тооцооны үлдэгдлийн  баталгаа баримт  үйлдэж “төлбөр  барагдуулах гэрээ”  хийсэн. Гэвч Н.Х- нь  гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд 2020 оны 10 сарын 02-ны өдрийн “Төлбөр барагдуулах  гэрээ”-ний  2.4 дэх заалтад  хугацаа хэтрүүлсэн хоног тутам  гүйцэтгээгүй үүргийн  үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлбөр авагчид төлнө гэж заасны дагуу төлөгдөөгүй үнийн дүн 1996680  төгрөгт 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 51 хоногийн   алданги 509153  төгрөгөөс 303320 төгрөг  нийт 2300000 төгрөгийг гаргуулахаар  нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш Н.Х- нь 300000 төгрөгийг төлж барагдуулсан ба үндсэн төлбөрөөс 300000 төгрөгийг хасаж, 1696680 төгрөгөөс  алданги  тооцож манай  компанийг  хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Х- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж”  ХХК-иас  манай дэлгүүрт  нийлүүлж байсан бараа бүтээгдэхүүний  үлдэгдэл төлбөр нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар  2256680 төгрөг болсон. Би энэ  мөнгийг  тус компанид өдрийн 20000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцож  худалдааны төлөөлөгч Ө-  надаас ирж  хувийн дэвтэрт  баримт үйлдэж  гарын үсэг зурж авдаг байсан.  2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 04-ний  өдрийг дуустал өдөр бүр өгч нийт 560000 төгрөг төлсөн.  Худалдааны төлөөлөгч  20000 төгрөгийг  өдөр бүр ирээд авч байсан бол төлбөр төлөгдөөд дуусах байсан. Гэтэл уг компани  намайг төлбөрөө төлөөгүй гэсэн үндэслэлээр  тооцоог 2020 оны 12 дугаар сарын 31-ний  өдрөөр тасалбар болгон  шүүхэд 2021 оны 01 дүгээр сарын 21-ний  өдөр нэхэмжлэл  гаргасан. Тооцоо нийлсэн  гэрээ гэх зүйлийг үндэслэн надаас төлбөр алданги гэж 2300000 төгрөг нэхэмжилсэн ба уг тооцоо нийлсэн  актыг  хүчин төгөлдөр  бус гэж  үзэж  алданги тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие тус компанид 1696680 төгрөг төлөх ёстой ба тохиролцсон хуваарийн дагуу  өдөр бүр  20000 төгрөгөөр төлж  дуусгах хүсэлттэй байна гэжээ. 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Иргэний хуулийн 195 дүгээр зүйлийн 195.1, 196 дугаар зүйлийн 196.1.1, 262 дугаар  зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Н.Х-ээс  үндсэн төлбөр 1696680 төгрөг, алданги 254502 төгрөг нийт 1951182  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 51750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Х-ээс  46169 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгохоор тус тус заан шийдвэрлэжээ. 

Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Н.Х- давж заалдах гомдолдоо: “Ж” ХХК-д  алданги  254502  төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөнгөө хураан авч байх явцдаа шүүхэд хандсан, мөн төлсөн мөнгийг тооцоонд оруулаагүй тул гомдол гаргаж байна гэжээ.

Хариуцагч Н.Х- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гаргаагүй гэж үзэж давж заалдах  гомдол гаргаж байна. Манай “Ж-” ХХК нь  хажуудаа “О” гэсэн *******тэй дэлгүүр ажиллуулдаг. Би хүнснийхээ дэлгүүрт худалдагчаар ажиллаж байгаа. Манай кампани “Ж” ХХК-ийн гэрээт борлуулагчаар ажиллаж байсан. Компани гэрээ байгуулсан байсан. Гэрээний дагуу мөнгөө төлж явсан. 2020 оны 12 дугаар сарын 11-ээс 2021 оны 02 дугаар сарын 04-нийг хүртэл гэрээнд заасан хугацаагаар төлөөд явж байсан. 2020 оны 12 сарын 31-ний өдөр намайг мөнгөө төлөхгүй байна гээд шүүхэд хандсан байсан. Би өдөр өдөртөө тохирсон хэмжээгээрээ мөнгөө төлөөд явж байсан. Миний төлсөн мөнгөнд худал тооцоолол хийж шүүхэд  нэхэмжлэл гаргасан. Тооцоогоо буруу бодсон байсан. 2021 оны 02 дугаар сарын 04-нийг хүртэл би мөнгөө цагт нь өгөөд явж байсан.  2021 оны 03 дугаар сарын 10-д гаргаад намайг шүүх дээр дуудсан. 2021 оны 03 дугаар сарын 16-нд  мөнгөө төлөөд явж байсан. Яагаад  шүүхэд хандаж байгааг асуухад, тухайн байгууллагын нягтлан нь “ би мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгээд би шүүх хуралд орсон.  Би энэ компанийн өмнөөс хариуцлага хүлээх үүрэг байхгүй, баримт төлбөр барагдуулах гэрээ, тооцооны үлдэгдлийн гэрээ зэрэгт компани тамга дарагдсан үүгээр баталгаажих байх гэж бодож байна. Би тус компаний өмнөөс гарын үсэг зурах эрхгүй. Дэлгүүрийн орлого компани дансанд ордог. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.3 дугаар зүйлд зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасан байдаг. Би хувь хүний хувьд “Ж”  ХХК-д хохирол учруулаагүй. Уг хэргийн хохирлыг би төлөх үүрэг хүлээгээгүй. Иймд энэ хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч Н.Х-т холбогдуулан гэрээний үүргийн биелэлт болох барааны үнэ 1996680 төгрөг алданги 303320 төгрөг нийт 2300000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанд барааны үнэ  1696680 төгрөг, алданги 254502 төгрөг нийт 1951182 төгрөгийг гаргуулахаар  нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд  төлбөр барагдуулах гэрээ болон тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг бичгийн нотлох баримтуудад “Ж” ХХК-ийг төлөөлж нябо Б-, “Ж-” ХХК-ийг төлөөлж нябо Х- нар гарын үсэг зурж тамга дарагдаж баталгаажснаас үзэхэд  нэхэмжлэгч “Ж” ХХК нь  “Жонш” ХХК-тай бараа нийлүүлэх гэрээг байгуулжээ./хх-6-9х/

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэхдээ хариуцагчийг зөв тогтоолгүй иргэн Н.Х-ийг хариуцагчаар оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “иргэний хэрэг үүсгэх” , 35 дугаар зүйлийн 35.1-д “хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8285 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.   

Анхан шатны шүүх хуралдаанд Д.Болортуяа нарийн бичгийн даргаар оролцсоныг шүүхийн шийдвэрт М.Уугантуяа гэж ташаарч бичигдсэнийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1.Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 28 ны өдрийн 156/ШШ2021/00193 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8285 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ДЭНСМАА

 

                                    ШҮҮГЧИД                                           Г.БОЛОРМАА

                           

                                                                                                    Я.АЛТАННАВЧ