Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/00949

 

 

 

 

 

 

 

 

 

А- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/01131 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А- ХХК-ийн хариуцагч Б.Ж-, Г.Г- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 139 200 000 төгрөг гаргуулах, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Очирдорж, О.Даваажаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ж- нь 2018 оны 9 сарын 14-ний өдөр ЗГ2018/037 тоот зээлийн гэрээ, Г/037 тоот барьцааны гэрээ байгуулан 80 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар 2019 оны 3 сарын 14-ний өдөр хүртэл зээлүүлсэн. Хаан банкны Б.Ж-ийн 5007413391 тоот дансанд шилжүүлэн авсан. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зарж нотариатаар батлуулсан. Зээлийн хугацаа дууссан боловч зээлдэгч Б.Ж- нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 1/54 тоот мэдэгдэх хуудас Б.Ж-өд хүргэн өгсөн. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 1.1-т зээлийн гэрээний хугацааг 6 сараар тогтоож, хугацаа хэтрүүлсний алдангийг хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувь байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулжээ. Гэрээнд заасан зээл төлөх хугацаа өнгөрсөн боловч талууд гэрээний хугацааг сунгаагүй байна. Иймд үндсэн зээлийн төлбөрт 80 000 000 төгрөг, зээлийн гэрээний хүү 19 200 000 төгрөг, алданги 40 000 000 төгрөг, нийт 139 200 000 төгрөгийг хариуцагч Б.Ж-өөс гаргуулж өгнө үү. 2018 оны 9 сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг байгуулах үед А- ХХК тухайн зээлийг эргүүлэн төлөх баталгааг хариуцагч Б.Ж-өөс шаардсаны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаанд иргэн Г.Г-гийн өмчлөлд бүртгэгдсэн, Ү-2204093857 дугаартай, БЗД-ийн 20-р хороо, Хар усан тохой гудамж 13221, 113/9 тоотод байрлах, 390 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаалах санал гаргасны дагуу 2018 оны 9 сарын 14-ний өдрийн БГ/037 тоот үл хөдлөх хөрөнгө барьцаалах, барьцааны гэрээ байгуулсан ба улсын бүртгэлд бүртгэгдээгүй. Харин Б.Ж-ийн санаачилгаар 2018 оны 9 сарын 14-ний өдөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд байлгах, бусдад шилжүүлүүлэхгүй байх зорилгоор А- ХХК-ийн менежер Ч.А-т худалдах, худалдан авах гэрээний дагуу 10 000 000 төгрөгөөр үнэлж, үндсэн зээлийн гэрээний төлбөр төлөгдөж дуусах хүртэлх хугацаанд шилжүүлсэн байдаг. 2018 оны 9 сарын 17-ны өдрийн Г.Г-гийн төлөөлөгч Б.Ж-, худалдан авагч Ч.А- нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасны дагуу барьцааны гэрээг халхавчлах зорилгоор хийсэн дүр үзүүлсэн хэлцэл байна. Тиймээс уг хүчин төгөлдөр бус гэрээний дагуу нэхэмжлэгч талд түр шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангах хууль зүйн боломжгүй болно. Мөн барьцаалсан гэх үл өдлөх эд хөрөнгө нь хавтаст хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 6 сарын 26-ны өдрийн 3362 тоот дүгнэлтээр улсын бүртгэлийн Ү-2204026629 дугаартай бүртгэлтэй давхцуулж, нэг үл хөдлөх эд хөрөнгөд 2 удаа гэрчилгээ олгосон зөрчилтэй байгааг тогтоосноос харж болно. Мөн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс давхардуулан гэрчилгээ гаргасан этгээдүүдэд хамаатуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа тухай баримт зэрэг үйл баримтаас харахад Б.Ж- нь эрхийн зөрчилтэй эд хөрөнгийг барьцаалах үйлдэл хийж зээлдүүлэгч талд шилжүүлсэн болох нь харагдаж байна. Нэхэмжлэгч нь 2018 оны 9 сарын 14-ний өдрийн БГ/037 тоот үл хөдлөх хөрөнгө барьцаалах, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөөр барьцааны үүргийг хангуулах шаардлагыг хангаагүй байх ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл гэж үзэх тул хүчин төгөлдөр бус тэрхүү гэрээгээр зээлийн гэрээний үүргийг хангуулах боломжгүй гэдгийг дурдах нь зүйтэй. Тиймээс барьцаалах үйлдлийг халхавчлах зорилгоор хийсэн дүр үзүүлсэн гэрээ болох нь тогтоогдож байх тул Г.Г-гийн төлөөлөгч Б.Ж-, худалдан авагч Ч.А- нарын хооронд байгуулагдсан 2018 оны 9 сарын 17-ны өдрийн хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Ж- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие А- ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ЗГ2018/037 тоот зээлийн гэрээ байгуулан 80 000 000 төгрөг зээлж, тус өдөр БГ/037 тоот барьцааны гэрээ байгуулсан. Миний бие зээлийн төлбөрөө төлж барагдуулаагүй тул 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн БГ/037 тоот барьцааны гэрээний зүйл болох хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцуулан А- ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болж, өр төлбөргүй болсон байдаг. Иймд миний бие Б.Ж- нь зээлийн төлбөрийг барьцааны зүйлээр төлж барагдуулан өр төлбөргүй болсон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр. Зээлийн төлбөрт тооцон орон сууцыг өгсөн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 57 дугаар зүйлийн 57.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ж-өөс 114 432 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 24 768 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, худалдагч Г.Г-гийн төлөөлөгч Б.Ж-, худалдан авагч Ч.А- нарын хооронд байгуулагдсан 2018 оны 9 сарын 17-ны өдрийн хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 186 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ж-өөс 730 110 төгрөгийг, хариуцагч Г.Г-гээс 174 950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А- ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хариуцагчийн зүгээс Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс ирүүлсэн албан бичгээр хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа талаар дурьдсан байх тул уг хэрэг маргааныг барьцаа хөрөнгийн асуудал эрүүгийн журмаар шийдвэрлэж дуусахаас өмнө иргэний хэргийг шийдвэрлэх боломжгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд уг эрүүгийн хэрэг нээсэн асуудлыг эцэслэн шийдвэрлэж, уг маргааны шийдвэрлэх байсан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг зөрчсөн. 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаан эхлэхийн өмнө Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр албан бичиг ирүүлсэн бөгөөд эрүүгийн хэрэг ямар шатанд явж байгаа, мөн уг эрүүгийн хэрэгтэй холбоотой шалгагдаж байгаа этгээд, гомдол гаргагч нарын талаар нэмэлт тодруулга авах хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасныг зөрчсөн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 05491 дугаар шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасны дагуу уг маргаан бүхий хаусны улсын бүртгэлтэй холбоотой гэрчилгээ давхардуулан гаргуулсан гэх дүгнэлт Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын байцаагчийн акт гарч, Чингэлтэй дүүргийн .цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг нээж, шалгаж байгаа тул уг хэрэг маргааныг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу эрүүгийн журмаар шалгаж шийдвэрлэж дууссаны дараа иргэний маргааны хянан хэлэлцүүлэхээр хүсэлт гаргасныг хүлээн аваагүй нь үндэслэлгүй. Шүүх хуралдаан эхлэхэд, мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаар хариуцагчийг оролцуулах, нотлох баримт гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүхээс хүсэлтийг нь хүлээн авахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 100 дугаар зүйлийн 100.3 дах заасныг зөрчсөн. Мөн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаан дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааны явцад татгалзах гаргах үндэслэл тогтоогдож, мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасны дагуу шүүгчээс татгалзсан ч, шүүх хуралдааныг хийж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дах хэсэгт заасныг зөрчиж, ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлээгүй нь ноцтой зөрчил юм. Маргаан бүхий зүйлийг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага хүлээн авсан боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г.Г-г хариуцагчаар татсан боловч, худалдан авагч Ч.А-ыг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг Баянгол дүүргээс 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд хүчинтэй байхаар авсан бөгөөд улсын бүртгэлийн гэрчилгээн дээр байх бүртгэл нь уг зөвшөөрлийн хугацаанд үйлчлэх болохоос бүртгэл хийгдээд л хугацаагүй үйлчлэх ойлголт биш юм. Нэхэмжлэгч хариуцагч нар 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээ байгуулахад барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх эрхтэй гэсэн нотлох баримтгүй байхад шүүхээс зөвшөөрөлтэй гэж дүгнэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1 дах хэсэгт заасан зохицуулалтанд хамаарна гэсэн нь үндэслэлгүй бөгөөд зээлийн гэрээг байгуулах эрхгүй этгээд болох нэхэмжлэгч тал хүчин төгөлдөр бус гэрээ байгуулжээ. Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс ирүүлсэн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичигт маргаан бүхий хаусны улсын бүртгэлтэй холбоотой гэрчилгээ давхардуулан гаргуулсан гэх дүгнэлт Улсын бүргэлийн Ерөнхий газрыг улсын байцаагчийн акт гарч, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг нээж шалгаж байгаа талаар дурьдсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс барьцааны хөрөнгийг авахаас татгалзах болсон үндэслэл нь эрүүгийн хэрэг нээсэн, барьцаа хөрөнгө болох төлбөр шилжүүлэн авсан хөрөнгө нь давхар гэрчилгээ олгогдсон гэж тайлбарлаж байгаа үндэслэл эрүүгийн журмаар шалгагдаж дуусаагүй, давхар гэрчилгээ олгогдсон нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад шүүхээс гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь мөн үндэслэлгүй юм. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээнд алданги хоногийн 0.5 хувь гэсэн боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцох эсэх талаар тодорхойлоогүй байхад шүүхээс Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.4 дэх хэсэгт заасны дагуу тооцсон нь ойлгомжгүй болжээ. Шүүхээс гомдлын дагуу Цагдаагийн байгууллага шалгаж байгаа талаар лавлагаа авснаас биш уг хаус давхардаж бүртгэл хийгдсэн эсэх талаар үзлэг хийгээгүй, бодит байдлыг тогтоогоогүй шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гаргасан гэдэгт эргэлзээ төрүүлж байна. Шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгч талаас барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлгүй байхад шүүхээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1 дах хэсэгт заасан зохицуулалтанд хамаарна гэсэн нь үндэслэлгүй бөгөөд зээлийн гэрээг байгуулах эрхгүй этгээд болох нэхэмжлэгч тал хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан байхад шүүхээс гэрээг хуулийн шаардлага хангасан гэж тайлбарлан зээлийн төлбөр, хүү, алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчээс үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүхээс А- ХХК болон Б.Ж- нарын хооронд байгуулсан барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дах хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй зүйлийг шүүх шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгчийн зүгээс 80 000 000 төгрөгийг хүлээн бүхэлд нь хүлээн аваагүй, өөр төлбөр тооцоонд тооцсон талаар шүүхэд тайлбарласан боловч шүүхээс хуралдаан дээр нэхэмжлэгчээс гаргасан тооцоололд үндэслэж шийдвэрлэсэн нь буруу бөгөөд хариуцагчид хүлээлгэж өгсөн баримтгүй байхад тэдний хүсэлтийг хүлээн авахгүйгээр, шүүгчийн захирамжаар шийдвэрлээгүй, шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Нэхэмжпэгч хариуцагч нар барьцааны гэрээ байгуулан, зээл олгож, харилцан тохиролцон 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө барьцаа хөрөнгийг төлбөртөө авсан байхад шүүхээс барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, дүр үзүүлсэн хэлцэл гэж үзсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч А- ХХК нь хариуцагч Б.Ж-өд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 120 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн нийт 139 200 000 төгрөг гаргуулах, мөн Г.Г-г хамтран хариуцагчаар татаж, Г.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хариуцагч Б.Ж-, Ч.А- нарын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлагыг хариуцагч Г.Г-д холбогдуулан гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч эхний нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Б.Ж- нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тул алдангид 40 000 000 төгрөг, хүү 19 200 000 төгрөг, үндсэн зээл 80 000 000 төгрөг, нийт 139 200 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч А- ХХК нь хариуцагч Б.Ж-тэй 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч А- ХХК нь 80 000 000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгөөр зээлдүүлэх, хариуцагч Б.Ж- нь зээлийн төлбөрийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч А- ХХК нь 76 800 000 төгрөгийг хариуцагч Б.Ж-ийн дансанд шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ, зээл олгосон мөнгөн дүнгийн жагсаалт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 4-5, 17-р тал/.

 

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Талуудын байгуулсан гэрээний 3.7-д Зээлдэгч нь гэрээний ерөнхий хугацаа болон хавсралт 1-д заасан хугацаанд эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүү төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд зээл төлөгдөх өдрийн дараагийн өдрөөс эхлэн үндсэн зээл, зээлийн хүү, нийт дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги төлөх гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дах хэсэгт заасанд тус тус нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагч талын гомдлыг хангах боломжгүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч А- ХХК-иас хариуцагч Б.Ж-өд шилжүүлсэн 76 800 000 төгрөгөөс 6 сарын хүү бодож, хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд алдангийг багасган, үндсэн зээл 76 800 000 төгрөг, хүү 18 432 000 төгрөг, алданги 19 200 000 төгрөг, нийт 114 432 000 төгрөгийг хариуцагч Б.Ж-өөс гаргуулан, нэхэмжлэгч А- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 24 768 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дах хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Хариуцагч Б.Ж- нь барьцаа хөрөнгийг зээлийн үүргийн гүйцэтгэлд тооцуулан, үүрэг дуусгавар болсон гэх үндэслэл заан маргасан.

 

Хэрэгт буй баримтаас үзвэл хариуцагч Б.Ж- нь нэхэмжлэгч А- ХХК-тай барьцааны гэрээ байгуулан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүрэг, Хар усан тохой гудамж /13221/, 113/9 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. Талууд уг гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дах хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул тус гэрээг хуульд заасан шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт мөн зүйлийн 156.3 дах хэсэгт заасантай нийцжээ. Иймд барьцаа хөрөнгөөр зээлийн үүргийг төлсөн гэх хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

Харин хариуцагч Г.Г-гийн төлөөлөгч буюу хариуцагч Б.Ж-, Ч.А- нарын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн 2 дахь шаардлагад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

 

Хариуцагч Б.Ж- нь 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагч Г.Г-г төлөөлөн иргэн Ч.А-тай Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой гудамж /13221/, 113/9 тоот хаягт байршилтай, 39 м.кв талбай бүхий хувийн сууцыг худалдах, худалдан авахаар гэрээ байгуулжээ. /хх-ийн 119-р тал/

 

Нэхэмжлэгч А- ХХК нь хариуцагч Г.Г-д холбогдуулан гаргасан хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох шаардлагын үндэслэлээ барьцааны гэрээг халхавчлах зорилгоор хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарласан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч тал дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаагүйгээс гадна уг хэлцлийн улмаас нэхэмжлэгч компанийн эрх ашиг хөндөгдөөгүй байх тул дээрх хуульд заасан шаардах эрх бүхий сонирхогч этгээд гэж үзэхгүй.

 

Нөгөө талаар, дээрх гэрээг Ч.А- нь А- ХХК-ийн нэрийн өмнөөс байгуулаагүй буюу тус гэрээнд зээлдэгч Б.Ж-ийн гэрээний үүргийг биелүүлэх зорилгоор орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч А- ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн гэх агуулга тусгагдаагүй байна.

 

Шүүх сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болох тухай Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагч Г.Г-д холбогдуулан гаргасан хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч компани нь барьцаа хөрөнгийг төлбөртөө тооцон авсан, тус хөрөнгөтэй холбоотой асуудал эрүүгийн журмаар шалгагдаж байгаа, шүүх мөн процессийн алдаа гаргаж, шүүгчээс татгалзах тухай хүсэлтийг ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлээгүй гэжээ.

 

Гэвч талуудын байгуулсан барьцааны гэрээ хууль зөрчсөн талаар дээр дүгнэсэн бөгөөд тус барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан гэж үзэхгүй, мөн иргэн Ч.А-, хариуцагч Б.Ж- нарын байгуулсан хувийн сууц худалдах, худалдан авах гэрээгээр орон сууцыг нэхэмжлэгч А- ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд хувийн сууц худалдах, худалдан авах гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа нь зээлийн гэрээний үүрэг шаардахад саад болохгүй тул энэ талаар гаргасан хариуцагч талын гомдлыг хангах боломжгүй.

 

Мөн шүүгчээс татгалзах тухай хүсэлтийн хувьд шүүх татгалзлын үе шат өнгөрсөн гэх үндэслэлээр шүүх хуралдааныг үргэлжүүлсэн нь хууль зөрчөөгүй байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал шүүгчээс татгалзах тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэсэн, мөн шүүх хуралдаан эхлэхэд татгалзал байхгүй талаар хариуцагч тал шүүх хуралдаанд хэлсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх-ийн 155, 159, 191-р тал/

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангхгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/01131 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.Ж-өөс 114 432 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 24 768 000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Г.Г-д холбогдуулан гаргасан 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дах заалтын ..., хариуцагч Г.Г-гээс 174.950 төгрөгийг тус тус ... гэснийг хасаж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Ж-өөс төлсөн 730 110 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г-гээс төлсөн 174 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Г.ДАВААДОРЖ