Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2017/0090

 

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2017/0090

Улаанбаатар хот

Ж Э Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Ж Э Ж ХХК-ийн захирал М.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 934 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ж Э Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 934 дүгээр шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж Э Ж ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын Ж Э Ж ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Э М И ХХК-д 1,6 га газрыг ашиглах эрхийг 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А-266 тушаалаар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд 1 га газрыг ашиглах эрхийг 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А-321 тушаалаар олгосон байх тул уг тушаалын дээрх 2 байгууллага, компанид холбогдох заалтыг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Тус шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 934 дүгээр шийдвэрээр ТХГНТХуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Манай компанийн хүсэлтийн дагуу Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А-11 дугаартай тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц, газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно. Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 1-д төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 1-д Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэжээ. Тус хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь заалтад Аялал жуулчлал эрхлэх зориулалтаар газар ашиглах тухай хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах материаллаг баазыг олон улсын стандарт, түвшин хүргэсэн байдлыг нь харгалзан сонголт хийнэ гэж заасан заалтуудыг үндэслэн Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхаан уулын Дархан цаазтай газрын  аманд 2,15 га талбай бүхий газрыг манай компанид аялал жуулчлалын зорилгоор ашиглах эрх олгож 2012/29 дугаартай гэрчилгээг 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 5 жилийн хугацаатай олгосон.

Компанийн зүгээс энэхүү газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт, газрын кадастрын зураг, 11 тэрбум төгрөгийн өртөгтэй, 150-200 хүн хүлээн авах чадалтай спорт цогцолбор бүхий жуулчны баазын төслийн зураг, барилга угсралтын гэрээ зэргийг хийгээд байсан бөгөөд тухайн газарт барилгын цэвэр бохир ус, дулаан төвийн шугам холбогдоогүй, төсөвт тусгагдаагүй, өөрийн бие даасан эс үүсвэрээр хангах шаардлагатай болсон хөрөнгө мөнгө түр хүлээгдсэн нь шийдвэрлэгдсэн юм.

Гэтэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А-236 тоот тушаалаар манай компанид олгосон газар ашиглах эрхийг хүчингүй болгож, 2 өөр компанид 2,15 га газрыг хуваан олгосныг 2016.04.19-ний өдөр мэдэж, яаманд хандахад:

Тушаалын 1-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хавсралтын ёсоор хүчингүй болгосонд тооцож, эдгээр иргэн аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээг цуцалсугай гэжээ.

Тушаалд зааснаар бол дээрх 3 үндэслэлээр иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг цуцлахаар заасан байна. Ж Э Ж ХХК-д Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхаан уулын Дархан цаазтай газрын хязгаарлалтын бүс  аманд аялал жуулчлалын зорилгоор 2,15 га газрыг ашиглах эрхийг 2012.05.08-ны өдөр 5 жилийн хугацаатай олгогдсон. Иймээс газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа дуусаагүй байгаа болно.

... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар газар ашиглах эрх нь тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр л дуусгавар болгохоор заасан байна.

Гэтэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан заалтууд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд хамаарахгүй юм. Тухайлсан харилцааг зохицуулсан хуульд тодорхой заасан байна.

... Тушаалын 2-д газар ашиглах эрхийг нь хүчингүй болгосон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглах эрхийг нь цуцалсан тухай албан ёсоор мэдэгдэл өгч, гэрчилгээг хураан авч хуульд заасан хугацаанд газрыг чөлөөлүүлэн хүлээн авах, ажлыг зохих журмын дагуу хэрэгжүүлж ажиллахыг Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ш, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Г нар үүрэг болгожээ.

Гэтэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д зааснаар газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэр /тушаал/ гарсан гэдгийг албан ёсоор мэдэгдэл өгөөгүй, ямар нэг байдлаар мэдэгдээгүй, мэдэгдэх, гэрчилгээг хураан авах үүргээ нэр дурдсан эрх бүхий төрийн албан хаагчид биелүүлээгүй болно. Хаягаар болон утсаар мэдэгдээгүй. Тус компанийн хаяг байршил утас огт өөрчлөгдөөгүй, одоо хүртэл хэвээр байгаа юм. Энэ нь Талх-Чихэр ХК болон Монголын Цахилгаан Холбоо ХК-уудын гаргасан тодорхойлолтуудаар нотлогдож байна. Мөн гүйцэтгэх захирал нь өөрчлөгдөөгүй хэвээр байгаа болно.

Тушаалын 3-д энэхүү тушаалын биелэлтэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт даалгасугай гэжээ. Сайдын тушаалаар даалгавар болон хяналт тавьж ажиллах үүргээ биелүүлээгүй байна.

Манай компанийн газар эзэмших эрхийн хугацаа дуусаагүй, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан нөхцөл болоогүй байхад тухайлсан хуульд заасан үндэслэлийг баримтлалгүй, эрх хэмжээгээ ашиглан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 тоот тушаалаар компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А-266 дугаар тушаалаар Э М И ХХК-д 1,16 га газрыг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд 1,0 га газрыг хуваан олгосон юм. Уг шийдвэрийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянаад нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай А-11 дүгээр тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус үндэслэн улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн төслийг хянан үзэж хавсралтад дурдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ-г хууль тогтоомжид нийцүүлэн олгохыг даалгаж, улмаар Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаас дээрх тушаалыг үндэслэн Ж Э Ж ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар  дүүрэг,  аманд 2.1 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулах 2012/29 дугаар бүхий гэрчилгээ олгосон байна.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар 16-ны өдрийн Газар ашиглуулах эрх цуцлах тухай А-236 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүй үндэслэлээр газар ашиглах эрхийг 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцжээ.

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч Ж Э Ж ХХК-аас нэхэмжлэл гаргахдаа ... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэр гарсан гэдгийг тус компанид албан ёсоор мэдэгдээгүй. Газар ашиглах гэрчилгээний хугацаа дуусаагүй, гэрээ байгуулаагүй байхад Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.6, 40.1.5, 39.1.1-д заасан үндэслэлээр манай компанийн газар ашиглах эрхийг цуцалсан нь хууль бус хэмээн тайлбарлан маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд дээрх маргаан бүхий акт нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Тодруулбал, хариуцагчаас нэхэмжлэгч компанийг гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн гэж тайлбарлах боловч газар ашиглах гурвалсан гэрээ байгуулаагүйгээс газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа, төлбөр төлөөгүйгээс үүсэх хариуцлагыг зохицуулсан гэрээгүй тул төлбөр төлөгдөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-д Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна гэж зааснаар дүүргийн Засаг дарга болон хамгаалалтын захиргаа нь иргэн, аж ахуйн нэгжтэй газар ашиглах гэрээг байгуулах үүрэгтэй бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн А-11 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Ж Э Ж ХХК-д 2.1 га газар ашиглах эрх олгохдоо Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Ш-д газар ашиглах зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулах үүргийг хүлээлгэжээ.

Иймээс нэхэмжлэгч Ж Э Ж ХХК-д 2012 онд газар ашиглах эрх олгосноос хойш 3 сарын дотор талууд газар ашиглах гэрээ байгуулаагүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй, энэ нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу хариуцагчийн үүрэг байна.

Түүнчлэн Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулан газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ... газрын төлбөр төлөгч байна, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2-т Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараах зүйлийг тусгана, 37 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтаар газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа гэж тус тус зааснаас үзэхэд гэрээ байгуулсан үеэс эхлэн газрыг ашиглаж буй аж ахуйн нэгж, байгууллага газрын төлбөр төлөгч болохоор байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч Ж Э Ж ХХК-д газар ашиглах эрх олгосон шийдвэр гаргасан хэдий ч газар ашиглах гэрээ байгуулаагүй тохиолдолд газар ашиглагч нь газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацааг мэдэх боломжгүй учир нэхэмжлэгчийг газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэж буруутгах боломжгүй.

            Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлүүдийг хэрэглэхдээ хариуцагч нь нэхэмжлэгчтэй газар ашиглалтын гэрээ байгуулснаар түүнд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхэд хариуцлага тооцох хууль зүйн боломж нээгдэх юм.

Маргаан бүхий актын хавсралтаас харахад Ж Э Ж ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэсэн байх ба Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасан үндэслэл хамаарахгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дүгнэлт хийх шаардлагагүй байна.

            Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар 16-ны өдрийн Газар ашиглуулах эрх цуцлах тухай А-236 дугаар тушаалын 2 дахь заалтаар газар ашиглах эрхийг нь хүчингүй болгосон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглах эрхийг цуцалсан тухай албан ёсоор мэдэгдэл өгч, гэрчилгээг хураан авч, хуульд заасан хугацаанд газрыг чөлөөлүүлэн хүлээн авах ажлыг зохих хууль, журмын дагуу хэрэгжүүлж ажиллахыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ш-т үүрэг болгожээ.

Гэтэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ гэж заасныг зөрчиж, нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлээгүй болох нь нэхэмжлэгч Ж Э Ж ХХК болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны албан бичгүүдээр тус тус тогтоогдож байна.

Хариуцагч хуульд заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчтэй газар ашиглах гэрээ байгуулаагүй атлаа нэхэмжлэгчийг гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр түүний газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын Ж Э Ж ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Ийнхүү нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон акт нь нэхэмжлэгч Ж Э Ж ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн газрыг Энержиминерал интернейшнл ХХК болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд ашиглуулахаар шийдвэрлэсэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А-266, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалуудын Э М И ХХК болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 934 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2, 3 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын Ж Э Ж ХХК-д холбогдох хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А-266 дугаар тушаалын Э М И ХХК-д холбогдох хэсэг, мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А-321 тушаалын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

2.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                               Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                               Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                               Д.БААТАРХҮҮ