Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 131

 

“Жи Эй Жи” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч “Жи Эй Жи” ХХК-ийн захирал М.Базар-Ууган, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Өлзийбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрцэцэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гандарь нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2017/0090 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор “Жи Эй Жи” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 934 дүгээр шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Жи Эй Жи” ХХК-ийн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “Жи Эй Жи” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, "Энержиминерал интернэйшнл" ХХК-д 1,6 га газрыг ашиглах эрхийг 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А-266 тушаалаар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд 1 га газрыг ашиглах эрхийг 2015.08.05-ны өдрийн А-321 тушаалаар олгосон байх тул уг тушаалын дээрх 2 байгууллага, компанид холбогдох заалтыг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2017/0090 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 934 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2, 3 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын "Жи Эй Жи" ХХК-д холбогдох хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А-266 дугаар тушаалын "Энержиминерал интернэйшнл" ХХК-д холбогдох хэсэг, мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А-321 тушаалын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн “Жи Эй Жи” ХХК-ийн Хан-Уул дүүргийн Арцатын аманд байрлах 2.1 га газрыг зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй, төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар 16-ны өдрийн А-236 дугаар тушаалаар цуцалсан. Учир “Жи Эй Жи” ХХК нь газар ашиглах эрх үүссэнээс хойш буюу 4 жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ байгуулж, батлуулаагүй, газар ашиглах, үйл ажиллагаа явуулах эрх үүссэн хэдий ч газрын төлбөр төлж байгаагүй юм. Түүнчлэн Байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, төсөл, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө зэргийг хийлгээгүй. Барилга барих эксиз зураг төслийг гаргуулж Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулаагүй зэрэг компани зүгээс санаачлагчтай идэвхтэй үйлдэл гаргаагүй юм.

Хуульд зааснаас үзэхэд газар ашиглах эрхийн гэрчилгээ нь газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичиг бөгөөд нэхэмжлэгч “Жи Эй Жи” ХХК-д анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 1 дүгээр сарын 11 -ний өдрийн А-11 тушаалаар газар ашиглах эрх үүсч, 2012 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2012/29 дугаартай гэрчилгээ олгогдсон байдаг. Харин "Жи Эй Жи" ХХК нь Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам"-ын 3.4-д заасны дагуу гэрээгээ байгуулах үүрэгтэй байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх хууль болон журмыг буруу тайлбарлаж дан ганц Байгаль орчны яамны үүрэг мэт дүгнэсэн. Учир нь шүүх хурлын тэмдэглэл болон бусад баримтаар авагдсан тэмдэглэлд 'Жи Эй Жи" ХХК нь тухайн үеийн Хан-Уул дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулах гэж явж байгаад чадалгүй залхаад хаясан гэж тайлбарладаг. Мөн тухайн үед дэд бүтэц муу байсан учраас тур хүлээх, мөн төслийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх зэрэг шалтгаан байсан учраас зөвхөн судалгаа, шинжилгээ хийж байсан" зэрэг тайлбараас дүгнэхэд "Жи Эй Жи” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаа бусад холбогдох төрийн байгууллагад энэ талаар хандаж байгаагүй байдаг ба албан бичгээр хандаж байсан нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад давж заалдах шатны шүүхийн нэхэмжлэгч талын санаачлагчтай үйлдэл гаргаагүй байгааг ганцхан төрийн захиргааны байгууллагыг буруутган нэг талыг барьж, баримтгүйгээр дүгнэлт гаргасан.

2. Байгаль орчин. ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд 1 га газрыг ашиглах эрхийг олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А-321 тушаалыг хүчингүй болгуулах тухай хоёрдугаар шаардлагын хүрээнд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А-321 тушаал, 2015/638 дугаар гэрчилгээгээр 1 га газрын ашиглах эрхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд олгосон.

Үндэслэл нь Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам /хуучнаар/, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам /хуучнаар/, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /КОЙКА/ хоорондын хэлэлцээрийн протоколд 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр талууд гарын үсэг зурж, 2016 оны 3 дугаар сард хэлэлцээрийн протоколд нэмэлт өөрчлөлт оруулсан 5.8 сая ам долларын буцалтгүй тусламжийн төслийн хүрээнд хэрэгжих Монгол Улсад уул уурхайгаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай уул уурхайг хөгжүүлэх, нөхөн сэргээлтийн чиглэлээр сургалт судалгааны төв байгуулах замаар нөхөн сэргээлт хийх чадавхыг сайжруулах зорилготойгоор баригдах сургалтын төвийг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутагт Арцатын задгайд 1 га талбайд байрлахаар төлөвлөж, кадастрын зураг, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, архитектур төлөвлөлтийн даалгавар АТД 2016/147-14, барилгын байршлын схем зураг, “МХС” ТӨК-ийн 2016.08.25-ны ТН-В 363/2016 дугаар, УСУГ-ын 2016.09.08-ны 402/16 тоот техникийн нөхцөлүүдийг тус тус аваад байгаа. "УБЦТС" ТӨХК-тай шинэ холболтын гэрээг байгуулсны үндсэн дээр техникийн нөхцөл олгохоор техникийн зөвлөлийн шийдвэр гарсан зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Мөн сургалтын төв байгуулахтай барилгын талбайд хийгдэх геодезийн судалгааны ажил, суурь хөрсний судалгааны ажил зэргийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаар хийлгэж, барилгын гадна түр хашааг барьж дуусган харуул хамгаалалтын ажилтан ажиллуулаад байна.

Уг хэлэлцээрийн протоколд яам нь төслийн хүрээнд баригдах сургалт, судалгааны төвийн газрын асуудал мөн дэд бүтцийн холболтын ажлыг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд тус төв нь БОАЖЯ-ны харьяа байгууллага байна.

Тус сургалтын төвийн үйл ажиллагааг Уул уурхайн сөрөг нөлөөлөл, түүнийг арилгах бууруулахтай холбоотой дагнасан сургалт сурталчилгаа явуулах бөгөөд УУХҮЯ, АМГТГ, МХЕГ, Их сургуулиуд, ТББ, орон нутгийн байгууллагууд, байгаль орчны байцаагчид, хувийн хэвшилтэй хамтран ажиллана. Түүнчлэн "Жи Эй Жи" ХХК нь 2012 оны 1  дүгээр сарын  11-ний өдөр газар ашиглах зөвшөөрлөө авсан боловч, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль болон холбогдох журамд заасан үүргээ биелүүлээгүй, зөрчсөн тул Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд "Жи Эй Жи" ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гандарь хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч “Жи Эй Жи” ХХК нь газар ашиглах эрхийг цуцалсныг 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр мэдэж, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүсэлт гаргасан бөгөөд тус яамнаас 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр газар ашиглах гэрчилгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16 -ны өдрийн А-236 дугаар тушаалаар хүчингүй болгосон тухай хариуг ирүүлсэн. Гэтэл “Жи Эй Жи” ХХК 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь дээрх хуулийн заалтыг зөрчиж, эрх бүхий байгууллагын шийдвэр гарахаас өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөнийг шүүхээс үнэлж, дүгнээгүй.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон гэрээ байгуулах үүргийг хүлээсэн Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга, Хан-Уул дүүргийн засаг дарга, Баянзүрх дүүргийн засаг дарга нарын хуульд заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйгээс болж манай компанийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөх ёсгүй. Бид хуульд заасан үндэслэл, журмын дагуу төрийн захиргааны гөв байгууллагад газар ашиглах хүсэлтээ гаргаж, шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлэн өгч, эрхийн гэрчилгээгээ авсан. Мөн түүнчлэн нэхэмжлэгч “Жи Эй Жи” ХХК-д олгосон газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгосны дараа манай компанид газрыг ашиглуулахаар зөвшөөрөл олгосон бөгөөд зөвшөөрлийг олгосноор бусад этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй болно. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А-266 дугаартай тушаалын “Энержиминерал интернэшл” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалаар “Жи Эй Жи” ХХК-д олгосон Богдхан уулын Дархан цаазат газрын Арцатып аманд байрлах 2.15 га газрын ашиглах гэрчилгээг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон.

Улсын дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн №15 тоот тогтоолд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг тайлбарласан.

Нэхэмжлэгч “Жи Эй Жи” ХХК нь газар ашиглах гэрчилгээ авснаас хойш 4 жилийн хугацаанд тухайн газар дээр ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, дор хаяж хашаа бариагүй. Зөвхөн судалгаа, шинжилгээ хийлгэх, дүгнэлт гаргуулах ажлууд хийгдэж байсан гэж тайлбарладаг. 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 13 цаг 30 минутад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тулгаа, И.Өлзийбаяр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрцэцэг нарыг байлцуулан маргаан бүхий газар буюу Хан-Уул дүүргийн Арцатын аманд байрлах 2.1 га газарт үзлэг хийгдсэн байдаг. Уг үзлэгээр тухайн газарт ямар нэг объект баригдаагүй, үйл ажиллагаа явуулаагүй гэж тэмдэглэгдсэн байна. Эндээс “Жи Эй Жи” ХХК нь газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй талаар эрх зүйн үндэслэл тогтоогдож байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Жи Эй Жи” ХХК-ийн газар ашиглах эрхийг газрын төлбөрийг төлөөгүй, газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн 2 үндэслэлээр цуцалсан байдаг. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс зөвхөн газрын төлбөрөө төлөөгүйн талаар үнэлэлт, дүгнэлт өгсөн боловч газраа зориулалтын дагуу ашиглаагүй үйл баримтад үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Жи Эй Жи” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын өөрт холбогдох хэсэг, 2015 оны  7 дугаар сарын 3-ны өдрийн А-266 тушаалын “Энержи менерал интернэйшнл” ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн А/321 дүгээр тушаалын Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.

Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн А-11 дүгээр тушаалаар “Жи Эй Жи” ХХК-д Хан-Уул дүүрэг, Богдхан уулын Дархан цаазат газрын, Арцатын аманд аялал жуулчлалын зориулалтаар 2.1 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах зөвшөөрөл олгосон байх бөгөөд харин маргаан бүхий тушаалаар “газрын төлбөр төлөөгүй, гэрээнд заасан зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй”  гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож, гуравдагч этгээдэд уг маргаан бүхий газрыг ашиглуулахаар шийдвэрлэжээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас аж ахуй нэгжид тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болохоор зохицуулжээ.

Хуулийн дээрх заалтын агуулгаас харахад тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулахдаа захиргааны байгууллагын зүгээс тодорхой, нөхцөл болзол шаардах эрхтэй, энэхүү шаардлагыг хангасан тохиолдолд нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах зарчим үйлчлэх байна. Өөрөөр хэлбэл төрийн хяналт хамгаалалтад байх тусгай хамгаалалттай газрыг ашиглах эрх үүссэн бол үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой ашиглаж, газрын төлбөрийг хугацаанд нь төлөх шаардлагатай.

Гэтэл нэхэмжлэгчийн тухайд 2012 онд газар ашиглах эрх үүсч, газрын төлбөр төлөх харилцаа эхэлсэн байхад 2015 он хүртэл газрын төлбөр төлөөгүй байгаа нь хуулийн дээрх зарчимд нийцэхгүй байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт зааснаар газар ашиглуулах шийдвэр гаргах, эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажиллагаа нь захиргааны байгууллагын цуврал шийдвэр гаргах ажиллагааны төрөл бөгөөд нэгдмэл байдлаар хэрэгжиж, бүхэллэг шинж чанартай тул нэхэмжлэгчийн “зөвхөн газар ашиглах гэрээ байгуулсан үеэс эхлэн газрын төлбөр төлж эхлэх” тухай тайлбар хууль зүйн үндэслэлгүй юм.

Тодруулбал, газар ашиглуулах тушаал, газар ашиглах гэрчилгээ, гэрээ нь хамтдаа хүчин төгөлдөр үйлчилж, газар ашиглах эрх үүсгэх болохоос захиргааны байгууллагын цуврал шийдвэрийн зөвхөн нэг ажиллагаагаар буюу газар ашиглах гэрээ байгуулснаар газар ашиглах эрх, газрын төлбөр төлөх үүрэг үүсгэхгүй.

Нэхэмжлэгчийн “гэрээ байгуулах нь захиргааны үүрэг” гэх тайлбарын тухайд:

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэн, аж ахуй нэгжтэй газар ашиглах гэрээг дүүргийн Засаг дарга, Тусгай хамгаалалтын захиргаатай хамтран байгуулахаар заасан, өөрөөр хэлбэл нэгэнт газар ашиглуулах шийдвэр гарсан, гэрчилгээ олгосон бол газар ашиглах гэрээ байгуулах нь захиргааны байгууллагын үүрэг байна.

Гэхдээ гэрээ байгуулах нь зөвхөн захиргааны үүрэг биш, нөгөө талаар тухайн газрыг ашиглах хүсэл сонирхлоо илэрхийлсэн нэхэмжлэгч иргэнд хамааралтай, түүнээс газар ашиглах идэвхтэй үйлдэл гүйцэтгэхийг шаардсан агуулгатай.

Нэхэмжлэгчийн “...тухайн үед гэрээ байгуулахыг хүссэн боловч захиргааны байгууллагаас гэрээ байгуулаагүй, 2012 онд захиргааны ажилтантай уулзаж байгаад, газар ашиглах гэрчилгээтэй болохоор болох байх гэж бодсон” гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөх, цаг хугацааны хувьд хүндэтгэн үзэх шалтгаанд тооцох боломжгүй бөгөөд захиргааны байгууллагын гэрээ байгуулаагүй эс үйлдэхүйтэй холбогдуулан 2013 оноос маргах эрх нь нэхэмжлэгчид нээлттэй байсан.

Түүнчлэн нэхэмжлэгчийн тухайд газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй шалтгаанаа “судалгаа, шинжилгээний ажил хийж байсан” гэх боловч энэ үйлдэл нь нотлогдоогүй, газар ашиглах эрхийг хязгаарлах, газар ашиглалтад шууд нөлөөлөх хангалттай үндэслэл биш байна.

Мөн нэхэмжлэгчийн “хөрөнгө мөнгө түр хүлээгдсэн, компанийн захирал өөрчлөгдсөн” гэх тайлбар нь нэхэмжлэгч компанийн дотоод үйл ажиллагаа, зохион байгуулалттай холбогдох болохоос захиргааны байгууллагыг буруутгах үндэслэл болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол маргаан бүхий актыг хүчингүй болгох урьдчилсан нөхцөлтэй байна. Гэтэл энэ тохиолдолд захиргааны актын хууль зүйн үндэслэл нь зөв, харин нэхэмжлэгчээс газар ашиглагчийн үүргээ биелүүлээгүй, газрыг бодитойгоор ашиглаагүй тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн “газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй гэсэн үндэслэл нь Газрын хуулиар зохицуулагдах бөгөөд тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй” гэх тайлбарын тухайд:

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллага Газрын хуулийн 45 дугаар зүйлд заасан үүргээс гадна дараах үүргийг хүлээнэ” гэж зааснаас үзэхэд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч этгээд нь Газрын тухай хуульд заасан нийтлэг үүргийг хүлээх тул хуулийн дээрх заалтад хамаарч байна. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д зааснаар Газрын тухай хууль нь тусгай хамгаалалттай газар нутагт үйлчлэх бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулиар тусгайлан зохицуулаагүй асуудлыг Газрын тухай хуулиар зохицуулах тул дээрх гомдол үндэслэлгүй.

Давж заалдах шатны шүүхээс “гэрээг байгуулаагүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь буруу бөгөөд газар ашиглах гэрээг газар ашиглуулах тушаал, гэрчилгээнээс салгаж тайлбарласан нь дээр дурдсан хуулийн агуулга, зарчимд нийцэхгүй болохыг анхаараагүй байна.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2017/0090 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 934 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ