Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2017/0095

 

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар221/МА2017/0095

Улаанбаатар хот

Д.Э-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Д.Э,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 961 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Д.Э-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 961 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/222 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Э-г урьд эрхэлж байсан Татварын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Э-ийн ажилгүй байсан 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх нийт 7 сар 9 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 10403508 төгрөгөөс хуульд заасан татвар хураамжийг суутгуулан хариуцагч Татварын ерөнхий газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 961 дүгээр шийдвэрийг дор дурдсан үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Гааль, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/222 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд хуулийн дагуу эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулж, мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд эрх залгамжилсан хариуцагчийн зүгээс маргааныг шүүх хуралдаанаар бус эвлэрлийн журмаар шийдвэрлэх хүсэл зориг байсан боловч төрийн эрх бүхий 2 байгууллагаас ирсэн албан бичиг нь нэхэмжлэгчийн боловсролын байдалд эргэлзээ үүсгэсэн тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэхэд хүрсэн юм.

Дээрх асуудлыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хариу болгож хэлсэн бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 961 дүгээр шийдвэрийн Үндэслэх хэсэгт ... Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан Д.Э-ийн дээд боловсролын талаар гаргасан тайлбар, нотлох баримт нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй бөгөөд хариуцагчид уг асуудлыг холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах зүйтэй гэж дүгнэсэн нь өрөөсгөл болжээ. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Гааль, татварын ерөнхий газрын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/222 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд хуулийн дагуу эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулж, мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх гэсэн 4 шаардлага гаргасан байдаг.

Нэхэмжлэгчийн шаардсан Урьд эрхэлж байсан албан тушаалд хуулийн дагуу эгүүлэн тогтоолгох гэж буй ажил, албан тушаал нь Монгол Улсын төрийн захиргааны албан тушаал, төрийн жинхэнэ алба байсан тул Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн гэж заасан боловсролын шаардлагыг нэхэмжлэгч хангаж чадаж буй дээр маргахаас өөр аргагүй юм.

Улмаар Боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Монгол Улсад боловсролын тогтолцоо нь албан ба албан бус боловсролын нэгдэл байх бөгөөд сургуулийн өмнөх болон бага, дунд, мэргэжлийн боловсрол, дээд боловсролоос бүрдэнэ. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д боловсролын баримт бичг нь тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулга түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны баталгаа мөн. 9.2-т боловсролын баримт бичиг /гэрчилгээ, үнэмлэх, диплом/-ийг бүрдүүлэх, олгох журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан бакалаврын сургалт 120-оос, магистрын сургалт 150-аас, докторын сургалт 210 багц цагаас тус тус доошгүй байна гэж тус тус заасанчлан урьд эрхэлж байгаа албан тушаалдаа эгүүлэн томилуулахыг шаардаж буй нэхэмжлэгчийн хувьд төрийн албан тушаал болон тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан боловсролын шаардлагыг ярих ёстой.

Шүүх гуравдагч этгээдээр 2 иргэнийг татан оролцуулсан бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт эдгээр хүмүүсийн чиг үүрэг давхардсан байна гэж дүгнэсэн боловч гуравдагч этгээдээс чухам хэнийх нь эрх ашиг хөндөгдөж болзошгүйг дурдахгүй, эргэлзээтэй байдал үүсгэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд шүүхийн эрхэм зорилгыг хуульчилсан байдаг ба мөн зүйлийн 4.1.3-д хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх, 4.1.4-д хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх гэсэн зорилгод шүүхийн шийдвэр нийцсэн байх учиртай.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 961 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч Д.Э-ийн урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

            Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Д.Э-г албан тушаалаас нь чөлөөлж, албан тушаалд томилох тухай Б/222 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4, 8.3.5, 8.4, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 10.1.15, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай 501 дүгээр тогтоол, Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны Зохион байгуулалт, бүтэц орон тоог батлах тухай тушаалын нэгдүгээр хавсралтын 1.1.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газрыг нэгтгэж Гааль, татварын ерөнхий газар болгон өөрчлөн байгуулж, бүтцэд өөрчлөлт орсонтой холбогдуулан Татварын ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын татварын улсын ахлах байцаагч Дагвын Э-г 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Гааль, татварын ерөнхий газрын Нийслэлийн татварын газрын Орлогын хэлтсийн улсын ахлах байцаагчаар томилсон байна.

            Нэхэмжлэгчээс ... төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих тухай хуульд тодорхой заасан байхад тодорхой үндэслэлгүйгээр албан тушаал, цалин хөлсийг бууруулж өөр ажилд шилжүүлсэн ... гэсэн үндэслэлээр маргаан бүхий актыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.

            Хариуцагчаас ... Төрийн захиргааны удирдлагын газар нь дарга гэсэн 1 орон тооны албан тушаалтан байхаар батлагдсан тус газарт ахлах гэсэн албан тушаал байхгүй болсон тул Д.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй гэжээ.

            Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах тухай А/01 дүгээр тушаалаар улсын ахлах байцаагчийн орон тоог Хүний нөөцийн хэлтэст шилжүүлж, нэхэмжлэгч Д.Э-ийн урьд эрхэлж байсан албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг хэвээр хадгалагдсан, Төрийн захиргаа удирдлагын газрын хүний нөөцийн хэлтсийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд Г.Долгор, Ө.Тэгшээ нарыг, Төрийн захиргаа, удирдлагын газарт татварын улсын ахлах байцаагчаар Ц.Амгалан, Б.Батдорж нарыг томилсон зэргээс уг албан тушаалын орон тоо хасагдаагүй нь нотлогдож байна.

            Ийнхүү нэхэмжлэгч Д.Э-ийн эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдсан байхад түүнийг албан тушаал бууруулж Нийслэлийн Татварын газрын Орлогын хэлтэст улсын ахлах байцаагчийн албан тушаалд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн талаарх анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэжээ.

            Нэхэмжлэгч нь Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/222 дугаар тушаалыг хүчингүй болуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүхээс маргаан бүхий актын эрх зүйн үндэслэлийг хянаж, хариуцагчийн шийдвэр хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгч байгаа тохиолдолд нэхэмжлэгч Д.Э-ийн боловсролын талаар гаргасан тайлбар, нотлох баримтыг үнэлэх шаардлагагүй.

            Тодруулбал хариуцагчаас бүтэц орон тоо хасагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг албан тушаал бууруулан өөр албан тушаалд томилсон нь хуульд нийцсэн эсэхэд шүүх дүгнэлт өгөхөөс биш, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж нэхэмжлэгч Д.Э-ийн боловсролын байдалд дүгнэлт өгөх боломжгүй юм.

            Харин нэхэмжлэгч Д.Э-ийн боловсролын талаар маргаантай гэж хариуцагч үзвэл зохих байгууллагад хандаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй хариу өгсөн байна.

            Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 961 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                               С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                               Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                               Д.БААТАРХҮҮ