Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2016/01336

 

Б.Тунгалагийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 682 дугаар шийдвэртэй,

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч : Б.Тунгалаг,

Хариуцагч : Д.Энхбаяр,

Нэхэмжлэлийн шаардлага: Хашаа байшин албадан чөлөөлүүлэх тухай,   

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2010 оны 5 дугаар сард Д.Энхбаяртай танилцаж, үерхсэн бөгөөд бид Мөрөн сумын 9-4-20-д байрлах 654,6 м.кв газрыг, мөн 6х7 харьцаатай өвлийн дүнзэн байшингийн хамт 2012.11.20-ны өдөр 17 сая төгрөгөөр худалдаж авсан юм. Ингэж үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахдаа би 10 сая төгрөг гаргасан. /өөрөө 5 сая төгрөг, 5 сая төгрөгийг Баярсайханаас зээлсэн/ Харин 7 сая төгрөгийг Д.Энхбаяр гаргаж худалдан авсан. Ингээд бид тэр хашаа байшинд амьдраагүй Д.Энхбаяр нь өөр эмэгтэйтэй хамтран амьдрах болсон. Би хашаа байшин худалдан авахаас өмнө нь Д.Энхбаярт 2012 оны 5 сараас 9 сар хүртэлх 4 сарын хугацаанд 8.600.000 төгрөг өгсөн. Үүнийг ах Б.Дашдорж, Цэрэнбүтэд нар сайн мэднэ. Харин хашаа байшинг худалдан авснаас хойш би Д.Энхбаярт банкны зээл төлөхөд 1.150.000 төгрөг өгсөн, мөн /улаан/ машин авахад цувуулж 2 сая төгрөг, 1 сая төгрөг, 400.000 төгрөг, мөн хөөрөгний 2 сая төгрөг нийтдээ 6.550.000 төгрөг өгсөн. Иймд би тухайн үед хашаа байшин авахад Д.Энхбаяраас гаргасан 7 сая төгрөгийг буцаагаад өөрт нь өгсөн гэж үзэж байгаа. Мөн хашаа байшингийн гэрчилгээ миний нэр дээр байгаа тул Мөрөн сумын 9-4-20 байрлах хашаа байшинг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.         

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2010 онд Б.Тунгалагтай танилцсан бөгөөд түүнийг наймаа хийхээр Дорноговь аймгийн Замын-Үүдэд очиж хилээр гарах орох үед нь өөрийн машинаараа үйлчилдэг байсан. Энэ хүнтэй үерхэж нэг гэрт орж хамт амьдарсан зүйл байхгүй юм. Би 2012 оны 11 сард Алтанцэцэг, Нямаасамба нараас Мөрөн сумын 7 дугаар багийн 4 дүгээр гудамжны 20 тоотод байрлах хашаа, 6х7 харьцаатай өвлийн дүнзэн байшингийн хамт 17 сая төгрөгөөр худалдан авсан. Хашааг авсан үеэсээ эхлэн засаж блокоор сольж хашаандаа 00 гаргах зэргээр худалдан авсан хашаагаа сайжруулсан. Энэ бүхэнд 3 сая төгрөг зарцуулсан, одоо хашаандаа амьдарч байгаа. Анх энэ хашааг авах үед би Тунгалагаас 5 сая төгрөг зээлж, өөрөөсөө 12 сая төгрөг нийтдээ 17 сая төгрөгөөр худалдан авсан. Сүүлдээ нэмэлтээр засварт 3 сая төгрөг гаргаж, хашаа, байшинг авахад 15 сая төгрөг гарсан билээ. Намайг Замын-Үүдэд байх үед Б.Дашдорж нь хашаа, байшингийн гэрчилгээг гаргуулах талаар хөөцөлдөж Тунгалагын нэрийн өмнөөс нотариатаар итгэмжлэл хийлгэж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авахаар материал өгсөн байсан. Тунгалаг, Дашдорж нар нь надруу утсаар ярьж гэрчилгээ гарах болсон талаар хэлэхэд би өөрөө бүртгэлийн газар очиж гэрчилгээнүүдийг авсан. Гэрчилгээг авахад Тунгалагын нэр дээр гарсан байсан. Энэ хашааг авахад би Тунгалагаас 5 сая төгрөг зээлсэн нь үнэн. Энэ мөнгийг нь өгөөд бичиг баримтаа өөрийн нэр дээрээ шилжүүлэн авна гэж бодож явтал Тунгалаг шүүхэд хандсан байна. Энэ хашааг намайг худалдан авснаас хойш байнга амьдарч байгааг тэр ойр орчмын бүх хүмүүс мэднэ. 2015 оны 3 сарын үед намайг аймгийн цагдаагийн газраас дуудсан. Тэгтэл Тунгалаг нь цагдаад өргөдөл өгсөн байсан. Ингээд надад байсан хашаа байшингийн бичиг баримтыг Тунгалаг авсан. Би нэгэнт Тунгалагт 5 сая төгрөг өгөх ёстой байсан, мөн хэрүүл маргаан гаргаад байхаар нь өгч явуулсан юм. Тунгалаг нь надад 4 сарын хугацаанд 8.600.000 төгрөг өгсөн гэж худлаа бичсэн байна. Хашаа байшинг худалдан авснаас хойш  нийт 6.550.000 төгрөг өгсөн гэж байна. Энэ нь ор үндэслэлгүй. Одоо Тунгалагт 5 сая төгрөгийг өгч бичиг баримтаа өөрийн нэр дээрээ болгож авах хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 682 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 4 дүгээр гудамжны 20 тоотод байрлах хашаа байшинг чөлөөлж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг Д.Энхбаярт үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 70.200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Д.Энхбаяраас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна. 

Хөвсгөл аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 13 дугаар магадлал гаргаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Д.Энхбаяр нь Мөрөн сумын 9-4-20 тоотын хашаа,байшинг анх Алтанцэцэгээс 2012 онд 17 сая   төгрөгөөр худалдан авахаар тохиролцон 5 сая төгрөгийг өөрөөсөө гарган урьдчилгаа болгож Алтанцэцэгт өгсөн. Тэр үед Д.Энхбаяр нь Замын-Үүд суманд ажиллаж байсан учир тухайн үед үерхэж байсан гэх Б.Тунгалагын нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг Алтанцэцэг Нямаасамба нараас  Б.Тунгалагийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Гэтэл Б.Энхбаяр нь тухайн үед Алтанцэцэгт мөнгөө бүрэн өгөөгүй байсны улмаас Алтанцэцэг нь Шинэ-Идэр сумын иргэн Л.Амгаланбатад уг хашаа байшинг худалдсан. Үүний дараа Б.Энхбаяр нь Л.Амгаланбатад 17 сая төгрөгийг түүний дүү Ч.Ганболдоор дамжуулан өгч хашаа байшингийн төлбөрийг бүрэн барагдуулж, худалдан авсан үеэс одоог хүртэл уг хашаандаа оршин сууж байгаа. Д.Энхбаяр нь өмчлөх эрхээ өөрийн нэр дээрээ шилжүүлэх гэж байхад Б.Тунгалаг нь цагдаагийн байгууллагад хандаж Д.Энхбаяраас тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан Л.Амгаланбатын нэр дээрээс шилжүүлэн бүртгүүлэн авсан байдаг. Д.Энхбаяр уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан талаарх баримт хэрэгт тодорхой авагдсан байтал шүүх нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, бодит байдалд нийцсэнгүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Тунгалаг шүүхэд нэхэмжлэл гаргаж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг, 4 дүгээр гудамж, 20 тоотод хашаа, байшинг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг Д.Энхбаярт холбогдуулан гаргасан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ.

Анхан шатны шүүх Б.Тунгалагийн нэхэмжлэлийг бүрэн хангасан, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106, 183 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд шийдвэр, магадлалыг өөрчлөх боломжгүй тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Б.Тунгалаг шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын бүртгэлийн Ү-1723003133 дугаартай, 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 000183495 дугаар гэрчилгээний хуулбар, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 654,4 м.кв газар эзэмших  000442633 тоот 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн гэрчилгээг үндэслэсэн /хх 3, 4/ бөгөөд эдгээр баримтаас үзвэл нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг, 4 дүгээр гудамж, 20 тоотод байршилтай 654,4 м.кв газрын эзэмшигч, харин мөн хаягт байрлах хувийн сууцны зориулалттай усан сангийн өмчлөгч байна.

Зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээс үзвэл заасан хаягт хашаа, байшин байдаг  гэж үзэхээр байгаа боловч улсын бүртгэлийн Ү-1723003133 дугаартай 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 000183495 тоот гэрчилгээнд “усан сан” гэж бичжээ. Зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэгт заасан эд хөрөнгө нь холбогдох гэрчилгээ, бүртгэлд өөр байдлаар тусгагдсан байхад шүүх Б.Тунгалагийг хашаа, байшингийн өмчлөгч гэж дүгнэн нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй гэж үзнэ.

2. Гэрч нарын мэдүүлэгт маргааны зүйл болсон эд хөрөнгийг Д.Алтанцэцэг нь хариуцагчид 2012 онд худалдаж, бичиг баримтыг Б.Тунгалагийн нэр дээр бүртгүүлсэн, үлдэгдэл мөнгө төлөгдөөгүй  учир наймаа буцаж, эд хөрөнгийг дахин 2013 онд худалдаж бичиг баримтыг Л.Амгаланбатын нэр дээр шилжүүлсэн боловч Д.Энхбаяр Л.Амгаланбатад 17 сая төгрөг төлж Л.Амгаланбатаас худалдан авсан гэжээ. /хх 43, 51/ Өөрөөр хэлбэл, маргааны зүйлийг Л.Амгаланбат 2013 онд худалдан авч өөрийн өмчлөлд бүртгүүлсэн талаар мэдүүлсэн байхад шүүх түүнээс өмнө буюу 2012 оны 000183495 дугаар гэрчилгээг нотлох баримт болгон нэхэмжлэлийг хангасан нь ойлгомжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцаав.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Д.Тунгалаг нь өөрийн өмчийг бусдаас шаардсан эсхүл дундын өмчийн ногдох хувийг мөнгөөр төлсөн учир эд хөрөнгийг шаардсан эсэхийг тогтоох нь нотлох баримтыг үнэлэх, нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхэд ач холбогдолтой юм. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5  дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 682 дугаар шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцаасугай.   

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ