Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 013

 

Б.Тунгалагын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Б.Тунгалаг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг,  хариуцагч Б.Энхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Г.Баянбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 682 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Тунгалагын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Энхбаярт холбогдох

Хашаа, байшин албадан чөлөөлүүлэх тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Тунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2010 оны 05 дугаар сард Д.Энхбаяртай танилцаж, үерхсэн бөгөөд бид Мөрөн сумын 9-4-20-д байрлах 654,6 мкв газрыг, мөн 6*7 харьцаатай өвлийн дүнзэн байшингийн хамт 2012 оны 11 сарын 20-ны өдөр 17 сая төгрөгөөр худалдан авсан юм. Ингэж үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахдаа би өөрөөсөө 10 сая төгрөгийг /5 сая төгрөгийг өөрөөсөө, 5 сая төгрөгийг Баярсайханаас зээлж/ гаргаж, харин 7 сая төгрөгийг Д.Энхбаяр гаргаж худалдан авсан. Ингээд бид тэр хашаа байшинд амьдраагүй Д.Энхбаяр нь өөр эмэгтэйтэй хамтран амьдрах болсон. Би хашаа байшин худалдан авахаас өмнө нь Д.Энхбаярт 2012 оны 5 сараас эхлэн 2012 оны 9 сарыг хүртэлх 4 сарын хугацаанд 8.600.000 төгрөгийг өгсөн ба үүнийг манай ах Б.Дашдорж, Цэрэнбүтэд нар сайн мэднэ. Харин хашаа байшинг худалдан авснаас хойш би Д.Энхбаярт банкны зээл төлөхөд 1.150.000 төгрөг өгсөн, мөн улаан машин аваад зарах хүртэлх хугацаанд цувуулж Д.Энхбаярт өгсөн 2.000.000 төгрөг, мөн 1.000.000 төгрөг бэлнээр, 400.000 төгрөг, мөн хөөрөгний 2.000.000 төгрөг, нийтдээ 6.550.000 төгрөгийг өгсөн байгаа болно. Иймээс би тухайн үед хашаа байшин авахад Д.Энхбаяраас гаргасан 7.000.000 төгрөгийг буцаагаад өөрт нь өгч байсан мөнгөөрөө төлөгдсөн гэж үзэж байгаа ба хашаа байшингийн гэрчилгээ бүгд миний нэр дээр байгаа тул Д.Энхбаяраас Мөрөн сумын 9-4-20 байрлах хашаа байшинг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Энхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Энхбаяр нь 2010 онд Б.Тунгалагтай танилцсан бөгөөд түүнийг наймаа хийхээр Дорноговь аймгийн Замын-Үүдэд очиж урд хилээр гарах орох үед нь өөрийн машинаараа үйлчилдэг байсан. Энэ хүнтэй үерхэж нэг гэрт орж хамт амьдарсан зүйл байхгүй юм. Би 2012 оны 11 сард Алтанцэцэг, Нямаасамба нараас Мөрөн сумын 7 дугаар багийн 4 дүгээр гудамжны 20 тоотод байрлах хашаа, 6*7 харьцаатай өвлийн дүнзэн байшингийн хамт 17.000.000 төгрөгөөр худалдан авч хашааг авсан үеэс эхлэн хашаагаа засаж блокоор сольж хашаандаа жорлон ухаж барих зэргээр худалдан авсан хашаагаа сайжруулсан. Энэ бүхэнд 3.000.000 төгрөгийг зарцуулан хашаандаа амьдарч байгаа болно. Анх энэ хашааг авах үед би Тунгалагаас 5.000.000 төгрөгийг зээлж өөрөөсөө 12.000.000 төгрөг гаргаж нийтдээ 17.000.000 төгрөгөөр худалдан авч сүүлд нь нэмэлтээр засварт 3.000.000 төгрөг гаргаж ингээд миний зүгээс энэ хашаа, байшинг авахад 15.000.000 төгрөг гарсан билээ. Намайг Замын-Үүдэд байх үед Б.Дашдорж нь хашаа, байшингийн гэрчилгээг гаргуулах талаар хөөцөлдөж Тунгалагын нэрийн өмнөөс нотариатаар итгэмжлэл хийлгэж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авахаар материал өгсөн байсан. Тунгалаг, Дашдорж нар нь надруу утсаар ярьж гэрчилгээ гарах болсон талаар хэлэхэд би өөрөө бүртгэлийн газар очиж гэрчилгээнүүдийг авсан. Гэрчилгээг авахад Тунгалагын нэр дээр гарсан байсан. Энэ хашааг авахад би Тунгалагаас 5.000.000 төгрөг зээлсэн нь үнэн. Энэ мөнгийг нь өгөөд бичиг баримтаа өөрийн нэр дээрээ шилжүүлэн авна гэж бодож явтал Тунгалаг шүүхэд хандсан байна. ...Энэ хашааг намайг худалдан авснаас хойш байнга амьдарч байгааг тэр ойр орчмын бүх хүмүүс мэднэ. 2015 оны 3 сарын үед намайг аймгийн цагдаагийн газраас дуудсан. Тэгтэл Тунгалаг нь цагдаад өргөдөл өгсөн байсан. Ингээд надад байсан хашаа байшингийн бичиг баримтыг Тунгалаг авсан. Би нэгэнт Тунгалагт 5.000.000 төгрөг өгөх ёстой байсан учир Тунгалагыг хэрүүл маргаан гаргаад байхаар нь өгч явуулсан юм. Мөн Тунгалаг нь надад хашаа байшин худалдан авахаас өмнө 2012 оны 5 сараас эхлэн 2012 оны 9 сарыг хүртэлх 4 сарын хугацаанд 8.600.000 төгрөгийг өгсөн гэж худлаа бичсэн ийм мөнгө төгрөг өгсөн авсан асуудал байхгүй юм.  ...Хашаа байшинг худалдан авснаас хойш ...нийт 6.550.000 төгрөгийг өгсөн гэж надаас нэхэмжилж байна. Энэ нь ор үндэслэлгүй тул би хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Одоо Тунгалагт 5.000.000 төгрөгийг өгч бичиг баримтаа өөрийн нэр дээрээ болгож авах хүсэлтэй байна. Иймд Тунгалагын гаргасан хашаа байшинг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 682 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Д.Тунгалагын өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 4 дүгээр гудамжны 20 тоотод байрлах хашаа байшинг чөлөөлж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагч Д.Энхбаярт үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Тунгалагын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Энхбаяраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Баянбилэг давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь
үндэслэлгүй байна гэж хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Д.Энхбаяр нь маргааны зүйл болох Мөрөн сумын 9-4-20 тоотод байх хашаа байшинг анх Алтанцэцэгээс 2012 онд 17,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон 5,000,000 төгрөгийг өөрөөсөө гарган урьдчилгаа болгож Алтанцэцэгт өгсөн байдаг. Тэр үед Д.Энхбаяр нь Замын-Үүд суманд ажиллаж байсан учир тухайн үед үерхэж байсан гэх энэ хэргийн нэхэмжлэгч Б.Тунгалагын нэр дээр газар эзэмшйх эрхийн гэрчилгээ болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг Аптанцэцэг, Нямаасамба нараас шилжүүлэн Б.Тунгалагын нэр дээр шилжүүлсэн байдаг. Гэтэл Б.Энхбаяр нь тухайн үед Алтанцэцэгт мөнгөө бүрэн өгөөгүй байсны улмаас Алтанцэцэг нь Шинэ-Идэр сумын иргэн Л.Амгаланбатад уг хашаа байшинг худалдсан байдаг. Үүний дараа Б.Энхбаяр нь Л.Амгаланбатад 17,000,000 төгрөгийг түүний дүү Ч.Ганболдоор дамжуулан өгч хашаа байшингийн төлбөрийг бүрэн барагдуулсан байдаг бөгөөд хашаа байшинг худалдан авсан үеэс одоог хүртэл Д.Энхбаяр уг хашаандаа оршин сууж байгаа болно. Д.Энхбаяр нь өмчлөх эрхээ, өөрийн нэр дээрээ шилжүүлэх гэж байхад Б.Тунгалаг нь цагдаа, шүүхийн байгууллагад хандаж нэр шилжүүлэх боломжгүй байдалд хүргэсэн байна. Дээрх нөхцөл байдлууд хэрэгт тодорхой авагдсан байтал шүүх нотлох баримтыг үнэлэн үзэлгүй нэхэмжлэгчийн талд нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн дээрх шийдвэр нь бодит байдалд нийцэхгүй үндэслэлгүй гарсан шийдвэр гэж хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж буй тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Тунгалагын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Тунгалаг нь хариуцагч Д.Энхбаяраас Мөрөн сумын 9 дүгээр багийн 4 дүгээр гудамжны 20 тоотод байрлах хашаа, байшин албадан чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч Д.Энхбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Б.Тунгалаг нь зохигчийн маргаж буй Мөрөн сумын 9 дүгээр багийн 4 дүгээр гудамжны 20 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-1723003133 дугаарт бүртгэгдсэн 99.5 квм хувийн орон сууцны өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 36-р хуудас/-гээр,  654,6м2 хашааны газрын эзэмшигч болох нь газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-ийн 4-р хуудас/-гээр тус тус нотлогдож байна.

Хариуцагч Д.Энхбаяр нь “... хашаа, байшин авахад Б.Тунгалагаас 5.000.000 төгрөг зээлж, 12.000.000 төгрөгийг өөрөө төлсөн, миний хөрөнгө” гэж маргаж байх боловч маргаж буй хашаа, байшингийн өмчлөгч болохоо нотлох баримтыг шүүхэд гаргаагүй  байна.

Хариуцагч нь улсын бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн, улсын бүртгэл буруу  гэж үзэж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 183 дугаар зүйлд зааснаар бүртгэлд нэр нь байгаа этгээд болон улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт, гомдол гаргах, маргаж буй хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлээ шүүхэд гаргах эрхтэй боловч ийм  хүсэлт, гомдол, нэхэмжлэл гаргаж, улсын бүртгэлд өөрчлөлт оруулсныг нотлох баримт шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т  зааснаар  хэргийн оролцогч нь “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй бөгөөд хариуцагч нь өөрийн татгалзлыг нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 682 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын  орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СОСОРБАРАМ

                  ШҮҮГЧИД                                  Б.ОЮУНЦЭЦЭГ                                                                                       

                                                                     Т.ГАНБАТ