Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 163

 

“И н” ХХК-ийн хувьцаа эзэмшигч

Б.Л-ийн нэхэмжлэлтэй,

Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:               Л.Атарцэцэг                                                  

                                          Б.Мөнхтуяа

                                        П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж

            Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 31 дүгээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл хууль бус болохыг тогтоож, “И н” ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 16/02 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоолын дагуу Ч.Б-г гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, Ч.М-ыг гүйцэтгэх захирлаар томилж, компанитай холбогдох утасны дугаарыг 99005482 болгосон хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээнд бичилт хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0033 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0166 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Б нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0033 дугаар шийдвэрээр: 1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 31 дүгээр “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл”-ийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 31 дүгээр “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл” хүчингүй болсонд тооцож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0166 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0033 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж буй тухайд: Хэргийг шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байхад анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд бүрэн үнэлэлт дүгнэлт өгөөгүй /хэрэгт цугларсан нотлох баримтаа үнэлээгүй/, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзсэн.

4. Тухайлбал, хавтаст хэрэгт цугларсан, гүйцэтгэх захирлын өөрчлөлтийг бүртгүүлэхэд тухайн үеийн хүчин төгөлдөр хууль, журамд нийцсэн байсан бүх баримтуудыг бүрдүүлэн өгсөөр байтал үндэслэлгүйгээр татгалзсаныг бодитой бүрэн үнэлж, дүгнэлгүй шийдвэрээ гаргасан.

5. Нэхэмжлэгч нь Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1.2, 61.2, 61.7-д тус тус зааснаар хувьцаа эзэмшигчдийн зүгээс хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах, шийдвэр гаргах бүрэн эрх, нөхцөл шаардлагыг хангагдсаны дагуу 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, 16/02 тоот тогтоолыг гаргасан бөгөөд холбогдох бүх хуульд заасан бүрэн материалыг бүрдүүлж хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн болно.

6. Гэтэл хариуцагч нь 2017 оны 31 дүгээр мэдэгдлээрээ үндэслэлгүйгээр татгалзаж шийдвэрлэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.6-д заасан зарчмыг зөрчиж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2015/ 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаас өөр, ямар бичиг шаардаж буй нь ойлгомжгүй ба үүгээрээ 23.2-д заасныг зөрчсөн байдаг.

7. Тиймээс анхан шатны шүүх дээрх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хэрэгт цугларсан баримтаа бүрэн үнэлэлгүйгээр шийдвэрээ гаргасан нь үндэслэлгүй байна.

8. Түүнчлэн анхан шатны шүүхээс гарсан шийдвэрийн төрөл нь уг маргаанд тохирохгүй юм. Учир нь татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, зохих акт гаргахыг даалгах шаардлага бүхий хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар шийдвэрлээд захиргааны байгууллага заасан хугацаанд шинэ акт гаргаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр нь нэхэмжлэл, хэргийг бүрэн шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн эрхийг сэргээн тогтоосон байж чадахгүй юм.

9. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж буй тухайд: Шүүхээс “...гэтэл анхан шатны шүүхээс маргаан бүхий татгалзлын гол үндэслэл болсон дээрх мэдэгдлийг гуравдагч этгээд Ч.Б хүлээн авсан эсэх үйл баримтыг хөдөлбөргүй тогтоогоогүй ... мэдэгдлүүдийг Ч.Б хүлээн авсан эсэх тодорхойгүй, мэдэгдлүүд нэг хаягаар хүргэгдсэн эсэх, А, Б-Э нар нь Ч.Б-тэй ямар хамааралтай болох, үнэхээр дээрх хаягт оршин суудаг эсэхийг тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой” гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

10. Учир нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн Ч.Б-ийн иргэний баримтыг архивын болон мэдээллийн сан дахь түүний эцэг, эх, эхнэр болон төрөл садангийн иргэний цахим үнэмлэхийн лавлагаа ирүүлсэн бөгөөд тус баримтад Ч.Б нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Содном гудамж, 30-46 тоот хаягт оршин суудаг талаарх холбогдох баримтыг ирүүлсэн.

11. Түүнчлэн “Билгүүнзасаг” ХХК-ийн түгээлтийн ахлах менежер Б.Бямбасайханаас 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн шүүхэд ирүүлсэн албан тоотоор “Улаанбаатар шуудангийн төв салбарт иргэн Лхагвасүрэн нь иргэн Бээжинхүүд хаягласан албан бичгийг хүргүүлэхээр 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн ... 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 12:51 минутад А гэгч Б-ийн нөхөрт хүлээлгэн өгсөн” гэсэн ба хавсралт шууданчийн дэвтэрт “хүлээн авах газар гэдэгт “СБД 8-р хороо, 30-р байр, 46 тоот”, хүлээн авсан хүний нэр хэсэгт “А 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 12:55 минут”, албан тушаал хэсэгт “нөхөр” хэмээн гарын үсэг зурсан” байдлаар тус тус бичигдсэн байдаг.

12. Мөн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “И н” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Л-ийн санал шаардлага хүргүүлэх тухай албан мэдэгдлийг дээрх хаягаар хүргүүлснийг Ч.Б хүлээн авч 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдлийн хариу ирүүлсэн байдаг. 1 дүгээр хавтаст хэргийн 21 дүгээр талд байх Улаанбаатар шуудангийн тодорхойлолт хэргийн материалд авагдсан.

13. Иймд дээрх баримтуудаас Ч.Б-ийн албан ёсоор оршин суугаа хаягт мэдэгдлүүдийг хүргүүлж байсан бөгөөд түүний нөхөр болох А-д гардуулсан, А холбогдох гарын үсгээ зурж хүлээн авсан болох нь дээрх баримтуудаас тогтоогдож байтал давж заалдах шатны шүүхээс ийнхүү үндэслэлгүй дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

14. Шүүхээс “... “И н” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ээлжит бус хурлыг хуралдуулах мэдэгдлийг гуравдагч этгээд Ч.Бхүлээн авсан эсэхийг тогтоосноор хариуцагчийн татгалзсан мэдэгдэл хуульд нийцсэн эсэхийг хянах боломж бүрдэхээр байна” гэжээ.

15. “И н” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “И н” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч Б.Л-ийн мэдэгдлийг гуравдагч этгээд Ч.Б-д албан ёсоор хүргүүлсэн байдал нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоно гэж үзэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” хэмээн заасныг зөрчиж ямар үндэслэлээр мэдэгдлийг Ч.Б хүлээн авсан эсэх тодорхойгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

16. “И н” ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16/02 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг бүртгэхээс татгалзсан хариуцагчийн 2017 оны 31 дүгээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэлд заасан хуулийн зохицуулалт нь үндэслэлгүй, хамааралгүй болохыг анхаарч уг шийдвэрийн улмаас хувьцаа эзэмшигч Б.Л-ийн Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7, 62 дугаар зүйлийн 62.2.3-т тус тус заасан эрхийг зөрчиж байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй байна.

17. Шүүхээс “...анхан шатны шүүхээс маргааны үндэс болсон 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн мэдэгдлийг хүлээн авсан эсэхтэй холбоотоп үйл баримтын талаарх тайлбарыг гуравдагч этгээдээс аваагүй атлаа гуравдагч этгээдийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө ирүүлсэн тус хуралдааныг хойшлуулах хүсэлт, холбогдох баримтыг хүлээн авахаас татгалзаж, түүнийг оролцуулаагүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь холбогдох хуулийн зохицуулалтуудыг зөрчсөн” гэсэн нь үндэслэлгүй байна.

18. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д “хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах үүрэг хүлээнэ”, 21.2.1-д “шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн талаар бичгээр тайлбар гаргах, шаардсан нотлох баримтыг гаргаж өгөх”, 57 дугаар зүйлийн 57.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх талаар бичгээр хариу тайлбар гаргах бөгөөд тайлбартаа үндэслэлийг зааж, нотлох баримтаа хамтад нъ гаргаж ирүүлнэ” хэмээн тус тус зааснаар Ч.Б нь хуульд заасан хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлэх үүрэгтэй байтал холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй тайлбараа шүүхэд гаргаж өгөөгүй гуравдагч этгээдийн буруутай үйлдлийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

19. Түүнчлэн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр болсон нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гуравдагч этгээд Ч.Бнь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд шүүх хуралдааны товыг түүний утсаар болон “Монгол шуудан” ХК-иар дамжуулан мэдэгдсэн бөгөөд тэрээр шүүхэд ямар нэгэн хүсэлтийг ирүүлээгүй тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” хэмээн заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн нь хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.

20. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 166 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 33 дугаар шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            21. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

            22. “И н” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16/02 дугаар тогтоолоор “... гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас Ч.Б-г /чөлөөлж/, ... гүйцэтгэх захирлаар Ч.М-ыг /томилох/, … “И н” ХХК-тай холбогдох утсыг 99005482 /болгох/”-оор шийдвэрлэсний дагуу тус компаниас гаргасан “хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах”-аар гаргасан хүсэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 31 дүгээр “Мэдэгдэл”-ээр “... бүртгэхээс татгалзаж” шийдвэрлэсэн, хариуцагчаас уг татгалзлын үндэслэлээ “... ирүүлсэн баримт бичиг нь 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр тус компанийн хувьцаа эзэмшигч Ч.Б-ийн гаргасан гомдол, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн улсын бүртгэгч С.Мөнхсанчирын татгалзах мэдэгдлийн шаардлагыг хангаагүй, ... Компанийн тухай хуулийн 60-63 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй тул бүртгэх боломжгүй” гэж тайлбарласан, нэхэмжлэгчээс “... хууль зүйн үндэслэлгүй татгалзсан” гэж маргажээ.

23. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, “И н” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16/02 дугаар тогтоолоор “... /мэдээлэлд оруулсан/ өөрчлөлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэхийг гүйцэтгэх захирал Ч.М д...” үүрэг болгосон, Ч.М аас 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж, дээрх бүртгэлийг хийлгэхээр хүсэлт гаргаж, хүсэлтдээ “... УБ-06 маягт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Улаанбаатар шуудангийн тодорхойлолт, Ч.М-ын иргэний үнэмлэхний хуулбар, хувьцаа эзэмшигч Б.Л-ийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Мэдэгдэл”, гүйцэтгэх захирал Ч.Бээжинхүүгийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Мэдэгдлийн хариу”, хувьцаа эзэмшигч Б.Л-ийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай” шийдвэр, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Мэдэгдэл”, “И н” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16/02 дугаар тогтоол“ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн, хэргийн оролцогчид уг үйл баримттай маргаагүй байна.

            24. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай (2015) хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “...хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд ... /баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, … үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр, … үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт, ... итгэмжлэл, ... улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/ ... хавсаргах”-аар заасан, мөн зүйлийн 23.2-т “... улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 23.1-д зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй” гэж заасан, тухайн тохиолдолд, “И н” ХХК-ийн гүйцэтгэх захирал өөрчлөгдсөнийг бүртгүүлэхээр хандаж гаргасан өргөдөл, холбогдох бусад баримтууд нь дээрх хуулийн заалтуудад нийцсэн байх тул хариуцагч Улсын бүртгэлийн байгууллага бүртгэхээс татгалзах үндэслэлгүй байжээ.

            25. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай (2015) хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг ... /улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу, ... үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй, ... өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлснийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоосон/ тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”-аар заасан, тухайн тохиолдолд, нэхэмжлэгчээс “И н” ХХК-ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр өргөдөл гаргахдаа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай (2015) хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д тусгайлан заасан баримт бичгүүдийг бүрэн бүрдүүлсэн, өргөдөл гаргагчийн бүрдүүлэн ирүүлсэн баримт бичгүүд нь “хуурамч, эсхүл хуурамчаар бүрдүүлснийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоосон” гэх асуудлаар маргаагүй, түүнчлэн, тус компанийн “үүсгэн байгуулах баримт бичиг нь хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй” гэж үзэх үндэслэлгүй байна.

            26. Тодруулбал, “И н” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хурал, уг хурлаар хэлэлцсэн асуудлууд, гаргасан шийдвэр нь “компанийн тухай хуульд нийцсэн эсэх”, хувьцаа эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх асуудлыг захиргааны хэргийн шүүх дүгнэхгүй, уг асуудлаар хувьцаа эзэмшигч Ч.Б иргэний шүүхэд хандаж, гомдол нэхэмжлэл гаргах эрхтэй, ийнхүү иргэний шүүхэд маргасан талаарх болон эрх бүхий этгээдээс тогтоосон “… баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн” талаарх баримтгүй байхад уг асуудлыг “хянах”, “дүгнэлт хийх” эрхийг улсын бүртгэлийн байгууллагад хуулиар олгоогүй, өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг “хүчин төгөлдөр эсэх” талаар аливаа сонирхогч этгээдээс иргэний шүүхэд маргаагүй, уг тогтоол хүчин төгөлдөр байхад хариуцагч улсын бүртгэгч хувьцаа эзэмшигчдийн хурлын уг тогтоолыг “... хуульд нийцээгүй, хүчин төгөлдөр бус” гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзсан нь хууль бус гэж үзнэ.

            27. Түүнчлэн, “И н” ХХК-ийн нийт хувьцааны 60 хувийг Б.Лхагвасүрэн, 40 хувийг Ч.Б эзэмшдэг, хувьцаа эзэмшигч Б.Л, Ч.Б нар “И н” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх асуудлаар санал зөрөлдөөнтэй байсан нь хэрэгт авагдсан хувьцаа эзэмшигч Б.Лхагвасүрэнгээс 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “... хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах санал шаардлага”-ыг хувьцаа эзэмшигч Ч.Б-д хүргүүлсэн, хувьцаа эзэмшигч Ч.Б-ээс 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “... ээлжит бус хурал хуралдуулах тухай саналд татгалзсан хариу хүргүүлж байгаа”-гаа бичгээр мэдэгдсэн баримтуудаар тогтоогдсон, энэ асуудлаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар иргэний шүүхэд маргаж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 181/ШШ2018/01251 дүгээр шийдвэрээр “... хувьцаа эзэмшигч Б.Л-ийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн санал шаардлагын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг Ч.Бээжинхүүд даалгаж” шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

            28. Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн уг шийдвэрээр “... /нэхэмжлэгч Б.Л-ийн / ... гаргасан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах санал шаардлага нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-т заасан шаардлагыг хангасан”, “... /Ч.Бнь/ хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулахаас үндэслэлгүйгээр татгалзсан /болох/”-ыг тогтоосон байх тул хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар захиргааны хэргийн шүүх дахин дүгнэлт хийхгүй, хариуцагчийн “... хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал, хурлын шийдвэр нь ... Компанийн тухай хуулийн 60-63 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй тул бүртгэх боломжгүй” гэх үндэслэлээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан нь хууль бус болжээ.   

            29. Анхан шатны шүүх уг асуудлаар “... хуульд заасан ямар шаардлагыг хангаагүйн улмаас нэхэмжлэгчийн хүсэлтийг бүртгэхээс татгалзсан болох нь тодорхойгүй” гэж зөв дүгнэсэн атлаа, “... маргаан бүхий захиргааны акт үндэслэлтэй байсан эсэхийг шүүхээс эцэслэн дүгнэх боломжгүй” гэх зөрчилтэй дүгнэлт хийж, маргаан бүхий “... улсын бүртгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 31 дүгээр “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл”-ийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэсэн нь буруу байна.

            30. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “... захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр ... нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах”-аар, 106.3.11-т “... шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх”-ээр тус тус заасан, тухайн тохиолдолд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн маргаан бүхий 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 31 дүгээр мэдэгдлээр “улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан” шийдвэр хуульд нийцээгүй нь дээрх байдлаар тогтоогдож байхад “... хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах”, “... нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэж үзэхгүй, “... Б.Л-ээс гаргасан хүсэлт, түүнд хавсаргаж өгсөн 15 хуудас материалыг Улсын бүртгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 31 дүгээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл-ийн хамт Б.Л-д буцааж өгсөн” үйл баримт нь шүүхээс  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасан шийдвэр гаргах үндэслэл болохгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй гэж үзлээ.

            31. Уг асуудлаар, давж заалдах шатны шүүхээс “... улсыг бүртгэгчийн бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан тохиолдолд ... анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан ... /шийдвэр гаргасан нь/ буруу”, “... маргаан бүхий захиргааны акт /бүртгэхээс татгалзсан мэдэгдэл/ хүчингүй болсноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэх үр дагавар үүсэхгүй” талаар зөв дүгнэлт хийсэн, харин “... хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай зар хүргэсэн мэдэгдлийг Ч.Б хүлээн авсан эсэх нь тодорхойгүй”, “... Ч.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд тайлбар гаргаж мэтгэлцээгүй” гэх үндэслэлээр, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь буруу байна.

            32. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШЗ2017/2505 дугаар захирамжаар “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй” гэж иргэн Ч.Б-г  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан эрх, үүргийг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр танилцуулж, нэхэмжлэлийн хувийг гардуулахдаа хариу тайлбар гарган ирүүлэхийг мэдэгдсэн, гуравдагч этгээд Ч.Б нь 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд хандаж “... нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү, ... дэлгэрэнгүй тайлбарыг шүүх хуралдаан дээр хийх болно” гэх тайлбарыг бичгээр гаргасан, түүнээс хойшх анхан шатны шүүх хуралдаан болсон 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч өөрөө болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд холбогдуулан ямар нэг тайлбар гаргаагүй байна.

            33. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т “бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, багасгах, хүлээн зөвшөөрөх, эвлэрэх болон нэхэмжлэлээс татгалзахаас бусад хэргийн оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээх”-ээр заасны дагуу мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан “... хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох” эрхтэй, гуравдагч этгээд Ч.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд холбогдуулж тайлбар гаргаагүй нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй, хэргийн оролцогчийн эрхийг шүүхээс “албадан эдлүүлэх” боломжгүй, анхан шатны шүүх гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 13 удаа хойшлуулж, тэдгээрийг шүүх хуралдаанд биечлэн оролцож тайлбар, нотлох баримтаа гаргаж өгөх эрхийг хангасан байх тул анхан шатны шүүх “... гуравдагч этгээд Ч.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, мэтгэлцэх боломжоор хангаагүй” гэж буруутгах үндэслэлгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.

            34. Түүнчлэн, “И н” ХХК-ийн гүйцэтгэх захирал өөрчлөгдсөн мэдээллийг бүртгүүлэхээр гаргасан хүсэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай “Мэдэгдэл”-ээр “... /Ч.Бээжинхүү/ хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай санал шаардлагыг хүлээн авсан эсэх нь тодорхойгүй” гэх үндэслэлээр “... бүртгэхээс татгалзаж” шийдвэрлэсэн, хариуцагчаас 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дахин “... бүртгэхээс татгалзаж” шийдвэрлэхдээ “...улсын бүртгэгчийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай “Мэдэгдэл”-ийн шаардлага хангаагүй” гэх үндэслэл дурдсан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн бүртгэхээс татгалзсан үндэслэл нь хэрэгт авагдсан баримтуудаар дээрх байдлаар үгүйсгэгдэж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай (2015) хуулийн холбогдох заалтууд нь нийцээгүй болох нь тогтоогдож байхад “хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг Ч.Б-д мэдэгдсэн эсэх”-ийг тодруулах шаардлагагүй юм.

35. Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... тухайн үеийн хүчин төгөлдөр хууль, журамд нийцсэн байсан бүх баримтуудыг бүрдүүлэн өгсөөр байтал үндэслэлгүйгээр татгалзсаныг бодитой бүрэн үнэлж, дүгнээгүй”, “...бүртгэхээс татгалзсан маргаан бүхий ... мэдэгдэлд заасан хуулийн зохицуулалт нь үндэслэлгүй, хамааралгүй болохыг шүүх анхаарч үзээгүй”, “... нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй тайлбараа шүүхэд гаргаж өгөөгүй гуравдагч этгээдийн буруутай үйлдлийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй” гэх гомдол үндэслэлтэй, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0166 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0033 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай (2015) хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-т заасныг тус тус үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 31 дүгээр “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл” хууль бус болохыг тогтоож, “И н” ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 16/02 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоолын дагуу Ч.Б-г гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, Ч.М-ыг гүйцэтгэх захирлаар томилж, компанитай холбогдох утасны дугаарыг 99005482 болгосон хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээнд бичилт хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХТУЯА