Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 33

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

Нэхэмжлэгч: “И” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Л

Хариуцагч: УБЕГ

Гуравдагч этгээд : Ч.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 31 дүгээр “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл” хууль бус болохыг тогтоож, “И” ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 16/02 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоолын дагуу Ч.Б-г гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, Ч.М-г гүйцэтгэх захирлаар томилж, компанитай холбогдох утасны дугаарыг 99******* болгосон хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээнд бичилт хийхийг УБЕГт даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “И” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай “И” ХХК-ийн нийт энгийн хувьцааны 40 хувийг Ч.Б, үлдэх 60 хувийн хувьцааг Б.Л би эзэмшдэг. 2009 оноос эхлэн манай компанийн гүйцэтгэх захирлаар Ч.Б ажиллаж байсан ба түүний ажил үүргээ гүйцэтгэхгүй, компанийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэггүй шалтгаанаар Ч.М-г гүйцэтгэх захирлаар 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр томилон өөрчилж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1254 дугаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар хүчингүй болгосон байдаг. Дээрх 1254 дүгээр тушаалыг үндэслэлгүй гэж үзэн бид шүүхэд хандсан боловч шүүхийн шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 9 дүгээр зүйлийн 9.1.5, Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 61.2, 61.4, 61.7-д заасныг баримтлан 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 110 дугаар шийдвэрээр манай гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Хэдийгээр “И” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэгч Г.А нь Ч.М-г гүйцэтгэх захирлаар томилсон бичилттэй байх боловч дээрх Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1254 дүгээр тушаалаар уг бүртгэлийг хүчингүй болгож бүртгэлийн системээс хасагдан Ч.М нь захирал биш болсон юм.

Компанийн зүгээс болон хувьцаа эзэмшигч  Б.Л би шүүхийн шийдвэртээ тусгасан болон бусад хууль тогтоомжийн дагуу компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах санал, шаардлагыг гүйцэтгэх захирал Ч.Б-д 2016 оны 02 дугаар 17-ны өдөр явуулсан ба үүний хариуд Ч.Б нь 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр татгалзсан хариу өгсөн.

Хувьцаа эзэмшигч Б.Л би гүйцэтгэх захирал Ч.Б-гийн компанийн ээлжит бус хурал хуралдуулах санал, шаардлагыг хүлээн авахаас татгалзсаныг хүлээн аваад, дээрх татгалзал нь үндэслэлгүй байх тул 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулж, “И” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол гаргаж, тогтоолыг холбогдох материалын хамт хуулийн дагуу хавсарган, Оюуны өмч, УБЕГт 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр бүртгүүлэхээр өгсөн боловч 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэгч С.М-с татгалзах мэдэгдлийг авсан.

Хувьцаа эзэмшигчийн зүгээс хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах шийдвэр гаргах бүрэн эрх хангагдсан буюу хуульд нийцүүлэн шийдвэр гаргасан юм.

Дээр дурдсанаар “И” ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 16/02 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг бүртгэхээс татгалзсан хариуцагчийн шийдвэр нь хууль бус бөгөөд түүний улмаас компанийн 60 хувийн хувьцаа эзэмшигч Б.Л миний Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7-д “Энэ хуулийн 61.4-т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болно” гэсэн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах эрх, түүнчлэн мөн хуулийн 62 дугаар зүйлд засан гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх, хувьцаа эзэмшигчдийн хурлаар оруулсан хэлэлцэх асуудлуудын талаар 60 хувийн хувьцаа эзэмшигчийнхээ хувьд олонхийн саналаар шийдвэр гаргах эрхийг минь зөрчиж байгаа болно.

2009 оноос тус компани нь 2 хувьцаа эзэмшигчтэй болсноос хойш Ч.Б-гийн гүйцэтгэх захирлын эрх компанийн дүрэм, компанийн тухай хуулийн дагуу дуусгавар болсон. Мөн 2009 оноос хойш Ч.Б нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарласаар байтал мэдсээр байж, санаатайгаар хуульд заасан үүргээ биелүүлэхгүй, хуралд оролцохгүй байгаагийн улмаас бид улсад төлөх татвар, татварын тайлан бланс, бусад төрийн байгууллагад гэрээгээр хүлээсэн төлбөр хураамжийн талаар ямар нэг арга хэмжээ авч чадахгүй өнөөг хүрч, компани хүнд байдалд орсон байгаа тул дээрх байдлыг засаж, залруулах талаар хувьцаа эзэмшигчийнхээ эрхийнхээ дагуу ийнхүү дахин шүүхэд хандаж байгаа болно.

Иймд “Ч.Б-г гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, Ч.М-г гүйцэтгэх захирлаар томилж, компанитай холбогдох утасны дугаарыг 99******* болгосон, “И” ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 16/02 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг бүртгэж, хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулан, улсын бүртгэлийн гэрчилгээнд бичилт хийхийг Оюуны өмч, УБЕГт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-с тус шүүхэд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэлийн тодруулж, ихэсгэсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““И” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч Б.Л нь 2009 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр улсын бүртгэлд тус компанийн 60 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдэж байсан. Энэ үед Ч.Б тус компанийн захирлаар бүртгэгдсэн хэвээр үлдсэн. Үүнээс хойш жил бүр Ч.Б-д хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах санал шаардлагыг хүргүүлж байсан ч 2009 оноос хойш хуралдуулаагүй. Энэ хугацаанд өнөөдрийг хүртэл тус компанийн хувьцаа эзэмшигч Б.Л Татварын албанд тайлангаа хүргүүлдэг бөгөөд тус компанийн нэр дээр Зайсанд 3,3 га ашиглах эрхтэй газар байдаг. Газрын албанд төлбөрийг төлөх гэх мэт компанийн санхүү тайлантай холбоотой асуудал удаа дараа асуудал үүсч байсан бөгөөд эдгээр бүх зардлуудыг хувьцаа эзэмшигч Б.Л хувиасаа төлдөг.

2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ч.Б-д хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах санал шаардлагыг хүргүүлсэн ч хариу өгөөгүй учир 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах шийдвэрийг гаргасан. Улмаар 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутад хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай мэдэгдлийг Ч.Б-д 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүргүүлсэн ч тэрээр хуралд ирээгүй. 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Ч.Б-г тус компанийн гүйцэтгэх захирлаас чөлөөлж Ч.М-г гүйцэтгэх захирлаар томилсон.

Ингээд 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр дээрх өөрчлөлтийг бүртгүүлэхээр холбогдох бүх бичиг баримтуудыг бүрдүүлээд Оюуны өмч, УБЕГт хандсан боловч Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7 дахь хэсэгт заасныг үндэслэн бүртгэхээс татгалзсан улсын бүртгэгч С.М-н 27 дугаартай мэдэгдлийг 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр өгсөн.

2016 оны 9 дүгээр 12-ны өдөр нэхэмжлэгчээс тухайн хариуг үндэслэлгүй гэж үзэн дээд шатны албан тушаалтан болох Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын даргад хандсан. 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга Д.Б 13/9816 тоот албан бичгээр “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хориг тавьсан учир хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариуг ирүүлсэн. “Хоригтой байгаа бол хоригийг цуцлагдсаны дараа дахин хандъя” гэж хүлээсэн.

2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “хувьцаа эзэмшигчдийн хуралд хамааралгүй асуудлаар хориг тавьсан байна” гэж үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Б.Л нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгээгүй байсан тул тус шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны 8428 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж гарсан. Тийм учир нэхэмжлэгч хориг цуцлагдсаны дараа дахин хандахаар хүлээсэн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн албан бичгээр Улсын бүртгэлийн газарт хоригийг цуцалсан мэдэгдлийг хүргүүлж, хориг цуцлагдсан. Иймд нэхэмжлэгч 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр бүртэл хийлгэхээр холбогдох бичиг баримтыг бүрдүүлж дахин хандсан. Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Ж.Н улсын бүртгэгчийн 31 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг ирүүлсэн. Ингэхдээ 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн С.М улсын бүртгэгчийн татгалзсан мэдэгдэлд заасан шаардлагыг хангаагүй байна буюу “...Ч.Б санал шаардлагыг хүлээж авсан нь  нотлогдохгүй байна” гэсэн шалтгаанаар татгалзсан. Гэтэл нэхэмжлэгчээс санал шаардлагыг хүргүүлсэн, хувьцаа эзэмшигчдийн хуралдааны товыг мэдэгдсэн, Ч.Б мэдэгдлийг хүлээж авсан талаарх шуудангийн баримтуудыг хавсаргаж өгсөн байсан.

Ийм учир дээрх татгалзлыг үндэслэлгүй байна гэж үзэж 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхийн шүүгчийн нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах тухай захирамж гарч  уг захирамжийн дагуу бүрдүүлбэрийг хангаснаар 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дахин шүүхэд хандсан. 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр захиргааны хэрэг үүссэний дараа буюу 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хариу ирсэн.

Нэхэмжлэгч “И” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч Б.Л хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах бүрэн эрхтэй. Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7 дахь хэсэгт “энэ хуулийн 61.4-т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болно” гэж заасан. Компанийн 10 хувиас дээш хувьцаа эзэмшигч хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах санал шаардлагыг гаргах эрхтэй. Мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3 дахь хэсэгт зааснаар хурлыг хуралдуулаад, хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулж, 2016 оны 16/02 тоот тогтоолыг гаргасан. Хувьцаа эзэмшигчдийн хурал хуульд заасны дагуу бүртгэгдсэн байхад тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.5, 3.1.6 дахь хэсэгт заасан зарчмыг зөрчиж бүртгэлийг хийхээс татгалзсан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар өөр ямар баримт шаардлагатай гэж үзээд байгаа нь ойлгомжгүй. Мөн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар өөр ямар нэгэн бичиг баримт шаардахгүй гэж заасан. Бүх бичиг баримтыг бүрдүүлж өгсөн байхад татгалзсан нь хууль бус юм. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“И” ХХК нь анх 2008 онд Ч.Б, Ж.Ц нарын 2 гишүүнтэй, захирлаар Ч.Б-г томилж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. 2008 оны 10 дугаар сарын 23-нд компанийн хувьцаа эзэмшигч Ж.Ц өөрийн 10 хувийн хувьцаагаа Ч.Б-д худалдсанаар нэг хувьцаа эзэмшигчтэй болсон. 2009 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр компанийн хувьцааны 60 хувийг иргэн Б.Л-д “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ний дагуу шилжүүлж, бүртгүүлэх хүсэлт гарган бүртгүүлсэн байна. 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Ч.Б улсын бүртгэлийн гэрчилгээг гээгдүүлсэн шалтгаанаар дахин авсан байна. Тус компанийн хувьцаа эзэмшигч Ч.Б, Б.Л нарын хооронд олон маргаан үүсч, шүүхээр шийдвэрлэгдэж байсан. Ч.М-г 2015 онд гүйцэтгэх захирлаар бүртгүүлж үүнтэй холбоотой маргаан үүсч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж байсан.

Нэхэмжлэгч талаас 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “И” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Б-г чөлөөлж, Ч.М*******ыг гүйцэтгэх захирлаар бүртгүүлэх хүсэлтийг ирүүлж, холбогдох материалуудыг хавсаргасан байсан. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “У” ХХК-ийн тодорхойлолт, Ч.М-н иргэний үнэмлэхийн хуулбар, хувьцаа эзэмшигч Б.Л-гийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн мэдэгдэл, гүйцэтгэх захирал Ч.Б-гийн мэдэгдлийн хариу, хувьцаа эзэмшигч Б.Л-гийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 16/01 тоот шийдвэр, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн мэдэгдэл, 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 16/02 тогтоол зэрэг баримтуудыг ирүүлсэн. Ч.М-г захирлаар томилсныг бүртгэсэн боловч уг бүртгэл нь хууль зөрчсөн үндэслэлээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1254 тоот тушаалаар хүчингүй болсон. Нэхэмжлэгч мөн адил Ч.М-г гүйцэтгэх захирлаар бүртгүүлэхээр хүсэлтийг дахин ирүүлсэн. 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 16/02 дугаар тогтоолыг Компанийн тухай хуульд нийцээгүй, хүчин төгөлдөр бус тогтоол гэж үзэж байна. Нэхэмжлэлд дурдсан компанийн холбогдох утсыг бүртгэх эрх зүйн зохицуулалт байхгүй.

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 14с-3/1868 дугаар албан бичгээр “И” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

Иймд “И” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Л-н нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Гуравдагч этгээд Ч.Б-с шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ”Б.Л-н нэхэмжлэлтэй танилцав. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Дэлгэрэнгүй тайлбарыг шүүх хуралдаан дээр хийх болно” гэж,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө-с шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн нэхэмжлэлд тайлбар гаргахгүй, шүүх хуралдаан дээр тайлбараа ярина” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “И” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Л нь анх тус шүүхэд хандан “Ч.Б-г гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, Ч.М-г гүйцэтгэх захирлаар томилж, компанитай холбогдох утасны дугарыг 99******* болгосон “И” ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 16/02 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг бүртгэж хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулан улсын бүртгэлийн гэрчилгээнд бичилт хийхийг Оюуны өмч, УБЕГт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа:

“Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 31 дүгээр “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл” хууль бус болохыг тогтоож, “И” ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 16/02 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоолын дагуу Ч.Б-г гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, Ч.М-г гүйцэтгэх захирлаар томилж, компанитай холбогдох утасны дугаарыг 99******* болгосон хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээнд бичилт хийхийг УБЕГт даалгах “ хэмээн эцэслэн тодорхойлсон.

Шүүх нэхэмжлэгчийн энэхүү эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

1. Гуравдагч этгээд  Ч.Б нь 2008 онд “И” ХХК-ийг байгуулан, улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Ч.Б, Б.Л нарын хооронд байгуулсан “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ний үндсэн дээр тус компанийн 60 хувийн хувьцааг Б.Л, 40 хувийн хувьцааг Ч.Б эзэмших эрхтэй болсон болохыг Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 204 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэжээ.

Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/01251 дүгээр шийдвэрээр “Ч.Б-г 2018 оны 6 сарын 5-ны өдрөөс компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусдаар “И” ХХК-ийн “захирал” гэх нэрийг ашиглах, компанийг төлөөлөх, захирлын нэрийн өмнөөс шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах бүрэн эрхгүй болохыг тогтоож, хувьцаа эзэмшигч Б.Л-н 2016 оны 8 сарын 26-ны өдрийн санал шаардлагын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг Ч.Б-д даалгаж” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч Б.Л нь 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “И” ХХК-ийн 40 хувийн хувьцааг эзэмшигч Ч.Б-д “хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг яаралтай зарлан хуралдуулах” санал шаардлагыг хүргүүлснийг Ч.Б “2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч”, 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр татгалзсан хариуг Б.Л-д өгчээ. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч Б.Л нь 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гуравдагч этгээд Ч.Б-д хандан “... ээлжит бус хурлыг ... 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 3 дугаар хороо “У” ХХК-ийн 202 тоот өрөөнд хийх” болсон тухай мэдэгдлийг хүргүүлэн, улмаар 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зохион байгуулан, 16/02 дугаар “И” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол”-ийг гаргаж, 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр хүргүүлжээ.

3. “И” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Л-с гаргасан хүсэлтийг улсын бүртгэгч С.М хянан үзэж, 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 25 дугаартай “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл”-ээр “...танай компанийн ирүүлсэн баримтад гүйцэтгэх захирал хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай санал шаардлагыг хүлээн авсан нь нотлогдохгүй байна. Тус хуулийн 61.7-г үндэслэн хийсэн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна” хэмээн бүртгэхээс татгалзаж шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 8428 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Улмаар нэхэмжлэгч Б.Л-с 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгэл хийлгэхээр дахин хандсаныг Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгч Ж.Н “... баримт бичиг нь 2016.08.05-ний өдөр тус компанийн хувьцаа эзэмшигч Ч.Б-н гаргасан гомдол, 2016.08.18-ны өдөр улсын бүртгэгч С.М-н татгалзах мэдэгдлийн шаардлагыг хангаагүй байна. ... иймд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1,  Компанийн тухай хуулийн 60-63 дугаар зүйлд заасан шаардлага ханаагүй тул бүртгэх боломжгүй болно” гэсэн үндэслэлээр 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 31 дүгээр “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл”-ээр Б.Л-д татгалзсан хариуг өгсөн байна.

4. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.Л-н итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009/ 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.6-д заасныг зөрчиж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015/-ийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаас өөр ямар бичиг баримт шаардаад байгаа нь ойлгомжгүй, үүгээрээ 23.2-д заасныг зөрчиж байна. Мөн Хууль зүйн сайдын 2015 оны А/39 дүгээр тушаалаар батлагдсан “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 4.2-т зааснаас бусад баримт бичгийг шаардах үндэслэлгүй” хэмээн үзэж, “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 31 дүгээр “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл” хууль бус болохыг тогтоож, “И” ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 16/02 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоолын дагуу Ч.Б-г гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, Ч.М-г гүйцэтгэх захирлаар томилж, компанитай холбогдох утасны дугаарыг 99******* болгосон хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээнд бичилт хийхийг УБЕГт даалгах“ шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

5. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шүүх нотлох зарчим, 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотлох баримт цуглуулах үүргийнхээ хүрээнд хариуцагчаас гаргуулж авсан маргаан бүхий акт болох улсын бүртгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 31 дүгээр “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл” болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч нь:

- 2016.08.18-ны өдөр улсын бүртгэгч С.М-н татгалзах мэдэгдлийн шаардлагыг хангаагүй байна.

- Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1, 

- Компанийн тухай хуулийн 60-63 дугаар зүйлд заасан шаардлага ханаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.

6. Шүүх, хариуцагчаас өөрийн татгалзлыг үндэслэж буй дээрх 3 үндэслэлийг  нь дүгнэн үзэхэд,

- улсын бүртгэгч С.М-н 2016 оны 25 дугаартай татгалзсан мэдэгдлийн үндэслэл нь Компанийн тухай хуулийн 61.2, 61.4-т зааснаар гүйцэтгэх захирал нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах ... шийдвэр гаргах эрхтэй. Гүйцэтгэх захирал Ч.Б нь Б.Л-н ээлжит бус хурлыг хуралдуулах тухай санал шаардлагыг хүлээн авсан нь нотлогдохгүй байна гэсэн,

- Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах” гэсэн, 

- Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйл Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай шийдвэр гаргах[1], 61 дүгээр зүйл Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал[2], 62 дугаар зүйл Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрх[3],  63 дугаар зүйл Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох[4] гэсэн зохицуулалтыг тусгасан байх бөгөөд чухам Компанийн тухай хуулийн эдгээр зүйлд заасан ямар шаардлагыг хангаагүйн улмаас нэхэмжлэгчийн хүсэлтийг бүртгэхээс татгалзсан болох нь тодорхойгүй,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс улсын бүртгэгчийн татгалзсан үндэслэлтэй холбогдуулан тайлбар гаргах боломжгүй болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн,

Б.Л-с гаргасан хүсэлт, түүнд хавсаргаж өгсөн 15 хуудас материалыг Улсын бүртгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 31 дүгээр “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл”-ийн хамт Б.Л-д буцааж өгсөн зэрэг нөхцөл байдлын улмаас маргаан бүхий захиргааны акт үндэслэлтэй байсан эсэхийг шүүхээс эцэслэн дүгнэх боломжгүй, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул захиргааны байгууллагаас уг асуудлаар дахин шинэ акт гаргах хүртэл Улсын бүртгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 31 дүгээр “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл”-ийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлэх, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангах үндсэн зорилгоор нэхэмжлэгч талын хүсэлтээр 2 удаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 1 удаа, гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр 13 удаа шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд

гуравдагч этгээд Ч.Б нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, өмгөөлөгч Д.Б нараас татгалзаж байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсний дагуу

шүүхээс шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээд Ч.Б нарт хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч Ч.Б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхэлснээс хойш гуравдагч этгээдийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт хуралдаан даргалагчид ирсэн, энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан хэргийн оролцогчдоос шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулахыг хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн[5] 19 дүгээр зүйлийн 19.4.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн[6] 22 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 31 дүгээр “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл”-ийгг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 31 дүгээр “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл” хүчингүй болсонд тооцсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.МӨНХТУЛГА

 

 


[1] Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйл. Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай шийдвэр гаргах

60.1.Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/, эсхүл энэ хуулийн 61.7-д заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргана.

60.2.Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай шийдвэрт дараах зүйлийг заана:

60.2.1.хурал хуралдуулах газар, өдөр, цаг;

60.2.2.хурлын хэлэлцэх асуудал;

60.2.3.хувьцаат компанийн хувьд хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр;

60.2.4.хурал хуралдуулах тухай хувьцаа эзэмшигчид мэдэгдэх өдөр, журам;

60.2.5.хуралд бэлтгэх явцад хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт;

60.2.6.саналын хуудсаар санал авах бол саналын хуудасны агуулга;

60.2.7.саналын хуудсыг хүлээн авах сүүлчийн өдөр;

60.2.8.хурлын дарга;

60.2.9.тооллогын комиссын дарга, гишүүд.

60.3.Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг энэ хуулийн 60.1-д заасан шийдвэр гарснаас хойш 40-өөс доошгүй хоногийн дараа хуралдуулна.

60.4.Компани энэ хуулийн 60.1-д заасан шийдвэр гарснаас хойш тав хоногийн дотор хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хувьцаа эзэмшигчид хүргэх үүрэгтэй.

60.5.Энэ хуулийн 60.2.8-д заасан хурлын дарга хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хувьцаа эзэмшигчдийн хурлыг даргалах боломжгүй болсон тохиолдолд энэ тухайгаа төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-д мэдэгдэх ба төлөөлөн удирдах зөвлөл хурлын даргыг хурал болохоос өмнө дахин томилно.

[2] 61 дүгээр зүйл. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал.

61.1.Дараах тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна:

61.1.1.төлөөлөн удирдах зөвлөлийн нийт гишүүний 50-аас дээш хувь нь ажиллах боломжгүй буюу ажиллахгүй болсон;

61.1.2.төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр буюу түүнээс дээш тооны хараат бус гишүүн, саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан;

61.1.3.компанийн алдагдал тухайн тайлант үеийн эцэст өөрийн хөрөнгийн 30 хувиас хэтэрсэн;

61.1.4.компанийн өр нь хоёр жил дараалан өөрийн хөрөнгөөс илүү болж, хасах утгатай болсон;

61.1.5.төлөөлөн удирдах зөвлөл шийдвэр гаргасан;

61.1.6.аудитын хорооноос хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хийхийг шаардсан;

61.1.7.компанийн дүрэмд заасан бусад тохиолдол.

61.2.Энэ хуулийн 61.1.2-т заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай санал, шаардлагыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-д гаргах эрхтэй.

61.3.Энэ хуулийн 61.2-т заасан санал, шаардлагыг бичгээр гаргах бөгөөд түүнд санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, ээлжит бус хурал хуралдуулах болсон шалтгаан, хэлэлцэн шийдвэрлэх асуудал, хурлаас гаргах шийдвэрийн төсөл, өөрийн эзэмшиж байгаа хувьцааны төрөл, тоог заана.

61.4.Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай санал, шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргана.

61.5.Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ дараах тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас татгалзах шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэрийн үндэслэлийн талаар энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигчид нэн даруй мэдэгдэнэ:

61.5.1.хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шаардлага гаргасан хувьцаа эзэмшигчийн саналын эрх нь нийт саналын эрхийн 10 хувьд хүрээгүй;

61.5.2.хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хэлэлцэхээр санал болгож байгаа асуудал нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарахгүй.

61.6.Энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас татгалзсан төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргаж болно.

61.7.Энэ хуулийн 61.4-т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болно.

61.8.Энэ хуулийн 61.7-д заасан тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурал зөвшөөрвөл хурлыг зарлах, хуралдуулахтай холбогдсон зардлыг компани хариуцаж болно.

61.9.Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь энэ хуулийн 61.4-т заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэр гаргасан тохиолдолд санал, шаардлага хүлээн авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор тухайн хурлыг хуралдуулна.

61.10.Энэ хуулийн 61.9-д заасан тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахтай холбогдсон зардлыг компани хариуцна”,

[3] 62 дугаар зүйл Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрх.

62.1.Дараах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ:

62.1.1.компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах;

62.1.2.нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах буюу өөрчлөх замаар компанийг өөрчлөн байгуулах;

62.1.3.компанийн өрийг хувьцаагаар солих, хувьцаа нэмж гаргах, түүний тоог тогтоох;

62.1.4.компанийн хэлбэрийг өөрчлөх;

62.1.5.компанийг татан буулгах болон татан буулгах комиссыг томилох;

62.1.6.хувьцааг хуваах буюу нэгтгэх;

62.1.7.төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох;

62.1.8.энэ хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу хувьцаа эзэмшигч нь хувьцаа, бусад үнэт цаасыг тэргүүн ээлжид худалдан авах эрхээ хэрэгжүүлэх эсэх;

62.1.9.компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;

62.1.10.төлөөлөн удирдах зөвлөлөөс хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж чадаагүй тохиолдолд энэ хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасан их хэмжээний хэлцлийг батлах;

62.1.11.төлөөлөн удирдах зөвлөлөөс хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж чадаагүй тохиолдолд энэ хуулийн арван хоёрдугаар бүлэгт заасан сонирхлын зөрчилтэй хэлцлийг батлах;

62.1.12.энэ хуульд заасны дагуу компани өөрийн хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг зөвшөөрөх;

62.1.13.компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох;

62.1.14.энэ хуулийн 96.4-т заасан тайлан;

62.1.15.төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан бусад асуудал;

62.1.16.энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бусад асуудал.

62.2.Төлөөлөн удирдах зөвлөлгүй хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ хуулийн 62.1-д зааснаас гадна дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:

62.2.1.компанийн үнэт цаасыг гаргах;

62.2.2.гүйцэтгэх удирдлагын багийн эрх хэмжээг тогтоох;

62.2.3.компанийн гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох;

62.2.4.гүйцэтгэх удирдлагын гишүүний цалин, урамшууллыг тогтоох;

62.2.5.компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар гүйцэтгэх удирдлагаас гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах;

62.2.6.аудитын байгууллагыг сонгож, гэрээ байгуулах;

62.2.7.ногдол ашгийн хэмжээг тогтоож, төлөх журмыг батлах;

62.2.8.гүйцэтгэх удирдлагын дотоод зохион байгуулалтыг батлах;

62.2.9.компанийн салбар болон төлөөлөгчийн газрыг байгуулах;

62.2.10.энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу компанийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг тодорхойлох;

62.2.11.энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бусад асуудал;

62.2.12.гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигчдийн саналаар хэлэлцүүлэхээр оруулсан бусад асуудал”,

[4] 63 дугаар зүйл. Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох.

63.1.Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж байгаа асуудлыг санал хураалтаар шийдвэрлэхэд энгийн хувьцаа эзэмшигч энэ хуулийн 34 дүгээр зүйлд, давуу эрхийн хувьцаа эзэмшигч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан саналын эрх эдэлнэ.

63.2.Хуульд өөрөөр заагаагүй бол нэг хувьцаа саналын нэг эрхтэй байна.

63.3.Саналын эрхтэй хувьцаа эзэмшигч нь санал хураалтаар шийдвэрлэх асуудал бүрээр санал өгөх эрхтэй.

63.4.Тооллогын комисс тухайн хурлаар хэлэлцэх асуудал тус бүрээр хурлын ирц болон саналын эрхтэй байх хувьцааны тоо, төрлийг тодорхойлно.

63.5.Энэ хууль болон компанийн дүрэмд зааснаас дээгүүр хувь тогтоогоогүй, эсхүл хуульд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн гишүүдийг сонгохоос бусад асуудлаар гаргах шийдвэр хуралд саналын эрхтэй оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн олонхийн саналаар хүчин төгөлдөр болно.

63.6.Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн гишүүдийг сонгохдоо нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан хүнийг сонгоно.

63.7.Энэ хуулийн 62.1.1-62.1.6-д заасан асуудлыг хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор шийдвэрлэнэ.

63.8.Компанийн дүрмээр энэ хуулийн 62.1.1-62.1.6-д заасан асуудлыг шийдвэрлэх саналын тоог энэ хуулийн 63.7-д зааснаас дээгүүр тогтоож болно.

63.9.Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудлын онцлогоос хамааран зарим асуудлыг хэлэлцэх журмыг компанийн дүрмээр тусгайлан тогтоож болно.

63.10.Хувьцаа эзэмшигчдийн хурал нь хэлэлцэх асуудалд ороогүй асуудлыг хэлэлцэхгүй.

63.11.Шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 66 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудлыг нэмж оруулах журмыг компанийн дүрэмд зааж болно”

[5] Улсын Их Хурлаас 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр баталсан.

[6] Улсын Их Хурлаас 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр баталсан.