Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2019/0166

 

“И н” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Л-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, С.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0033 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувд, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Баттөмөр нарын давж заалдах гомдлоор, “И н” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Л-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0033 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн “2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 31 дүгээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл”-ийгг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 31 дүгээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл хүчингүй болсонд тооцож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э давж заалдах гомдолдоо “..шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1 дэх заалтад маргааны үйл баримт болсноос хойш 2018 онд батлагдсан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийг үндэслэжээ.

...Гэтэл анхан шатны шүүх хэрэглэх ёстой дараах хуулийг хэрэглээгүй ба хавтаст хэрэгт цугларсан, гүйцэтгэх захирлын өөрчлөлтийг бүртгүүлэхэд тухайн үеийн хүчин төгөлдөр хууль, журамд нийцсэн байсан бүх баримтуудыг бүрдүүлэн өгсөөр атал үндэслэлгүйгээр татгалзсаныг бодитой бүрэн үнэлж дүгнэлгүй шийдвэрээ гаргасан.

...Хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулахад хангалттай бүрэн материалыг бүрдүүлж өгсөөр атал улсын бүртгэгч Ж.Н нь 2017 оны 31 дүгээр мэдэгдлээрээ үндэслэлгүйгээр татгалзаж байгаа нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль/2009/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.6-д заасан зарчмыг зөрчиж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль/2015/-ийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаас өөр ямар бичиг баримт шаардаад байгаа нь ойлгомжгүй ба үүгээрээ 23.2-д заасныг зөрчиж байна. Мөн Хууль зүйн сайдын 2015 оны А/39 дүгээр тушаалаар батлагдсан “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 4.2-т зааснаас бусад баримт бичгийг шаардах үндэслэлгүй юм.

...Татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, зохих акт гаргахыг даалгах шаардлага бүхий хэргийг 106.3.11 шийдвэрлээд захиргаан байгууллага заасан хугацаанд шинэ акт гаргаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр нь нэхэмжлэл, хэргийг бүрэн шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн эрхийг сэргээн тогтоосон байж чадахгүй. 106.3.11-т заасан шийдвэрийг нэхэмжлэгч “захиргааны актыг хүчингүй болгуулах” буюу мөн хуулийн 106.3.1-т заасан шийдвэрийг шүүхээс хүссэн тохиолдолд хамааралтай, зохимжтой гэж үзэж байна.

...Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.14-ний өдрийн 33 дугаар шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо: “...гуравдагч этгээдийн зүгээс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг нотлох баримтын хамт хуульд заасан үндэслэлээр шүүх хуралдаан эхлэхээс өмнө тус шүүхийн бичиг баримт хүлээж авах ажилтанд өгсөн ба хүлээж авсан болох нь 2-р хавтас хэргийн 110-111 тал болон шүүхийн дардсаар баталгаажсан нь нотлогдоно.

...шүүх хуралдааны бэлтгэл хангалгүй ирсэн бичгийн бүртгэлийн ажилтан нараас лавлаагүй, хурал эхлүүлсэн нь тус шүүхийн тамгын газрын ажилчид харилцан уялдаа бүхий биш хариуцлагагүй аль эсхүл хүсэлтийг хүргүүлэхгүй байх шалтгаан, ашиг сонирхол бүхий үндэслэл байгаа мэт харагдаж байгаа ба хуралдаан даргалагч дээрх хариуцлагагүй байдлыг таслан зогсоох ёстой байсан үүргээ биелүүлээгүй байна. Гуравдагч этгээдийн буруугаас бус шүүх хуралдаан даргалагч болон шүүхийн нарийн бичиг, тамгын ажилтан нарын ажлын хариуцлагагүй байдлын буруугаас болсон нь харагдаж байгаа ба мөн шүүх хуралдаан эхлэхээс өмнө өгсөн хүсэлтийн ирсэн бичгийн огноог засварласан болох нь харагдаж байна.

...2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр товлогдсон шүүх хуралд Ч.Б шүүх хурлын эхлэх ёстой цагаас 30 минутын өмнө, шүүх хуралдааны тэмдэглэлд заасан эхэлсэн цагаас 41 минутын өмнө шүүхэд шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлт болон нотлох баримтын хамт гаргаж өгсөөр байтал шүүх хуралдаанд гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлд заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангалгүй орхигдуулсан. Ингэснээрээ шүүх Үндсэн хуулийн хууль шүүхийн өмнө тэгш байх, шүүх мэтгэлцэх зарчмын үндсэн дээр шийдвэр гаргах үндсэн зарчмуудыг ноцтой зөрчсөн байна.Иймд шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.1-т заасан “анхан шатны шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн” гэсэн үндэслэл тогтоогдож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.14-ний өдрийн 0033 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах гомдлыг гаргаж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг дутуу цуглуулсны улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 31 дугаартай мэдэгдлээр “...2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр тус компанийн хувьцаа эзэмшигч Ч.Б-ийн гаргасан гомдол, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэгч С.М-ын татгалзах мэдэгдлийн шаардлагыг хангаагүй” буюу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах мэдэгдлийг хувьцаа эзэмшигч Ч.Б хүлээн авсан эсэх нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр “И н” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч Б.Л-ийн гаргасан “...гүйцэтгэх захирал томилж, бүртгүүлэх” хүсэлтийг бүртгэхээс татгалзжээ.

Нэхэмжлэгчээс дээрх татгалзсан мэдэгдлийг эс зөвшөөрч, шүүхэд “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 31 дүгээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл хууль бус болохыг тогтоож, И н ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 16/02 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоолын дагуу Ч.Б-г гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, Ч.М-ыг гүйцэтгэх захирлаар томилж, компанитай холбогдох утасны дугаарыг 99005482 болгосон хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээнд бичилт хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...2009 оноос хойш Ч.Б нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарласаар байтал мэдсээр байж, санаатайгаар хуульд заасан үүргээ биелүүлэхгүй, хуралд оролцохгүй байгаа, ...нэхэмжлэгчээс санал шаардлагыг хүргүүлсэн, хувьцаа эзэмшигчдийн хуралдааны товыг мэдэгдсэн, Ч.Б мэдэгдлийг хүлээж авсан талаарх шуудангийн баримтуудыг хавсаргаж өгсөн” гэж тайлбарлажээ.

1. Хэрэг авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл “И н” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ээлжит бус хурлыг хуралдуулах мэдэгдлийг гуравдагч этгээд Ч.Б хүлээн авсан эсэхийг тогтоосноор хариуцагчийн татгалзсан мэдэгдэл хуульд нийцсэн эсэхийг хянах боломж бүрдэхээр байна.

Гэтэл анхан шатны шүүхээс маргаан бүхий татгалзлын гол үндэслэл болсон дээрх мэдэгдлийг гуравдагч этгээд Ч.Б хүлээн авсан эсэх үйл баримтыг хөдөлбөргүй тогтоогоогүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчсөн байна.

Хэрэгт авагдсан шуудангийн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “И н” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Л-ээс хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах санал, шаардлагыг 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гуравдагч этгээд Ч.Б-д хүргүүлснийг Б-Э гэх хүн хүлээн авсан, уг мэдэгдлийг Ч.Б хүлээн авч, санал, шаардлагын хариуг ирүүлсэн, улмаар нэхэмжлэгчээс дахин хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай зар хүргэсэн мэдэгдлийг Ч.Б-д Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 30-р байр, 46 тоот хаягт хүргүүлэхэд 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Алтангэрэл гэх хүн хүлээн авсан байх боловч энэхүү мэдэгдлийг Ч.Б хүлээн авсан нь эсэх тодорхойгүй байна.

Тухайн үйл баримтад холбогдуулан нэхэмжлэгчээс “...Ч.Б нь тус хаягт оршин суудаг боловч хаягаар хүргүүлсэн мэдэгдлийг өөрөө хүлээн авахаас зугтдаг, Алтангэрэл, Б-Э гэх хүмүүс нь Ч.Б-тэй гэр бүлийн харилцаатай учраас мэдэгдлийг хүлээн авсан” гэж маргаж байх тул нэхэмжлэгчээс 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүргүүлсэн мэдэгдлүүд нь нэг хаягаар буюу Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 30-р байр, 46 тоот хаягт хүргэгдсэн эсэх, дээрх хүмүүс нь Ч.Б-тэй ямар хамааралтай болох, үнэхээр дээрх хаягт оршин суудаг эсэхийг тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Иймд анхан шатны шүүх энэ талаар тодруулж, гуравдагч этгээд Ч.Б нь “И н” ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай зар хүргэсэн мэдэгдлийг хүлээн авсан, эсхүл аваагүй болохыг тогтоох шаардлагатай байна.

2. Хариуцагчаас “И н” ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах зарыг гуравдагч этгээд Ч.Б хүлээн авсан эсэх нь тогтоогдоогүй гэж, нэхэмжлэгчээс мэдэгдлийг хүргүүлсэн гэж маргасан байхад гуравдагч этгээд Ч.Б “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, дэлгэрэнгүй тайлбарыг шүүх хуралдаанд хэлнэ” гэж тайлбарласнаас өөрөөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд тайлбар гаргаж мэтгэлцээгүй байна.

Ийнхүү анхан шатны шүүхээс маргааны үндэс болсон 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн мэдэгдлийг хүлээн авсан эсэхтэй холбоотой үйл баримтын талаарх тайлбарыг гуравдагч этгээдээс аваагүй атлаа гуравдагч этгээдийн шүүх хуралдаан  эхлэхээс өмнө ирүүлсэн тус хуралдааныг хойшлуулах хүсэлт, холбогдох баримтыг хүлээн авахаас татгалзаж, түүнийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан “хэргийн оролцогч ...шаардлага, тайлбар, ....тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох” эрхийг зөрчсөн, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасан хэргийн оролцогчдод мэтгэлцэх боломжийг олгоогүй гэж үзэхээр байна.

3. Нэхэмжлэгчээс сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг “хүчингүй” болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан тохиолдолд шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсгийг хэрэглэх учиртай. Маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч захиргааны байгууллага дахин акт гаргах эсэх нь түүний өөрийнх нь эрх бөгөөд гагцхүү шүүхийн шийдвэрт заасан хугацаанд дахин акт гаргахгүй тохиолдолд маргаан бүхий акт хүчингүй болсноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх эсхүл хамгаалагдах боломжтой байх ёстой.

Гэтэл нэхэмжлэгч нь улсын бүртгэгчийн бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан энэ тохиолдолд захиргаа шүүхээс тогтоосон хугацаанд ямар нэг акт гаргахгүй тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэх, хамгаалагдах боломжгүй байхад анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Нэгэнт захиргааны татгалзсан шийдвэр үйл ажиллагаа, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, захиргааны акт гаргуулахыг даалгах шаардлагын хувьд шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.

Мөн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ 2016 онд болсон үйл баримтад 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр батлагдаж, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг баримталж шийдвэрлэсэн алдаа гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүх маргаан бүхий актын үндэслэлийг нарийвчлан тогтоож, нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох маргааны үйл баримтад дүгнэлт өгөөгүй, үүнтэй холбоотой баримтыг бүрэн цуглуулаагүйн улмаас давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0033 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                         Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                         Г.БИЛГҮҮН