Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00909

 

 

 

 

 

 

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/00846 дугаар шийдвэртэй, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Э” ХХК, Б.Ннат нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,982,168,422 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй,

“А” ХХК-д холбогдох барьцаа хөрөнгүүдийг чөлөөлүүлэхийг тухай “Э” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат, Б.Нямжаргал, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Отгонбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э” ХХК болон Б.Ннат нар нь тус банктай 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1410000684 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, 4,300,000 ам.долларыг 360 хоног, 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар;

2013 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 1410000735 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, 2,000,000 ам.долларыг 360 хоногт 13.2 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатайгаар;

2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 1410000789 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 6,000,000 ам.долларыг 360 хоногт 13.2 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатайгаар;

 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1410001252 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, 2,180,000 ам.долларыг жилийн 13.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар тус тус зээлж авсан.

1410000684 тоот гэрээг 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн гэрээгээр  хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сунгасан, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээгээр зээлийн мөнгөн тэмдэгтийг 6,995,199,440 төгрөг болгож, гэрээний хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл сунгасан.

1410000735 тоот гэрээг  2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн гэрээгээр 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл сунгасан,  2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээгээр зээлийн мөнгөн тэмдэгтийг 4,015,997,310 төгрөг болгож, гэрээний хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл сунгасан.

1410000789  тоот гэрээг 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн гэрээгээр 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл сунгасан, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээгээр зээлийн мөнгөн тэмдэгтийг 439,912,225 төгрөг болгож, гэрээний хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл сунгасан.

 1410001252 тоот гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээгээр мөнгөн тэмдэгтийг 4,377,440,000 төгрөг болгож, гэрээний хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл сунгасан.

 

Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцааны гэрээг байгуулж, уг гэрээгээр:

1. 12169 А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл,

2. 857А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл,

3. Ү-220600517 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17061/, Чингисийн өргөн чөлөө, 112 тоот хаягт байрлалтай, Контор, үйлдвэрлэлийн зориулалттай, 12815 м.кв талбайтай 11 ширхэг барилга,

4. 000318536 дугаартай гэрчилгээтэй газар эзэмших эрх,

5. 000321316 дугаартай гэрчилгээтэй газар эзэмших эрх,

6. 000321317 дугаартай гэрчилгээтэй газар эзэмших эрх,

7. 1410000789 дугаартай зээлийн гэрээний санхүүжилтээр худалдан авсан, 2013 онд БНХАУ-д үйлдвэрлэсэн, Клинкер шатаах зориулалттай фЗ.15/3.6х114 м серийн эргэх зуух

8. 1410000789 дугаартай зээлийн гэрээний санхүүжилтээр худалдан авсан ВЕР40 Electromagnetic precipitator серийн, 2013 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, тоос шүүх зориулалттай цахилгаан фильтр /шүүгч/ зэргийг барьцаалсан.

Бидний зүгээс хариуцагчаас ирүүлсэн хүсэлтийн дагуу зээлийн мөнгөн тэмдэгтийг өөрчилж, гэрээний хугацааг сунгаж, хүүгийн төлбөрийг хойшлуулж байсан боловч хариуцагч нь 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй.

  2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн  байдлаар 1410000684 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 6,995,199,440 төгрөг, хуримтлагдсан хүү 2,719,503,563 төгрөг, 384 хоногийн хугацаа хэтэрсэн,

1410000789 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 439,912,225 төгрөг, хуримтлагдсан хүү 171,023,408 төгрөг, 384 хоногийн хугацаа хэтэрсэн,

1410000735 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 4,015,997,309 төгрөг, хуримтлагдсан хүү 1,561,287,721 төгрөг, 384 хоногийн хугацаа хэтэрсэн,

1410001252 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 4,377,440,000 төгрөг, хуримтлагдсан хүү 1,701,804,756 төгрөг, 384 хоногийн хугацаа хэтэрсэн, нийт зээлийн үлдэгдэл 15,828,548,974 төгрөг, хуримтлагдсан хүү 6,153,619,448 төгрөг, нийт 21,982,168,422 төгрөг байна.

Иймд хариуцагч нартай байгуулсан 1410000684, 1410000789, 1410000735, 1410001252 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 21,982,168,422 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

 Талууд барьцааны гэрээ байгуулахдаа тухайн барьцаалж буй эд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоодог бөгөөд үүнийгээ харилцан зөвшөөрч гэрээнд тусгадаг. Нөгөө талаас барьцаа нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд барьцааг дуусгавар болгох үндэслэл нь үүрэг гүйцэтгэгч үүргээ бүрэн гүйцэтгэсэн байх ёстой юм. “Э” ХХК-ийн хувьд зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй байгаа учраас тухайн үүрэгт барьцаалсан эд хөрөнгийг чөлөөлүүлэхийг шаардах эрхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Э” ХХК-ийн талаас гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн зээл болон хуримтлагдсан хүү 21,982,168,422 төгрөгийг гаргуулах шаардлагыг хариуцагчаас хүлээн зөвшөөрч байгаа. Үүнтэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй.

Харин хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүх барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөвхөн 1410000684 тоот зээлийн барьцаанд байгаа хөрөнгө нь 52,888,725,000 төгрөгийн үнэлгээтэй байна. Нэхэмжлэгч энэхүү барьцаанд байгаа 52,888,725,000 төгрөгийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж байгаа нь талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний 1.2.3, 1.13 дэх заалтуудаар үгүйсгэгдэж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.2-т барьцаа гэдэг нь үүргийн гүйцэтгэл хангаж байгаа үндсэн эрх бүхий гүйцэтгэлийг хангах хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө байна гэж гэж заасан.

1410000684 тоот зээлийн гэрээний хувьд 9,714,703,003 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэхүү зээлийн барьцааны хөрөнгө нь 52,888,725,000 төгрөгийн үнэлгээтэй. Нийтдээ 52 тэрбум төгрөгийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж шаардаж байгаа нь энэ гэрээний 1.2.3 дахь заалтаар үндэслэлгүй бөгөөд  Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Зээлийн гэрээний 1.13-т барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээ нь энэхүү гэрээний 1.2.2-т заасан хэмжээгээр тодорхойлогдоно гэж заасан. Бусад зээлийн гэрээнүүдийн барьцаанд байгаа эд хөрөнгүүд нь дээрхтэй адил шаардаж буй үнийн дүнгээс илүү байгаа.

Иймд хариуцагч талаас Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай 53.8 гектар талбайтай, ашигт малтмал ашиглалтын МV-000857 тоот тусгай зөвшөөрөлтэй, Найрамдал шаврын ордны зах зээлийн үнэ цэнэ 4,684,395,000 төгрөг, барилгажих боломжтой сул чөлөөтэй 40.86 га талбайтай газар эзэмших эрхийн үнэ цэнэ 34,817,850,000 төгрөг, нийт 39,817,850,000 төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах бүрэн боломжтой гэж үзэж байгаа тул бусад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй байгаа.

Зээлдэгч “Э” ХХК нь зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийн ихэнх хувийг төлж барагдуулсан, мөн зээлийн үүргийн гүйцэтгэлд 21,982,168,422 төгрөг үлдсэн бөгөөд уг төлбөрийн шаардлагад нийцэх барьцаа  хөрөнгүүдээс уг шаардлагаа хангуулж болохоор байна. Угтаа бол 1410000684, 1410000789, 1410000735, 1410001252 тоот  зээлийн гэрээнүүдийн 4.6 дахь заалтад барьцаа хөрөнгө, фидуцийн хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүн нь зээлдэгчийн зээлийн өрийн үлдэгдэл, холбогдох бусад зардлын дүнгээс илүү гарсан нөхцөлд банк үлдсэн хэсгийг зээлдэгчид буцаан олгоно гэж заасанчлан нэгэнт барьцаат хөрөнгийн үнэлгээ зээлдүүлэгчийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд шаардаж буй үнийн дүнгээс давж байх тул үүргийн гүйцэтгэлийг хангахуйц барьцаат хөрөнгийг худалдан борлуулж үлдэх хэсгийг зээлдэгчид буцаан олгох үндэслэлтэй байна.

Зээлдэгчийн зүгээс “А” ХХК-ийн барьцаанд байгаа хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгосон ба уг барьцаат хөрөнгүүд дээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийж, зах зээлийн бодит ханшийг дараах байдлаар тогтоосон.

Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай 53.8 гектар талбайтай, ашигт малтмал ашиглалтын МV-000857 тоот тусгай зөвшөөрөлтэй, Найрамдал шаврын ордны зах зээлийн үнэ цэнэ 4,684,395,000 төгрөг, барилгажих боломжтой сул чөлөөтэй 40.86 га талбайтай газар эзэмших эрхийн үнэ цэнэ 34,817,850,000 төгрөг, нийт 39,817,850,000 төгрөгийн үнэлгээтэй,

“Э” ХХК-ийн эзэмшлийн, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 15,200 м.кв талбайтай газар эзэмших эрхийн зах зээлийн үнэ цэнэ 5,520,537,000 төгрөг,

Дорноговь аймгийн Сайхандулаан суманд байрлалтай 16.0 гектар талбайтай, ашигт малтмал ашиглалтын MV-000293 тоот тусгай зөвшөөрөлтэй, Үнэгт гөлтгөний ордын зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ 1,810,800,000 төгрөг,

 Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай, 135,269 м.кв талбайтай газар эзэмших эрхийн зах зээлийн үнэ цэнэ 49,944,137,000 төгрөг,

 Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17061/, Чингисийн өргөн чөлөө, 112 тоотод байрлалтай, 12,815 м.кв талбайтай, контор, үйлдвэрлэлийн зориулалттай барилгууд, 12,091 м.кв талбайтай барилгын суурийн газар эзэмших эрхийн хамт зах зээлийн үнэ цэнэ 12,586,480,000 төгрөг,

 Дархан салбарын “Э цемент” ХХК-ийн зутан шатаах зуух, тоос шүүх зориулалттай цахилгаан шүүлтүүр зэргийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 3,780,000,000 төгрөг,

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Наран /18140/ ТП56/2, УЗ56/3, 56/5, 56/6, 56/8, 56/9 тоот хаягт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнэ 1,239,794,000 төгрөг,

тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэ цэнэ 1,471,300,000 төгрөг,

оффисын хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ 203,292,000 төгрөг,

нийт барьцааны хөрөнгийн үнэлгээ 116,058,585,000 төгрөг болж байх бөгөөд Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай 53.8 гектар талбайтай ашигт малтмал ашиглалтын MV-000857 тоот тусгай зөвшөөрөлтэй, Найрамдал шаврын ордны зах зээлийн үнэ цэнэ 4,684,395,000 төгрөг, барилгажих боломжтой сул чөлөөтэй 40.86 га талбайтай газар эзэмших эрхийн үнэ цэнэ 34,817,850,000 төгрөг, нийт 39,817,850,000 төгрөгийн үнэлгээтэй барьцааны хөрөнгө нь дээрх “А” ХХК-ийн нэхэмжилж буй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлэхэд хангалттай хүрэлцээтэй юм.

Түүнчлэн, “А” ХХК нь “Э” ХХК-ийн тоосгоны үйлдвэрийг иж бүрнээр нь түүхий эдийн талбай буюу орд газартай нь тухайн урьд шилжүүлэн авсан үйлдвэрийн үнэ цэнэ болон эдийн засгийн эргэлт үр өгөөжийн хувьд эерэг үр дүн гарах тул тоосгоны үйлдвэрийг бүхэлд нь авах зүй ёсны шаардлага үүсч байна. Нөгөө талаараа Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3-т зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хэд хэдэн зүйлийг барьцаалсан тохиолдолд барьцаалагч барьцааны зүйлийг сонгох эрхтэй боловч энэ нь тухайн шаардлагыг хангахад шаардагдах тоо, хэмжээнээс хэтэрч болохгүйг барьцаалагчид үүрэг болгосон ба “А”ХХК-ийн зүгээс дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлдээ “Э” ХХК-ийн дээрх бүх зээлийн гэрээний дагуу барьцаалсан 116,058,585,000 төгрөгийн барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж буй нь “Э” ХХК-ийн хөрөнгөө хууль журмын дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг ноцтой зөрчиж байгаа юм.

Иймд А ХХК-тай байгуулсан 1410000684, 1410000789, 1410000735, 1410001252 тоот зээлийн болон барьцааны гэрээний дагуу барьцаалсан “Э” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 15 200 м.кв талбайтай, газар эзэмших эрх,

Дорноговь аймгийн Сайхандулаан суманд байрлалтай 16.0 гектар талбайтай, ашигт малтмал ашиглалтын MV-000293 тоот тусгай зөвшөөрөл,

Э ХХК-ийн эзэмшлийн, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 135,269 м.кв талбайтай газар эзэмших эрх ,

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17061/, Чингисийн өргөн чөлөө, 112 тоотод байрлалтай, 12,815 м.кв талбайтай, контор, үйлдвэрлэлийн зориулалттай барилгууд, 12,091 м.кв талбайтай барилгын суурийн газар эзэмших эрхийн хамт,

“Э” ХХК-ийн Дархан салбарын “Э цемент” ХХК-ийн зутан шатаах зуух, тоос шүүх зориулалттай цахилгаан шүүлтүүр ,

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Наран /18140/ ТП56/2, УЗ56/3, 56/5, 56/6, 56/8, 56/9 тоот хаягт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүд, тоног төхөөрөмж, оффисийг “А” ХХК-ийн барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Ннатын талаас шүүхэд болон сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК нь “А” ХХК-тай 1410000684, 1410000735, 1410000789, 1410001252 тоот зээлийн гэрээнүүдийг байгуулсан бөгөөд уг зээлийн гэрээний барьцаанд өөрсдийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж, холбогдох байгууллагаар баталгаажуулсан. Түүнчлэн, эдгээр зээлийн гэрээнүүдийн хугацаа дуусаагүй, бүх гэрээний хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл сунгасан.

Б.Ннат нь “А” ХХК-тай батлан даалтын гэрээ байгуулсан,  нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан зээлийн гэрээний эрх зүйн харилцаанд Б.Ннат нь гэрээний оролцогч тал биш, дээрх маргаан нь гэрээнд оролцогч хуулийн этгээдүүд хоорондын маргаан байх тул батлан даагчид ямар нэгэн хамааралгүй. Батлан даалтын гэрээгээр зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагчид мэдэгдэнэ гэж заасан ч мэдэгдсэн зүйл байхгүй. Мөн дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг “Э” ХХК нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлд заасан бие даасан хуулийн этгээд болохынхоо хувьд өөрийн хөрөнгөөр хариуцах чадвартай байх тул батлан даагч Б.Ннатын хувьд уг маргаанд хариуцагч биш юм.

Өөрөөр хэлбэл, “Э” ХХК-ийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжтой, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тохиолдол үүсээгүй тул батлан даагчаар тухайн үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлгүй. Иймд “А” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан зохигчдын хооронд байгуулагдсан 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1410000684 тоот барьцаат зээлийн гэрээ, 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1410000735 дугаартай барьцаат зээлийн гэрээ, 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1410000789 дугаартай барьцаат зээлийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14100001252 дугаартай барьцаат зээлийн гэрээ болон барьцаат зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээг тус тус цуцалж, хариуцагч “Э” ХХК-иас 21 982 168 422 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Ннатад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3, 160 дугаар зүйлийн 160.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 15200 м.кв талбайтай газар эзэмших эрх, Дорноговь аймгийн Сайхандулаан суманд байрлалтай 16.0 гектар талбайтай, Үнэгт гөлтгөний ордын ашигт малтмал ашиглалтын 12169А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 135269 м.кв талбайтай газар эзэмших эрх, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17061/, Чингисийн өргөн чөлөө, 112 тоотод байрлалтай, 12818 м.кв талбайтай, контор, үйлдвэрлэлийн зориулалттай барилгууд, 12.091 м.кв талбайтай барилгын суурийн газар эзэмших эрх, Э ХХК-ийн Дархан салбарын клинкер шатаах зуух, тоос шүүх зориулалттай цахилгаан шүүлтүүр зэргийг барьцаанаас чөлөөлж, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Наран /18140, ТП56/2, Уз56/3, 56/5, 56/6, 56/8, 56/9 тоот хаягт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүд, тоног төхөөрөмж зэргийг барьцаанаас чөлөөлөхийг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээгээр барьцаалсан Сонгинохайрхан дүүрэгт байрлах 53.8 гектар талбайтай, Найрамдал орд нэртэй газар орших шар шаврын ордын 857А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл болон э, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон барилгажих боломжтой сул чөлөөтэй 40.86 га талбайтай газар эзэмших эрхийг “А” ХХК-д шилжүүлж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 56.2, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар “А”ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 209 200 төгрөг, хариуцагч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 000 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХХК-иас 110 209 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д, хариуцагч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 372 939 650 төгрөгийг гаргуулж улсын орлогод, нэхэмжлэгч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 368 367 720 төгрөг гаргуулж хариуцагч “Э” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “барьцаат зээлийн гэрээнүүд болон баталгаат ипотекийн гэрээнүүд нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, барьцааны гэрээ нь мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1. 156.2, 166 дугаар зүйлийн 166.1, Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр гэрээ байна” гэж дүгнэсэн атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3, 160 дугаар зүйлийн 160.1.6 дахь хэсэгт заасны баримтлан, зэргийг барьцаанаас чөлөөлж” шийдвэрлэж байгааг хууль хэрэглээний хувьд алдаатай болсон гэж үзэж байна.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “...Э ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч А ХХК-ийн эхний ээлжид шаардлагаа хангах барьцаа нь... шаврын орд болон уг ордыг ашиглах 85 7А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий эдийн бус хөрөнгө байна” гэх мэтээр үзэмжээр шүүх дараалал тогтоосон. Мөн “Э” ХХК-аас гаргаж өгсөн барьцаа хөрөнгийн үнэлгээ буюу дүгнэлтийг хууль зөрчсөн, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч байгууллагаас уг дүгнэлтийг няцаагаагүй тул үнэн зөвд тооцох үндэслэлтэй гэж дүгнэсэн нь нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад шүүх хуралдааны явцад гаргасан тайлбараа Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Иргэний хуульд нийцүүлэн барьцааны гэрээг байгуулсан бөгөөд хуульд заасан шаардлагын дагуу байгуулсан гэрээнд заасан үнийг шүүхээс харгалзаж үзээгүй, шүүх хуралдааны үед амаар өгсөн тайлбар, хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримт байсаар байхад шийдвэр гаргахдаа үндэслээгүй нь нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

Харин шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд талууд барьцаа хөрөнгийн үнэлгээний талаар маргавал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу үнэлгээг шинжээч хийдэг. Түүнчлэн хариуцагчаас гаргаж өгсөн үнэлгээ нь барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасантай холбоотой бөгөөд сөрөг нэхэмжлэлд барьцааны зүйлийн үнэлгээг тогтоолгох шаардлага байгаагүй. Гэтэл шүүх энэхүү үнэлгээг шууд тогтоож байгаа нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хальсан, гэж үзэхээр байна.

Иргэний хуульд зааснаар барьцаалагч барьцааны зүйлийг сонгох эрхтэй боловч шүүх энэхүү зохицуулалтыг буруу хэрэглэж сөрөг нэхэмжлэлийг хангаснаар нэхэмжлэгч барьцааны зүйлийг сонгох эрхгүй болсон.

Нэгэнт шүүх шийдвэрээрээ сөрөг нэхэмжлэлд байгаагүй шаардлага болох барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоож, барьцаалагчийн барьцааны зүйлээ сонгох эрхийг хязгаарлаж байгаа нь барьцааны эрхийг дуусгавар болох үндэслэл болохгүй. Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш гэрээнд заасан үүрэг гүйцэтгээгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн нь гэрээний үүргийн зөрчил байсан, барьцааны зүйлийг чөлөөлөх үндэслэл үүсээгүй гэдэг уйл баримт тогтоогдсон болно.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 458 дугаар зүйлийг хэрэглэлгүйгээр мөн хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсгийг заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, батлан даалтын гэрээний агуулгыг буруу тайлбарласан, батлан даалт гаргагч нь заавал тухайн хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч байх ёстой мэт хуульд байхгүй шаардлага гаргаж ирсэн.

Хариуцагч Б.Ннат нь иргэний хувьд тус батлан даалтын гэрээнүүдийг байгуулсан бөгөөд нөгөө талаас, шүүх зохигчийн хооронд байгуулсан "Батлан даалтын гэрээ" нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэж үзсэн боловч энэхүү дүгнэлтээрээ гэрээний үүргийг хамтран хариуцахгүй, нэхэмжлэгч хожим батлан даалтын гэрээтэй холбоотойгоор Б.Ннатад холбогдуулан хэзээ ч нэхэмжлэл гаргах эрхгүй болгож байгаа мэт эрх зүйн үр дагавар үүсгэж байна.

Анхан шатны шүүх хариуцагч шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох 857А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг холбогдох баримт бичгийн хамт нэхэмжлэгчид шилжүүлж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэг газарт даалгасан нь нэхэмжлэлд байхгүй шаардлага юм. Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэгчийг барьцааны зүйл болох 857А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ав гэж шууд зааж байгаа нь хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэж чадаагүй болохыг нотолно.

Түүнчлэн, анхан шатны шүүх хуралдаанд тус сөрөг нэхэмжлэлтэй хэргийн хувьд “А”ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээдийн төлөөлөх эрхийг зохих ёсоор шалгалгүй оролцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл бүрдүүлж байна. “А ХХК-ийн зүгээс Д.Тамирт хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан тохиолдолд банкийг төлөөлөх эрх олгоогүй, “А” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд анхан шатны шүүх хуралдаанд оролцож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хамтран хариуцагч Д.Ннатад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Э” ХХК, Д.Ннат нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,982,168,422 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч “Э” ХХК нь зээлийн үүргийн талаар маргаагүй бөгөөд барьцаа хөрөнгөөс заримыг нь барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Б.Ннат нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

1.“А” ХХК нь “Э” ХХК-тай 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1410000684 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, “Э” ХХК нь 4,300,000 ам.долларыг 360 хоногт 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлэх, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд

Сонгинохайрхан дүүргийн Найрамдал орд нэртэй газар орших 53.8 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглахыг зөвшөөрсөн Ашигт малтмал ашиглалтын 857А тоот тусгай зөвшөөрөл, “Э” ХХК-ийн 113 нэр төрлийн хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.

Мөн өдөр Баталгаат ипотекийн 1410000684-02 тоот гэрээ байгуулж, 1410000684 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 

улсын бүртгэлийн Ү-2201029301 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Наран /18140/, 56/1 тоот хаягт оршин байх 13,040 м.кв талбай бүхий үйлдвэрийн зориулалттай барилга,

улсын бүртгэлийн Г-2201018644 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд оршин байх 31,000 м.кв талбай бүхий үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрх,

 улсын бүртгэлийн Ү-2201029028 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Наран /18140/, 56/4 тоот хаягт оршин байх 648 м.кв талбай бүхий конторын зориулалттай барилга,

улсын бүртгэлийн Ү-2201030607 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Наран /18140/, 56/7 тоот хаягт оршин байх 75.4 м.кв талбай бүхий албан конторын зориулалттай барилгыг тус тус барьцаалжээ.

 

 2.Талууд 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 1410000735 тоот зээлийн гэрээ байгуулж, хариуцагч “Э”ХХК нь 2,000,000 ам.долларыг 360 хоногт 13.2 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатайгаар зээлсэн. Мөн өдөр Баталгаат ипотекийн 1410000735-02 тоот гэрээ байгуулж 1410000735 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд

. Ү-2206005187 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17061/, Чингисийн өргөн чөлөө 112 тоот хаягт байршилтай, контор, үйлдвэрлэлийн зориулалттай, 12,815 м.кв талбайтай 11 ширхэг барилга,  ,

улсын бүртгэлийн Г-2206006967 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд оршин байх 199,739 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрх барьцаалсан байна.

 

3.Талууд 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 1410000789 тоот зээлийн болон барьцааны  гэрээ байгуулж, хариуцагч “Э” ХХК нь 6,300,000 ам.долларыг 360 хоногт 13.2 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд

 Дорноговь аймгийн Сайхандулаан, Улаанбадрах сумын Үнэгт нэртэй газарт орших 51 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглахыг зөвшөөрсөн Ашигт малтмал ашиглалтын 12169А тоот тусгай зөвшөөрөл,

 “Э”ХХК-ийн эргэлтийн хөрөнгө,

 зээлээр худалдан авч буй клинкер шатаах зориулалттай эргэх зуух, тоос шүүх зориулалттай цахилгаан шүүлтүүрийг барьцаалжээ.

 

4.Талууд  2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1410001252 тоот зээлийн  гэрээ байгуулж, хариуцагч “Э”ХХК нь 2,180,000 ам.долларыг жилийн 13.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлсэн, мөн өдөр Барьцааны БГ1410001252 тоот гэрээ байгуулж зээлийн 1410001252 тоот  гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Г-2206006967 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах 199,739 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрхийг барьцаалжээ.

 

 Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, мөн зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар гэрээг бичгээр байгуулж,  мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Түүнчлэн барьцааны гэрээг бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан бол гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1, тусгай зөвшөөрлийг барьцаалахад тавигдах Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Талууд зээлийн болон барьцааны зарим гэрээг нэг баримтад нэгтгэж байгуулсан нь гэрээний харилцааг дүгнэхэд нөлөөлөхгүй юм.

Дээр дурдсан 4 зээлийн болон барьцааны гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөс маргаанд хамааралтай хэсгийг дурдвал:

1.141000084 тоот зээлийн гэрээний нөхцөлийг 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 3,483,665.06 ам.долларыг төгрөгт шилжүүлж 6,995,199,400 төгрөгөөр, жилийн хүүг 15 хувь, гэрээний нийт хугацааг  110 сар гэж,

2.1410000735 тоот зээлийн гэрээний нөхцөлийг 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 1,999,998.66 ам.долларыг төгрөгт шилжүүлж 4,015,997,309 төгрөгөөр, жилийн хүүг 15 хувь, гэрээний нийт хугацааг 106 сар гэж,

3.1410000789 тоот зээлийн гэрээний нөхцөлийг 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 219,079.79 ам.долларыг төгрөгт шилжүүлж 439,912,225 төгрөгөөр, жилийн хүүг 15 хувь, гэрээний нийт хугацааг 103 сар гэж,

4.1410001252 тоот зээлийн гэрээний нөхцөлийг 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 2,180,000 ам.долларыг төгрөгт шилжүүлж 4,377,440,000 төгрөгөөр, жилийн хүүг 15 хувь, гэрээний нийт хугацааг 87 сар гэж тус тус өөрчилсөн,

5. 1410000735 болон 1410001252 тоот зээлийн гэрээнд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин байх үйлдвэрлэлийн зориулалттай 9 газар эзэмших эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, нэгж талбарын дугаар, талбайн хэмжээг тодорхойлуулж барьцаалуулсан  Газрын тухай хуульд нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтэд талууд  маргаагүй байна. .

 

Дээрх зээлийн 4 гэрээнд оруулсан бусад нэмэлт нөхцөлүүд хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байхаас гадна эдгээр нь тус маргаанд ач холбогдолгүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

 

“А” ХХК болон Д.Ннат нарын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 30, 2013 оны 3 дугаар сарын 13, 2013 оны 6 дугаар сарын 03, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 4 удаа батлан даалтын гэрээ байгуулагдаж, батлан даагч Д.Ннат зээлдэгч “Э” ХХК нь 1410000684,  1410000735, 1410000789,  1410001252 тоот зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлж чадна гэдгийг банкны өмнө баталж, зээлдэгч үүргээ гүйцэтгэж чадахгүй бол тэрээр хариуцах үүргийг хүлээсэн, уг гэрээ нь  Иргэний хуулийн 459 дүгээр зүйлийн 459.1 дэх хэсэгт заасанд нийцсэн, талууд хүсэл зоригийг илэрхийлж, гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагыг хангасан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Хариуцагч “Э” ХХК нь зээлийн гэрээний үүргийг зөрчсөн, зээлдүүлэгч нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр, 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр  мэдэгдэл хүргүүлсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. Үүрэг гүйцэтгэгч тогтоосон хугацаанд үүргийн зөрчлийн арилгаагүй тул  зээлдэгч нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцлах эрхтэй, энэ эрхээ зөв хэрэгжүүлсэн байна.

 

Урт хугацаатай гэрээг цуцлахад Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасан журмыг баримтлах учиртай бөгөөд анхан шатны шүүх мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсноос гадна гэрээ цуцлах нь гэрээний үүргийг шаардах үндэслэлд хамаарах тул нэхэмжлэлийн шаардлага гэж тодорхойлж алдаатай шийдвэрлэснийг залруулна.

 

Зээлдэгч зээлийн гэрээний үүргийг тодорхойлохдоо талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлж авсан хөрөнгийг 17,000,000,000 төгрөгт тооцож авсан үнийг хасч тооцсон. Энэ талаар талууд маргаагүй. Буцаан худалдан авах нөхцөлтэйгээр шилжүүлж авсан хөрөнгө нь улсын бүртгэлийн Ү-2201029301 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Наран /18140/, 56/1 тоот хаягт байршилтай, үйлдвэрийн зориулалттай, 13,040 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2201029028 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Наран /18140/, 56/4 тоот хаягт байршилтай конторын зориулалттай 648 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2201030607 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Наран /18140, 56/7 тоот хаягт байрлалтай албан конторын зориулалттай 75.4 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 1847/0044 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд оршин байх, үйлдвэрийн зориулалттай 31,000 м.кв талбайтай  газар эзэмших эрх, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Э тоосгоны үйлдвэрт байрлах нийт 1817 нэгж бүхий тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл гэж анхан шатны шүүх тодорхойлсон талаар талууд давж заалдах гомдол гаргаагүй.

 

            4 зээлийн гэрээний үүргийг үндсэн зээл  15,828,548,974 төгрөг, зээлийн хүү 6,153,619,448 төгрөг, нийт 21,982,168,413 төгрөгөөр тооцож Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгч “Э”ХХК-иас гаргуулж “А” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтэд  зохигч давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

 Дээр дурдсан 4 зээлийн гэрээнд гэрээний талуудыг “А” ХХК болон “Э” ХХК -иуд болох талаар талууд тодорхойлон тогтоосон.  Хариуцагч Б.Ннат нь зээлийн гэрээнд компанийн хувь нийлүүлэгч гэж гарын үсэг зурсан нь түүнийг иргэний хувьд зээлийн гэрээний үүрэг хүлээх этгээд гэж үзэх үндэслэл болохгүй юм. Иймд түүнд холбогдох зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. 

          

Батлан даагч Б.Ннатад холбогдох нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдэрлэсэн зөв. Харин уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэх ёстой хууль баримтлаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байгааг залруулав.

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар батлан даагч Б.Ннат нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээх юм. Батлан даалтын гэрээнд батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүйн хариуцлагыг хамтран хариуцахаар тохиролцсон тохиолдолд түүнээс зээлийн гэрээний үүргийг шаардаж болно. Батлан даалтын гэрээнд хамтран хариуцах талаар талууд тохиролцоогүй тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг зээлдэгчтэй хамт батлан даагчаас шаардах эрхгүй болно. Харин анхан шатны шүүх хариуцагч Б.Ннатыг “Э” ХХК-ийн хувь нийлүүлэгч биш тул зээлийн үүрэг хариуцахгүй гэж нэхэмжлэлд заагаагүй үндэслэлээр дүгнэлт хийсэн нь буруу болсныг дурдах нь зүйтэй байна.

           

Зээлдэгч үүргээ гүйцэтгэж чадахгүй тохиолдолд Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасан нөхөх хариуцлагын хүрээнд мөн хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан үүргийг гүйцэтгүүлэхээр батлан даагчид холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчийг хариуцагч Б.Ннатад холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй болгож байна гэсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

            Анхан шатны шүүх Иргэний хуульд заасан барьцааны гэрээ, эд хөрөнгийн дагалдах зүйлийн зохицуулалтуудыг буруу тайлбарлан хэрэглэснээр нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн барьцаатай холбоотой шаардлагыг буруу шийдвэрлэснийг залруулах боломжтой гэж дүгнэлээ.

            1410000684, 1410000684-02, 1410000735, 1410000735-02, 1410000789,  1410001252, БГ1410001252 тоот барьцааны гэрээний зүйлиийн хувьд эдгээр нь үл хөдлөх эд хөрөнгө, эрх, хөдлөх эд хөрөнгө байна. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах, хөдлөх эд хөрөнгө болон эрхийг мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 164 дүгээр зүйлийн 164.1 дэх хэсэгт зааснаар худалдах, эсхүл бусад хэлбэрээр борлуулах журамтай. Нэхэмжлэгч хөдлөх эд хөрөнгө болон эрхийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар худалдан борлуулах хэлбэрийг сонгосныг буруутгах боломжгүй юм.

            

Дээр дурдсан барьцааны гэрээнүүдээр хэд хэдэн зүйлийг барьцаалсан боловч аль барьцааны зүйлээс зээлийн үүргийг эхэлж хангуулах талаар талууд тохиролцоогүй байна. Иймд Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн барьцааны зүйлийг барьцаалсан тохиолдолд барьцаалагч нь шаардлагаа хангах барьцааны зүйлийг сонгох эрхтэй юм. Ийнхүү сонгох эрхээ барьцаалуулагч хэрэгжүүлээгүй байхад  барьцааны зүйл нь шаардлагыг хангахад шаардагдах тоо, хэмжээнээс хэтэрсэн гэж дүгнэх боломжгүй юм. Түүнчлэн барьцааны гэрээг  Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6-д зааснаар дуусгавар болсон гэж анхан шатны шүүх алдаатай дүгнэлт хийснийг залруулах боломжтой. Барьцааны гэрээнд талууд барьцаагаар  хангагдах шаардлага, барьцааны зүйлийн үнийг тусгасан бөгөөд зээлийн гэрээний зарим үүргийг гүйцэтгэх, хожим барьцааны зүйлийн үнэ цэнэ нэмэгдэх нөхцөлүүд нь барьцааны гэрээг дуусгавар болгох үндэслэл хамаарахгүй юм. Иймд Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6-д заасан барьцааны гэрээг дуусгавар болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “Э”ХХК нь мөн хуулийн 160.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр барьцааны зүйлийг буцаан авах шаардлага гаргах эрхгүй юм.

            Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрх нь барьцаалуулагчийн бус харин барьцаалагчийн зүгээс хэрэгжүүлэх эрх бөгөөд шүүхийн зүгээс барьцаалагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхгүй юм.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт заасан эд юмсын дагалдах зүйлийн талаарх зохицуулалтыг буруу тайлбарласан.  2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан гэрээгээр “Э” ХХК нь тоосгоны үйлдвэрийн өмчлөх эрхийг “А” ХХК-д шилжүүлсэн, харин шаврын орд болон түүнийг ашиглах ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаанд хэвээр үлдээсэн. Гэтэл анхан шатны шүүх  шаврын орд, уг ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг тоосгоны үйлдвэрийн дагалдан зүйл гэж тодорхойлсон нь алдаатай болжээ. Шаврын орд болон уг ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг өөр этгээдэд шилжүүлэх боломжтой, зөвхөн нэрлэн заасан тоосгоны үйлдвэрийн үйл ажиллагаатай хамаарал бүхий гэж тайлбарлахгүй юм. Түүнээс гадна талууд барьцааны гэрээнд дагалдах зүйл гэж тодорхойлоогүй байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг барьцааны зүйлийн хувьд албадан худалдахад Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасан зохицуулалт хамааралгүй юм. Уг зохицуулалт нь барьцааны зүйл болсон тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахтай холбоотой журам, тусгай зөвшөөрлийг шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан байна.  

            Сөрөг нэхэмжлэлээс Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Наран/18140, ТП56/2, Уз56/3,56/5, 56/6, 56/8, 56/9 тоот хаягт байршилтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж нь барьцааны гэрээний зүйл биш гэж дүгнэсэн талаар зохигчийн хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

Дээрх үндэслэлээр “Э” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх шийдвэрийн 3 дахь заалтад Иргэний хуулийн нэрийг давхардуулж 2 удаа бичсэн, 3 дахь заалтад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэрийг буруу бичсэн, 4 дэх заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нэрийг орхигдуулсан байгааг залруулав.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнд дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/00846 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Э” ХХК-иас 21,982,168,422 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Ннатад холбогдох зээлийн болон батлан даалтын гэрээнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай”. гэж,

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул “А” ХХК-д холбогдох

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах Үйлдвэрлэлийн зориулалттай, 15,200 м.кв газар эзэмших эрх,

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Үнэгт нэртэй газарт орших 16 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглахыг зөвшөөрсөн Ашигт малтмал ашиглалтын MV 000293 тоот тусгай зөвшөөрөл,

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд Үйлдвэрлэлийн зориулалттай, нэгж талбарын 135,269 м.кв газар эзэмших эрх,

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17061/, Чингисийн өргөн чөлөө 112 тоот хаягт байршилтай, контор, үйлдвэрлэлийн зориулалттай, 12,815 м.кв талбайтай барилгын суурийн газар эзэмших эрхийн хамт,

“Э” ХХК-ийн Дархан салбарын “Э цемент”ХХК-ийн зутан шатаах зуух, тоос шүүх зориулалттай цахилгаан шүүлтүүр,

Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо Наран /18140/ ТП 56/2, УЗ 56/3, 56/5, 56/6, 56/8, 56/9 тоот хаягт орших үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай “Э”ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж

3 дахь заалтыг “Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Э” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох

Дорноговь аймгийн Сайхандулаан, Улаанбадрах сумын Үнэгт нэртэй газарт орших 51 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглахыг зөвшөөрсөн Ашигт малтмал ашиглалтын 12169А тоот тусгай зөвшөөрөл,

Сонгинохайрхан дүүргийн Найрамдал орд нэртэй газар орших 53.8 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглахыг зөвшөөрсөн Ашигт малтмал ашиглалтын 857А тоот тусгай зөвшөөрөл,

Ү-2206005187 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17061/, Чингисийн өргөн чөлөө 112 тоот хаягт байршилтай, контор, үйлдвэрлэлийн зориулалттай, 12,815 м.кв талбайтай 11 ширхэг барилга,

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд Үйлдвэрлэлийн зориулалттай, нэгж талбарын 178019/0026 дугаар бүхий 140,869 м.кв газар эзэмших эрх /гэрчилгээний дугаар  000318536/, 

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд Үйлдвэрлэлийн зориулалттай, нэгж талбарын 178019/0071 дугаар бүхий 6,743 м.кв газар эзэмших эрх /гэрчилгээний дугаар  000321316/,

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд Үйлдвэрлэлийн зориулалттай, нэгж талбарын 178019/0072 дугаар бүхий 15,200 м.кв газар эзэмших эрх /гэрчилгээний дугаар  000321317/

 1410000789 дугаартай зээлийн гэрээний санхүүжилтээр худалдан авсан, 2013 онд БНХАУ-д үйлдвэрлэсэн, Клинкер шатаах зориулалттай фЗ.15/3.6х114 м серийн эргэх зуух

1410000789 дугаартай зээлийн гэрээний санхүүжилтээр худалдан авсан ВЕР40 Electromagnetic precipitator серийн, 2013 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, тоос шүүх зориулалттай цахилгаан фильтр /шүүгч/-ийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж тус тус өөрчлөн найруулж,

            4 дэх заалтын “56 дугаар зүйлийн 56.2” гэсний өмнө “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн” гэж нэмж, “нэхэмжлэгч “А”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 368,367,720 төгрөг гаргуулж хариуцагч “Э”ХХК-д тус тус” гэснийг хасч, “олгосугай” гэснийг “оруулсугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч “А” ХХК-аас гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 368,367,720 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.НЯМБАЗАР

 

                                         ШҮҮГЧИД                                      Н.БАТЗОРИГ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА