Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2021/00296

 

 

2021 03 30 001/ХТ2021/00296

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/00846 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1143 дугаар магадлалтай,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК болон ******* нарт холбогдох

 

  Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 21,982,168,422 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* ХХК-ийн барьцаа хөрөнгүүдийг чөлөөлүүлэхийг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, Э.Мөнх-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат, хариуцагчийн өмгөөлөгч Д.Отгонбат, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

  Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ******* ХХК болон иргэн ******* нар нь тус банктай 2012 оны 11 сарын 30-ны өдөр 1410000684 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 4,300,000 ам.долларын зээлийг 360 хоногт 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар, 2013 оны 03 сарын 13-ны өдөр 1410000735 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 2,000,000 ам.долларын зээлийг 360 хоногт 13.2 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатайгаар, 2013 оны 06 сарын 03-ны өдөр 1410000789 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 6,000,000 ам.долларын зээлийг 360 хоногт 13.2 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатайгаар, 2014 оны 10 сарын 24-ний өдөр ЗГ1410001252 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 2,180,000 ам.долларын зээлийг жилийн 13.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тус тус авсан. 1410000684 дугаартай зээлийн гэрээний тухайд: талууд 2014 оны 10 сарын 24-ний өдөр гэрээний хугацааг 2017 оны 11 сарын 15-ны өдөр хүртэл сунгасан. Мөн 2016 оны 01 сарын 25-ны өдөр зээлийн мөнгөн тэмдэгтийг 6,995,199,440 төгрөг болгон өөрчилж, гэрээний хугацааг 2022 оны 01 сарын 10-ны өдөр хүртэл сунгасан. 1410000735 дугаартай зээлийн гэрээний тухайд: Талууд 2014 оны 10 сарын 24-ний өдөр гэрээний хугацааг 2021 оны 03 сарын 12-ны өдөр хүртэл сунгасан. Мөн 2016 оны 01 сарын 25-ны өдөр зээлийн мөнгөн тэмдэгтийг 4,015,997,310 төгрөг болгон өөрчилж, гэрээний хугацааг 2022 оны 01 сарын 10-ны өдөр хүртэл сунгасан. 1410000789 дугаартай зээлийн гэрээний тухайд: Талууд 2014 оны 10 сарын 24-ний өдөр гэрээний хугацааг 2021 оны 06 сарын 03-ны өдөр хүртэл сунгасан. Мөн 2016 оны 01 сарын 25-ны өдөр зээлийн мөнгөн тэмдэгтийг 439,912,225 төгрөг болгон өөрчилж, гэрээний хугацааг 2022 оны 01 сарын 10-ны өдөр хүртэл сунгасан. ЗГ1410001252 дугаартай зээлийн гэрээний тухайд: Талууд 2016 оны 01 сарын 25-ны өдөр зээлийн мөнгөн тэмдэгтийг 4,377,440,000 төгрөг болгон өөрчилж, гэрээний хугацааг 2022 оны 01 сарын 10-ны өдөр хүртэл сунгасан. Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон барьцааны гэрээ байгуулж, дараах эд хөрөнгө, эрх болон тусгай зөвшөөрлөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохиролцсон. Үүнд: 1. 12169 А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, 2. 857А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, 3. Ү-220600517 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17061/, Чингисийн өргөн чөлөө, 112 тоот хаягт байрлалтай, Контор, үйлдвэрлэлийн зориулалттай, 12815 м.кв талбайтай 11 ширхэг барилга, 4. 000318536 дугаартай гэрчилгээтэй газар эзэмших эрх, 5. 000321316 дугаартай гэрчилгээтэй газар эзэмших эрх, 6. 000321317 дугаартай гэрчилгээтэй газар эзэмших эрх, 7. 1410000789 дугаартай зээлийн гэрээний санхүүжилтээр худалдан авсан 2013 онд БНХАУ-д үйлдвэрлэсэн Клинкер шатаах зориулалттай фЗ.15/3.6х114 м серийн эргэх зуух 8. 1410000789 дугаартай зээлийн гэрээний санхүүжилтээр худалдан авсан ВЕР40 Electromagnetic precipitator серийн 2013 онд БНХАУ-д үйлдвэрлэсэн, тоос шүүх зориулалттай цахилгаан филтер /шүүгч/ зэрэг болно. Бидний зүгээс хариуцагчаас ирүүлсэн хүсэлтийн дагуу зээлийн мөнгөн тэмдэгтийн төрлийг өөрчлөх, гэрээний хугацааг сунгах, хүүгийн төлбөрийг хойшлуулах зэрэг арга хэмжээ авч байсан бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаарддаг боловч хариуцагч нь 2016 оны 01 сарын 25-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй, бидний тавьсан шаардлагыг огт биелүүлээгүйн улмаас зээлийн гэрээний үүрэг нэхэмжлэл гаргасан 2018 оны 08 сарын 29-ний өдөр дараах байдлаар зөрчигдөж байна. Үүнд: 1410000684 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл 6,995,199,440 төгрөг, хуримтлагдсан хүү 2,719,503,563 төгрөг, 384 хоногийн хугацаа хэтэрсэн, 1410000789 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл 439,912,225 төгрөг, хуримтлагдсан хүү 171,023,408 төгрөг, 384 хоногийн хугацаа хэтэрсэн, 1410000735 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл 4,015,997,309 төгрөг, хуримтлагдсан хүү 1,561,287,721 төгрөг, 384 хоногийн хугацаа хэтэрсэн, Зг1410001252 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл 4,377,440,000 төгрөг, хуримтлагдсан хүү 1,701,804,756 төгрөг, 384 хоногийн хугацаа хэтэрсэн, нийт зээлийн үлдэгдэл 15,828,548,974 төгрөг, хуримтлагдсан хүү 6,153,619,448 төгрөг, нийт 21,982,168,422 төгрөг байна. Иймд хариуцагч нартай байгуулсан 1410000684, 1410000789, 1410000735, ЗГ1410001252 дугаартай зээлийг гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 21,982,168,422 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч *******наас ******* ХХК-тай 2012 оны 11 сарын 30-ны өдөр байгуулсан 1410000684 дугаартай зээлийн гэрээ, 2013 оны 03 сарын 13-ны өдөр байгуулсан 1410000735 дугаартай зээлийн гэрээ, 2013 оны 06 сарын 13-ны өдөр байгуулсан 1410000789 дугаартай зээлийн гэрээ, 2014 оны 10 сарын 24-ний өдөр байгуулсан 1410001252 дугаартай зээлийн гэрээнүүдийн үүргийн биелэлт шаардсаны зэрэгцээ уг гэрээнүүдийг цуцалж, зээлийн нийт үлдэгдэл, хуримтлагдсан хүү, хугацаа хэтэрсэн хоногт ногдох хүү зэрэгт нийлбэр дүнгээр 21,982,168,422 төгрөг нэхэмжилжээ. Эдгээр зээлийн гэрээнүүдийн хугацаа дуусаагүй, бүх гэрээг 2022 оны 01 сарын 10-ны өдөр хүртэл сунгасан байна. Нэг бүрчлэн задалж үзэхэд 1410000984 дугаартай зээлийн гэрээ 2017 оны 11 сарын 30-ны өдөр дууссаныг 2022 оны 01 сарын 10-ны өдөр хүртэл сунгасан. Бусад 1410000735, 1410000789 дугаартай гэрээнүүдийн хугацаа 2021 оны 06 сарын 03-нд, 2021 оны 10 сарын 27-нд, нийт гэрээг хожим 2022 он хүртэл сунгаж тохиролцсон байдаг. Ийнхүү зээлийн гэрээнүүдийн хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцлах шаардлага тавьж байгаа нь үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл, гэрээнд заасны дагуу гэрээ цуцлах тухайгаа гэрээний эрх зүйн харилцаанд оролцогч тал буюу зээлдэгчид мэдэгдээгүй, зээлийн гэрээг цуцлах нь шүүхийн хяналтад байдаггүй зүйл тул цуцлах, татгалзах Иргэний хуулийн холбогдох журмыг хэрэглээгүй нь гэрээг цуцлах шаардлага шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш тул энэхүү шаардлага үндэслэлгүй байна. Гэрээний эрх зүйн харилцаа үүсч, өөрчлөгдөж, дуусгавар болох эрх, эрх чөлөө гагцхүү талуудад хадгалагддаг бөгөөд гэрээг цуцлах хуульд заасан журмыг хэрэглэж, цуцлах мэдэгдэл өгснөөр гэрээний үр дагаврыг шүүхийн журмаар шаардах нь эрх үүсэж байгаа гэрээний эрх зүйн харилцааны зүй тогтол юм. Нөгөө талаар иргэний эрх зүйн харилцаанд шүүхийн хяналтыг хэтэрхий оролцуулахыг Иргэний хуулийн 1.2-т заасан хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчим зөрчигдөх юм. Нөгөөтээгүүр 2016 оноос хойш зээлийн төлбөрөө төлөхгүй, гэрээний үүргээ зөрчиж байна гэсэн үндэслэл гаргажээ. Тус компани зээлийн төлбөрөө тогтмол төлөөгүй хугацаа байгаа боловч хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримт, үндэслэл гаргаж өгч байгаагаас гадна, улс орны эдийн засгийн хямралтай байдал, бизнесийн эдийн засгийн болон эрх зүйн хамгаалалт дутмаг, гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх орчин муудсан зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан үзэх нь зүйтэй байна. Эдгээр хүчин зүйлсүүд нөлөөлсөөр байхад аж ахуйн нэгийг өрийн дарамтад оруулах, бизнесийг боймлох замд оруулах нь хэр зохимжтойг нэхэмжлэгч тал бодож үзэх, маргаанаа эвийн журмаар шийдвэрлэх арга замыг сонгох байх гэж найдаж байна. Хугацаа хэтэрсэн хоногт юу ногдуулаад байгаа нь нэхэмжлэлд бичсэнээр ойлгомжгүй байх тул зөвшөөрөхгүй. Гэрээний хугацаа хэтэрснээс хойш Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тохирсон бол нэмэгдүүлсэн хүү тооцож болох боловч уг хүүг гэрээгээр тохирсон болон гэрээний дагуу тооцсон болох нь харагдахгүй байгааг анхаарч үзнэ үү. Түүнчлэн хуримтлагдсан хүүгийн тооцоолборыг хугацааны хувьд хэрхэн хийснийг тооцох, зөв эсэхийг нь нягтлах хэрэгтэй байна гэжээ.

 

Хариуцагч ******* ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ******* ХХК нь ******* ХХК-тай 2012 оны 11 сарын 30-ны өдөр 1410000684 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр 4,300,000 ам.долларын зээлийг 360 хоногт 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар, 2013 оны 03 сарын 13-ны өдөр 1410000735 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр 2,000,000 ам.долларын зээлийг 360 хоногт 13.2 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатайгаар, 2013 оны 06 сарын 03-ны өдөр 1410000789 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр 6,000,000 ам.долларын зээлийг 360 хоногт 13.2 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатайгаар, 2014 оны 10 сарын 24-ний өдөр 1410001252 дугаартай зээлийн гэрээгээр 2,180,000 ам.долларын зээлийг жилийн 13.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тус тус зээлж авсан. Талууд 2015 оны 12 сарын 24-ний өдөр төлбөр барагдуулах зорилгоор барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ №15/15-025 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийг тохиролцож, үндсэн төлбөр, хүүнд тооцож тухайн үеийн зээлийн барьцаанд бариулсан үнийн дүн бүхий ******* ХХК-ийн Тоосгоны үйлдвэрлэлийн барилгыг 5,327,000,000 төгрөг, Үйлдвэрлэлийн зориулалттай газрыг 509,000,000 төгрөг, Конторын зориулалттай барилгыг 405,000,000 төгрөг, Албан конторын зориулалттай барилгыг 47,000,000 төгрөг, тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 2,000,000,000 төгрөг, нийт 8,288,000,000 төгрөгийн барьцааны хөрөнгүүдийг ******* ХХК-д зах зээлийн ханшаар буюу 17 тэрбум төгрөгт тооцон Тоосгоны иж бүрэн үйлдвэрийн зарим хөрөнгийг, тоног төхөөрөмжийн хамт шилжүүлж, үлдэгдэл 15,828,548,974 төгрөгийн зээлийн үлдэгдлийг 2022 оны 01 сарын 10-ны өдөр хүртэл сунгаж гэрээ байгуулсан. 2018 оны 08 сарын 29-ний өдрийн байдлаар 1410000684, 1410000789, 1410000735, 1410001252 дугаартай зээлийн гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр болон хүү нийлээд нийт 21,982,168,422 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар шаардсан. Зээлдэгч ******* ХХК нь зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийн ихэнх хувийг төлж барагдуулсан, мөн зээлийн үүргийн гүйцэтгэлд 21,982,168,422 төгрөг үлдсэн бөгөөд уг төлбөрийн шаардлагад нийцэх барьцаат хөрөнгүүдээс уг шаардлагаа хангуулж болохоор байна. Угтаа бол 1410000684, 1410000789, 1410000735, 1410001252 дугаартай зээлийн гэрээнүүдийн 4.6 дахь заалтад барьцаа хөрөнгө, фидуцийн хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүн нь зээлдэгчийн зээлийн өрийн үлдэгдэл, холбогдох бусад зардлын дүнгээс илүү гарсан нөхцөлд банк үлдсэн хэсгийг зээлдэгчид буцаан олгоно гэж заасанчлан нэгэнт барьцаат хөрөнгийн үнэлгээ зээлдүүлэгчийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд шаардаж буй үнийн дүнгээс давж байх тул үүргийн гүйцэтгэлийг хангахуйц барьцаат хөрөнгийг худалдан борлуулж үлдэх хэсгийг зээлдэгчид буцаан олгох үндэслэлтэй байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож ******* ХХК-ийн нэр дээрх эд хөрөнгө, эрх, тусгай зөвшөөрлүүдийг барьцаалж зээлийн эргэн төлөлтийг хийж, зохих үүргээ гүйцэтгэсэн ч нийт зээлийн үнийн дүнгээр барьцаа хөрөнгө нь зээлдүүлэгчээс хараат байх нь урт хугацааны зээлийн гэрээний хувьд өмчлөгчийн өмчлөх эрх зөрчигдөж, эдийн засгийн хувьд алдагдал хүлээж байгаа юм. Түүнчлэн аливаа банк, барьцааны зүйлийг эрсдэл тооцох замаар нийт үнийн дүнгийн 40 хувиар нь үнэлгээ тогтоож барьцаалдаг нь банкны зах зээлд жишиг болсон төдий зүйл билээ. Иймээс зээлдэгчийн зүгээс *******ны барьцаанд байгаа хөрөнгийн зах дээлийн бодит үнэлгээг тогтоолгосон ба уг барьцаат хөрөнгүүд дээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийж, зах зээлийн бодит ханшийг дараах байдлаар тогтоосон. Үүнд: 1. Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай 53.8 гектар талбайтай, ашигт малтмал ашиглалтын МV-000857 тоот тусгай зөвшөөрөлтэй Найрамдал шаврын ордны зах зээлийн үнэ, цэнэ 4,684,395,000 төгрөг, барилгажих боломжтой сул чөлөөтэй 40.86 га талбайтай газар эзэмших эрхийн үнэ, цэнэ 34.817.850.000 төгрөг, нийт 39,817,850,000 төгрөгийн үнэлгээтэй, 2. ******* ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 15200 м.кв талбайтай газар эзэмших эрхийн зах зээлийн үнэ, цэнэ 5,520,537,000 төгрөг, 3. Дорноговь аймгийн Сайхандулаан суманд байрлалтай 16.0 гектар талбайтай, ашигт малтмал ашиглалтын MV-000293 тоот тусгай зөвшөөрөлтэй Үнэгт гөлтгөний ордын зах зээлийн өнөөгийн үнэ, цэнэ 1,810,800,000 төгрөг, 4. ******* ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 135269 м.кв талбайтай газар эзэмших эрхийн зах зээлийн үнэ, цэнэ 49,944,137,000 төгрөг, 5. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17061/, Чингисийн өргөн чөлөө, 112 тоотод байрлалтай, 12.815 м.кв талбайтай, контор, үйлдвэрлэлийн зориулалттай барилгууд, 12.091 м.кв талбайтай барилгын суурийн газар эзэмших эрхийн хамт зах зээлийн үнэ, цэнэ 12,586,480,000 төгрөг, 6. ******* ХХК-ийн Дархан салбарын ******* цемент ХХК-ийн зутан шатаах зуух, тоос шүүх зориулалттай цахилгаан шүүлтүүр зэргийн өнөөгийн зах зээлийн үнэ, цэнэ 3,780,000,000 төгрөг, 7. Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Наран /18140/ ТП56/2, УЗ56/3, 56/5, 56/6, 56/8, 56/9 тоот хаягт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнэ, цэнэ 1,239,794,000 төгрөг, тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэ, цэнэ 1,471,300,000 төгрөг, оффисын хөрөнгийн зах зээлийн үнэ, цэнэ 203,292,000 төгрөг, нийт барьцааны хөрөнгийн үнэлгээ 116,058,585,000 төгрөг болж байх бөгөөд ******* ХХК-ийн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай 53.8 гектар талбайтай ашигт малтмал ашиглалтын MV-000857 тоот тусгай зөвшөөрөлтэй Найрамдал шаврын ордны зах зээлийн үнэ цэнэ 4,684,395,000 төгрөг, барилгажих боломжтой сул чөлөөтэй 40.86 га талбайтай газар эзэмших эрхийн үнэ цэнэ 34,817,850,000 төгрөг, нийт 39,817,850,000 төгрөгийн үнэлгээтэй барьцааны хөрөнгө нь дээрх ******* ХХК-ийн нэхэмжилж буй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлэхэд хангалттай хүрэлцээтэй юм. Түүнчлэн ******* ХХК нь ******* ХХК-ийн тоосгоны үйлдвэрийг иж бүрнээр нь түүхий эдийн талбай буюу орд газартай нь тухайн урьд шилжүүлэн авсан үйлдвэрийн үнэ цэнэ болон эдийн засгийн эргэлт үр өгөөжийн хувьд эерэг үр дүн гарах тул тоосгоны үйлдвэрийг бүхэлд нь авах зүй ёсны шаардлага үүсч байна. Нөгөө талаараа Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3-т зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хэд хэдэн зүйлийг барьцаалсан тохиолдолд барьцаалагч барьцааны зүйлийг сонгох эрхтэй боловч энэ нь тухайн шаардлагыг хангахад шаардагдах тоо, хэмжээнээс хэтэрч болохгүйг барьцаалагчид хуулиар үүрэг болгосон ба ******* ХХК-ийн зүгээс дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлдээ ******* ХХК-ийн дээрх бүх зээлийн гэрээний дагуу барьцаалсан 116,058,585,000 төгрөгийн барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж буй нь хариуцагч ******* ХХК-ийн хөрөнгөө хууль журмын дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг ноцтой зөрчиж байгаа юм. Иймд ******* ХХК-тай байгуулсан 1410000684, 1410000789, 1410000735, 1410001252 дугаартай зээлийн болон барьцааны гэрээний дагуу барьцаалсан 1. ******* ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 15200 м.кв талбайтай газар эзэмших эрхийн зах зээлийн үнэ, цэнэ 5,520,537,000 төгрөг, 2. Дорноговь аймгийн Сайхандулаан суманд байрлалтай 16.0 гектар талбайтай, ашигт малтмал ашиглалтын MV-000293 тоот тусгай зөвшөөрөлтэй Үнэгт гөлтгөний ордын зах зээлийн өнөөгийн үнэ, цэнэ 1,810,800,000 төгрөг, 3. ******* ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 135269 м.кв талбайтай газар эзэмших эрхийн зах зээлийн үнэ, цэнэ 49,944,137,000 төгрөг, 4. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17061/, Чингисийн өргөн чөлөө, 112 тоотод байрлалтай, 12.815 м.кв талбайтай, контор, үйлдвэрлэлийн зориулалттай барилгууд, 12.091 м.кв талбайтай барилгын суурийн газар эзэмших эрхийн хамт зах зээлийн үнэ, цэнэ 12,586,480,000 төгрөг, 5. ******* ХХК-ийн Дархан салбарын ******* цемент ХХК-ийн зутан шатаах зуух, тоос шүүх зориулалттай цахилгаан шүүлтүүр зэргийн өнөөгийн зах зээлийн үнэ, цэнэ 3,780,000,000 төгрөг, 6. Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Наран /18140/ ТП56/2, УЗ56/3, 56/5, 56/6, 56/8, 56/9 тоот хаягт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнэ, цэнэ 1,239,794,000 төгрөг, тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэ, цэнэ 1,471,300,000 төгрөг, оффисын хөрөнгийн зах зээлийн үнэ, цэнэ 203,292,000 төгрөг, нийт 76,556,340,000 төгрөгийн үнэлгээтэй дээр дурдсан хөрөнгө, хөрөнгийн эрхүүдийг ******* ХХК-ийн барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: Талууд барьцааны гэрээ байгуулахдаа тухайн барьцаалж буй эд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоодог бөгөөд үүнийгээ харилцан зөвшөөрч гэрээнд тусгадаг. Нөгөө талаас барьцаа нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд барьцааг дуусгавар болгох үндэслэл нь үүрэг гүйцэтгэгч үүргээ бүрэн гүйцэтгэсэн байх ёстой юм. ******* ХХК-ийн хувьд зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй байгаа учраас тухайн үүрэгт барьцаалсан эд хөрөнгийг чөлөөлүүлэхийг шаардах эрхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, үндэслэлгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/00846 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан зохигчдын хооронд байгуулагдсан 2012 оны 11 сарын 30-ны өдрийн 1410000684 тоот барьцаат зээлийн гэрээ, 2013 оны 03 сарын 13-ны өдрийн 1410000735 дугаартай барьцаат зээлийн гэрээ, 2013 оны 06 сарын 03-ны өдрийн 1410000789 дугаартай барьцаат зээлийн гэрээ, 2014 оны 10 сарын 24-ний өдрийн 14100001252 дугаартай барьцаат зээлийн гэрээ болон барьцаат зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээг тус тус цуцалж, хариуцагч ******* ХХК-иас 21,982,168,422 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч *******ад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3, 160 дугаар зүйлийн 160.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 15200 м.кв талбайтай газар эзэмших эрх, Дорноговь аймгийн Сайхандулаан суманд байрлалтай 16.0 гектар талбайтай, Үнэгт гөлтгөний ордын ашигт малтмал ашиглалтын 12169А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 135269 м.кв талбайтай газар эзэмших эрх, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17061/, Чингисийн өргөн чөлөө, 112 тоотод байрлалтай, 12818 м.кв талбайтай, контор, үйлдвэрлэлийн зориулалттай барилгууд, 12.091 м.кв талбайтай барилгын суурийн газар эзэмших эрх, ******* ХХК-ийн Дархан салбарын клинкер шатаах зуух, тоос шүүх зориулалттай цахилгаан шүүлтүүр зэргийг барьцаанаас чөлөөлж, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Наран /18140, ТП56/2, Уз56/3, 56/5, 56/6, 56/8, 56/9 тоот хаягт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүд, тоног төхөөрөмж зэргийг барьцаанаас чөлөөлөхийг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээгээр барьцаалсан Сонгинохайрхан дүүрэгт байрлах 53.8 гектар талбайтай, Найрамдал орд нэртэй газар орших шар шаврын ордын 857А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл болон *******, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон барилгажих боломжтой сул чөлөөтэй 40.86 га талбайтай газар эзэмших эрхийг ******* ХХК-д шилжүүлж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу ******* ХХК-ийн 110,209,200 төгрөг, хариуцагч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,000,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 110,209,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 372,939,650 төгрөгийг гаргуулж улсын орлогод, нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 368,367,720 төгрөг гаргуулж хариуцагч ******* ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1143 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/00846 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар 21,982,168,422 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ад холбогдох батлан даалтын гэрээнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Дорноговь аймгийн Сайхандулаан суманд байрлалтай 16.0 гектар талбайтай, Үнэгт гөлтгөний ордын ашигт малтмал ашиглалтын12169А дугаартай тусгай зөвшөөрөл, Сонгинохайрхан дүүрэгт байрлах 53.8 гектар талбайтай, Найрамдал орд нэртэй газар орших шар шаврын ордын 857А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл болон эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон барилгажих боломжтой сул чөлөөтэй 40.86 га талбайтай газар эзэмших эрхийн хамт шилжүүлэх үйл ажиллагааг хуульд нийцүүлэн явуулж, барьцааны зүйлийн үлдэх хэсэг болох ******* ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 15 200 м.кв талбайтай газар эзэмших эрх, ******* ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 135269 м.кв талбайтай газар эзэмших эрх, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17061/, Чингисийн өргөн чөлөө, 112 тоотод байрлалтай, 12 815 м.кв талбайтай, контор, үйлдвэрлэлийн зориулалттай барилгууд, 12 091 м.кв талбайтай барилгын суурийн газар эзэмших эрх, ******* ХХК-ийн Дархан салбарын ******* цемент ХХК-ийн зутан шатаах зуух, тоос шүүх зориулалттай цахилгаан шүүлтүүр, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Наран /18140/ ТП56/2, УЗ56/3, 56/5, 56/6, 56/8, 56/9 тоот хаягт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж, оффисын хөрөнгө зэргийг хуульд заасны дагуу худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. гэж,

3 дахь заалтыг Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул ******* ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 15,200 м.кв талбайтай газар эзэмших эрхийн зах зээлийн үнэ, цэнэ 5,520,537,000 төгрөг, Дорноговь аймгийн Сайхандулаан суманд байрлалтай 16.0 гектар талбайтай, ашигт малтмал ашиглалтын 12169 А дугаартай тусгай зөвшөөрөлтэй Үнэгт гөлтгөний ордын зах зээлийн өнөөгийн үнэ, цэнэ 1,810,800,000 төгрөг, ******* ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 135269 м.кв талбайтай газар эзэмших эрхийн зах зээлийн үнэ, цэнэ 49 944 137 000 төгрөг, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17061/, Чингисийн өргөн чөлөө, 112 тоотод байрлалтай, 12 815 м.кв талбайтай, контор, үйлдвэрлэлийн зориулалттай барилгууд, 12 091 м.кв талбайтай барилгын суурийн газар эзэмших эрхийн хамт зах зээлийн үнэ, цэнэ 12,586,480,000 төгрөг, ******* ХХК-ийн Дархан салбарын ******* цемент ХХК-ийн зутан шатаах зуух, тоос шүүх зориулалттай цахилгаан шүүлтүүр зэргийн өнөөгийн зах зээлийн үнэ, цэнэ 3,780,000,000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Наран /18140/ ТП56/2, УЗ56/3, 56/5, 56/6, 56/8, 56/9 тоот хаягт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнэ, цэнэ 1,239,794,000 төгрөг, тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэ, цэнэ 1,471,300,000 төгрөг, оффисын хөрөнгийн зах зээлийн үнэ, цэнэ 203,292,000 төгрөг, нийт 76,556,340,000 төгрөгийн үнэлгээтэй гэх дээр дурдсан хөрөнгө, хөрөнгийн эрхүүдийг ******* ХХК-ийн барьцаанаас чөлөөлүүлэхийг хүссэн ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

4 дэх заалтын ...хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 372,939,650 төгрөгийг гаргуулж улсын орлогод, нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 368,367,720 төгрөг гаргуулж, хариуцагч ******* ХХХ-д тус тус олгосугай. гэснийг ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 372,939,650 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ******* ХХК-ийн хяналтын гомдлоо өөрчилж ирүүлсэн хүсэлтэд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.09-ний өдрийн 183/ШШ2019/00846 дугаар шийдвэрийг ******* ХХК нь эс зөвшөөрч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан. Уг гомдлын дагуу шүүх хурал 2019.06.12-ны өдөр Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй болж уг шүүх хуралдаанаас 1143 тоот магадлал гарч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна. Улмаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг 2019.09.05-ны өдөр гардаж авахад хурлыг даргалсан ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг магадлал дээр гарын үсэг зуралгүй бүрэлдэхүүнд орсон бусад шүүгч нар гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулжээ. Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж гаргасан магадлал нь процессын хувьд зөрчилтэйг зааж хяналтын журмаар гомдол гаргасан. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасантай давж заалдах шатны шүүхийн магадлал нийцэхгүй дээрх хуульд заасан шаардлагыг хангахгүй байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т Магадлал хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна. Магадлалыг зохигч энэ хуулийн 119.4-т заасны дагуу гардан авах, эсхүл шүүх энэ хуулийн 119.5-д заасны дагуу зохигчид хүргүүлнэ гэж тус тус зааснаас үзэхэд магадлал нь хуульд заасан тодорхой үндэслэл, шаардлагыг хангаагүй нь илэрхий байх тул хариуцагчийн зүгээс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.06.12-ны өдрийн 1143 дугаар магадлалыг гардаж аваагүй гэж үзэж, тухайн магадлалыг дээрх хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр эрхийн акт гэж үзэхгүй байгаа бөгөөд энэ талаар хяналтын журмаар гаргасан гомдолдоо дурдсан бөгөөд энэхүү алдааг залруулах нь үндсэн хэргийг хянан шийдвэрлэхээс илүүтэйгээр давж заалдах шатны шүүх хэргийг бүрэн хянаагүй, гарсан эрхийн акт нь хуулийн шаардлага хангахгүй байна. Хариуцагч ******* ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргахдаа мөн улсын тэмдэгтийн хураамжийг эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас хойшлуулах тухай хүсэлтийн хамт гаргаж байсан. Гэвч ******* ХХК-ийн эдийн засгийн байдал Дэлхий даяар гарсан Соvid-19 короновирус цар тахлын улмаас сайжраагүй, өнөөдрийг хүртэл хүндрэлтэй байсаар байна. Энэхүү шалтгааны улмаас хяналтын журмаар гаргасан гомдолд ногдох улсын тэмдэгтийн хураамж болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ногдох хойшлуулсан улсын тэмдэгтийн хураамжийг төлөх бодит боломж өнөөдрийн байдлаар алга байна. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хянасан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1143 тоот магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэд хэдэн шаардлагыг хангахгүй болох нь илт байгаа тул энэхүү процессын зөрчлийг зааж хяналтын шатны шүүхэд мөн гомдол гаргасан бөгөөд гомдолд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг 70,200 төгрөгөөр тооцож төлсөн бөгөөд шүүх хэрэг маргааны хянан шийдвэрлэх процесс ажиллагааг зөрчсөн гомдолд нэхэмжлэлийн үнийн дүнгээр бус 70,200 төгрөгөөр төлж хэргийг хянуулдаг шүүхээр эрхээ хамгаалуулах эрхийг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхим олгосоор ирсэн практиктай тул уул үндэслэлээр хэргээ хянуулах хүсэлтэй байна. Иймд дээрх үндэслэлээр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1143 дугаар магадлалд хариуцагчийн зүгээс хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан хэлэлцэж тус магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

******* ХХК нь ******* ХХК болон ******* нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 21,982,168,422 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч ******* ХХК нь барьцаа хөрөнгүүдийг чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан 1410000684 тоот барьцаат зээлийн гэрээ, 1410000735 дугаартай барьцаат зээлийн гэрээ, 1410000789 дугаартай барьцаат зээлийн гэрээ, 14100001252 дугаартай барьцаат зээлийн гэрээ болон барьцаат зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээг тус тус цуцалж, хариуцагч ******* ХХК-иас 21,982,168,422 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч *******ад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үл хөдлөх хөрөнгүүд, тоног төхөөрөмж зэргийг барьцаанаас чөлөөлөхийг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч ******* ХХК хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол, хүсэлтдээ ...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлага хангаагүй ... гэжээ.

 

Давж заалдах журмаар хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх ба магадлал хүчинтэй болсноос хойш түүний агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсгээ зурна.

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК болон ******* нарт холбогдох хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэхэд оролцсон нэг шүүгч магадлалд гарын үсэг зураагүй байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.1, 167 дугаар зүйлийн 167.1, 167.4, 168 дугаар зүйлийн 168.1.5-т нийцээгүй гэж үзнэ.

 

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1143 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Х.СОНИНБАЯР

 

Д.ЦОЛМОН