Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00786

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Буны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2021/00365 дугаар шийдвэртэй, Ч.Буны нэхэмжлэлтэй Д.Өлд холбогдуулан гэм хорын хохиролд 45 770 649 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсаны төлбөрт сар бүр 813 794 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанзул, түүний өмгөөлөгч Б.Сод-Эрдэнэ, хариуцагч Д.Өл, өмгөөлөгч Г.Нацагдорж, шүүх хуралдааны нарын бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Бун Жжжжж замын зүтгүүрийн депогийн татах хэсгийн ааааааааааны 2 дугаар зэрэгтэй суудлын машинч, онц хөдөлгөөнчин, хүндэт төмөр замчин, тус байгууллагад 28 дахь жилдээ ажиллаж байсан. 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хамт олноороо аялалд явсан ба орой 23 цагийн үед Д.Өлд зодуулсан, Налайх дүүрэгт ирээд ав гэж Ч.Бун хэлсэн байдаг.

Тухайн үед Налайх дүүрэг явалгүй, шууд Гэмтэл, согог судлалын үндэсний төв дээр очсон ба тухайн үед Ч.Буны нүд нь гоожсон байдалтай байсан. Яаралтай гуравдугаар эмнэлэг орж хагалгаанд орсон.

Монголд Улсад 2 удаа хагалгаанд орж, Солонгос улсад эмчлүүлэхээр болсон. Энэ хооронд эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал товлогдсон. Ганц удаа биеийн байдлыг нь асуугаагүй бөгөөд нэг удаа уулзахдаа надад хохиролгүй гээд хэлчих ах нь бүх зардлыг төлнө гэж гуйж байсан.

Хэргийг анхан шатны шүүхээр эрүүгийн хэргийг шийдвэрлүүлж, 2018 онд Солонгос улс руу эмчилгээнд явсан. Хэдий нэг нүд нь байхгүй болсон ч эрүүл нүдэндээ баталгаа авахын тулд явсан. Эмнэлгийн байгууллагын зүгээс 6 сардаа нэг эсвэл жилдээ нэг ирж эмчлүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн. 2018 онд Солонгос улсад эрүүл нүдээ үзүүлэхэд сайн байсан ч 2019 онд үзүүлэхэд эрүүл нүд нь өөрчлөгдөж, эрүүл нүд нь үе үе юм харахаа больж сэтгэл санааны хувьд хэцүү байгаа. Ч.Бун өдөр болгон нүдээ авч сольдог. 2018 онд эрүүгийн хэргийг Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэх үед Д.Өл 25 000 000 төгрөг өгсөн.

Ч.Буныг чулуу мөргөөд унасан гэж худал тайлбар хэлсэн. Ч.Бун нь улсад 27 жил ажилласан тэтгэвэрт гарахад 7 жил дутуу байсан. 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүлийн их сургуулийн Эмнэлгийн нүдний тасагт хиймэл нүд буюу протез хийлгэсэн ба Солонгос Улсад очиж эмчлүүлсэн эмчилгээний зардалд 5 912 650 вон /1 вон-2,29 төгрөг/ буюу 13 539 968.5 төгрөг, онгоцны тийзийн зардал 2 199 800 төгрөг, орчуулга хийлгэхэд 90 000 төгрөг, нийт 15 829 768 төгрөгийн зардал гарсан.

Мөн уг гэмтлийн улмаас Ч.Бун 2018 оны 8, 9, 10 дугаар сард огт ажиллаагүй тул 8 704 539 төгрөгийн /нэг сарын цалин 2 901 513 төгрөг байсан/ цалин авч чадаагүй,

2018 оны 11 дүгээр сарын 21-нээс албан тушаал буурч засварчнаар ажиллах болсон ба цалин хөлс нь 1 163 388 төгрөг болж буурснаас 2018 оны 11 дүгээр сараас 2020 оны 7 дугаар сарыг хүртэлх хугацаанд 41 810 881 төгрөгийн цалингийн зөрүү үүссэн. Хариуцагчийн гэмт үйлдлийн улмаас нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвараа алдсанаар нийгмийн даатгалын сангаас 2018 оны 10 дугаар сараас 2020 оны 7 дугаар сарын хооронд 11 597 000 төгрөгийн тэтгэмж авсан.

Хариуцагч Б.Өлзийжаргал нь нэхэмжлэгч Ч.Бунд энэ гэм хорыг учруулаагүй байсан бол Б.Өлзийжаргал нь 2018 оны 7 дугаар сараас 2020 оны 7 дугаар сарыг хүртэлх хугацаанд 69 363 312 төгрөгийн цалин хөлс авах байсан. Гэтэл дээрх гэмтлийн улмаас албан тушаал буурч 27 825 431 төгрөгийн цалин авч, 41 537 881 төгрөгийн цалин хөлсөө авч чадалгүй. Нэхэмжлэгчийн авч чадаагүй 41 537 881 төгрөгийн цалингаас хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж 11 597 000 төгрөгийг хасч тооцвол бодитоор 29 940 881 төгрөгийн цалин хөлсийг авч чадалгүй хохирсон.

Хариуцагч нэхэмжлэгчид гэм хор учруулахаас өмнө Ч.Бун нь сар бүр 2 901 513 төгрөгийн цалин хөлстэй байсан бол одоо 1 542 718 төгрөгийн дундаж цалин хөлс авч байна. Мөн хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсаны тэтгэмжид сар бүр 545 000 төгрөг авдаг, өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч нь 1 сард 2 087 718 төгрөгийн цалин, тэтгэмжийн орлоготой болж, эрүүл байх үедээ авч байсан цалингийн орлого нь 813 794 төгрөгөөр буурсан.

Иймд хариуцагч Б.Өлзийжаргалаас эмчилгээний зардалд 15 829 768 төгрөг, авч чадаагүй цалин болон цалингийн зөрүү 29 940 881 төгрөг, нийт 45 770 649 төгрөгийг гаргуулж, цаашид цалингийн зөрүү 813 794 төгрөгийг сар бүр гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбарт болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие гэм буруугаа ухамсарлаж байсан тул 2018-2019 онд Ч.Буны эмчилгээний зардалд зарцуулсан төлбөрөөс хэд дахин илүү төлбөрийг төлсөн.

Монгол улсад эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай иргэдэд санхүүгийн дэмжлэгийг Эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, Монгол улсын Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолоор батлагдсан “Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам”-ын 4.1-т заасны дагуу зардлыг Эрүүл мэндийн яам хариуцдаг. Ч.Бунд хийгдэх эмчилгээг Монгол улсад хийх боломжтой талаар эмнэлгийн дүгнэлтэд тодорхой заасан, гэрчээр шүүх хуралдаанд оролцсон эмч мөн тодорхой мэдүүлсэн.

Нүдний протез хийлгэсэн гэх 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн баримт нь түүнийг зайлшгүй Солонгос улсад биечлэн очиж солиулах шаардлагатайг нотолсон баримт биш. Би одоо өндөр насны тэтгэвэрт байдаг бөгөөд амьжиргааны эх үүсвэрээ Ч.Бунд өгчихвөл хэвийн байдлаар амьдрах боломжгүй, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах этгээд биш. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх Улсын Дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолд заасан этгээдэд Ч.Бун хамаарахгүй. Мөн түүний дутуу авсан цалинг нөхөн төлөх хууль зүйн үндэслэлгүй болно.

Ч.Бун нь Монгол улсад 2 удаа хагалгаанд орж байсан. Гэмтэл авсан өдрийнхөө маргааш нь эхний хагалгаанд орсон. Хоёр дахь хагалгаагаар нүдний протез хийлгэсэн. Шүүх хурал 2019 онд болсон. Үүнээс өмнө Ч.Бун Солонгос улс руу явж, нүдний протезийн хагалгаа хийлгэсэн байсан.

Тухайн үед шүүхээр шийдвэрлэсэн хохирол, нийт бусад зардал нийт 33 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Өлаас эмчилгээний зардал 13 539 968 төгрөг, онгоцны билетийн зардалд 2 199 800 төгрөг, орчуулгын зардалд 90 000 төгрөг, авч чадаагүй цалин, цалингийн зөрүү 29 940 881 төгрөг, нийт 45 770 649 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Бунд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гэм хор учруулсны төлбөрт сар бүр 813 794 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 367 580 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Талууд болсон үйл баримт гэм хорын улмаас учирсан цалин орлогын зөрүү, тооцоолол дээр маргаагүй бөгөөд анхан шатиы шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэж байна.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Иргэний хуулийн 509 дүтээр зүйлийн 509.1 дэх хэсэг “Хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдуулан төлбөрийг сар тугам төлнө” гэж хуульчилсан боловч дээрх цалингийн зөрүүг сар тутам хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна” гэж дүгнэсэн. Уг дүгнэлт нь ойлгомжгүй, үндэслэлгүй гэж үзнэ байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1-д заасан төлбөрийг мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.3-т “тахир дутуу иргэнд хөдөлмөрийн чадвар алдалг тогтоогдсон хугацаанд” гэж зааснаар эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссоос хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон хугацаагаар буюу хөдөлмөрийн чадвар бүрэн сэргээгдэх хүртэл хугацаанд сар тутам тогтмол төлөх ба гэм хор учруулсаны төлбөрийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт заасан сарын цалин хөлс, орлогын дунджийг тогтоон холбогдох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг хасч тооцох зарчмаар шүүх тоггоосноор гаргуулах хууль зүйн үндэслэлтэй болно.

Нэхэмжлэгчийн хувьд эрүүл мэндээрээ хохирч, дахин анхны байдалдаа сэргэх боломжгүй бөгөөд гагцхүү хуульд зааснаар гэм хорын хохирлыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр арилгуулахаар шаардсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “...орлогоос буурсан зөрүүг хариуцагч Д.Өл хариуцан төлөх үүрэгтэй” гэжээ.

Улсын дээд шүүхийн 15 дугаар тогтоолын 5.1-т “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдэд Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан ажил олгогч, хуулийн этгээдээс гадна мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4, 500 дугаар зүйлийн 500.1., 501 дүгээр зүйлийн 501.1, 502 дугаар зүйлийн 502.1, 512 дугаар зүйлийн 512.1-д заасан иргэн, хуулийн этгээд хамаарна” хэмээн заасан.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 505 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлээ тодорхой бичээгүй бөгөөд нэхэмжлэлд өгсөн дээрх тайлбарыг хэрхэн үгүйсгэж байгаагаа тайлбарлаагүй.

Шийдвэрт “...эмчилгээний зардлыг хариуцах үүрэгтэй” гэжээ. Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай иргэдэд санхүүгийн дэмжлэгийг Эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, Засгийн газрын 226 дугаар тогтоолын 4.1-т заасны дагуу Эрүүл мэндийн яам хариуцдаг байна.

Хууль болон журмын дээрх заалтаас үзэхэд “гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага”-ыг эрх бүхий байгууллага тогтоох ёстой байна. Ч.Бунд шаардагдах эмчилгээг Монгол улсад хийх боломжтой ба энэ талаар эмнэлгийн дүгнэлтэд тодорхой заасан. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ч.Бун хариуцагч Д.Өлд холбогдуулан гэм хорын хохиролд буюу эмчилгээний зардал 13 539 968 төгрөг, онгоцны тийзний үнэ 2 199 800 төгрөг, орчуулгын зардалд 90 000 төгрөг, авч чадаагүй цалин, цалингийн зөрүү 29 940 881 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсаны төлбөрт сар бүр 813 794 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2019/ДШМ/1205 дугаар магадлалаар Д.Өлыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг торгох ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Өлаас 8 808 481 төгрөг гаргуулан Ч.Бунд олгож шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /1хх6-15/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Д.Өлын гэм бурууг тогтоосон уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй.

 

Д.Өлын үйлдлээс Ч.Буны зүүн нүдний агууламжийг авсан мэс засал хийгдсэн байдал, зүүн нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон, түүний эрүүл мэндэд учирсан хохирлыг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс хойш  Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоол гарсан 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд 33 808 481 төгрөгөөр тогтоосон, Д.Өл нь үүнээс 25 000 000 төгрөгийг төлсөн үйл баримт дээр дурдсан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. 

 

Ч.Бун нь БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлгийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлтээр зүүн нүдний цөцгий авахуулсан, зүүн нудний архаг салст бүрхэвчийн үрэвсэл оноштойгоор эмчилгээ хийлгэсэн  байх ба түүний эрүүл мэндэд учирсан гэм хор нь хариуцагч Д.Өлын хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой байна. Иймд хариуцагч Д.Өл нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Ч.Буны эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй.

 

Ч.Бун нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой гарсан зардал болон хиймэл эрхтэн хийлгэх зардлыг хариуцагч Д.Өлаас шаардах эрхтэй ба уг зардалд тэрээр  2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлгийн Нүдний эмнэлгийн тасагт үзүүлж, эмчлүүлсэн зардал 4 349 720 вонн /2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр үзлэг, тусламж үйлчилгээ, хагалгааны төлбөрт 100 760 вонн, эм болон эм зүйчийн төлбөр 32 000 вонн, эмнэлгийн тодорхойлолт гаргуулсны төлбөр 16 000 вонн, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нүдний протез худалдаж авсан 4 200 000 вонн/ буюу 1 вонныг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ханш болох 2.29 төгрөгөөр тооцвол 9 960 858 төгрөгийг төлсөн байна.

 

Ч.Бун  БНСУ-д эмчлүүлэхдээ үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хугацаагаар түрээсэлсэн гэрээг байгуулж, гэрээний хөлсөнд 600 000 вонн буюу 1 374 000 төгрөг төлсөн, БНСУ руу зорчихтой холбоотой онгоцны тийзийг 2 199 800 төгрөгөөр худалдаж авсан, орчуулагчид 90 000 төгрөг төлсөн зардлыг гаргасан ба энэ  нь түүний эрүүл мэндэд гэм хор учирсантай холбоотой гарсан зайлшгүй зардалд хамаарч байна.

 

Харин эмчилгээ хийлгэх, нэмэгдэл хоол өгөх, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой зайлшгүй холбоотой байх зардалд хамаарахгүй хэрэглээний зардлыг оруулан тооцсон нь буруу байх тул давж заалдах шатны шүүхэд залруулах боломжтой гэж дүгнэлээ. Үүнд: хоол хүнс /талх, өндөг гэх мэт/, бараа материал /хайруулын таваг, оймс гэм мэт/-ын зардал нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой нэмэгдэл хоол өгөхтэй холбоогүй гэх үндэслэлээр, зарим баримт /хх37, 77/-ын утга тодорхойгүй гэх үндэслэлээр, онгоцны буцах /Сөүлээс Улаанбаатар хүрэх/ тийз 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр огноологдсон байхад 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр огноологдсон унааны төлбөр төлсөн байдал нь эргэлзээтэй, метро болон нийтийн тээвэр, утасны зардлууд нь хоёр хүний зардал гэдэг нь эргэлзээгүйгээр тогтоогдоогүй гэх үндэслэлүүдээр 2 205 110 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

 Ч.Бун Жжжжж зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт илчит тэрэгний машинчаар ажиллаж, сарын хөдөлмөрийн хөлс 2 901 513 төгрөг байсан, 2019 оны 8 дугаар сараас 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 3 сарын цалин хөлс авч чадаагүй, Жжжжж зам нийгэмлэгийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1240 дүгээр тушаалаар цахилгааны машины цехэд илчит тэрэгийн 1 дүгээр зэрэгтэй засварчнаар томилогдож, түүний сарын хөдөлмөрийн хөлс 1 163 388 төгрөг болж буурсан, эрүүл мэндийн даатгалын сангаас 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд 1 сард 545 000 төгрөгийн тэтгэвэр авсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын хуулбар, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт гэх баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар шаардлага хангасан тул шүүх мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэгчийн авч чадаагүй цалин болон цалингийн зөрүүг зөв тооцож, Д.Өлаас 29 940 881 төгрөг гаргуулж Ч.Бунд олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч Д.Өлаас нийт 43 565 539 / 9 960 858+1 374 000 +2 199 800 + 90 000+ 29 940 881/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Бунд олгох нь зүйтэй байна.

 

Түүнээс гадна нэхэмжлэгч нь энэ шүүхийн шийдвэр гаргуулах замаар цаашид хөдөлмөрийн чадвар алдсантай холбоотой хохирлыг сар бүр төлүүлэхэд 813 794 төгрөгийн зөрүү гарч байгааг төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.  Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа дутуу авсан цалин хөлсийг төлөх үүрэгтэй байх бөгөөд мөн хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдсон төлбөрийг сар тутам төлөхөөр заажээ. Нэхэмжлэгчийн буюу гэм хор учирсан гэж байгаа этгээдийн эрүүл мэндийн байдал сайжирсан эсхүл цалингийн хэмжээ нэмэгдэж зөрүү төлбөр өөрчлөгдвөл хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргах замаар энэ хэмжээг Иргэний хуулийн 507 дугаар зүйлийн 507.2 дахь хэсэгт зааснаар өөрчлүүлэх эрхтэй. Харин цалингийн зөрүү ихэссэн буюу тэтгэмжийн хэмжээ багассан тохиолдолд үүнтэй холбоотой, хохирлын хэмжээг нэмэгдүүлэхийг Иргэний хуулийн 507 дугаар зүйлийн 507.1 дэх  хэсэгт зааснаар хөдөлмөрийн чадвараа алдсан этгээд шаардах эрхтэй. Талууд энэ асуудлаар дахин шүүхэд хандах хүртэл цаашид хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон эрхийн акт болох Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актыг үндэслэн сар бүр 813 794 төгрөгийг гаргуулж байхаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Дараах үндэслэлээр хариуцагч Д.Өлын тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй болно. Үүнд:

Хариуцагч Д.Өл нь гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 497 дүгээр зүйлд зааснаас гадна мөн хуулийн 498 дугаар зүйлийн 489.2 дах хэсэгт зааснаар ажил олгогч этгээд эсхүл төр хариуцах ёстой гэсэн агуулгаар  тайлбар гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Түүнчлэн Иргэний хуулийн 499 дүгээр зүйл нь талуудын хооронд үүссэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгахад шууд хамааралтай заалт биш. Ийм учраас өөрийн гэм буруугийн улмаас бусдад учруулсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар арилгах ёстой.  Гэм хор учруулсан хохирлын хэмжээг багасгах  үндэслэлийг Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасан ба гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн гэх нөхцөлд байдал тогтоогдохгүй байх тул хохирлын хэмжээг багасгах боломжгүй байна.

 

Түүнчлэн эмчилгээний зайлшгүй зардал гэдгийг Эрүүл мэндийн тухай хууль болон Засгийн газрын 2011 оны 266 дугаар тогтоолоор батлагдсан “Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам”-аар тодорхойлохгүй тул энэ талаар гаргасан хариуцагч Д.Өлын тайлбар, давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна. Иргэний хуульд зааснаар талуудын хооронд эдийн болон эдийн бус баялагтай холбоотой үүссэн маргааныг шийдвэрлэх бөгөөд иргэний эрх зүйн оролцогчийн  үйлдэл, үйл ажиллагаатай холбоотойгоор үүссэн маргаантай харилцааг энэ хуулиар, хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд Засгийн газрын тогтоолыг хэм хэмжээний акт болгон баримтлах юм. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт зөвхөн хуульд заасан тохиолдолд Засгийн газар энэ хуульд нийцүүлэн гаргасан, иргэний эрх зүйн хэм хэмжээ агуулсан, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актыг хэрэглэж болно гэж заажээ. Гэм хорын эрх зүйн зохицуулалтын хүрээнд Иргэний хуулийн  505 дугаар зүйлд заасан зайлшгүй зардлыг тооцоход Засгийн газрын тогтоолоор батлагдсан хэм хэмжээг баримтлах, Засгийн газрын тогтоолыг нөхөн хэрэглэх агуулгыг хуульд тухайлан заагаагүй. Ийм учраас 505 дугаар зүйлийн хүрээнд бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбоотой гарсан зардлуудыг гаргахдаа  шүүх хуулийг зөв хэрэглэсэн.

 

Анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцоогүй байна. Иргэдийн төлөөлөгчийг журмын дагуу сонгож, сонгогдсон иргэдийн төлөөлөгч А.Халиунаа  2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр тангараг өргөж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг, хэргийн материалтай танилцсан, 2020 оны 09 дүгээр  сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон байна. 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцоогүй байх бөгөөд хэргийн оролцогчид шүүх хуралдааныг иргэдийн төлөөлөгчийг оролцуулах шаардлагагүй гэсэн тайлбарыг гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дах хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлжээ. Иймд 2021оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг оролцуулаагүйг хууль зөрчсөн гэж дүгнэхгүй юм.

 

Хариуцагч өндөр насны тэтгэвэр тогтоолгосон буюу төлбөрийн чадваргүйтэй холбоотой тайлбар гаргасан боловч түүний бусдад учруулсан уг гэм хор санаатай гэмт хэргийн улмаас үүссэн болох нь Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2019/ДШМ/1205 дугаар магадлалаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсэгт заасныг хэрэглэж нөхөн төлөх төлбөрийн хэмжээг бууруулах боломжгүй юм.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2021/00365 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 507 дугаар зүйлийн 507.1, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д.Өлаас 43 565 539 төгрөгийг гаргуулж Ч.Бунд олгож, Д.Өлаас сар бүр 813 794 төгрөгийг гаргуулж Ч.Бунд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 205 110 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосуай.” гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтын “367 580 төгрөг” гэснийг “379 846 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 081 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ЕРӨНХИЙ, ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА