Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 186

 

“С р” ХХК-ийн

нэхэмжлэлтэй,

Байгаль орчин, аялал жуулчлалын

сайдад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                    Л.Атарцэцэг

                                                  Б.Мөнхтуяа

                                                 Ч.Тунгалаг        

Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж

 

            Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын “С р” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0777 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2019/0138 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мнарыг оролцуулж,      

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Д нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0777 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай 12 дугаар зүйлийн 1, 33 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “С р” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2019/0138 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 128/ШШ2018/0777 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Д нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... анхан шатны шийдвэрийн хүрээнд: шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасныг баримтлан “хэргийн оролцогчдын тайлбар, ... 2.0 га газар нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байх бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээд нь уг газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй ... олгосон газар нь тусгай хамгаалалттай газрын байгалийн унаган төрхийг алдагдуулан, уулын тогтоц, энгэр бэлийг нурааж, байгаль орчинд хор хохирол учруулах эрсдэлтэй болох нь хариуцагчийн тайлбар, маргаан бүхий газарт шүүхээс хийсэн үзлэг, фото зургаас нотлогдож байна” гэжээ.

4. Маргаан бүхий актын үндэслэлд “...дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчиж буй 28 иргэн аж ахуй... газар ашиглах эрхийг дуусгавар болгосугай” гэж заасан. Энэ нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.2-т заасан “...хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн ба уг зерчлийг удаа дараа, эсхүл ноцтой хэлбэрээр зерчсөн байх агуулгатай юм”.

5. Анхан шатны шүүх хэргийн газрын үзлэг хийснээр тухайн газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг тогтоож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.2-т заасан зөрчил байхгүй гэдгийг тогтоосон атлаа байгаль орчинд хор хохирол учруулах эрсдэлтэй гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэснийг зөрчсөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.2-г хэрэглэх зохих байтал хэрэглээгүй, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасныг буруу тайлбарлаж, нотлох баримтыг бодит байдалд нийцээгүй байдлаар дүгнэсэн байна.

6. Анхан шатны шүүх Газрын тухай хуулинд зааснаар газрын төлбөрийг газрын тухай хуулийи 35 дугаар зүйлйин 35.3.3, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д зааснаар “гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн 25-ны дотор төлөх…” гэдгийг үндэслэн газрын төлбөрийг төлөх боломжтой байсан гэж дүгнэсэн.

7. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын ... хязгаарлалтын бүс .. газраас Монгол Улсын иргэн ...-д ... гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж зааснаас үзвэл тусгай хамгаалалттай газар нутагт заавал гэрээний үндсэн дээр газар ашиглуулах бөгөөд Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж, 2 дахь хэсгийн 2, 3-т газар ашиглах тухай гэрээнд газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа, газар ашиглах, хамгаалах талаар талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тусгахаар тус тус зохицуулсан ба уг хуулийн заалтаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах тухай гэрээг хамгаалалтын захиргаа болон газар ашиглагчтай хамтран байгуулахыг сум, дүүргийн Засаг даргад үүрэг болгосон байна.

8. Энэ нь газар ашиглуулах тухай эрх бүхий этгээдүүдийн хооронд гэрээ байгуулагдсанаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх хэрэгжих, тухайлбал, газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа тодорхой болох тухай зохицуулалт юм.

9. Ийхүү хуулиар үүрэг хүлээсэн захиргааны байгууллага нь нэхэмжлэгчтэй газрын төлбөрийн хэмжээ, хугацаа, эрх, үүргийг тусгасан гэрээг байгуулаагүй байхад шүүх зөрчил гэдэгт уг нөхцөл байдлыг үндэслэл болгосон нь нэг талын давуу байдлыг нэхэмжлэгчид шууд байдлаар хамааруулж дүгнэсэн нь захиргаа акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-ыг зөрчсөн байдлыг үндэслэл бүхий тогтоож чадаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 106 дугаар зүйлийн 106.4-д заасныг зөрчсөн. Ер нь бол нэхэмжлэгч захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас энэхүү гэрээ байгуулагдаагүй, нэхэжлэгч гэрээ байгуулах талаар удаа дараа хандаж байсан болохыг тогтоосон атлаа үүнд дүгнэлт өгөөгүй нь шийдвэр хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэс бүрдсэн байна.

10. Мөн газрын төлбөрийн итгэлцүүр тогтоох тухай тогтоол байхгүйн улмаас энэ гэрээ цаашид байгуулагдах боломжгүйд хүрсэн тухай нэхэмжлэлд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дурдсан байтал газрын төлбөрийг төлөх боломжтой гэж дүгнэсэн нь эрх зүйн үндэслэлгүй дугнэлт болсон. Учир нь газрын төлбөрийн хэмжээ актаар ч тэр гэрээгээр ч тэр тодорхой болоогүй тул төлбөр телөх ямар ч боломжгүй юм. Энэ нь бодит нөхцөл байдалд тохироогүй. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг зөрчиж нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хуульд нийцэхгүй юм.

11. Давж заалдах шатны магадлалын хувьд: давж заалдах шатны шүүхийн магадлалаар Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “...үйлчилгээ явуулах зориулалтаар газар ашиглах эрх авсан тохиолдолд 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсний дараа гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгоно …” гэж заасан тул уг үнэлгээг хэрэгт ач холбогдолтой гэж үзэн хэрэгт хавсаргах шаардлагатай гэж дүгнэсэн.

12. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар нэхэмжлэгчийн газар ашиглуулах тухай эрх гэрээ байгуулснаар ашиглах эрх бүхий этгээдийн хүлээх эрх үүрэг, төлбөр төлөх үүрэг үүсэж, төлбөрийн хэмжээ тодорхой болно.

13. Мөн хэргийн оролцогчид 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Газар ашиглуулах тухай гэрчилгээний талаар маргаагүй бөгөөд энэ нь газар ашиглах эрх дуусгавар болгосон захиргааны актын үндэслэлд хамааралгүй байхад хэрэгт ач холбогдолгүй нотлох баримтыг авахаар хэргийг анхан шатны шүүхэд буцаасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэснийг зөрчсөн анхан шатны шийдвэрийн алдааг засаагүй байна.

14. Учир нь маргаан бүхий актын үндэслэлд гэрчилгээг олгохоос өмнөх үйл баримтын талаар дурдаагүй бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.2-т заасан зөрчлүүдийг удаа дараа гаргасан гэдэг үндэслэлд энэхүү баримт нь огт хамааралгүй юм.

15. Мөн Анхан шатны шүүхээс нэгэнт хэргийн газрын үзлэг хийж зөрчил байхгүйг тогтоосон байтал газар ашиглах эрхийн гэрчилгээг олгохоос өмнө гаргасан нэхэмжлэгчийн хүсэлт, төсөл болон албан бичгийн талаар хэрэгт авснаар энэхүү маргаан бүхий актын үндэслэлд хамаарах нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолгүй юм.

16. Учир нь маргаан бүхий актын үндэслэлд дурдсан газрын төлбөр төлөөгүй талаарх баримт хэрэгт бүрэн авагдсан, гэрээ байгуулагдаагүй үйлдэлд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байхгүйг тогтоосон, газрын төлбөрийн хэмжээг тогтоосон итгэлцүүрийн актыг түдгэлзүүлсэн шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан, газар ашиглуулах тухай эрх бүхий этгээдүүдийн хийсэн гэрээ байхгүйг шүүх тогтоосон, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.2-т заасан зөрчлийг гаргаагүй болохыг хэргийн газрын үзлэгээр тогтоосон, Захиргааны байгууллага захиргааны акт гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.4, захиргааны актын мэдэгдэх зарчмыг зөрчсөн гэдгийг шүүх дүгнэсэн. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэдгээс үзэхэд давах шатны шүүх нь өөр хоорондоо зөрчилтэй дүгнэлт хийсэн. Хэрэгт авагдсан баримтууд нь маргаан бүхий актын хүрээнд хэргийг шийдвэрлэхэд хангалттай байхад давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т, 121.1.1-т зааснаар хэргийг шийдвэрлээгүй нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн байна.

17. Маргаан бүхий актын үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 36 дугаар зүйлийн 36.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.2-т заасан зохицуулалтуудын алинд ч энэхүү газар ашиглах эрх олж авахаас өмнөх харилцаа, үнэлгээ хамаарахгүй байгаа учир давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй үйл асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчсөн тул нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон маргаагүй үйл баримтад дүгнэлт өгч, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

18. Иймд, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 777 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 138 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

19. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

20. “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалаар “... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12.1, 27.1, 36.1, 40.1.2, 40.2 дахь хэсэг, Усны тухай хуулийн 22.2, 22.2.1, 22.6 дахь хэсэг, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 250 тоот саналыг тус тус үндэслэн”, “С р” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон, хариуцагчаас “... газар ашиглах эрх авснаас хойш ... газрын төлбөрийг огт төлж байгаагүй, ... тухай. газар нь үйл ажиллагаа, явуулж төсөл хэрэгжүүлэх ямар ч боломжгүй, уулын өндөр налуу газарт байрладаг ... /тул/ тусгай хамгаалалттай газар нутгийн эко системийг алдагдуулах, төлөв байдлыг өөрчлөх зэргээр дархан цаазат газарт хориотой үйл ажиллагаа явуулахаар нөхцөл байдал үүссэн” гэж, нэхэмжлэгчээс “...захиргааны байгууллагын хуульд нийцээгүй шийдвэрийн улмаас газрын төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас газрын төлбөрийг төлөөгүй байсан, .... сайдын тушаалд үндэслэл болгосон хуулийн заалтуудыг манай компани зөрчөөгүй, ... байгалийн төлөв байдлыг өөрчлөх ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа огт явуулаагүй, ... үндэслэлгүйгээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон” гэж маргажээ.

21. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “... “С р” ХХК-иас тухайн газраа байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэсэн эсэх, энэ талаарх баримт байгаа эсэхийг тодруулалгүйгээр маргаан бүхий тушаалын үндэслэл болсон “…тусгай хамгаалалттай газрын байгалийн унаган төрхийг алдагдуулан, уулын тогтоц, энгэр бэлийг нурааж, байгаль орчинд хор хохирол учруулах эрсдэлтэй болох нь хариуцагчийн тайлбар, шүүхийн үзлэгээр тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь хангалтгүй, ... энэхүү нөхцөл байдлыг тодруулах нь маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хянах, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчилдсөн эсэхийг тогтооход чухал ач холбогдолтой” гэх дүгнэлт хийн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн, хариуцагчаас уг магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй байна.

22. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын ... хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулах”-аар заасан, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын (тухайн үеийн нэрээр) сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр тушаалаар нэхэмжлэгч “С р” ХХК-нд Богхан уулын дархан цаазат газрын Хүүшийн зүүн аманд аялал жуулчлалын зориулалтаар 2.0 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр цлсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн 2016/354 дугаар гэрчилгээ олгож, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр газар ашиглах тухай 2017/014 дугаартай гэрээ байгуулсан, хэргийн оролцогчдоос нэхэмжлэгч “С р” ХХК-нд “газар ашиглах эрх үүссэн эсэх” талаар маргаагүй, нэхэмжлэгч “С р” ХХК-иас “газар ашиглах хууль ёсны эрхийг хамгаалуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан атлаа “... тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах тухай гэрээг хамгаалалтын захиргаа болон газар ашиглагчтай хамтран байгуулахыг сум, дүүргийн Засаг даргад үүрэг болгосон ... /байхад/ захиргааны байгууллага нь нэхэмжлэгчтэй газрын төлбөрийн хэмжээ, хугацаа, эрх, үүргийг тусгасан гэрээг байгуулаагүй ... /тул эрх үүрэг үүсээгүй/” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй, хуулиар тогтоосон газар ашиглагчийн эрх үүргийг биелүүлсэн эсэх талаар шүүхүүд дүгнэлт хийсэн нь зөв, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар нэхэмжлэгчийн газар ашиглуулах тухай эрх гэрээ байгуулснаар ашиглах эрх бүхий этгээдийн хүлээх эрх үүрэг, төлбөр төлөх үүрэг үүсэх ... /байтал/ ... шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэс бүрдсэн” гэх гомдол үндэслэлгүй байна.

23. Хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлын хүрээнд хянаад, гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ерөнхий зарчмыг баримтлан, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, “... шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2019/0138 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Днарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “С р” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                           ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХТУЯА