Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2019/02123

 

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2019/02123

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Б.Н ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Ш.Н ХХК-д холбогдох,

Орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, 154,055,560 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигдэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* овогтой Н би 2016 оны 08 дугаар сарын 05- ны өдөр өөрийн 182 м2 газар болон 80м2 байшинг чөлөөлж, ******* ХХК-тай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ-г үйлдэж, шинэ барилгын 3 давхрын 29 м2 1 өрөө байр, 1 давхрын үйлчилгээний зориулалттай 31 м2 тус тус байруудыг авахаар тус тус тохирсон /гэрээний хуулбарыг хавсаргав/. Энэхүү орон сууцны төслийг хэрэгжүүлэгч ******* ХХК-ий хэрэгжүүлж байсан дээрхи орон сууцны төслийг Ш.Н ХХК үргэлжлүүлэн хийхээр болсон байна. Гэрээнд зааснаар дээрх орон сууцыг 1 жилийн хугацаанд барихаар тохиролцсон байна. 2017 оны 8 сарын 5-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон боловч байр ашиглалтанд ороогүйгээр барахгүй одоог хүртэл хэзээ ашиглалтанд орох нь тодорхойгүй байсаар байна. Хүний газар, орон сууцыг чөлөөлж, оронд нь байшин барихаар болсон бол түүнийг шинэ байрандаа амьдрах хүртэлх хугацааны орон байр хөлслөх зардлыг төлөх ёстой. Энэ орон сууцны талбай дээр нийт 6 айл байсан бөгөөд 2016 онд дээрхи 6 айл газраа чөлөөлж өгөөд 1 жилийн хугацаатай гэрээ байгуулахдаа айл болгонд амьдрах байрны түрээс 1 сарын 500,000 төгрөгөөр тооцож 6,000,000 төгрөг өгч байсан. Намайг сүүлдэж гэрээ байгуулсан гэх шалтаг шалтгаанаар надад орон сууц хөлслөх дээрхи 6,000,000 төгрөг өгөөгүй болно. Би гэрээний 1 жилийн хугацаанд дээрхи зардлыг аваагүй бөгөөд харин 2018 оны 4 сараас эхлэн ******* ХХК Дэлгэрсайхан захирал /хуучин төсөл хэрэгжүүлэгч компани/-тай уулзаж сар болгон 500,000 төгрөг авахаар тохиролцож 12018 оны 04-08 сар хүртэл сар болгон 500,000 төгрөг авсан бөгөөд 2018 оны 9-12 сар 2019 оны 01, 03 сар тус тус 250,000 төгрөг авсан. 2019 оны 2 сараас эхлэн цаашид түрээсийн мөнгө гэж өгөхгүй гэсэн. Би орон сууцны зардлын асуудлаа шийдвэрлүүлэхээр удаа дараа хандсан боловч тоохгүй байсан тул хүсэлтээ албан ёсоор тавьсан боловч одоог хүртэл шийдвэрлээгүй болно. Хариуцагч этгээд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, орон сууцыг тохиролцсон хугацаандаа бариагүй улмаар миний эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа тул дээрхи Орон сууц захиалан бариулах гэрээ-г цуцалж, гэрээгээр штохиролцсон үндсэн мөнгө болох 113,830,000 төгрөг, гэрээнд заасан алданги болох 15,025,560 төгрөг, орон сууц хөлсөлсөн төлбөр болох 25.200.000 төгрөг нийт 154,055,560 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамтаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлага 154,055,560 төгрөг компаниас гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй, Б.Н нь үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэж, хууль бус шаардлага тавьж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болохоо үүгээр мэдэгдэж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Ш.Н ХХК-д холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, 154,055,560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзсан агуулгатай тайлбарыг 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан, мөн өдрийн шүүх хуралдааныг хариуцагч хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах, сонгон авсан өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргасныг үндэслэн хойшлуулсан. Хариуцагч, нэхэмжлэлээс татгалзаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ тайлбарласан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан бичгийн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Н, ******* ХХК нарын хооронд 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр А блок дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаж, тус гэрээний 2.2-т зааснаар нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн ******* дугаар бүхий 181.98 м.кв талбайтай газрыг гэрээ байгуулагдмагц хариуцагчийн эзэмшилд шилжүүлэх, хариуцагч газрыг шилжүүлснээс хойш нэг жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, ******* тоотын 31.9 м.кв үйлчилгээний зориулалт бүхий, мөн 3-р давхарт орших 29.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус нэхэмжлэгчийн өмчлөд шилжүүлэхээр тохиролцжээ.

Энэхүү гэрээг нэхэмжлэгч үндэслэл болгон хариуцагчаас гэрээний үнэ 113,830,000 төгрөг, алданги 15,025,560 төгрөг, орон сууц хөлсөлсний хөлс 25,200,000 төгрөг, нийт 154,055,560 төгрөг нэхэмжилснээс шүүх хуралдааны явцад хариуцагч орон сууцны хөлс 4,000,000 төгрөг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын 25,200,000 төгрөгт хамаарах дүнгээс татгалзан багасгаж хариуцагчаас 150,055,560 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа үндэслэл бүхий байдлаар, баримтаар нотлоогүй, энэ талаархи тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаагүй болон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг эсэргүүцээгүй, нэхэмжлэлийн үндэслэлтэй маргаагүй гэж үзлээ.

Учир нь хариуцагч, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэж татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгч Б.Н, ******* ХХК нарын хооронд байгуулсан 2016 оны А блок дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ, орон сууц хөлсөлсөн тухай баримтуудын эсрэг нотлох баримт, тайлбар гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар бодит байдалд нийцсэн, үнэн зөв тайлбар гаргасан гэж үзэж, мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтуудыг үндэслэл болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлаж буй ******* ХХК-ийн хэрэгжүүлж буй орон сууцны төлсийг Ш.Н ХХК үргэлжлүүлж байгаа, нэхэмжлэгч, төлөөлөгч нар Ш.Н ХХК-д маргаантай асуудлыг шийдвэрлүүлэхээр удаа дараа хандсан боловч хариу өгөөгүй, бидэнд хамаагүй гэдэг гэх тайлбарыг бодитой гэж үзэж, хариуцагч нэхэмжлэлийг гардан авснаас хойш шүүх хуралдаан хүртэлх 36 хоногийн хугацаанд маргаантай харилцаанд буюу нэхэмжлэгч Б.Н, ******* ХХК нарын хооронд байгуулсан гэрээний харилцаанд хамааралгүй, ******* ХХК-ийн эхлүүлсэн орон сууцны төслийг үргэлжлүүлж байгаа гэх нэхэмжлэгч талын тайлбарт няцаалт, залруулга хийгээгүй тул хариуцагч Ш.Н ХХК-ийг нэхэмжлэгч Б.Н, ******* ХХК нарын хооронд 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний үүргийг залгамжлан авсан, гэрээний үүргийг хариуцвал зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар тайлбар өгөөгүй, нотлох баримт гаргаагүй, шүүхэд хүрэлцэн ирээгүй бол нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлтэй маргаагүй гэж үздэг, түүнчлэн нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхийг хуульчилсны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

Зохигч байгуулсан гэрээгээ орон сууц захиалгаар бариулах гэж нэрлэсэн боловч гэрээний агуулгаас үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа бус мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авахаар гэрээ байгуулсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, гэрээний агуулгаар нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн газрыг худалдан авах орон сууцны үнэд тооцон төлж, хариуцагч ирээдүйд бий болох орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, ингэхдээ нэхэмжлэгчийн оролцоо, хамааралгүйгээр өөрийн боловсруулсан зураг төсөл, сонгосон материалд үндэслэн барилгыг барьж ашиглалтад оруулахаар заасан нь Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ гэж зааснаар хариуцагч хууль тогтоомжид заасан барилга барих, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг авсны үндсэн дээр тус барилгын ажлыг батлагдсан зураг төслийг дагуу гүйцэтгэсэн нь нэхэмжлэгчийг мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар барилгын ажлын захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд гэж үзэхээргүй байна.

Нэхэмжлэгч, хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу тус барилгын барилга байгууламжийн баримт бичгийг бүрдүүлэх, техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг авах, барилгын ажлыг эхлүүлэх, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх болон барилгын үйл ажиллагаатай холбоотой аливаа эрсдэл, хохирлыг хариуцах зэрэг барилга захиалагчийн үүргийг хүлээхгүй, харин худалдан авахаар гэрээ байгуулсан орон сууцны дотоод засалтай холбоотойгоор санал илэрхийлэх, худалдан авагчийн хувьд гэрээний хяналтыг хэрэгжүүлэх нийтлэг эрх нь нэхэмжлэгчийг захиалагч гэж үзэх үндэслэлийг бий болгохгүй байна.

Хариуцагч, нэхэмжлэгчтэй байгуулсан 2016 оны орон сууц захиалан бариулах гэрээний 2.6-д заасан үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсон үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар үндэслэл бүхий, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн аваагүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг гэрээний үүргийг урьдчилан сануулсан гэж үзэх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй. Гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу өгсөн авсан зүйлээ, гэрээ биелснээс хойш олсон орлогоо харилцан буцааж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч газарт барилга барьж байгаа нь мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус гэрээнд заасан үнээр тооцож шаардсан нь үндэслэлтэй байх тул хариуцагчаас 113,830,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Зохигчийн хооронд байгуулсан гэрээний 5.4-т зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах хүртэл хугацааны алдангийг шаардаж алдангийг 2017.08.05-2019.06.05-ны өдрөөр тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 232.4, 232.6-д зааснаар нэхэмжлэгчийн шаардсан 15,025,500 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй болжээ. Мөн нэхэмжлэгч, хариуцагчийн гэрээний үүрэгтэй холбоотой зардал болох орон сууц хөлсөлсний хөлсийг шаардаж, нэхэмжлэгчийн амьдарч байсан хувийн сууцыг чөлөөлүүлж, гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүйгээс илүү зардал гаргасан гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар үндэслэлтэй буюу хариуцагч маргаагүй, хэрэгт цугларсан баримтаар нотлогдож буй 21,200,000 төгрөгийн зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Ш.Н ХХК-иас орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзсантай холбоотой гэрээний үнэ 113,830,000 төгрөг, алданги 15,025,560 төгрөг, орон сууцны хөлс 21,200,000 төгрөг, нийт 150,055,560 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Нд олгож шийдвэрлэв.

Хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн буюу 2019.07.23-ны өдрийн шүүх хуралдаанд төлөөлөгч Б.Ану оролцсон, дараагийн шүүх хуралдаанд товд гарын үсгээ зурсан боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, мөн шүүхэд хүрэлцэн ирэх боломжгүй тухай хүсэлт, баримтыг ирүүлээгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч тал шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тухай, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.         Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ш.Н ХХК-иас 150,055,560 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Нд олгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,000,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ш.Н ХХК-иас 908,227 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Б.Нд олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ