| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Уртнасан |
| Хэргийн индекс | 168/2023/0138/Э |
| Дугаар | 2024/ДШМ/09 |
| Огноо | 2024-01-16 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2024/ДШМ/09
*******т холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч Д.Ганзориг, Ерөнхий шүүгч Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор М.Мэндбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго
Нарийн бичгийн дарга Г.Чинзориг нарыг оролцуулан
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/142 дугаар шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалгах тухай прокурор М.Мэндбаярын бичсэн дүгнэлтээр шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргүүдийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ******* овогт *******ийн *******, Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Яруу суманд 1980 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр багийн нутаг “*******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД:*******/
2. ******* нь Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр баг, “*******” гэх газраас 2022 оны 03 дугаар сарын сүүлээс 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хугацаанд иргэн *******ын өмчлөлийн 1 тооны хар халзан зүсмийн үхрийг бэлчээр дээрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлж, 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч *******ийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******т тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, ... шийдвэрлэжээ.
5. Прокурор М.Мэндбаяр бичсэн дүгнэлтдээ: “... Эрүүгийн ******* дугаартай Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр баг, ******* гэх газраас 2022 оны 3 дугаар сарын сүүлээс 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хугацаад иргэн *******ын өмчлөлийн 1 тооны хар халзан зүсмийн үхрийг бэлчээр дээрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, авч 700 000 төгрөгийн хохирол учруулсан” гэх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд:
Хохирогч *******ын “...2022 оны 03 дугаар сарын сүүлээр би үхрээ тоолоход 1 тооны хар халзан зүсмийн, зүүн чих нь урдаасаа хөндлөн, баруун чих нь араасаа ганзага имтэй, охин бяруу байхгүй байсан. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын эхээр манай гэрээс баруун зүгт 10 км зайд байх Уугий гэх залуутай /жинхэнэ нэрийг нь сайн мэдэхгүй байна, гэдэг байх/ уулзаад бярууныхаа талаар ярихад нөгөө залуу “би олдохгүй байсан нэг бяруугаа олсон, та бяруугаа олсон уу” гэж асуухад би “олоогүй” гэхэд “өө тийм үү, миний нэг бярууг танай тэнд байдаг гэх хүн Цагаан-Овоо суманд байх гэх айлд зарчихсан байна лээ. Тэгээд хоёр бяруу зарсан гэсэн. Нэг бяруу нь таных байж магадгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг залуутай хамт Цагаан-Овоо суманд байх гэх айлын малчингийнд очоод нөгөө бярууг нь үзэхэд миний хар халзан зүсмийн бяруу мөн байсан. гэх хүн нь “би чиний бярууг согтуудаа хүнд өгсөн байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/,
Яллагдагч *******ын “2022 оны 4 дүгээр сарын 20-д гаргаад байх өдрийг нь сайн санахгүй байна. ... Ингээд бид хэд малын бэлчээр дээр ирсэн бөгөөд би хар халзан зүсмийн бяруу зааж өгөхөд нь ын машин дээр ачаад намайг гэрт маань буулгаж өгөөд яваад өгсөн. ... Харин би Энхбаярын нэг тооны бярууг өгч явуулсан гэдгээ мэдсэн даруйдаа түүнд хэлээгүй юм.” гэсэн мэдүүлэг /хх 79/,
Эрүүгийн дугаартай “2022 оны 4 дүгээр сард Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр багийн нутаг ******* гэх газарт бэлчээрээс иргэн Ч.гийн эзэмшлийн хар халзан зүсмийн 1 тооны бярууг бусдын өмчлөлд байгаа малыг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулж, хулгайлж 700 000 төгрөгийн хохирол учруулсан” гэх хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд:
Хохирогч Ч.гийн “2022 оны 4 дүгээр сарын 10-ны үед малаа тоолж үзэхэд хар халзан зүсмийн зүүн чих нь урдаасаа догол, баруун чих нь хойноосоо ухам имтэй эм бяруу 1 ширхэг, нүүр эрээн халтар зүсмийн зүүн чих нь дэвхэр, баруун чих нь бүтэн бяруу 1 ширхэг нийт 2 ширхэг эм бяруу дутсан. ... 2022 оны 5 сарын сүүлээр би өөрийн биеэр Цагаан-Овоо сумын төв орж тай уулзаад “танай мал хаагуур байгаа вэ, би ирсэн дээрээ бяруу үзэх гэсэн юм” гэсэн чинь мал байгаа газраа зааж өгөхөөр нь очиж хараад “миний хар халзан зүсмийн бяруу мөн байна” гэсэн чинь “за за очоод тэй уулзаарай” гэхээр нь би буцаж ирээд 2 хоногийн дараа тэй уулзахад “ах нь архины халуунд андуурсан байна” гэж хэлсэн. ... Манай гэрээс зүүн хойшоо 11 км орчим зайд гэх газарт нутагладаг Энхээ гэх хүн хар халзан зүсмийн 1 ширхэг бяруугаа алдсан гэж надад хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /хх 09-11/,
Яллагдагч *******ын “ 2022 оны 5 дугаар сард манай үхэрт хар халзан зүсмийн 2 эм, хүрэн царман зүсмийн 1 эм, нийт 3 тооны бяруу нийлсэн байсан юм. Тэгээд тухайн үедээ 3 үхрийг хэний үхэр гэдгийг нь мэдэхгүй болохоор өөрийнхөө үхрүүдтэй хамт маллаад байж байсан. ... Тэгээд т дуран авсан өртгөндөө манай үхэрт нийлсэн байсан 2 тооны хар халзан зүсмийн бярууг өгөөд явуулчихсан юм. Харин хүрэн царман зүсмийн бярууг нь гэх хүн ирээд үхрээ таниад авч явсан. ...Манай үхэрт нийлсэн 2 тооны бярууны нэг нь Энхбаяр гэх хүний бяруу байсан. Энхбаяр гэх хүн цагдаад гомдол гаргаад улмаар би түүнд нэг тооны бярууг өгч хохирлыг нь барагдуулсан. Энэ хэрэгтээ 2023 оны 4 дүгээр сард шүүхээс ял шийтгүүлсэн.” гэсэн мэдүүлэг /хх 44/ болон бусад нотлох баримтууд авагджээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд ******* нь Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр баг, ******* гэх газраас 2022 оны 3 дугаар сарын сүүлээс 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хугацаад иргэн *******ын өмчлөлийн 1 тооны хар халзан зүсмийн, зүүн чих нь урдаасаа хөндлөн, баруун чих нь араасаа ганзага имтэй, охин бяруу, мөн иргэн Ч.гийн эзэмшлийн хар халзан зүсмийн зүүн чих нь урдаасаа догол, баруун чих нь хойноосоо ухам имтэй 1 тооны эм бярууг тус тус өөрийн өмчийн адил захиран зарцуулж, иргэн т дурангийн өртгөнд худалдан борлуулж бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна.
******* нь дээрх 2 тооны бярууг буюу олон тооны малыг нэг үйлдлээр хулгайлан бусдад худалдан борлуулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар “... шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас ... хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэх үндэслэлээр шинэ нөхцөл байдал илэрсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг прокурорт буцаалгахаар дүгнэлт бичив.” гэжээ.
6. Прокурор М.Мэндбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... *******т холбогдох эрүүгийн ******* хэргийг шүүхээр хянан шийдвэрлэж шийтгэх тогтоол гарах үед мэдэгдээгүй байсан шинэ нөхцөл байдал илэрсэн тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг прокурорт буцаалгахаар бичсэн дүгнэлтээ дэмжиж байна. ...” гэв.
7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын бичсэн дүгнэлтийг дэмжиж оролцож байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Давж заалдах шатны шүүх прокурор М.Мэндбаярын бичсэн дүгнэлтийг үндэслэн *******т холбогдох эрүүгийн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг хянан хэлэлцэв.
2. Эрүүгийн 2321000000113 дугаартай хэргээс үзэхэд ******* нь Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр баг, ******* гэх газраас 2022 оны 03 дугаар сарын сүүлээс 04 дүгээр сарын 15-ны өдрийн хугацаанд иргэн *******ын өмчлөлийн нэг тооны хар халзан зүсмийн үхрийг хулгайлж, 700 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/142 дугаартай шийтгэх тогтоолоор *******ыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн байх ба анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.
3. *******ын 2022 оны 4 дүгээр сард Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр багийн нутаг ******* гэх газраас иргэн Ч.гийн эзэмшлийн хар халзан зүсмийн нэг тооны бярууг хулгайлан авч иргэн аас дуран худалдан авсан өртгөндөө өгсөн үйлдэл нь дээрх 142 дугаартай шийтгэх тогтоол гарсны дараа илэрч, *******т холбогдох дээрх үйлдэлд Дорнод аймгийн Прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явагдсан байна.
Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “... шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрвэл шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж болно.” гэж заасан нөхцөлд хамаарч байна.
4. Иймд прокурор М.Мэндбаярын бичсэн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай дүгнэлтийг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/142 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэгтгэн шалгуулахаар *******т холбогдох эрүүгийн 2321000000113 дугаартай хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/142 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, *******т холбогдох эрүүгийн 2321000000113 дугаартай хэргийг Дорнод аймгийн Прокурорын газарт буцаасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ
ШҮҮГЧИД Д.ГАНЗОРИГ Г.УРТНАСАН