Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/01127

 

 

 

 

 

 

 

 

 

Ц- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2021/01056 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц- ХХК-ийн хариуцагч А- ХХК, Б- ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 239 190 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч А- ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Г, түүний өмгөөлөгч Б.Ж, хариуцагч А- ХХК-ийн өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр А- ХХК-тай хуванцар цонх, хаалга угсарч суурилуулах ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээний 3.4-т гэрээт ажлын нийт төлбөр 510 390 000 төгрөгөөс 445 200 000 төгрөгийг 1 м.кв-ийг 2 800 000 төгрөгөөр тооцож, Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арцат апартмент 2-р ээлжийн б блок, 5-р давхар баруун жигүүрийн 79, голын 80 м.кв 2 орон сууц буюу нийт 159 м.кв талбайтай орон сууцыг ажлын хөлсөнд манай компанид бартер буюу солилцоо хийхээр харилцан тохиролцсон юм. Манай компани гэрээний үүргээ биелүүлж гэрээнд заасан цонх суурилуулалт, амлагааны ажлыг 5, 6 дугаар блокын барилгад хийж гүйцэтгэн 2019 оны 9 дүгээр сарын 03, 2019 он ы 9 дүгээр сарын 12-ны өдрүүдэд цонх хаалганы гүйцэтгэлийн тайлан А- апартмент 5, 6 дугаар блокоор гаргаж хүлээлгэн өгсөн. Мөн нягтлан бодогчтой тооцоо нийлсэн акт үйлдсэн. Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт А- ХХК нь 30 000 000 төгрөг, 6-р блокын 79 м.кв орон сууцыг шилжүүлж өгсөн бөгөөд үлдэгдэл 15 190 000 төгрөг, бартераар шилжүүлэх орон сууцны үнэ 80 м.кв x 2 800 000 = 224 000 000 төгрөг, нийт 239 190 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Гэрээгээр тохиролцсон Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арцат апартмент орон сууцны хорооллын 2 дугаар ээлжийн 1432 байрны 80 м.кв талбай бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч А- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Манай компани Ц- ХХК-тай гэрээ байгуулсан нь үнэн. Тус гэрээгээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Арцат апартмент төслийн 5, 6 дугаар блок барилгын цонхны ажлыг гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон. Ажлын хөлсөнд бэлнээр 65 190 000 төгрөг, бартераар 2 орон сууц өгөхөөр харилцан тохиролцсон. Улмаар гэрээ хийснээс хойшхи хугацаанд 6 дугаар блокын цонхны ажлыг манай компани хүлээж авсан. Уг ажлын хөлсөнд тус хотхоны 6 дугаар блокын 5 дугаар давхрын 84 м.кв талбайтай 503 тоот орон сууцыг шилжүүлж өгсөн. Бодит байдал дээр бидний шилжүүлсэн орон сууц нь захиалгын гэрээнд бичигдсэнээр 84 м.кв талбайтай байр. Мөн энэ орон сууцыг Ц- ХХК нь өөрийн нэр дээр биш, захиалгын гэрээг шилжүүлэх гурван талт гэрээ гэж оруулаад иргэн н.Мөнхзул гэсэн хүний нэр дээр шилжүүлж авсан баримт байгаа. Өөрөөр хэлбэл гэрээнд зааснаас 5 м.кв-ын илүү талбайтай орон сууц шилжүүлж өгсөн. Үнийн дүнг м.кв нь 2 800 000 төгрөгөөр бодвол 14 000 000 төгрөгийн зөрүү гарч байна. 6 дугаар блокын 80 м.кв талбайтай орон сууцыг шилжүүлж өгнө үү гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй шалтгаан нь уг байрыг манай компани худалдах, худалдан авах гэрээгээр Б- ХХК-д шилжүүлсэн. Б- ХХК нь орон сууцыг бүхэлд нь хүлээж аваад Ц- ХХК-иар цонх хийлгэх ажил гүйцэтгүүлээд ажлаа актаар хүлээж авсан нь тогтоогдож байгаа. Манай компани ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүнг хүлээж аваагүй учраас хөлс төлөх үндэслэлгүй гэж марган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Б- ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани А- ХХК-иас 2018 оны 12 сарын 12-ны өдрийн 18/28 тоот худалдах, худалдан авах гэрээний дагуу Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах, Арцад апартмент блок 5, үйлчилгээтэй 10 давхар бүрэн баригдаж дуусаагүй орон сууцны барилгыг авсан ба гэрээний дагуу 2018 оны 8-9 дүгээр сард гадна дотор заслын ажил эхэлсэн. Тухайн үед манай компанийн 5 дугаар блокын ажил эхлэхэд Арцад вилла ХХК-ийн зүгээс гэрээний 3.4-т заасан төмөр бетон хийц, гадна бүх шугам сүлжээ, гадна тохижилт, салхивч агааржуулалт, вакум цонхны ажлуудыг туслан гүйцэтгэгч компаниудаар хийлгэнэ гэж заасны дагуу Арцад вилла ХХК-тай гэрээ хийсэн туслан гүйцэтгэгч компаниуд 5 дугаар блокод ажлаа хийсэн, манай зүгээс хяналт тавьж хүлээн авсан байдаг. 2019 оны 5 сард улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан. Ц- ХХК-тай хийсэн гэрээ байхгүй учраас энэ асуудал манайд хамааралгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч А- ХХК-иас 225 190 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Гантөмөр хариуцагч Б- ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 424 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 1 283 900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц- ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч А- ХХК-ийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн маргааны үйл баримтыг учир дутагдалтай дүгнэсэн. Манай компанийн зүгээс 5-р блокын барилгыг Батмөнх констраюлн ХХК-д худалдан борлуулсан талаар Ц- ХХК-д мэдэгдэж байсан бөгөөд Ц- ХХК нь цонхны ажлыг өөрсдийн сайн дураар үргэлжлүүлэн гүйцэтгэж Б- ХХК-д ажлын гүйцэтгэл буюу үр дүнг хүлээлгэн өгсөн. А- ХХК нь 5-р блокын барилгыг 2018 оны 7 сарын 04-ний өдөр Б- ХХК буюу компанийн барилгын инженер Ж.Ганчимэгт хүлээлгэн өгсөн. Барилгын ажлыг хүлээлгэн өгөхөд 5-р блокын барилгын зөвхөн 1 давхарт цонх суугдсан байсан ба бусад давхруудад цокх суугдаагүй байсан болно. Энэхүү нөхцөл байдал нь Ж.Ганчимэгийн зөөврийн компьютерт хийсэн шүүх хуралдааны үзлэгээр нотлогдсон. Гэтэл анхан шатны шүүхээс 2018 оны 11 сарын 06-ны өдрийн байдлаар цонх суурилагдсан байсан гэж үзэн нэхэмжлэгчийн нэхэмжилж буй төлбөрийг манай компанид хариуцуулан шийдвэрлэсэн. 2018 оны 11 сарын 06-ны өдөр барилгыг эзэмшиж ашиглах эрх Б- ХХК-д шилжсэн байсан. Өөрөөр хэлбэл 2018 оны 7 сарын 04-ний өдрөөс эхлэн Б- ХХК нь ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэн хөлс олгож, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, үр дүнг хүлээн авч байсан. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан гэдгийг анхан шатны шүүх анхаараагүйн зэрэгцээ Б- ХХК нь нэхэмжлэгч Ц- ХХК-д нийт 20 000 000 төгрөгийг ажлын хөлсөнд шилжүүлж, мөн ажлын үр дүнг хүлээн авсан үйл баримтыг хууль зүйн ач холбогдолтой талаас дүгнэж шийдвэрлээгүй. А- ХХК болон Ц- ХХК-ийн хооронд 5-р блок барилгын цонхны хөлсийг А- ХХК хариуцахаар тохиролцсон тохиролцоо, гэрээний нөхцөл байдаггүй. 2018 оны 7 сарын 04-ний өдрөөс эхлэн Б- ХХК- ийн барилгын инженер Ж.Ганчимэг нь 5-р блок барилгын цонхны ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажилласан тул Ц- ХХК нь гэрээ цуцлагдсан гэдгийг хангалттай байсан гэдгийг нотолно. Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан шинжилж судлаагүй, хэргийн нөхцөл байдалд хууль зүйн бүрэн үндэслэлтэй дүгнэлтийг хийн хэргийг шийдвэрлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөн гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар Б- ХХК нь гуравдагч этгээдийн хувиар А- ХХК-ийн үүргийг гүйцэтгэсэн гэж огт үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Учир нь Б- ХХК нь ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан хэрнээ ажлын хөлс төлөх үүргээ үл биелүүлэн Ц- ХХК-д төлбөрийг төлөлгүй, хуйвалдаан үүсгэж төлбөрийн үүргээс зайлсхийж байгаа болно. Манай компани нь нэхэмжлэгч талын хийж гүйцэтгэсэн 6-р блок барилгын цонхны ажлын хөлсийг бүрэн олгосон бөгөөд харин 5-р блок барилгад хийгдсэн цонхны ажлын төлбөрийг хариуцах хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц- ХХК нь хариуцагч А- ХХК, Б- ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 239 190 000 төгрөг гаргуулах, 80 м.кв талбай бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргажээ. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгч нь 80 м.кв талбай бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах болон хариуцагч Б- ХХК-д холбогдох шаардлагаасаа тус тус татгалзсан байх бөгөөд хариуцагч А- ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ манай компани нь хариуцагч А- ХХК-тай байгуулсан хуванцар цонх, хаалга угсарч суурилуулах ажил гүйцэтгэх гэрээний үүргийг биелүүлж ажлыг актаар хүлээлгэн өгсөн боловч ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг төлөөгүй гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч А- ХХК эс зөвшөөрч манай компани 6 дугаар блокын ажлыг хүлээн авч хөлсийг төлсөн, харин 5 дугаар блокыг Батмөнх контракшн ХХК-д худалдсан, мөн 5 дугаар блокын ажлыг манай компани хүлээн аваагүй гэх үндэслэл заан татгалзсан байна.

 

Нэхэмжлэгч Ц- ХХК нь хариуцагч А- ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хуванцар цонх, хаалга угсарч суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Ц- ХХК нь Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Арцат апартмент төслийн 5, 6 дугаар блок орон сууцны цонх болон тагтанд гарах хаалтын ажлыг гүйцэтгэх, хариуцагч А- ХХК нь ажлыг хүлээн авч, хөлс төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, хуванцар цонх, хаалга угсарч суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 14-17-р тал/

 

Дээрх гэрээт ажлын нийт төлбөр 510 390 000 төгрөг байх бөгөөд уг төлбөрөөс 65 190 000 төгрөгийг бүх цонх, хаалга үйлдвэрлэж дууссаны дараа буюу 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн дотор гүйцэтгэгчид төлөх, үлдэгдэл 445 200 000 төгрөгт 1 м.кв нь 2 800 000 төгрөгийн үнэ бүхий, 79 м.кв, 80 м.кв хоёр орон сууцыг өгөхөөр тохиролцсон байна. /хх-ийн 14-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан дээрх гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж зөв дүгнэжээ. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг тул талуудын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.

 

Ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч Ц- ХХК нь 6 дугаар блокын ажлыг гүйцэтгэн, хариуцагч А- ХХК-д 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээлгэн өгсөн байх бөгөөд хариуцагч А- ХХК нь ажлын хөлсөнд 30 000 000 төгрөг болон 84 м.кв талбай бүхий орон сууц /2 800 000 х 84 м.кв = 235 200 000/-ыг нэхэмжлэгч Ц- ХХК-д хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбар, цонх, хаалганы гүйцэтгэлийн тайлан, орон сууц захиалгаар барих гэрээ зэргээр тогтоогджээ. /хх-ийн 24-30, 153--р тал/.

 

Хариуцагч А- ХХК нь Б- ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 4-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй бүрэн цутгамал хийцлэл бүхий 5-р блок, 14 800 м * 23 900 м хэмжээтэй зоорийн В1, В2 давхраас дээш 10 давхар буюу нийт 12 давхар бүрэн баригдаж дуусаагүй орон сууцны барилгыг 1 750 000 000 төгрөгөөр худалдсан байна. /хх-ийн 55-56-р тал/.

 

Дээрх худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанаар нэхэмжлэгч Ц- ХХК, хариуцагч А- ХХК-ийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох 5 дугаар блок хариуцагч Б- ХХК-д шилжсэн, улмаар нэхэмжлэгч Ц- ХХК нь 5 дугаар блокын ажлыг гүйцэтгэн, Б- ХХК-д 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээлгэн өгчээ. /хх-ийн 18-23-р тал/

 

Хариуцагч А- ХХК нь 5 дугаар блокыг Б- ХХК-д худалдсанаар нэхэмжлэгч Ц- ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан, тус блокын ажлын хөлсийг Б- ХХК хариуцна гэж тайлбарласан. Гэвч хариуцагч А- ХХК нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах тухайгаа нэхэмжлэгч компанид мэдэгдсэн болон ажил гүйцэтгэх гэрээний хөлс төлөх үүргийг Б- ХХК-д шилжүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч А- ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийн хүрээнд баримтаар нотлоогүй байх тул гэрээ цуцлагдсан гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Түүнчлэн, хариуцагч А- ХХК-иас Б- ХХК-д 5 дугаар блокын дуусаагүй барилгыг шилжүүлэх үед цонх суулгасан байсан нь хэрэгт авагдсан ажлын компьютерийн файл, фото зурагт үзлэг хийж бэхжүүлсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон байна. /хх-ийн 219-229-р тал/. Иймд барилгыг шилжүүлэх үед цонх бүрэн суугдаагүй байсан гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дах хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан. Нэхэмжлэгч Ц- ХХК нь ажлын үр дүнг захиалагч болон захиалагчаас гэрээний зүйлийг шилжүүлэн авсан этгээдэд хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон тул хариуцагч А- ХХК нь мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т зааснаар хөлс төлөх үүрэгтэй юм.

 

Хариуцагч Б- ХХК нь нэхэмжлэгч Ц- ХХК-д 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 15 000 000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 29-ний өдөр 5 000 000 төгрөг, нийт 20 000 000 төгрөг төлсөн байх бөгөөд анхан шатны шүүх хариуцагч Б- ХХК-ийг Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А- ХХК-ийн үүргийг гуравдагч этгээдийн хувиар гүйцэтгэсэн гэж дүгнэснийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Нэхэмжлэгч Ц- ХХК-д хариуцагч А- ХХК-иас 30 000 000 төгрөг, 235 200 000 төгрөгийн үнэ бүхий 84 м.кв орон сууц, хариуцагч Б- ХХК-иас 20 000 000 төгрөг, нийт 285 200 000 төгрөгийн ажлын хөлсийг төлсөн байна. Иймд хариуцагч А- ХХК-иас 225 190 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 14 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1.1-т заасанд тус тус нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч А- ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2021/01056 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А- ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 1 283 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Г.ДАВААДОРЖ