Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2017/0173

 

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2017/0173

Улаанбаатар хот

Г.О-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Г.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Р.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээд Ш Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, түүний өмгөөлөгч Б.Э, гуравдагч этгээд М ХХК-ийн өмгөөлөгч Р.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 904 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд М-О ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлоор Г.О-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 904 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 32 дугаар зүйлийн 32.2.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 74 дүгээр захирамжийг Г.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх шаардлага болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2000 оны 10 дугаар сарын 17-ны Б/62 дугаар захирамжийн Ш Т ХХК-д холбогдох хэсэг, 2007 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 65 дугаар захирамжийн Ш Т ХХК, М-О ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 дугаар захирамжийн Ш Т ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Гуравдагч этгээд М-О ХХК-ийн ерөнхий захирал давж заалдах гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан нарын Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 74 дүгээр захирамжийн Г.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 904 дүгээр шийдвэр нь манай компанийн газар эзэмших эрхийг илт зөрчсөн шийдвэр байх тул туйлын гомдолтой байна. Иймд 2016 оны 11 дүгээр сарын 11-ний 904 дүгээр шийдвэрийн 1 дэх хэсэгт байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 74 дүгээр захирамжийн Г.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу гуравдагч этгээд М-О ХХК-ийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Г.О-ээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 74 дүгээр захирамжийн Г.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2000 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/62 дугаар захирамжийн Ш Т ХХК-д холбогдох хэсэг, 2007 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 65 дугаар захирамжийн Ш Т ХХК, М-О ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 дугаар захирамжийн Ш Т ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Ш Т ХХК болон М-О ХХК-ууд нь хоорондоо газар шилжүүлээд тухайн шилжилтээр газрынхаа талбайг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж байхад Засаг дарга болон газрын албанаас хяналт тавьдаггүй, тус компаниудын газрын хэмжээ нь захирамжаар олгогдсон газраас хоёр дахин их байсаар байтал Г.О-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 379 дүгээр захирамжаар 0.006 га газрыг нэхэмжлэгч Г.О-т анх удаа эзэмшүүлж, уг газрын хэмжээг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 273 дугаар захирамжаар 150 мкв болгож нэмэгдүүлэн эзэмшүүлсэн байна.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас дээрх захирамжуудаа 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 74 дүгээр захирамжаар хүчингүй болгосон үндэслэлээ ... М-О ХХК-ийн эзэмшил газартай давхцуулан газар олгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 273 дугаар захирамжийн Г.О-т холбогдох хэсгийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн хүчингүй болгосон гэж шүүхэд тайлбарлажээ.

Гэтэл нэхэмжлэгч Г.О-ын эзэмшиж байсан газар нь 18635311537321 нэгж талбарын дугаартай 157 мкв хэмжээтэйгээр мэдээллийн санд орсон боловч бодит хэмжээ нь 112 мкв, гуравдагч этгээд М-О ХХК-ийн Ш Т ХХК-аас шилжүүлэн авсан гэх 300 мкв газар нь мэдээллийн санд ороогүй, түүнчлэн Ш Т ХХК-ийн 777 мкв газар нь 18635311607327 нэгж талбарын дугаартай маргаан бүхий газартай давхцалтай байсан газраас М-О ХХК-д шилжүүлсэн 300 мкв газрыг хассанаар уг 18635311596326 нэгж талбарын дугаар бүхий 300 мкв газар нь Г.О-ын хашаа барьж эзэмшиж буй газартай давхцалтай болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн 941 дүгээр захирамжаар томилогдсон шинжээчийн дүгнэлтээр маргаан бүхий газар нь 114 мкв талбайтай, мэдээллийн санд 18635311597321 нэгж талбарын дугаар бүхий 157 мкв хэмжээтэйгээр, М-О ХХК-ийн эзэмшиж байгаа газар нь 1098 мкв талбайтай, мэдээллийн санд 18635311591370 нэгж талбарын дугаар бүхий 792 мкв хэмжээтэйгээр, Ш Т ХХК-ийн эзэмшиж буй газар 1036 мкв талбайтай, мэдээллийн санд 18635311609352 нэгж талбарын дугаар бүхий 520 мкв хэмжээтэйгээр тус тус орсон, улмаар М-О ХХК-ийн эзэмшиж буй 1098 мкв талбайтай газар нь нэхэмжлэгч Г.О-ын 18635311597321 дугаар бүхий 157 мкв газартай 74 мкв талбайгаар давхцаж байгаа талаар дүгнэсэн байна.

Харин Ш Т ХХК-ийн эзэмшиж байгаа 1036 мкв талбайтай газар нь нэгж талбарын 18635311597321 дугаар бүхий 157 мкв талбайтай газар нь иргэн Г.О-ын нэр дээр бүртгэгдсэн газартай байрлалын хувьд давхцалгүй талаар дүгнэж, дээрх нэгж талбаруудыг нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2016 оны зурган мэдээлэл болон ажлын хэсгийн тал дээр хийсэн хэмжилтийн үр дүнг 2014 оны сансрын зурагтай давхцуулан ирүүлжээ.

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, шинжээчийн дүгнэлт болон хэргийн оролцогчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж ... хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь нэхэмжлэгч Г.О-т анх газар эзэмшүүлэхдээ маргаан бүхий газрыг бусдын газартай давхцалгүй гэж үзсэн, өөрөөр хэлбэл Ш Т ХХК-аас М-О ХХК-д шилжүүлсэн газар нь газрын кадастрын мэдээллийн санд ороогүйгээс нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 74 дүгээр захирамжийн Г.О-т холбогдох хэсгийг хүчингүй болсон нь хуульд нийцжээ.

Тодруулбал, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлагыг нэхэмжлэгч Г.О зөрчсөн гэж түүнийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын маргаан бүхий актыг гаргах болсон үндэслэл үгүйсгэгдэж байгаа талаарх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ уг маргаанд хамааралтай хуулийн зүйл заалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй байх тул зохих өөрчлөлт оруулж, гуравдагч этгээд М-О ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 904 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 гэсний дараа 31 дүгээр зүйлийн 31.3 гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд М-О ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                         Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                         С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                         Д.БААТАРХҮҮ