Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2017/0191

 

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2017/0191

Улаанбаатар хот

П.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Ц.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Ц.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, П.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-ын нэхэмжлэлтэй, Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, ахлах дэслэгч П.М-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 25 дугаар зүйлийн 25.3, 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-ын Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв, ахлах дэслэгч П.М-ын шийдвэрлэсэн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 117UBV160615003363 бүртгэлийн дугаар бүхий зөрчилд ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх иргэн П.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-ын нэхэмжлэлтэй Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, ахлах дэслэгч П.М-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг гаргахдаа дараах байдлаар буруу дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна.

Шүүх замын хөдөлгөөнд оролцохтой холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан хэм хэмжээ нь Замын хөдөлгөөний дүрэм болохыг хүлээн зөвшөөрсөн, холбогдох буюу зөрсөн гэх тэмдэглэлийг уг дүрмийн хавсралтаар баталсан. 7.1.тэмдэглэл гэж үзсэн хариуцагчийн тайлбарыг хүлээн авсан атлаа уг дүрмийн хавсралтын Хэвтээ тэмдэглэл гэсэн бүлгийн 24.Замын хөдөлгөөнд тодорхой горим, журам тогтоох зорилгоор зорчих хэсэг буюу түүний хашлага дээр хийсэн шугам, сум, бичлэг зэрэг нь хэвтээ тэмдэглэлд хамаарна. Хэвтээ тэмдэглэлийг дангаар нь буюу тэмдэг, гэрлэн дохиотой хослуулан хэрэглэнэ. Шар өнгийн 7.4, 7.9, 7.17 тэмдэглэлээс бусад хэвтээ тэмдэглэл нь цагаан өнгөтэй байна. гэж заасныг үл хайхран шийдвэрээ гаргасан.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн тайлбарласан болон шүүхээс шийдвэр гаргахдаа баримталсан замын тэмдэглэл болох 7.1 тэмдэглэл нь уг тэмдэглэлийг цагаан өнгөтэй байх ёстой гэж тодорхойлсон Замын хөдөлгөөний дүрмийн заалттай зөрчилдөж байгаа бөгөөд энэ нь зорчих хэсгийн тухайн хэсэгт хийгдсэн байгаа тэмдэглэл нь 7.1 тэмдэглэл бус болохыг харуулж байгаа атал шүүх Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг хэрэглэхдээ тухайн заалтыг бүхэлд нь бус хэсгийг нь үндэслэсэн байгаа нь холбогдох актын заалтыг буруу хэрэглэсэн байна.

Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 5.10 а, б Эгнээнээс явах хөдөлгөөний чиг хэсгийн байрлаж хөдөлгөөний тухайн чиг дэх эгнээний тоог мэдээлэх бөгөөд эгнээ тус бүрээс уг уулзвараар нэвтрэх зөвшөөрсөн чигийг заана, 5.10.б тэмдэг нь эгнээний харалдаа зорчих хэсгийн дээр байрлаж уг эгнээнээс тухайн уулзвараар нэвтрэх зөвшөөрсөн чигийг заана гэж заасан байх тул нэгэнт зам дээр байрлуулсан эгнээнээс явах хөдөлгөөний чигийн дагуу байраа эзэлсэн бол тэр чиглэлд уулзвараар нэвтрэхийг зөвшөөрсөн чигээр нэвтрэх ёстой байжээ гэсэн байх нь зорчих хэсгийн буюу замын тухайн хэсэгт байгаагүй, уг маргаантай холбоогүй тэмдгийн заалтыг дурдсан байх бөгөөд шүүх замын хөдөлгөөний дүрмийн заалтыг буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй заалтыг хэрэглэж шийдвэр гаргасан байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 19 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянахад нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул гомдлыг хангаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.

   Нэхэмжлэгч П.О-ийн нэр дээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсэгт зааснаар замын тэмдэг, тэмдэглэлийн заалт зөрчсөн зөрчил гаргасан нь Замын хөдөлгөөний удирдлагын төвийн авто замын дээр байрлуулсан камерт бичигдсэн хэмээн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх хэмжээний буюу /19200/ төгрөгөөр торгож, зөрчилд ногдуулсан торгуулийн мэдэгдэх хуудсыг түүний хаягаар ирүүлжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нь автомашин жолоодон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт, тодруулбал ХХААХҮЯ-ны урдах уулзвараар баруунаас зүүн тийш чиглэлтэй хөдөлгөөнд оролцож 2 дугаар эгнээгээр зорчиж явсан байх ба Баянзүрх зах руу буюу баруун гар тал руу эргэх хөдөлгөөн хийхдээ 1 дүгээр эгнээ рүү шилжин орсныг тэмдэг, тэмдэглэгээ зөрчсөн гэж үзэж торгууль ногдуулсныг эс зөвшөөрч маргасан нь дараах байдлаар үндэслэлтэй байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно, 4.2 дахь хэсэгт Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална, 4.3 дахь хэсэгт Замын хөдөлгөөний дүрэмд ... замын тэмдэг, тэмдэглэлийн загвар, утга агуулга, тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт, тээврийн хэрэгслийн таних тэмдгийн загвар, хэрэглэх журмыг тусгана, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм-ийн 1.1 дэх хэсэгт Энэ дүрмийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршино. Замын хөдөлгөөнтэй холбоотой бусад хэм хэмжээний актууд нь энэ дүрмийн заалт шаардлагууд дээр үндэслэгдсэн, түүнтэй зөрчилдөхгүй байвал зохино гэж тус тус заасан бөгөөд замын хөдөлгөөний дүрмээр зохицуулагдсан зохицуулалттай зөрчилдсөн хэм хэмжээ тогтоосон актад үндэслэн зөрчил гаргасан хэмээн торгууль ногдуулсан нь үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд үргэлжилсэн шугам бүхий замын тэмдэглэл зөрчсөн хэмээн хяналтын камерт бичигдсэн зорчих хэсэг нь баруунаас зүүн тийш чиглэлтэй 2 эгнээ урсгалтай, 1 дүгээр эгнээ нь нийтийн тээврийн хэрэгсэл зорчих А тэмдэглэлтэй, 1 болон 2 дугаар эгнээг үргэлжилсэн шар өнгийн зураасаар тусгаарласан, уулзварын өмнө явган хүний гарцтай, гарцны дээр эгнээ, чиглэлийг мэдээлсэн тэмдэг байрлуулсан, уулзвар дөнгөж гараад автобусны зогсоолтой, хөдөлгөөний нягтрал ихтэй зам байх бөгөөд тухайн уулзвараар хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгсэл жолоодож буй этгээдээс Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дагуу тухайн зорчих хэсэгт баруун гар тийш эргэхдээ баруун гар тал руу шахаж байр эзэлсэн үйлдэл нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 4/14 дүгээр Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын зарим арга хэмжээ авах тухай тогтоолоор автозамын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийг саадгүй явуулахаар журамласан хэм хэмжээний акттай зөрчилдсөн бодит нөхцөл байдал байгаа нь нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж үзэхэд хүргэсэн байна.

Тодруулбал, тухайн уулзвараар баруун гар тийш эргэхийн тулд хариуцагчийн үзэж байгаагаар 1 дүгээр эгнээнд орохгүйгээр уулзвараар эргэх хөдөлгөөн хийх ёстой хэмээн тайлбарлаж байгаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм-ийн 7 дугаар зүйлийн 7.9-д Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун ... захад байр эзэлсэн байвал зохино гэж заасныг зөрчих нөхцөл байдал үүсгэсэн, мөн зүйлд Хэрэв тухайн эгнээнээс явах хөдөлгөөний чигийг тэмдэг, тэмдэглэлээр заасан байвал уг тэмдэг, тэмдэглэлийн заалтыг баримтална гэж заасан хэдий ч энэ заалтын дагуу 2 дугаар эгнээнээс баруун гар тийш эргэх хөдөлгөөн хийх, эсхүл уулзвараас тодорхой зайд 1 дүгээр эгнээнд орж болох тасархай шугам болон бусад тэмдэг, тэмдэглэлийг тээврийн хэрэгсэл жолоодож буй жолооч нарт ойлгомжтой, тодорхой мэдээлэх байдлаар байршуулж, тэмдэгжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм-ийн 7.9-д заасны дагуу 1 дүгээр эгнээ рүү шилжин баруун гар тийш эргэх хөдөлгөөн хийсэн нэхэмжлэгчийн үйлдлийг зөрчилд тооцож захиргааны шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

Тухайн зөрчил гаргасан гэх уулзвар нь бодит байдал дээр автобусны буудалтай хэт ойр байрладаг, байнга хөдөлгөөний нягтрал ихтэй байдгаас баруунаас зүүн тийш чиглэлийн хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл жолоодож буй жолооч нарын хувьд баруун гар тийш эргэх хөдөлгөөн хийхдээ зайлшгүй 1 дүгээр эгнээнд шилжин байрлаж эргэх үйлдэл хийхгүйгээр уулзварт дөхөж эргэх үйлдэл хийх бодит хөдөлгөөний аюулгүй байдал хангагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, уулзвараар баруун гар тийш эргэхэд тухайн уулзвар гарцаас тодорхой зайд эгнээ байр эзлэх үйлдэл хийхийг хориглож байгаа нь эргэж буй тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын 1 дүгээр эгнээгээр яваа тээврийн хэрэгслийн урдуур эргэх шаардлагатай болсноор Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэгт Замын хөдөлгөөний зохион байгуулалтад түүний аюулгүй байдлын түвшнийг бууруулах байдлаар өөрчлөлт оруулахыг хориглоно гэж заасныг зөрчиж байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм-ийн 1 дүгээр хавсралтаар баталсан замын тэмдэг, тэмдэглэлийн Долоо-д заасан Хэвтээ тэмдэглэлийн 24-т Замын хөдөлгөөнд тодорхой горим, журам тогтоох зорилгоор зорчих хэсэг буюу түүний хашлага дээр хийсэн шугам, сум, бичлэг зэрэг нь хэвтээ тэмдэглэлд хамаарна. Хэвтээ тэмдэглэлийг дангаар нь буюу тэмдэг, гэрлэн дохиотой хослуулан хэрэглэнэ. Шар өнгийн 7.4, 7.9, 7.17 тэмдэглэлээс бусад хэвтээ тэмдэглэл нь цагаан өнгөтэй байна, 7.1-д хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, мөн замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, түүнчлэн зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ, мөн хавсралтын 27-д Зорчих хэсэгт хөдөлгөөний нөхцөл, байдлыг баримжаалахад нь жолоочид туслах зорилгоор ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй тэмдэглэл хийж болно гэж тус тус зааснаас үзэхэд зөрчил гаргасан гэх замын 1 болон 2 дугаар эгнээг цагаан өнгөөр бус шар өнгийн үргэлжилсэн шугамаар тусгаарласан тэмдэглэлийг хязгаарлалт тогтоогоогүй тэмдэглэл гэж үзэх бөгөөд энэ нь тэмдэглэл зөрчсөн зөрчил болохгүй, тухайн зорчих хэсэгт заах, мэдээлэх, нэмэлт зэрэг тэмдэг байршуулаагүй нөхцөлд хөдөлгөөнд оролцогч жолооч нарт шар өнгийн шугамыг давахыг хориглосон зохицуулалт гэж үзэхээргүй байна.

Хариуцагчийн Монгол Улсын стандарт MNS4759:2014 Авто замын тэмдэглэл, техникийн ерөнхий шаардлага-ын 3.7-д чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан эгнээг зорчих хэсгийн бусад эгнээнээс тусгаарлах 1.1 тэмдэглэлийг шар өнгөтэй хийж болно гэх тайлбар нь дээр дурдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм-ийн 1 дүгээр хавсралтаар баталсан замын тэмдэг, тэмдэглэлийн Долоо-д заасан Хэвтээ тэмдэглэлийн 24 болон Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэг хууль тогтоомжид харшилсан үзүүлэлт, шаардлагыг стандартад тусгахгүй байх гэсэн стандартчиллын зарчимтай зөрчилдсөн байна.

Түүнчлэн Зөрчилд ногдуулсан торгуулийн мэдэгдэх хуудас нь Хууль зүйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/188 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Бэлэн бус хэлбэрээр торгууль ногдуулах журам-ын 2.3 дахь хэсэгт Эзэмшигчийн хаягаар хүргүүлэх торгуулийн мэдэгдэх хуудсанд гаргасан зөрчлийг баримтжуулсан зургийг оруулан өнгөтөөр хэвлэх бөгөөд дараах мэдээллийг агуулсан байна, мөн зүйлийн 2.3.2-т ...зөрчигдсөн хууль, тогтоомжийн заалт, 2.3.3-т зөрчлийн эхэлсэн, үргэлжилсэн, дууссан хугацааг харуулсан зураг, 2.3.5-т зөвхөн жолоочийн урдаас харуулсан зураг, 2.3.7-д зөрчлийг шийдвэрлэсэн байгууллага, албан тушаалтны нэр, гарын үсэг, тэмдэг зэрэг мэдээллийг бүрэн гүйцэт агуулаагүй, зөрчил баталгаажуулсан зургийг өнгөтөөр хэвлэхээр заасан заалтыг зөрчсөн, журамд заасан шаардлага хангаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                        1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.3, 20 дугаар зүйлийн 20.6, 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Зөрчилд торгууль ногдуулсан 1176UBV160615003363 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.              

                        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргаж, буцаан олгосугай.

                        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                               С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                               Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                               Д.БААТАРХҮҮ