Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 278

 

 

 

 

 

 

 

 

 

                                        

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

улсын яллагч Ч.Батбаяр,

шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Хт холбогдох эрүүгийн 2017 2501 0666 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1960 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн,  эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,

-Улаанбаатар хотын шүүхийн 1976 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 12 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, үүнээс 3 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, 3 жилийн хугацаагаар хорих ялыг биеэр эдлүүлсэн,

-Улаанбаатар хотын Сүхбаатарын районы ардын шүүхийн 1977 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 139 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

-Барилгын цэргийн тусгай шүүхийн 1981 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 178 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 200 дугаар зүйлийн А-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

-Барилгын цэргийн тусгай шүүхийн 1982 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн

151 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 200 дугаар зүйлийн А-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

-Улаанбаатар хотын Сүхбаатарын районы ардын 1984 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 92 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 2 жил нутаг заан суулгаж, 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,  

-Улаанбаатар хотын гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1988 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 63 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

-Улаанбаатар хотын шүүхийн 1990 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 73 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйл, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 2, 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 409 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 54 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

-Хан-Уул дүүргийн шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

-Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 293 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 346 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

-Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хорих ялаар шийтгүүлж, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдон, 2008 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 85 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 жил 11 сар 19 хоногийн хорих ялаас чөлөөлөгдөж, онц аюултай гэмт хэрэгтэнээр тооцогдсоныг хүчингүй болгосон,  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Д_Х

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Х нь давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 5 дугаар хэсгийн 83 дугаар гудамжны 2402 тоотод оршин суух иргэн Б.Мөнхзаяагийн гэрээс “Aйсер” маркийн иж бүрэн компьютер хулгайлж 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цээний 2 дугаар гудамжны 43 тоотод оршин суух иргэн Ш.Баярмаагийн гэрээс монетин гинж, “Самсунг Эс-2” маркийн гар утас, пүүз, архи, аяга зэрэг эд зүйл хулгайлж 641.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Х мэдүүлэхдээ: “…2017 оны 2 дугаар сарын 16-ны, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн уг гэмт хэргүүдийг би хийгээгүй гэж хэлээгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугаа ч хүлээн зөвшөөрч байна. Харин хавтаст хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцаамаар байна. Яагаад ийм санал, хүсэлт гаргаж байгаа юм бэ гэхээр яг хэлэх гэж байсан юмаа цаасан дээр бичиж ирсэн болохоор унших гэхээр харахгүй байна. Бичсэн хүсэлтээ одоо шүүхэд өгье. 2017 оны 2 дугаар сарын 16-ны хэрэг дээр би баригдаад “Шархад”-ны цагдаагийн хэлтэс дээр ирээд зогсож байхад хохирогчийг байцааж байсан байцаагч илт дарамтлаж шахаж байцаалт авч байсан. Чи яагаад юмаа алдчихаад гомдол саналгүй гэдэг юм гэж тулгаж байсан. Намайг 12 удаагийн ял шийтгэл эдлэж байсныг байцаагч нар нь бүгд мэдэж байсан. Намайг шалгаж байсан Маргад байцаагч ч мэдэж байсан. Эрүүгийн төлөөлөгч нар ч мэдэж байсан. “Та бол 30 гаран жил шоронд суусан архаг хулгайч, та гадуур ямар ямар хүн ямар гэмт хэрэг үйлдсэн, та хаана гэмт хэрэг үйлдсэн талаараа хэл, 7 дугаар сард тэгшитгэл болно та үүнийг мэдэж байгаа, тэгшитгэл болохоос өмнө хаана хэн хулгай хийж байгаа талаар хэлвэл энэ хэргийг чинь хаагаад өгье, прокурортой чинь ярилцъя” гэж байсан. Намайг энэ маягаар 4 сар байцаасан. Би баригдаад 9 дүгээр сард хүнд зодуулчихаад цагдаа дээр очсон. Намайг очиход Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр эрэн сурвалжлагдаж байгаа юм байна гээд барьсан. Намайг хүнд зодуулсан байхыг харсаар байж ганц худагт авч явж хийхдээ “чи дахин шоронгоос гарахгүй, чамайг урьдны байцаагч нь гаргаж байсан бол би үхүүлж байж шоронгоос гаргана” гэж дарамтлаж байсан.  Би зөвхөн энэ хоёр хэрэг дээр мөрдөнд 5 сар 15 хоног сууж байна. 5 сар 15 хоног мөрдөнд суухдаа эм уусаар байгаад сүүлдээ хоолоо ч идэж чадахаа байлаа. Жавжаар шүлс гойжоод, зүүн нүд хараагүй болсон. Би мөрдөн байцаагч нарыг дахин шалгуулмаар байна. Би хийсэн 2 хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд миний эрх ашиг зөрчигдсөн учраас энэ талаар шалгуулмаар байна.” гэв. 

 

Мөн мөрдөн байцаалтад эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-6/, хохирогч Б.Мөнхзаяагийн өгсөн мэдүүлэг /хх-13-14/, эд зүйлийн үнэлгээ /хх-15/, шүүгдэгч Д.Хийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-40-44, 93-94/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-45/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-46/, Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-60/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-64-66/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-67-68/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-71/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-72/, хохирогч Ж.Баярмаагийн өгсөн мэдүүлэг /хх-74-75/, гэрч Д.Олягийн мэдүүлэг /хх-76-77/, эд зүйлийн үнэлгээ /хх-95/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Хийн үйлдсэн гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулан тодорхойлогдож байна.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт “…эд хөрөнгө хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байх бөгөөд 2015 онд шинэчилэн найруулж 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт “…хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.

 

2015 онд шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид “хулгайлах” гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн “давтан үйлдлээр орон байранд нэвтэрч” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр шинжээр нь шүүгдэгчийг яллах нь эрх зүйн байдлыг нь дордуулахаар байгаа хэдий ч 2002 оны Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт оногдуулах ял, эрүүгийн хариуцлага нь 2015 оны шинэчлэн найруулж 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуульд “хулгайлах” гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл, агуулга  хүндэрч орсон байх тул шүүгдэгч Д.Хийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэв. Энэ нь шүүгдэгчийн эрх байдлыг дээрдүүлсэн гэж үзлээ.

 

Учир нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

 

Мөн 2015 онд шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-д “….үйлдэл, эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тодорхойлж өгчээ.

 

Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Нэгдсэн Үндэстний байгууллагын ивээл дор 1966 онд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчим байдаг.

 

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод

 гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрхзүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

 

Иймд шүүгдэгч Д.Х бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Х нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудад үндэслэгдэж байна. Үүнд:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Мөнхзаяагийн өгсөн: “2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр нөхөр хүүхдийн хамтаар гэрээсээ 11 цаг 30 минутын үед гараад хорооны өрхийн эмнэлэг ороод 30 минутын дараа буцаад гэртээ иртэл манай гэрийн хаалга дэлгээтэй онгорхой байхаар нь дотор нь орсон чинь манай гэрийн хойморт байдаг “Aйсер” брэндийн компьютер иж бүрдлээрээ байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгөөд өөрсдөө гудамжаар гараад хайж байтал манай гэрт байдаг цэнхэр өнгийн даавуун уутыг нэг хүн үүрээд явж байхаар нь очоод хартал дотор манай компьютерийн иж бүрдэл байсан. Тэгээд тэр хүнийг барьж аваад цагдаад өгсөн. 50-60 орчим насны намхан бөгтөр хар бараан хувцастай саравчтай малгайтай эрэгтэй хүн байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Алдсан эд зүйлсээ тухайн үед бүгдийг нь бүрэн бүтэн хүлээж авсан.” /хх-13-14/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Баярмаагийн өгсөн: “Би 2017 оны 5 дугаар сарын 18-ны өглөө гэрээсээ 9 цаг өнгөрч байхад гараад явсан. Харин манай хүүхдүүд бүгдээрээ хичээлтэй учир өглөөний 06 цаг 40 минутын үед автобусанд суугаад явчихдаг юм. Тэгээд намайг ажил дээрээ буюу “Нарантуул” зах дээр байж байтал манай хажуу айлын эмээ Д.Оля гэгч нь надтай утсаар холбогдож “танай гэрт хулгай орчихлоо, чи хурдан хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд би сандраад маш хурдан такси хөлсөлөөд гэртээ иртэл манай гэрийн гадаа цагдаа нар ирчихсэн хажуу ойр хавийн хүмүүс манай тэнд шавчихсан хараад байж байсан. Тэгээд цагдаа нартай цуг цагдаагийн газар ирээд мэдүүлэг өгөөд манай гэрээс алдагдсан эд зүйлсийг хүлээж аваад гэртээ харьсан юм. Манай гэрээс гар утас, гар утасны гэрэн дотор байсан монет нь гинж, пүүз, 2 шил архи, 6 ширхэг шаазан аяга зэрэг эд зүйлс алдагдсан” /хх-74-75/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Олягийн өгсөн: “2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 11 цаг 42 минутын үед манай хөрш айлаас нэг зүс үл таних 60-аад насны эрэгтэй хүн гараад ирсэн юм. Тэгэхээр нь надад сэжиг төрөөд “хөөе чи юун хүн бэ” гэхэд тэр эрэгтэй хүн гүйгээд явчихсан. Тэгэхээр нь би бушуухан хөрш айлын хашаа руу ороход цоож нь эвдэрчихсэн байдалтай байсан орж шагайж үзтэл авдар нь онгойчихсон байдалтай байсан. Тэгэхээр нь буцаж сандарч гүйж гараад “хулгайчийг бариад аваарай, хулгайч явж байна” гэж орилоод нөгөө хүний араас гүйсэн. Тэгтэл манай тэр хавийн хүмүүс хөгшин залуугүй араас нь хөөсөөр байгаад бариад авсан. Тэгээд тэр хүнийг бид нар манай хороон байцаагч Даваадоржид хүлээлгэн өгсөн. Чухам тэр хүнийг юу юу хулгайлаад явж байсныг сайн мэдэхгүй байна. Тэр хүн хавтгай жижиг хар өнгийн цүнх үүрчихсэн байсан. Тэгээд бас хар өнгийн жижгэвтэр цүнх гартаа барьчихсан байсан. Ямар ч байсан залуу хүн байгаагүй. Хөгшин сүүвийсэн туранхай эрэгтэй хүн байсан. Ямар ч байсан зураг үзүүлэх юм бол тэр хүнийг таньж хэлээд өгөх байх” /хх-76-77/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Хийн яллагдагчаар өгсөн: “…Миний нүд өвдөөд эмнэлэгт үзүүлэх мөнгөгүй байсан тул хэдэн төгрөг ольё гээд гарсан. Тэгээд автобусанд суугаад Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбуланд буугаад хойшоо нилээн алхаж байгаад жалга өнгөрөөд шар төмөр хаалгатай банзан хашаа байхаар нь завсраар нь харахад монгол гэртэй үүдний амбаар нь цоожтой байхаар нь давж ороод алхаар цоожийг нь цохиж гэрт нь ортол баруун хойд талд компьютер байхаар нь орон дээр байсан даавуун цэнхэр билүү цагаан өнгийн уутанд хийгээд аваад гарсан. Тэгээд уг хашаанааас гараад 200 орчим метр газар явж байхад араас эзэн нь хүрч ирээд намайг барьж аваад цагдаа дуудсан.”

 

Мөн түүний дахин өгсөн: “...Би тэр шар өнгийн гинжийг хулгайлаагүй. Тэр гинж миний хулгайлсан эд зүйлс дотор байсан гар утасны гэрэнд байсан гэж яриад байгаа юм. Би тэрийг л ойлгохгүй байна. Бусад эд зүйлс миний хулгайлсан эд зүйлс мөн байна.” /хх-40-41, 93-94/ гэх мэдүүлэг,

 

-Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-6/,

-Эд зүйлийн үнэлгээ /хх-15, 95/,

-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-45/,

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-46/,

-Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-60/,

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-64-66/,

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх-67-68/,

-Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-71/,

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-72/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Д.Х нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Мөн шүүгдэгч Д.Х нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байх хугацаанд буюу 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрүүдэд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдсэн байна.

 

Иймд шүүгдэгч Д.Хт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд зааснаар 58.1-д зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулах эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 4 жил 3 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12-д “…шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан буюу ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдал тооцлоо.

 

Хохирогч Б.Мөнхзаяа, Ш.Баярмаа нар гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Д.Хийн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлыг арилсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүний эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгч Д.Хийн цагдан хоригдсон 167 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид хувьд ноогдох хөрөнгөгүй, орлогогүй зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулахдаа эд хөрөнгө хураах шаардлагагүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Дийн Х нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Хийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

               

            3. Д.Хт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд

зааснаар 58.1-д зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулах эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр нийт 4 жил 3 сарын хугацаагаар тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.Хт оногдуулсан 4 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Хийн цагдан хоригдсон 167 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Д.Х нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

 7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Д.Хт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Хт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                     Э.ЧИНГИС