Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 399

 

    Д.Х-т холбогдох эрүүгийн

                                                                             хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Э.Ундраххэрлэн,

шүүгдэгч Д.Х-,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 278 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Д.Х-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 201725010666 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Боржигон овогт Д-гийн Х-, 1960 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүрэгт оршин суух,

            -  Улаанбаатар хотын шүүхийн 1976 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 12 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, үүнээс 3 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, 3 жилийн хорих ялыг биеэр эдлүүлсэн,

            - Улаанбаатар хотын Сүхбаатарын районы ардын шүүхийн 1977 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 139 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

            - Барилгын цэргийн тусгай шүүхийн 1981 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 178 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 200 дугаар зүйлийн А-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

            - Барилгын цэргийн тусгай шүүхийн 1982 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 151 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 200 дугаар зүйлийн А-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

            - Улаанбаатар хотын Сүхбаатарын районы ардын шүүхийн 1984 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 92 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 2 жил нутаг заан суулгаж, 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

            - Улаанбаатар хотын гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1988 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 63 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

            - Улаанбаатар хотын шүүхийн 1990 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 73 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйл, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 2, 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 8 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

            - Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 409 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 54 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            - Хан-Уул дүүргийн шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

             -  Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 293 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 346 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            -  Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хорих ялаар шийтгүүлж, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдон, 2008 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 85 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 жил 11 сар 19 хоногийн хорих ялаас чөлөөлөгдөж, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсоныг хүчингүй болгосон,

            - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан /РД:/,

            Д.Х- нь давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 5 дугаар хэсгийн 83 дугаар гудамжны 2402 тоотод оршин суух иргэн Б.Мөнхзаяагийн гэрээс “Acer” загварын иж бүрэн компьютерийг хулгайлж 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

            мөн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээний 2 дугаар гудамжны 43 тоотод оршин суух иргэн Ш.Баярмаагийн гэрээс монетон гинж, “Samsung S-2” загварын гар утас, пүүз, архи, аяга зэрэг эд зүйлсийг хулгайлж, 641.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Х-ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Х-ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 4 жил 3 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Д.Х-ийн цагдан хоригдсон 167 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Д.Х- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Д.Х- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие нүдний болон үе мөчний архаг үрэвсэл өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдаж, группэд орсон. Засгийн газрын тогтоол гарснаар би группээс хасагдаж, амьдрах нөхцөл маань хүнд болсон... үүнээс хойш зүүн нүдэндээ мэс ажилбар хийлгэх шаардлага тулгарч, мөнгөний хэрэгцээ гарсан юм. Иймээс хорвоог харах нүдтэй болохын тулд хулгай хийх санаа бодол төрөөд 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр иргэн Мөнхзаяагийн гэрээс эд зүйл хулгайлж яваад баригдсан... хохирогч Мөнхзаяа хэлэхдээ “Миний хуучин эд зүйлс 200.000 төгрөг болох байх” гэж хэлэхэд байцаагч түүнийг загнаж “Чи хулгайчид юмаа алдчихаад юунд гомдолгүй гээд байгаа юм, хохирлын хэмжээгээ 240.000 төгрөгөөс дээш болго” гэж байсан... мөрдөгч, прокурорын зүгээс намайг “олон жил шоронд суусан хүн, эрүүгийн бүх гэмт хэрэгтэнг таньж байгаа, одоо хэн, хаана, ямар гэмт хэрэг үйлдсэн талаар мэдээлэл өг, тэгвэл энэ хэргийг чинь хаана” гэх зэргээр дарамталж, заналхийлсэн үйлдэл гаргаж байсан... дараа нь би хуулийн тэгшитгэлийн талаар олж мэдээд дахин хулгай хийх бодол төрсөн. Ингээд 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр иргэн Баярмагнайгийн гэрээс эд зүйл хулгайлж яваад баригдсан. Хулгайлсан эд зүйл нь дандаа гар утас, архи, аяга, пүүз зэрэг байсан. Гэтэл байцаагч хаанаас ч юм монетон гинж гаргаж ирсэн. Би гинж аваагүй талаар олон удаа хэлж ярьсан боловч байцаагч “Та айх явдалгүй, гинж байсан, байгаагүй яг адил, танд ямарч гай болохгүй” гэж хэлээд монетон гинжийг хохирлын үнэлгээнд оруулж тооцсон... мөн би өмгөөлөгч Эрдэнэболортой ямарч гэрээ хийгээгүй, түүнийг авах хүсэлт гаргаагүй. Прокурор Ч.Батбаяр нь “Би танд сайн өмгөөлөгч авч өгсөн” гэж хэлсэн. 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны өмнө өмгөөлөгч Эрдэнэболор нь надтай ирж уулзаад “Та надаас татгалзах хэрэгтэй байна, би таныг өмгөөлөх хууль зүйн мэдлэггүй” гэж хэлсэн. Би шүүх хуралдаанд энэ талаар ярьсан боловч шүүгч авч хэлэлцээгүй юм. Гэтэл өмгөөлөгч Эрдэнэболор нь миний дүү Өлзийдэлгэрээс 300.000 төгрөг нэхэж загнаад “Мөнгө өгвөл ахын чинь ялаас хасагдах болно” гэж хэлсэн байсан. Үүнээс үзэхэд байцаагч, прокурор нарын хууль бус үйдлийг хамгаалах гэсэн арга заль байсан юм болов уу гэж бодож байна. Миний хувьд ял хүндэдсэн, хууль буруу хэрэглэсэн гэж ярьж байгаа зүйл огт байхгүй. Харин байцаагч, прокурор нар нь хууль зөрчиж худал явдлыг үнэн болгож, үнэн явдлыг худал болгож хэргийг үнэн зөвөөр шалгаж тогтоогоогүйд гомдолтой байна. Иймд хэргийг мөрдөн байцаалтаас эхлэн үнэн зөвөөр шалгаж өгөхийг хүсье...” гэв.       

Прокурор Э.Ундраххэрлэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Х-ийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгч Д.Х- нь мөрдөгч, прокурор нар хууль зөрчсөн ажиллагаа явуулж, миний эрх ашгийг зөрчсөн гэж ярьж байна. Тэрээр энэ талаарх гомдлоо эрх бүхий байгууллагад гаргах эрх нь нээлттэй байгаа. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв. 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Д.Х- нь бусдын орон байранд нэвтэрч 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 5 дугаар хэсгийн 83 дугаар гудамжны 2402 тоотод оршин суух иргэн Б.Мөнхзаяагийн гэрээс “Acer” загварын иж бүрэн компьютерийг хулгайлж 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээний 2 дугаар гудамжны 43 тоотод оршин суух иргэн Ш.Баярмаагийн гэрээс монетон гинж, “Samsung S-2” загварын гар утас, пүүз, архи, аяга зэрэг эд зүйлсийг хулгайлж, 641.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

- хохирогч Б.Мөнхзаяагийн “...2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 11 цаг 30 минутын үед нөхөр хүүхдийн хамт гэрээсээ гараад ... 30 минутын дараа буцаад ирэхэд манай гэрийн хаалга онгорхой байхаар нь дотогш ортол “Acer” загварын иж бүрэн компьютер алга болсон байсан. Ингээд цагдаад дуудлага өгч, өөрсдөө гудамжаар хайгаад явж байтал манай гэрт байдаг цэнхэр өнгийн даавуун уутыг нэг хүн үүрээд явж байхаар нь очоод хартал дотор нь манай компьютерийн иж бүрдэл байсан. Тэр хүн 50-60 орчим насны намхан бөгтөр нуруутай, хар бараан өнгийн хувцастай, саравчтай малгайтай эрэгтэй байсан ба түүнийг барьж аваад цагдаад хүлээлгэн өгсөн. Алдсан эд зүйлсээ тухайн үед бүрэн бүтэн хүлээж авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 13-14/,

- хохирогч Ж.Баярмаагийн “...2017 оны 5 дугаар сарын 18-ны өглөө 09 цаг өнгөрч байхад гэрээсээ гарсан... намайг ажил дээрээ байж байхад манай хажууд айлын эмээ Д.Оля  надтай утсаар холбогдож “Танай гэрт хулгай орчихлоо, чи хурдан хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд би гэртээ иртэл манай гэрийн гадаа цагдаа нар ирчихсэн байсан... цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгөөд алдагдсан эд зүйлс болох гар утас, монетон гинж, пүүз, 2 шил архи, 6 ширхэг шаазан аяга зэргийг хүлээж авсан...” /хх-ийн 74-75/,

- гэрч Д.Олягийн “...2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 11 цаг 42 минутын үед манай хөрш айлаас үл таних 60 орчим насны эрэгтэй хүн гараад ирсэн. Тэгэхээр нь надад сэжиг төрөөд “Хөөе юун хүн бэ” гэхэд тэр эрэгтэй гүйгээд явчихсан... хөрш айлын хашаа руу ороход цоож нь эвдэрчихсэн байдалтай ... дотогш шагайж үзэхэд авдар нь онгойчихсон байсан... Тэгэхээр нь буцаж гарч гүйгээд “Хулгайчийг бариад аваарай” гэж орилоод нөгөө хүний араас гүйсэн. Тэгтэл тэр хавийн хүмүүс араас нь хөөсөөр байгаад барьж авсан. Тэгээд тэр хүнийг хорооны байцаагчид хүлээлгэн өгсөн...” /хх-ийн 76-77/ гэсэн мэдүүлгүүд,

- мөн дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч Д.Х-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн /хх-ийн 40-41, 93-94, 183/ мэдүүлгүүд,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 64-68/, алдагдсан эд зүйлсийг хураан авч, хохирогч нарт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 6, 71-72/, алдагдсан эд зүйлд үнэлгээ хийсэн тухай баримт /хх-ийн 15, 95/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан байна.

Түүнчлэн мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Д.Х-ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэн бага бус хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Д.Х-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд энэ хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заажээ.

Буцаан хэрэглэгдэх болсон хөнгөн хууль гэдэг нь гэмт хэргийн шинж, онцлогийг тодорхойлж буй нөхцлийн бүрдэл, ял шийтгэлийн төрөл, хэмжээнд орж буй өөрчлөлтийг ойлгохоос гадна, хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг ... орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан ... бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, харин 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “Энэ гэмт хэргийг ... хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч ... үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус хуульчилснаас үзэхэд 2015 оны Эрүүгийн хуулиар энэ гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ нэмэгдсэн байна.

Дээрх байдлыг үндэслэн анхан шатны шүүх Д.Х-т холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон хэдий ч ийнхүү зүйлчлэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг журамлах байтал Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг баримталсан нь үндэслэлгүй болжээ.

Нөгөөтэйгүүр 2015 оны Эрүүгийн хуулиар “давтан үйлдэл” гэх хууль зүйн үр дагавар үүсгэсэн зохицуулалтыг халсан тул энэхүү шинжээр хүндрүүлэн шүүгдэгч Д.Х-ийг гэм буруутайд тооцох нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим, үзэл баримтлалд нийцэхгүй юм.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Х-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн 2 жил 3 сарын хорих ялыг бүгдийг нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 4 жил 3 сарын хугацаагаар тогтоосныг буруутгах үндэслэлгүй байна.

Гэвч давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Х-ийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан, түүнд сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн 2 жил 3 сарын хорих ялын зарим болох 1 жил 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 3 жил 3 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Д.Х-ийн “...хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа дахин явуулах...” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Түүнчлэн шүүгдэгч Д.Х- нь мөрдөгч, прокурорын хууль бус ажиллагааны улмаас өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн талаарх гомдлоо эрх бүхий байгууллагад гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдвал зохино.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 278 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 1 дэх заалтад “Шүүгдэгч Боржигон овогт Дашийн Х- нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Боржигон овогт Дашийн Х-ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,   

- 2 дахь заалтад “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Х-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Д.Х-ийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

- 3 дахь заалтад “Д.Х-т 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулах эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр нийт 4 жил 3 сарын хугацаагаар тогтоосугай.” гэснийг “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Д.Х-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял дээр 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 1 жил 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 3 сарын хугацаагаар хорихоор тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Х-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОЧ

                                 ШҮҮГЧИД                                                   Д.ОЮУНЧУЛУУН

                                                                                                     Н.БАТСАЙХАН