Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 197

 

Ж.Ж, Б.Э нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг, шүүгдэгч Ж.Ж-ийн өмгөөлөгч Ш.Отгонбаяр, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 742 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 170 дугаар магадлалтай, 1706015800103 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.Ж-ийн өмгөөлөгч Ш.Отгонбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын инженер мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Ж-ийн Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан “Бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Н овогт Б-ын Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 1.8-д заасныг баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Ж.Ж-ийг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 1 жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Ж, Б.Э нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ж.Ж-ийн өмгөөлөгч Ш.Отгонбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т “Анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол тухайн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах” шийдвэр гаргана гэж заажээ. Уг хуульд “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах" шийдвэр гаргах эрх олгогдоогүй юм. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалдаа “Ж.Ж, Б.Э нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэсэн бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамаарал бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийн тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Хэргийг урьдчилсан хэлэлцүүлэгт шилжүүлснээр талуудын хүсэлт, гомдлоор эсхүл шүүгч өөрийн санаачлагаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг ажиллагаа хийгдсэнээр шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордож болзошгүй нөхцөл байдалд хүргэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө өгнө үү” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Г.Алтанчимэг хэлсэн саналдаа “Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ шүүгдэгч Ж.Ж-ийг Ц.Э-тай бүлэглэсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шилжүүлсэн. Прокурорын зүгээс Ц.Э-д холбогдох хэргийг тусгаарласан. Эрүүгийн хуульд яллагдагчаар татагдсан тохиолдолд хэргийг тусгаарлана гэж заасан байдаг. Гэтэл улсын яллагчийн зүгээс Ц.Э-д яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулаагүйгээс гадна тийм тогтоол гаргаагүй, зөвхөн Ц.Э-д холбогдох хэргийг Ж.Ж, Б.Э нарын хэргээс л тусгаарлаж процессын алдаа гаргасан бөгөөд прокурор хэргийг тусгаарласан үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй. Анхан шатны шүүх хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн. Өмгөөлөгч Ш.Отгонбаярын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хэвээр үлдээгээд бусад заалтыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд прокурор Х.Батчимэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй байна. Учир нь энэ хэрэгт Б.Э-ыг Ж.Ж нь Ц.Э-тай бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж прокурор дүгнээд Ц.Э-д холбогдох хэргийг тусгаарласан байдаг. Гэхдээ хэргийг тусгаарласан тогтоолд яагаад тусгаарлах болсон үндэслэлийг дурдаагүй нь хуулийг зөрчсөн зөрчил болжээ. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэхэд саад болохооргүй бол тусгаарлах ёстой бөгөөд Ж.Ж нь энэ хэрэгт Ц.Э оролцоогүй гэж, харин Ц.Э нь би зодоогүй гэж мэдүүлсээр байхад тусгаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Отгонбаярын гаргасан гомдлыг үндэслэн Ж.Ж, Б.Э нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Ж, Б.Э нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцсэн үндэслэл бүхий байна.

Баянзүрх дүүргийн прокуророос шүүгдэгч Ж.Ж-ийг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд хэрэгт Ж.Ж-той бүлэглэсэн гэх Ц.Э-ы үйлдэл, оролцоо, энэ хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тогтоосон талаарх нотлох баримт авагдаагүй байхад түүнийг бүлэглэсэн гэж хүндрүүлэн зүйлчлэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэх үүднээс Ж.Ж, Ц.Э нарын тус бүрийн үйлдэл, оролцоог хамтад нь шалгаж тогтоосны дараа бүлэглэсэн эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Отгонбаярын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 170 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Отгонбаярын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

                       

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          С.БАТДЭЛГЭР

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН