| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 183/2020/04343/И |
| Дугаар | 210/МА2021/01172 |
| Огноо | 2021-07-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2021/01172
А- ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2021/01085 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А- ХХК-ийн хариуцагч Г.Б-, И- ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 136 971 401.37 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Г.Баттулгын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, хариуцагч Г.итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, түүний өмгөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б- нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр манай байгууллагатай ЗГ190398 дугаар үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээг байгуулж, 80 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээл олгохдоо И- ХХК-ийн Төв аймаг, Сэргэлэн сум, 4 дүгээр баг, Эрдэнэ-Уул, Номун далай, а бүс гудамж, 3б тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-1419000227 дугаарт бүртгэлтэй, 100.4 мкв талбайтай хувийн сууц гаражийн зориулалттай, 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, мөн газарт байрлах нэгж талбарын 1864027318885 дугаар, 19 га талбайтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай эзэмших газрыг барьцаалсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Г.Б-ас үндсэн зээл 80 000 000 төгрөг, зээлийн хүү 56 080 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 891 401.37 төгрөг, нийт 136 971 401.37 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч И- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И- ХХК нь 2019 оны 01 дүгээр сараас эхлэн Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг Эрдэнэ-Уул, Номун далай А бүс гудамжны 3Б тоот хаягт байрлалтай, 19 га газар дээр Нью пирл таун хэмээх таун хаус болон сингл хаусаас бүрдэх бүрэн хэмжээний цогцолборын төслийн ажлыг эхлүүлсэн. Тухайн үед төслийг хэрэгжүүлж эхлээд зам болон зарим хаусыг барих явцад төслийн хөрөнгө тасалдсаны улмаас танил ах Г.Б-д хандсан. Г.Б- нь танайд хөрөнгө оруулалт аваад өгье, чи газраа барьцаалаад надад зээл аваад өгчих гэж хэлсэн. Тухайн үед уг барилгын ажлыг нэн яаралтай үргэлжлүүлэх шаардлага байсан учраас Г.Б-д этгээд өөрийн өмчлөлийн 19 га газрыг А- ХХК-д барьцаалсан. Г.Б- нь дээрх зээл авах ажиллагаа амжилттай бүтсэний дараа зээлийн 80 000 000 төгрөгийг аваад түүнээс хойш И- ХХК-ийн захирал Б.Б-тай холбоо барихгүй, ор сураггүй алга болсон. Үүнээс хойш манай компанийн төслийн ажил зогсонги байдалд орж маш их алдагдал хүлээсэн. Б.Б- нь энэ асуудлаар Төв аймгийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан бөгөөд Г.Б- нь залилангийн хэргээр шалгагдаж байгаа. Уг зээлийн гэрээний мөнгөнөөс И- ХХК болон захирал Б.Б- нь нэг ч төгрөг аваагүй учраас нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагад дурдагдсан 136 971 401.37 төгрөгийг И- ХХК-иас гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь үндэслэлгүй байна гэжээ.
Хариуцагч Г.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие И- ХХК-ийн захирал Б.Б-тай эртний найз нөхөд, ах дүүсийн холбоотой бөгөөд 2019 оны эхээр Б.Б- нь надад хандаж тус И- ХХК-ийн зээмшлийн Төв аймаг, Сэргэлэн сум, 4 баг, Эрдэнэ уул номуун далай А бүс гудамж 3б тоот хаягт байрлах 19 га газар 100.4 мкв 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Улмаар би найз нөхдийн холбоогоо бодолцон туслахаар болж А- ХХК-тай холбож өгсөн. Тус компани нь иргэд болон аж ахуйн нэгжүүдийн зээл олгох журмынхаа дагуу зээлийг нь судалж байх явцад тус И- ХХК-ийн захирал Б.Б- нь урьд нь банк банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч байсан бөгөөд зээл олгосон байгууллагатай байгуулсан зохих гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлээгүйн улмаас найдваргүй зээлдэгч ангилалд хамаарагдан дахин зээл хүсэх боломжгүй нөхцөлд хүрсэн байсан. Ингээд захирал Б.Б- надад хоёулаа энэ зээлийг аваад хамтарч бизнес хийе, та үндсэн зээлдэгчээр зээлийн гэрээ байгуулаад зээлийг гаргуулаад өгчих, би компанийн эзэмшлийн хөрөнгийг барьцаалъя гэсэн санал тавьсан. Ингээд И- ХХК-ийн захирал Б.Б- бид хоёр харилцан тохиролцсоноор тус компаниас дээрх компанийн эзэмшлийн 19 га газар, 100.4 м.кв, 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан 80 000 000 төгрөгийн зээл авсан байдаг. Тус зээлийн үнийн дүн болох 80 000 000 төгрөгийг И- ХХК-ийн захирал Б.Б-д би бүхлээр нь хүлээлгэн өгсөн ба зээлийн мөнгөний зарцуулалтанд миний бие ямар ч үүрэгтэй оролцоогүй, бидний тохиролцсоноор хийгдэх байсан хамтын бизнес огт хэрэгжээгүй тул тус компаниас авсан зээл болон зээлийн хүү, алдангийг би төлөх үүрэггүй болно. Иймд тус хэрэгт миний бие хариуцагчаар оролцох үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Б-ас зээлийн гэрээний үүрэгт 136 971 401.37 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А- ХХК-д олгож, хариуцагч И- ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Б- нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл зээлийн барьцааны гэрээнд заасан И- ХХК-ийн өмчлөлийн, Төв аймаг, Сэргэлэн сум, 4 баг, Эрдэнэ-Уул номун далай А бүс, 3б тоот хаягт байрлах, 100.4 мкв талбай бүхий Г-000421734 улсын бүртгэлийн дугаартай, хувийн сууцны 30 хувийн гүйцэтгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө, мөн газарт байрлах 19 га газраас үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 032 417 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-ас улсын тэмдэгтийн хураамжинд 1 032 417 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А- ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагч Г.Баттулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагч Г.Баттулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч надад мэдэгдээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1, 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэж шүүхийн мэдэгдэх хуудас явуулсан баримт төдийгүй, шүүх хуралдааны тов мэдэгдэж гарын үсэг зуруулсан баримт байхгүй. Түүнчлэн И- ХХК-ийн гаргасан хариу тайлбар, гэрч оролцуулах хүсэлт зэрэгтэй миний бие танилцаж чадаагүй. Учир нь Нийслэл дэх гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хатуу хөл хорио, корона вирус халдварын улмаас шүүхэд очих боломжгүйгээс хэргийн материал буюу хариуцагч И- ХХК-ийн гаргасан тайлбар, хүсэлттэй танилцаагүй байхад шүүх хуралдааныг хуралдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн эсрэг талын шаардлага, тайлбартай түүний нотлох баримттай танилцах тэдгээрт тайлбар өгөх, нотлох баримт гаргаж өгөх зэрэг эрх үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал байсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэхэзр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч А- ХХК нь хариуцагч И- ХХК, Г.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 136 971 401.37 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 183/ШЗ2021/00981 дугаар захирамж гарсан байна. /хх-ийн 34-р тал/. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т хэргийн оролцогч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй талаар заасан.
Гэтэл хэргийн оролцогчид хэргийн материалтай танилцсанаас хойш нэмэгдэж ирсэн нотлох баримтуудыг анхан шатны шүүх хариуцагч Г.Б- болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн материалтай танилцах эрхийг эдлүүлээгүй зөрчил гаргасан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч Г.Баттулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хэргийн материалтай танилцсан байх бөгөөд тус хугацаанаас хойш буюу 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч И- ХХК шүүхэд хариу тайлбар болон гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлтийг тус тус гаргасан байна. /хх-ийн 36, 64-р тал/.
Хариуцагч Г.Баттулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх агуулгаар давж заалдах гомдол гаргасан бөгөөд анхан шатны шүүх хариуцагч И- ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлт зэргийг хариуцагч Г.Баттулгын итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогчийн мэтгэлцэх зарчим зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй.
Харин хариуцагч Г.Баттулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэх боловч хэргийн 72 дугаар талд шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн талаарх баримт авагдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дах хэсэгт ... Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна гэж заасан тул шүүх хуралдааныг товыг мэдэгдээгүй гэж үзэх үндэслэлгүй.
Иймд хэргийн материалтай танилцуулаагүй, мэтгэлцэх эрх зөрчигдсөн гэх гомдлыг давж заалдах шатны шүүх хангах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2021/01085 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Г.Б-ас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 032 417 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Г.ДАВААДОРЖ