Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 389

 

 

 

Ш.Цэнд-Аюушид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Батбаяр,

ялтан Ш.Цэнд-Аюушийн өмгөөлөгч Ц.Алтанцол, А.Нацагдорж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганзориг,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг  оролцуулж,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 415 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ш.Цэнд-Аюушийн өмгөөлөгч Ц.Алтанцол, А.Нацагдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ш.Цэнд-Аюушид холбогдох 2015 2501 2562 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Шаравдоржийн Цэнд-Аюуш, 1971 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн 4 дүгээр гудамжны 23 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:СЭ71073179/.

Ш.Цэнд-Аюуш нь 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 15 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Баянзүрх захын баруун талын автомашины зам дээр иргэн Ё.Ганболдыг санаатай алсан онц хүнд гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ш.Цэнд-Аюушид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Шаравдоржийн Цэнд-Аюушийг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар түүнийг 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ш.Цэнд-Аюушийн цагдан хоригдсон 161 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Ш.Цэнд-Аюушаас нийт 11.013.400 төгрөгийг гаргуулж, хохирогч Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 38-А-408 тоотод оршин суух Ганболдын Ганзориг /ЧЛ82090515/-т олгож, хохирогч Г.Ганзориг нь бусад нэхэмжлэлийн талаарх баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар “Жулиа төв” гэсэн бичиглэл бүхий 1 ширхэг цагаан өнгийн СиДи-г хэрэгт хавсаргахаар, түүнд уpьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг тухайн өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Ялтан Ш.Цэнд-Аюушийн өмгөөлөгч Ц.Алтанцол давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна . Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “Тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлагыг хангаж чадсангүй.

Тухайлбал тогтоолын тодорхойлох хэсэгт хэргийн нотолгоо, баримтуудад үндэслэлтэй дүгнэлт өгч, шүүгдэгчийн хувийн байдлыг үндэслэлтэй, зөв тодорхойлж шударга байдлыг хангаж хэрэг маргааныг шийдвэрлэж чадаагүйд ялтан болон өмгөөлөгч бид гомдолтой байна. Ялтан Ш.Цэнд-Аюуш нь биеийн эрүүл мэндийн хувьд сэтгэцийн өөрчлөлттэй болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдсон бөгөөд мөрдөн байцаалтын үед хийгдсэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээч нарын гаргасан 1143 тоот дүгнэлт болон шинжээч эмч Н.Туяагийн мэдүүлэг зэрэг нь маргашгүй үнэн зөв баримт биш билээ.

Учир нь шинжээчийн дүгнэлт гарсанаас хойш шинээр яллагдагч Ш.Цэнд-Аюушийн өвчний түүх болон эмчилгээ, өвчний илрэлийн талаар шинэ баримтууд гарч, гэрч нар энэ талаар мэдүүлж, энэ хэрэг үйлдэлд түүний өвчин нөлөөлсөн байж болох талаар шинэ эргэлзээ төрж байгааг энэ шинжээч нарын дүгнэлт болон шинжээчийн мэдүүлгээр үгүйсгэн үзэх боломжгүй юм. Гэтэл шүүх тогтоолдоо таамаглалд үндэслэсэн дүгнэлт хийж оролцогчоос шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй төдийгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэх олон бүрэлдэхүүн байхад ялтны эрх зүйн байдлыг дордуулсан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.3, 273 дугаар зүйлүүдийг зөрчсөн шийдвэр гаргалаа гэж бид үзэж байна.

Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэрч Ж.Энхтуяагийн мэдүүлэг авагдсан бөгөөд түүний мэдүүлгийн зарим хэсэг камерын бичлэг болон бусад гэрч нарын мэдүүлгээр танхай сэдэлт нь нотлогдоогүй бөгөөд хохирогчийн амь хохирсон явдал Ш.Цэнд-Аюушийн санамсар болгоомжгүй үйлдлээс буюу сэтгэцийн өвчний нөлөөллөөр үйлдэгдсэн байх боломжтой байхад шүүх хэргийн энэ байдалд дүгнэлт хийхдээ ял шийтгэлийг үндэслэлгүйгээр хүндрүүлж, хөнгөрүүлэх бүрэлдэхүүнгүй гэж үзсэн нь хэт нэг талыг барьсан болохыг харуулж байна.

Ялтан Ш.Цэнд-Аюуш нь хохирогчийн амь насыг сүйтгэх шууд сэдэлт, санаа зорилго байгаагүй бөгөөд тэрээр өөрийн үйлдлээс хохирогчийн амь нас хохирохыг урьдчилан мэдэх, ойлгон ухамсарлах сэтгэцийн бүрэн чадваргүй, сэтгэцийн өвчтэй байсан ба энэ нь түүний үйлдлийн нийгмийн хор аюулыг үгүйсгэж байгаа шинж гэж бид дүгнэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өгөхийг хүсэж байгаа билээ.

Бид … гэм буруугийн санаатай буюу болгоомжгүй хэлбэрийн аль тохирохоор ялтны үйлдлийг зүйлчлэхийг шүүхийн байцаалтаар тогтоох боломжгүй тул мөрдөн байцаалтаар нөхөн шалгуулах, шинээр хэрэгт авагдсан баримтууд болон гэрчийн мэдүүлэгт үндэслэлтэй дүгнэлт хийлгэн, шинжээчийн дүгнэлт нэмж хийлгэх …хүсэлтэй байгаа бөгөөд энэ хэргийн талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих асуудлууд бүрэн шалгагдаагүй, хэргийн мөрдөн байцаалтыг нэмж явуулах, хэргийн нөхцөл байдлыг маргаангүйгээр тогтоон гэм бурууг зөв тодорхойлох ёстой. Иймд бидний гомдол, хүсэлтийг хүлээн авч хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү гэв.

Ялтан Ш.Цэнд-Аюушийн өмгөөлөгч А.Нацагдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Ш.Цэнд-Аюушийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцсоныг үндэслэл муутай гэж үзэж байна. Хавтаст хэрэгт Цэнд-Аюушийг архи ууж, согтуурсаныг тогтоосон албан ёсны шинжээч болон шинжилгээний баримт байхгүй.

Гэрч Энхтуяа: “МЕД” эмнэлгийн үүдэнд нэг согтуу цэнхэр халаадтай, бугуйндаа  мах эвдэхэд хэрэглэдэг юм шиг цагаан ханцуйвч маягийн зүйл хийсэн эрэгтэй хүн согтуу байдалтай урдаас “ална аа пиздануудаа “ гээд орилоод гараад ирсэн гэх.

Гэрч Г.Өлзийбаяр: Тэр хүн согтуу юм шиг санагдсан, яг согтуу байсан эсэхийг нь ойртож үзээгүй болохоор мэдэхгүй, гаргаж байгаа араншинг нь харахад согтуу юм шиг харагдсан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганзориг: Шүүгдэгч нь архи уухаараа хөөрлийн байдалд ордог гэсэн мэдээллийг сонсоод цагдаад мэдэгдсэн гэх мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Ш.Цэнд-Аюушид ялыг хүндрүүлж оногдуулсан байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт нь эргэлзээгүй бүрэн дүүрэн тогтоогдсон байх гэсэн зарчмыг зөрчиж байх тул согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэх хүндрүүлэн үзэх заалтыг хүчингүйд тооцож оногдуулсан ялаас нь хасна уу гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч нар тайлбартаа хүний ам дамжсан албан бус зүйл яриад байна. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмч “ялтан Ш.Цэнд-Аюушийн гаргасан үйлдэл нь хэрэг хариуцах чадварт нөлөөлөхгүй, хааяа нэг сэтгэл хөөрөлд ордог болохоос биш ямар нэгэн байдлаар хэргийг хариуцах тал дээр асуудал байхгүй” гэж хэлсэн. Өмгөөлөгч нар өөрсдөө хэрэгт авагдсан нотлох баримтуудтай бүрэн танилцаагүй юм шиг байна. Тухайн болсон зүйл “Жулиа Төв”-өөс хураан авсан дүрс бичлэгээр бүрэн нотлогдсон. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор Г.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Ялтныг хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоолгохоор дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлт гаргасан байсан. Мөрдөн байцаалтын шатанд шинжээчийн дүгнэлтээр хэрэг хариуцах чадвартай гэж дүгнэсэн байдаг. Энэ дүгнэлттэй холбогдуулаад анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд шинжээч эмч Туяаг  оролцуулж энэ асуудлыг тодруулсан. Тухайн үед тодруулсан зүйл нь органик эмгэг гэдэг нь эрүүл мэндийн шинжлэх ухааны үүднээс юуг хэлдэг талаар тайлбарлуулсан. Мөн анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч нар түүнийг “Шар хадны эмнэлэгт байнга хэвтэж байсан гэдэг. Хэрвээ урьд эмчлүүлж байсан баримт нь дүгнэлт гарах үед байсан бол 1143 тоот дүгнэлтэд өөрчлөлт орох уу, өөрөөр хэлбэл Ш.Цэнд-Аюуш нь хэрэг хариуцах чадварт нөлөөлөх үү?” гэж асуудал тавихад, тухайн үед оролцож байсан шинжээч эмч “энэ нь нөлөөлөхгүй, хүний сэтгэл хөөрөл органик нь олдмол байдаг тухайн үедээ эмчлэгдээд гайгүй болдог учраас хэрэг хариуцах чадварт нөлөөлөхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах үндэслэлгүй байна.

Ялтны хувийн байдлыг тодруулахаар тухайн үед төрөл саданы хүмүүс болон хамт ажиллаж байсан бүх хүмүүсээс тайлбар, мэдүүлгийг нь авсан. Тэр хүн яагаад 2009 онд Шар хадны энмнэлэгт хэвтэх болсон шалтгааныг тогтоохоор холбогдох гэрчүүдийг байцаасан. Мөрдөн байцаалтад өгсөн гэрч нарын мэдүүлгээр Ш.Цэнд-Аюуш нь согтуу байдалтай орж ирээд тэр хавиар хашгираад явж байсан гэдэг. Энэ хүнийг баривчилсан өдрөө дуудлага өгөөд, хэргийн газрын үзлэг хийж, Цагдаагийн газар саатуулж байгаад дараа нь шалгасан. Мөрдөн байцаалтын шатанд ялтан Ш.Цэнд-Аюушийг авчраад драгер үлээлгээгүй асуудал байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ялтан Ш.Цэнд-Аюуш нь тухайн өглөө би өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгээ хэлж байсан нь тусгагдсан. Иймд  Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “ …шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна…” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Ш.Цэнд-Аюуш нь 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 15 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Баянзүрх захын баруун талын автомашины зам дагуу хойноос урд чиглэлд алхаж байсан иргэн Ё.Ганболдыг танхайн сэдэлтээр, шалтаг шалтаангүйгээр энгэрээс нь заамдан авч, хөлийг ташиж, түлхэснээс ар дагзаар нь газар унагаж “…гавал тархины битүү гэмтэл, зулай, чамархай, суурь ясны шугаман хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдалт, тархины эдийн няцрал, эд доторх цусан хураа, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, хуйхны цус хуралт, дагзны няцарсан шарх, зүүн сарвууны цус хуралт” бүхий хүнд гэмтэл учруулж, санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганзориг, ялтан Ш.Цэнд-Аюуш нарын мэдүүлэг, мөрдөн байцаалтад өгсөн гэрч Ж.Энхтуяа, С.Сүхээ, Ш.Тэгшжаргал, Г.Өлзийбаяр нарын мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1965 дугаар дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 1143 дугаар дүгнэлт, гэмт хэрэг гарсан байдлыг харуулсан СД бичлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ГССҮТ-ийн 11812 дугаар өвчний түүхийн хуулбар болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, ялтан Ш.Цэнд-Аюушийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруу, учруулсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Ш.Цэнд-Аюушийг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар 18 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Ялтан Ш.Цэнд-Аюушийн өмгөөлөгч А.Нацагдоржийн гаргасан: “…Ш.Цэнд-Аюушид ялыг хүндрүүлж оногдуулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт нь эргэлзээгүй бүрэн дүүрэн тогтоогдсон байх гэсэн зарчмыг зөрчиж байх тул согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэх хүндрүүлэн үзэх заалтыг хүчингүйд тооцож оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү…” гэсэн давж заалдах гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг хянаж үзвэл:

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганзоригийн: “…тухайн үйл явдал өдрийн 14 цагийн үед болсон. Харин шүүгдэгчийг 18 цагт барих үед уусан архины хэмжээ багассан байх нь тодорхой. Шинжээчийн дүгнэлтээс үзвэл шүүгдэгчийн сэтгэцийн байдал нь хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэрэг хариуцах чадварт нөлөөлөхгүй юм. Сэтгэл санаа болон мөнгө төгрөгөөр хохирсон учраас гомдолтой байна…” /хх-205/,

мөрдөн байцаалтад сэжигтэн Ш.Цэнд-Аюушийн: “…Баянзүрх захын баруун талд “Жулиа” төвийн ойролцоо Ганболд гэдэг хүнтэй таарсан. Ганболд намайг хоргоогоод “архи аваад өг” гэж хэлсэн, тэгэхээр нь “би мөнгөгүй байна, юм хүргэж өгөөд ирж байна” гэж хэлээд энгэрээс нь заамдаж татаж байгаад түлхчихээд яваад өгсөн. Намайг түлхэхэд гэдэргээ ойчсон…” /хх-81/,

мөрдөн байцаалтад яллагдагч Ш.Цэнд-Аюушийн: “…Ганболдтой таарахад намайг хоргоогоод архи аваад өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би “мөнгөгүй байна, би юм хүргэж өгчөөд ирж байна” гэж хэлээд энгэрээс нь заамдаж татаж байгаад түлхчихээд яваад өгсөн. Намайг түлхэхэд гэдэргээ ойчсон. Би Баянзүрх зах руу ороод байж байхад цагдаа нар ирээд таныг Цэнд-Аюуш гэдэг үү гээд намайг хэлтэс руу авч явсан…” /хх-84/,

шүүхийн хэлэлцүүлэгт ялтан Ш.Цэнд-Аюушийн: “…талийгаач миний нүүр лүү цохиж байсан. Тухайн өдрийн камерын бичлэг зөрж байна. Хавтаст хэргийн материалтай танилцсан. Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна…” /хх-204/,

мөрдөн байцаалтад гэрч Ж.Энхтуяагийн: “…цэнхэр халаадтай, бугуйндаа мах эвдэхэд хэрэглэдэг юм шиг цагаан ханцуйвч маягийн зүйл хийсэн эрэгтэй хүн согтуу байдалтай урдаас “ална даа пиздаануудаа” гэж орилоод гараад ирсэн. Замдаа нэг эрэгтэйтэй тааралдаад бариад нөгөө эрэгтэй нь тавиулаад цааш яваад өгөхөд дахин  өөдөөс нь явж байсан өөр буурал толгойтой хөгшин хүнийг барьж аваад хувцасны захаар нь зөрүүлж хоолойг нь урдаас нь боож байсан, тэр хөгшин хүн эсэргүүцэж чадахгүй байсан. Тэр хөгшин хүнийг нэлээд боож байгаад өөрийнхөө дээгүүр давуулаад шидэхэд буурал толгойтой хүн нь дагзаараа зам дээр унасан. Амнаас нь цус ихээр гараад байсан…” /хх-36/,

мөрдөн байцаалтад гэрч С.Сүхээгийн: “…Баянзүрх захын баруун талд миний самар зардаг газрын ойролцоо буюу мултимедиа эмнэлгийн шатны хажууд Аюуш гэж дууддаг мах зөөдөг хүн нэг өвгөнтэй энгэрээс нь зуурсан байдалтай чанга чанга яриад байсан. Нэг их удалгүй нөгөө өвгөн нь машины зам дээр дээш харсан байдалтай унасан байсан. Аюуш Хөдөө аж ахуйн яамны чиг яваад буцаж Баянзүрх зах руу орж байсан…” /хх-39/,

мөрдөн байцаалтад гэрч Г.Өлзийбаярын: “…Баянзүрх захын баруун талд байрлах явган хүний зам дээр  эмнэлгийн гадна нэг эрэгтэй унасан байдалтай байсан. Унагаасан гэх хүн нь дээш явж байсан. Хүмүүс “явж байгаа хүн чинь наад настай хүнийг чинь чи муу юу вэ гэж хэлээд боож аваад унагаасан” гэж хэлээд байсан. … унагаасан эрэгтэй хүн нь буцаад хашгираад хойд зүгээс ирж Баянзүрх зах руу орсон байх гэж бодож байна. Хүмүүс “нөгөө хүн чинь энэ байна ш дээ” гэж хэлэхэд “яах гээд байгаа пиздаануудаа” гэж орилоод байсан. … гаргаж байгаа араншинг нь харахад согтуу юм шиг харагдсан…” /хх-53/ гэсэн мэдүүлгүүдээр болон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1965 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-59-60/, гэмт хэрэг гарсан байдлыг харуулсан СД бичлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-22/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-18-21/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-23-31/, ГССҮТ-ийн 11812 дугаар өвчний түүхийн хуулбар /хх-89-99/ зэрэг баримтуудаар Ш.Цэнд-Аюуш нь иргэн Ё.Ганболдыг согтуугаар, шалтаг шалтаангүйгээр буюу танхайн сэдэлтээр энгэрээс нь заамдан авч, хөлийг ташиж, түлхэснээс ар дагзаар нь газар унагаж “…гавал тархины битүү гэмтэл…” бүхий хүнд гэмтэл учруулан, санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Иймд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх болон няцаах нөхцөл байдал тогтоогдоогүй тул ялтны өмгөөлөгч А.Нацагдоржийн: “…согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэх хүндрүүлэн үзэх заалтыг хүчингүйд тооцож оногдуулсан ялаас нь хасна уу…” гэсэн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Ялтан Ш.Цэнд-Аюушийн өмгөөлөгч Ц.Алтанцолын гаргасан: “…Ялтан Ш.Цэнд-Аюуш нь хохирогчийн амь насыг сүйтгэх шууд сэдэлт, санаа зорилго байгаагүй бөгөөд тэрээр өөрийн үйлдлээс хохирогчийн амь нас хохироохыг урдчилан мэдэх, ойлгон ухамсарлах сэтгэцийн бүрэн чадваргүй, сэтгэцийн өвчтэй байсан ба энэ нь түүний үйлдлийн нийгмийн хор аюулыг үгүйсгэж байгаа шинж гэж бид дүгнэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өгөхийг хүсэж байгаа … шинээр хэрэгт авагдсан баримтууд болон гэрчийн мэдүүлэгт үндэслэлтэй дүгнэлт хийлгэн, шинжээчийн дүгнэлт нэмж хийлгэхээр …хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү…” гэсэн давж заалдах гомдлын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн үзвэл: 

 “…Ш.Цэнд-Аюуш нь хэрэг үйлдэх үедээ “бие хүний органик эмгэг сэтгэцийн эмгэгтэй байсан ба өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадвартай, болсон хэргийн талаар зөв тайлбарлаж мэдүүлэг өгөх чадвартай. Ш.Цэнд-Аюуш нь СЭМҮТ-н хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. Харин 2009 онд СЭМҮТ-д 10 хоног хэвтэн эмчлэгдсэн гэх мэдээлэл байвч өвчний түүх олдохгүй байна. Ш.Цэнд-Аюуш нь сэтгэцийн эмчийн идэвхтэй хяналтад байх шаардлагагүй, хэрэг хариуцах чадвартай…”  Шүүх сэтгэц эмгэг судлалын 1143 тоот дүгнэлт /хх-64/,

шинжээч эмч Н.Туяагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Бие хүний эмгэг гэдэг нь ямар нэгэн органик шалтгаан, тархины гэмтэл, хүнд өвчнүүд, цус харвалт, тархины мэс засал зэргээс болж тухайн хүний зан авир, төлөвшил, бие хүний шинж чанар өөрчлөгдөхийг хэлнэ. Бие хүний эмгэгтэй хүн солиорлын байдалд ордоггүй, хий үзэгдэл дэмийрлийн байдал гардаггүй … тархины гэмтэл авч гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж байсан, мөн олон жил архи уусан учраас архины хордлого зэргээс үүссэн байх … Үзлэг хийх үеийн сэтгэцийн байдал мөн шүүгдэгчийн өөрийн амьдралын түүх, өвчний түүхийг ярьж байгаа байдлаас F25 эмгэгээр өвдсөн гэх үндэслэл гарч ирээгүй. Шүүгдэгчид “бие хүний органик эмгэг” гэсэн онош тохирч байгаа. Эмгэг байгаа, гэхдээ хэрэг хариуцах чадварт нөлөөлөхгүй… /хх-209/ гэсэн мэдүүлэгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд өмгөөлөгч Ц.Алтанцолын “…сэтгэцийн өвчний нөлөөллөөр үйлдэгдсэн байх боломжтой …” гэж гаргасан давж заалдах гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй байна.

Иймд ялтан Ш.Цэнд-Аюушийн өмгөөлөгч Ц.Алтанцол, А.Нацагдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв