| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 105/2016/0439/Э |
| Дугаар | 503 |
| Огноо | 2016-08-04 |
| Зүйл хэсэг | 091.2.12, 247.1., |
| Улсын яллагч | Б.Уранчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 503
Ч.Эрдэнэтөгс, Ч.Пүрвээ, Ч.Чулуумаа нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Уранчимэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Өнөрбат, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,
Ялтан Ч.Эрдэнэтөгсийн өмгөөлөгч Б.Даваасүрэн,
Цагаатгагдсан этгээд Ч.Пүрвээ, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,
Цагаатгагдсан этгээд Ч.Чулуумаагийн өмгөөлөгч П.Одонтунгалаг,
Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч С.Батгэрэл, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Уранчимэгийн бичсэн 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 21 тоот улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогч А.Өнөрбат, ялтан Ч.Эрдэнэтөгс, түүний өмгөөлөгч Д.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ч.Эрдэнэтөгс, Ч.Пүрвээ, Ч.Чулуумаа нарт холбогдох эрүүгийн 201525031760 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
Таван хонгор овогт Чулуунбатын Эрдэнэтөгс, 1985 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 9 дүгээр гудамжны 124 тоотод орших суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ХЖ85120217/,
Бушга овогт Чанцалын Пүрвээ, 1963 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, кителчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 9 дүгээр гудамжны 124 тоотод орших суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ХЖ63101700/,
Боржигон овогт Чулуунбатын Чулуумаа, 1978 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 29 дүгээр гудамжны 455 тоотод орших суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ХЖ78091701/,
Ч.Эрдэнэтөгс нь 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 9 дүгээр гудамжны 124 тоотод хамтран амьдрагч А.Ариунзаяагийн хүзүү болон хэвлийн тус газар хутгалж, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан,
Ч.Пүрвээ, Ч.Чулуумаа нар нь 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 9 дүгээр гудамжны 124 тоотод Ч.Эрдэнэтөгс нь хамтран амьдрагч А.Ариунзаяаг санаатай алсан гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Ч.Эрдэнэтөгсөд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, Ч.Пүрвээ, Ч.Чулуумаа нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Пүрвээ, Ч.Чулуумаа нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж, Ч.Эрдэнэтөгсийг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эрдэнэтөгсийг 21 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эрдэнэтөгсөд оногдуулсан 21 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Эрдэнэтөгсийн цагдан хоригдсон 183 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Ч.Пүрвээ, Ч.Чулуумаа нар нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн пүүзэн гутал 1 хос, ногоон улбар шар алаг өнгийн хөнжлийн хэсэг 1 ширхэг, хуванцар сав 1 ширхэг, хар өнгийн бариултай хутга 1 ширхэг, улаан өнгийн бариултай хутга 1 ширхэг, ягаан өнгийн ханын цаасны хэсэг 1 ширхэг, хар өнгийн гутал 1 хос, ногоон өнгийн хөнжил 1 ширхэг, улаан эрээн цэцгэн хээтэй цагаан саарал даавуу 1 ширхэг, зөөлөвч 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эрдэнэтөгсөөс 3.452.800 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Боржигон овогт Ариунчимэгийн Өнөрбат /РД:УХ87042917/-д олгож, бусад гэм хорын хохирлоо Иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Ч.Эрдэнэтөгсөд урьд авсан цагдан хорих, Ч.Пүрвээ, Ч.Чулуумаа нарт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Ялтан Ч.Эрдэнэтөгс гаргасан давж заалдах гомдолдоо: “…2015 оны 7 дугаар сарын 15-ны орой Ариунзаяа архи уугаад араас шанаа руу чулуугаар цохисон. Миний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан. Тэгээд хэргийг хаалгасан прокуророос Ариунзаяаг хэрэгт хийхийг хүсээгүй учраас хэргийг хаалгасан. 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 17 цагийн үед гэртээ талийгаач бид хоёр зурагт үзээд сууж байтал талийгаачийн утсанд мессеж ирсэн. “хайр аа хаана байна, уулзъя” гэсэн үгтэй байсан. Тэгтэл талийгаач надаас гар утсаа шүүрч аваад гарсан. Талийгаач 30 минутын дараа гэрт орж ирсэн. Тэгээд хэрүүл маргаан үүссэн. Улмаар талийгаач уурлаж миний гар утсыг авах гэсэн. Миний утсанд Ганаатай унтсан гэх дуут бичлэг байсан. Энэ бичлэгийг устгах гэж талийгаач миний цээжинд ширээн дээрх хутга тулгасан. Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан сэтгэл санаа гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас талийгаачтай хутга булаацалдаж байгаад ийм зүйл болсон. Би талийгаачийн хутгаар зүсээгүй, хохирогч өөрөө өөрийнхөө хүзүүг зүссэн, үүнийг би гар утсандаа бичлэг хийж үлдээсэн. Уг гар утсыг мөрдөн байцаагч хурааж авсан. …би цохиж зодсон зүйл байхгүй. Хэрэв цохиж зодсон бол хугарч, цөмөрч, хөхрөх байсан. Хүзүү болон хэвлийн зүсэгдсэн шархнуудыг би санаатай зүсээгүй. Хэрэв би зүссэн бол хэвлий, цээжинд шарх их гүн, зүсэлтийн зам нь урт байх байсан. Гэтэл тэр хоёр шарх нь уртаараа 2.5 см, гүн нь 0.1 см өнгөц байсныг би өөрийн хоёр нүдээрээ харсан. …Би санаатай зүсээгүй, цохиж зодоогүй. Ийм худал шинжилгээ дүгнэлт гаргасанд үнэхээр гомдолтой байна. Иймээс дахин шинжилгээ, байцаалтад буцааж өгнө үү…” гэжээ.
Ялтан Ч.Эрдэнэтөгс нэмж гаргасан давж заалдах гомдолдоо: “…Шүүхийн тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан гэдгийг их эргэлзээтэй байна. …Шүүх хуралдаан дээр би болон миний өмгөөлөгчийн зүгээс гар утсан дээр байгаа бичлэг, мессежний талаар тодорхой ярьж гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн сэдэлт, гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар дээрх хоёр үндэслэлийг заавал нотлох ёстой байтал нотлохгүйгээр намайг гэм буруутай гэж шууд тулгаж шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Гар утсыг мөрдөн байцаагч Батсайхан хураан авсан гэж мэдүүлэг өгсөн боловч хураан авсан тогтоол байхгүй, мөрдөн байцаалтын шатанд энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байна гэж дүгнэсэн.
Хавтас хэргийн 130 дугаар хуудсанд байгаа Эрдэнэтөгсийн мэдүүлэгт “талийгаачийн утсанд мессеж ирсэн, хайр аа хаана байна, уулзъя” гэсэн үгтэй байсан, тэгтэл талийгаач надаас гар утсаа шүүрч аваад гарсан. 30 минутын дараа орж ирсэн, тэгээд хэрүүл маргаан үүссэн. Улмаар миний гар утсанд “Ганаатай унтсан” гэх дуут бичлэг байсан. Энэ бичлэгийг устгах гэж талийгаач миний цээжинд ширээн дээрх хутгыг тулгасан. Талийгаачийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан санаа сэтгэл гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас талийгаачтай хутга булаацалдаж байгаад санамсар болгоомжгүй зүйл болсон.
Хавтас хэргийн 131 дүгээр хуудсанд “яллагдагч Эрдэнэтөгс миний барьж байсан хоёр утсан дээр бичлэг байгаа, талийгаач өөрөө хүзүүгээ зүссэн”,
Хавтас хэргийн 12 дугаар хуудсанд байгаа “зураг 26 хар өнийн гар утас 5 дугаар хуудас хэргийн газар “ZХET” хар өнгийн гар утас” талийгаачийн утас болон миний гар утсыг мөрдөн байцаалтын шатанд хурааж авсан. Надад болон миний ар гэрийнхэнд буцааж өгөөгүй. Яасныг мэдэхгүй байна. Мөрдөн байцаагч, прокурор намайг хүний амь нас хохироосон гэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсанд харамсаж байна.
Миний өмгөөлөгч тэр гар утсанд үзлэг хийлгэх хүсэлт гаргаж байсныг прокурор хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон талаар мэдэгдэх хуудас өгч байсан талаар хэрэгт авагдсан байгаа. Харин шүүхийн тогтоолд энэ талаар мөрдөн байцаалтын шатанд ямар нэгэн баримт байхгүй, хувийн байдлын талаар нэг байтугай ч хүнийг байцаагаагүй, 2015 оны 7 дугаар сарын 1-нд Ариунзаяа архи уугаад агсарсан, миний зүүн талын шанаа руу чулуугаар цохиж, миний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3, 80.1.4, 80.1.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тодруулаагүй тул үүнийг мөрдөн байцаах ажиллагаагаар тогтоох шаардлагатай тул мөрдөн байцаах ажиллагаанд буцааж өгнө үү…” гэжээ.
Ялтан Ч.Эрдэнэтөгсийн өмгөөлөгч Д.Энхбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: “…Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэдэг нь эргэлзээтэй байна. Шүүхийн шийтгэх тогтоолын 10 дугаар хуудаст байх тодорхойлох хэсэгт: Шүүх хуралдаан дээр шүүгдэгч Ч.Эрдэнэтөгс үүнийг би гар утсандаа бичлэг хийж үлдээсэн, уг гар утсыг мөрдөн байцаагч хурааж авсан гэж мэдүүлсэн боловч мөрдөн байцаалтын шатанд түүний гар утсыг хурааж авсан тэмдэглэл хэрэгт байхгүй, мөрдөн байцаалтын шатанд энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байна... гэж дурдсан. Яллагдагчийн өмгөөлөгч миний бие 2016 оны 3 дугаар сард уг мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж байсан Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Уранчимэгт гаргасан хүсэлт /хх-234-35-I/ дээрх /хх-12/ хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийн 26 дугаар хуудсанд авагдсан хар өнгийн гар утсанд заавал шинжилгээг хийх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг хангах зорилгоор хүсэлт гаргасан боловч , хяналтын прокурор Б.Уранчимэг /хх-236-I/ хүсэлтийн хариу мэдэгдэх хуудаст “Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураасан хар өнгийн rap утсанд шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй тул өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно” гэсэн хариу өгсөн. Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар /хх-130-131-I/ яллагдагч Ч.Эрдэнэтөгс мэдүүлэгтээ “Миний барьж байсан хоёр утасны нэг утсан дээр бичлэг хийсэн байсан. Ариунзаяагийн барьж байсан утсан дээр гаднаас мессеж ирсэн, хайраа хаана уулзах вэ гэсэн байсан ...зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад шүүх энэ нөхцөл байдлыг илтгэж буй нотлох баримтыг гүйцэд үнэлж шинжлээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284.3-д заасанаар нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн бодитой шинжилсний үндсэн дээр гарсан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ... гэсэн заалттай зөрчилдөж байна. Мөн хавтаст хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, 80.1.4 дэх хэсэгт заасан шүүгдэгчийн хувийн байдал зэрэг гэмт хэргийн талаар нотлобол зохих асуудлууд миний үйлчлүүлэгчийн хувьд гүйцэд тогтоогоогүй, хувийн байдлын хувьд лавлагааны баримтаас өөр баримт байхгүй, зан байдлын талаар нэг ч гэрчийн мэдүүлэг, тайлбар байхгүй, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч, хошууч Т.Батсайхан нь яллагдагч Ч.Эрдэнэтөгсөөс хураан авсан гар утсыг хэрхсэн нь тодорхойгүй байгаа тул үүнийг тодруулан шалгах шаардлагатай.
Иймээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.2.1, 318.2.2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү…” гэжээ.
Прокурор Б.Уранчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолыг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн аваад эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлийг бичиж байна. Үүнд: Мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд гэрч Б.Ганхуяг мэдүүлэгтээ “...Тэр үед Ч.Эрдэнэтөгс нэлээд согтож байгаа бололтой ард сууж байснаа уйлаад байх шиг болоод “найз нь нэг том хэрэг хийчихсэн, Ариунзаяаг алчихсан одоо яахав” гэсэн. Би тэр үед итгээгүй тэгээд “гэр лүү оръё” гэхээр хамт яваад ортол том эгч нь болох /Оогий/ Пүрэв бас нэг эгч хоёр нь байж байсан тэр хүмүүс урьд нь намайг орохоор бараг загнах шахуу байдаг хүмүүс их баргар царайтай, дуу муутай байсан. Бид хоёр дэлгүүрийн хаалгаар ороод дамжаад гэр лүү нь орсон, тэгээд гэрт нь ороод суутал Эрдэнэтөгс надад хандан “чи найздаа тусла, эндээс холдуулж хаях хэрэгтэй байна” гэсэн. Тэгтэл том эгч Пүрэв нь Баянхошууны тийшээ хая наадах чинь тэнд ажил хийдэг гэсэн биз дээ гэсэн тэгтэл бага эгч нь тийм ойрхон яах юм гэтэл Ч.Эрдэнэтөгс “Био”-гийн тийшээ аваачиж хаяна гээд байсан. Тэгээд бид нар нэлээд удсан би тухайн үед айгаад ёстой мэдэхгүй гэж хэлсэн. Тэгэж байгаад би миний машин бензин байхгүй, би ер нь бараг чадахгүй ухааны зүйл ярьтал Эрдэнэтөгс чи найздаа тусла гээд байсан. Тэгтэл эгч нь бензин хийчих гээд 30.000 төгрөг өгөөд 22 цагийн орчимд бага эгч нь надтай хамт яваад “17” ороод шатахуун түгээх станцаас бензин хийсэн. Тэр үед би яаж цагдаад мэдэгдэх вэ гэж бодоод Сүхбаатарт хэлэх арга хайсан. Тэгээд “17”-оос өгсөөд Эрдэнэтөгсийн гадаа очоод эгчийг нь та орж бай, би нэг хүнтэй уулзаад ирье гэж хэлээд түүнийг буулгаад доошоо эргээд явсан жаахан холдоод Сүхбаатартай утсаар болсон зүйлийн талаар яриад уулзахаар болсон...” гэж дурдсан. Өөрөөр хэлбэл, Ч.Пүрвээ, Ч.Чулуумаа нар нь гэмт хэргийн халдлагын зүйл болох амь хохирогчийн цогцсыг нуух Б.Ганхуягийн автомашинд бензин хийхээр 30.000 төгрөг өгч, түүнтэй хамт явж шатахуун түгээх станцаас бензин хийсэн зэрэг идэвхтэй үйлдэл хийсэн. Мөн шүүх шийтгэх тогтоолд Ч.Пүрвээ, Ч.Чулуумаа нарын үйлдэл нь ямар нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасныг зөрчсөн байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Өнөрбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Намайг шүүх хуралд өмгөөлөгчтэй оролцох бололцоогоор хангаагүйгээс шүүх хуралд хуульд заасны дагуу мэтгэлцэж оролцож чадаагүй. Шүүгдэгч Ч.Эрдэнэтөгс нь онц харгис хэрцгий аргаар миний төрсөн эгчийн амь насыг хохироосон, мөн хохирол төлбөрөө бүрэн барагдуулаагүй байхад хэт хөнгөн ял оногдуулсан.
Шүүгдэгч Ч.Пүрвээ, Ч.Чулуумаа нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасанд гомдолтой байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 12 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү…” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Өнөрбатын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах шатны шүүхийн шатнаас өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтай байна. Хэргийн бүрдэл хангагдаагүй, хэргийн зүйлчлэл эргэлзээтэй. Талийгаачийн эмээ Пүрэвжавыг гэрчээр байцаах болон өөр бусад зүйлүүдийг тодруулж ямар шалтгаанаар талийгаачийн амийг хохироосон бэ гэдгийг асууж тодруулах ёстой. Талийгаач А.Ариунзаяа нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шалгагдаж байгаад аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэж хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Үүнээс хойш 2 сарын хугацаанд Ч.Эрдэнэтөгс нь талийгаачийг гэртээ аваачиж хүчирхийлэх, өс хонзонгоо тайлах зэрэг гэмт хэргийн сэдэлт, зорилго байсан эсэхийг шалгах ёстой. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотлобол зохих зүйлсийг тогтоогдоогүй байна гэж үзэж хэргийг буцаах шаардлагатай гэж үзэж байна” гэв.
Ялтан Ч.Эрдэнэтөгсийн өмгөөлөгч Б.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн прокурор Уранчимэгт хэргийн талаар хүсэлт өгснийг бүртгэж авсан. Тэрнээс хойш өдийг хүртэл хэргийн талаар судалсан. 2 дугаар хавтаст хэрэгт бидний гаргасан хүсэлт, гомдол, материалууд авагдсан байгаа. Хавтаст хэргийн 27 дугаар хуудсанд авагдсан сонингийн хайчилбарт Ч.Эрдэнэтөгсийг эгчийнхээ дэлгүүрт онц ноцтой хэрэг үйлдсэн талаар бичсэн. Уг нийтлэлийн эзэн нь цагдаа, прокурорын байгууллага гэж ойлгож байгаа. Анх хэрэг гарч цагдан хорьсоноос хойш 14 хоногийн дараа цагдан хорьж, мөрдөх хугацааг дахин сунгуулсан. Цагдан хорих хугацааг сунгахад сонин дээрх уг нийтлэл нөлөөлсөн. Цагдан хорих хугацааг сунгах эсэхэд угаасаа санал, хүсэлт авдаггүй юм. Учир нь зурагт, интернэтээр цацагдсан мэдээлэл учраас боломжгүй гэж хэлээд 3 эгч дүү нарыг 200 гаруй хоног цагдан хорьж, тамлан зовоосон. Уг нийтлэл дээр үг, өгүүлбэр бүрийг анхааралтай уншина уу. Үүнд хэрэгтэй холбоотой нэг ч үнэн зүйл байхгүй. 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 5/691 Чингэлтэй дүүргийн прокурорын “Б. Даваасүрэнгийн бичсэн 12 хуудас хүсэлтийг хүргүүлэв” гэсэн албан бичиг хавтаст хэрэгт авагдсан. Прокурорын байгууллага үүнд хариу өгөөгүй. Үүнийг хэзээ хэнд өгөх юм бол гэдгийг шүүх бүрэлдэхүүн прокуророос лавлаж өгнө үү. 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдарын нэр дээр 20 хуудас гомдол өгсөн. Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн талаар гомдол өгсөн байхад захирамж гаргаж яллагдагчийн шүүхэд шилжүүлснийг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн хүсэлт өгсөн. Уг хүсэлтийн 3 дугаар хуудсанд мөрдөн байцаалтын шатанд хийгдэх ёстой 20 ажлын жагсаалтын бичиж өгсөн. Үүнд шүүх бүрэлдэхүүн ач холбогдол өгнө үү. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй. Хэрэгт шалгагдаж буй 3 эмэгтэйг өдөр шөнөгүй цагдаа дээр байлгасан. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн байгууллагын ажилтнуудыг шалгуулахаар гомдол гаргасан. Мөн Уранчимэг прокурорыг шалгуулахаар прокурорт гомдол гаргасан. Цагдаа, прокуророос хэргийн талаар асуухад шүүх дээр байгаа гэж хэлдэг. Гомдол, хүсэлтийн хариуг хугацаанд нь өгөх асуудлыг 50-60 хоногоор удаашруулж байна. Өмгөөлөгч Энхбаяр, Дашдорж нар мөн хүсэлтүүд өгсөн. Эдний гаргасан хүсэлтүүдийг дэмжиж байгаа. Ч.Пүрвээ өөрийн өнчин дүүг сэтгэл санааны хямралтай байхад нь “миний хадгалуулсан мөнгөнөөс Ганхуягт 30.000 төгрөгийг өгчих” гэхэд нь өгсөн байдаг. Хавтаст хэрэгт энэ хүмүүсийг төлөөлж байсан миний итгэмжлэл байгаа учраас ярьж байна. Ч.Эрдэнэтөгс нь анх нэлээд их дарамтад орсон. Дөрвүүлэнг нь баривчилж дарамталсан байдаг. Анхны байцаалт өгөхдөө “ална гэж алсан бол гүнзгий шарх үүсгэх байсан” гэж хэлсэн байдаг. Өнөөдрийг хүртэл үүнийгээ дэмжсээр яваа. Мөн сэтгэл санааны цочролд орсон байсан, болгоомжгүйгээр алсан гэх зүйл ярих болсон. Ч.Эрдэнэтөгсийг хохирогчтой хутга булаацалдсан, хохирогч амиа хорлохоор завдсан зэрэг зүйлс яригддаг. Хэргийн газраас хэдэн ширхэг хутга хураасан бэ, хэд дээр нь Ч.Эрдэнэтөгсийн гарын хээ байна вэ, эдгээр хутганууд хаана байна вэ, хураагдсан хутганууд үнэхээр хэрэг үйлдсэн хутга мөн үү гэдэг асуудлууд тодорхойгүй байдаг. Ч.Эрдэнэтөгс хохирогчийг хутгаар зүсэхдээ ямархуу байдлаар хутгыг барьж хэргийг үйлдсэн бэ гэдэг талаар туршилт, үзлэг хийхгүй бол хэрэг бүдэг байна. Үнэхээр онц ноцтой хэрэгтэн гэж үзэж байгаа бол шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох хэрэгтэй. Ч.Эрдэнэтөгсийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн байцаагч Чойсүрэнтэй уулзаж үнэн байдлаа хэлье гэж байсан гэдгийг гэрч нар хэлдэг. 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр талийгаач нь Эрдэнэтөгсийн бие махбодод хүнд гэмтэл учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шалгагдаж байсан бөгөөд хэргийг Чойсүрэн байцаагч шалгаж байсан. Гэнэт талийгаач хөнгөн гэмтэл авсан болж, хэрэг яасан нь мэдэгдэхгүйгээр хэргийг прокурорууд хэрэгсэхгүй болгосон байдаг. Сонинд бичигдсэн худал үгнээс иш үүдэлтэйгээр мөрдөн байцаагчийг прокурорууд хамгаалсан байдаг. Хохиролд төлсөн 800.000 төгрөгийг прокурор, цагдаа нарын хэн нь авсан бэ. Мөн хохирогч, шүүгдэгч нар 2 жил хамтран амьдарсан уу, 2 сар хамтран амьдарсан уу гэдэг асуудал байгаа. Хохирогч яагаад Ч.Эрдэнэтөгстэй амьдрах болсон бэ. 7 дугаар сарын 15-ны өдрийн хэрэгтэй холбогдуулж Ч.Эрдэнэтөгстэй ойртуулсан үйлдэл байж ч магадгүй. Ялангуяа цагдаа, прокурорууд. Хохирогч нас барахаасаа өмнө байнга архи уудаг, амиа хорлох гэж оролддог байсан гэх асуудлууд байдаг. Үүнээс болсон байж болзошгүй. Хавтаст хэргийн 76 дугаар хуудсанд Ариунзул эмч өгсөн мэдүүлэгтээ хүзүү хэвлийнээс бусад шархыг хэзээ, хаана үүссэнийг мэдэх боломжгүй гэснийг мөрдөн байцаагч боломжтой гэж өөрчилж бичсэн. Мөн хөөрөг, гар утас зэрэг бүх зүйлийг хураан авсан. Гэтэл хөөрөг хаачив. Яагаад шүүхэд эд мөрийн баримтаар ирдэггүй юм бэ. Утас нь яагаад ирдэггүй юм бэ. Мөрдөн байцаагч 2 гар утсыг авсан гэдгийг нүдээрээ харсан байдаг. Эдгээр гар утсыг мөн буцааж авъя гэж гуйж байсан. Эдгээр зүйлсийг яагаад хэргийн материалд өгөхгүйгээр мөрдөн байцаагч Батсайхан ашиглаад байна вэ, яагаад дутуу бүрдэлтэй хавтаст хэрэг өгөөд байна вэ. Ч.Пүрвээ, Ч.Чулуумаа нарыг цагаатгасан шийтгэх тогтоолын заалтыг хэвээр үлдээж өгнө үү. Хэрэг ээдрээтэй байгаа болохоор үнэн зөв нь тогтоогдсоны дараа хохирлыг төлөх ёстой. Хохирогч тал үүнд хүлээцтэй хандана уу. Шүүгдэгч нар 200 гаруй хоног цагдан хоригдсон учраас 28.000.000 төгрөгийг өр зээлэнд орсон. Ар амьдрал, ажил байхгүй болсон. Эрдэнэчимэгийн тусгаарлах тогтоолтой хэргийн шүүх хуралдаанд биднийг суулгахгүй нууц байдалд болоод байна. Эрдэнэтөгс хүнд гэмтэлтэй байсан. Дээрээс нь сүрьеэгийн өвчтэй болсон байна. Давж заалдах шатны шүүх тогтоолдоо ялтныг эмчлэх талаар үг, үсэг оруулж өгнө үү” гэв.
Цагаатгагдсан этгээд Ч.Пүрвээгийн өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хуралдаанд Ч.Пүрвээгийн өмгөөлөгчөөр оролцсон бөгөөд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгая, буцаах шаардлагагүй бол Ч.Чулуумааг цагаатгаж өгнө үү гэдэг байр суурьтай оролцсон. Хэргийн газрын үзлэг хуулийн дагуу явагдаагүй. Байшинд үзлэг хийхэд прокурор оролцоогүй. Мөн хохирогчийн цогцсыг тээвэрлэж явж байгаад баригдахад нь прокурор үзлэгт оролцоогүй. Өөрөөр хэлбэл, хэргийн газрын үзлэгт прокурор оролцоогүй тул нотлох баримтын чадвараа алдсан. Ганхуягийн мэдүүлэгт амь хохирогчийг тагтанд нуусан асуудал яригддаг. Гэтэл хэргийн газрын үзлэгээр тагтыг шалгаагүй. Ч.Пүрвээгийн үйлдэлд гэмт хэргийг нуун далдалсан идэвхитэй үйлдэл байхгүй тул түүнийг цагаатгаж өгнө үү гэдэг санал гаргасан. Анхан шатны шүүх Ч.Пүрвээгийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь хууль ёсны үндэслэлтэй. Прокурорын гаргасан эсэргүүцлийн тухайд “Баянхошуунд аваачаад хаячих гэсэн” гэх Ганхуягийн өгсөн мэдүүлгийн асуудал яригддаг. Ч.Пүрвээд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох асуудлаар ярьж байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан” гэв.
Цагаатгагдсан этгээд Ч.Чулуумаагийн өмгөөлөгч П.Одонтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Даваасүрэн өмгөөлөгч юу гэж хэлэх нь хамаагүй, түүний хэлсэнд хүндэтгэлтэй хандаж байна. Ч.Чулуумааг буруутгаж байгаа нөхцөл байдлын тухайд тэрээр Ч.Эрдэнэтөгсөд ердөө дулаан хувцас авчирч өгсөн байдаг. Төрсөн дүүгээ хэрэгт холбогдчихлоо, Ганц худагт хоригддог юм гэж ярилцаад дулаан хувцас авчирч өгье гэж явсан байдаг. Ч.Эрдэнэтөгс түүний авчирч өгсөн дулаан хувцсыг нь өмссөнөөрөө гэмт хэргийн ямар ул мөр арилчихаад байна вэ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрийг нь өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэж байна. Гэтэл өөрөө шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно гэж хэлсэн. Үүнийг процессийн алдаа мэтээр ярьж байгаа учраас энэ тайлбарыг хэлж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Цагаатгагдсан этгээд Ч.Пүрвээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2015 оны 12 дугаар сарын 14-ний орой мэдсэн. Цагдаа дуудах гэхэд би хэлнэ миний хэрэг гэсэн. Танд хадгалуулсан 100.000 төгрөгөөс 30.000 төгрөгийг нь өгчих гэсэн. Тухайн үед Ч.Эрдэнэтөгс согтуу, аймаар байсан. Нэг болохоор инээгээд, нэг болоод уйлаад байсан. Чулуумаа Эрдэнэчимэг хоёрыг Бэлхээс дуудсан. 2015 оны 12 дугаар сарын 14-ний орой 19 цаг өнгөрч байхад дуудсан. Дүү чинь сонин болчихлоо хүрээд ир гэсэн. Талийгаачийг яасныг нь, хаана хийснийг нь мэдээгүй. Цагдаа дуудах гэж байхад Ганхуяг гараад ир гэж утсаар ярьж дуудсан. Ганхуяг Эрдэнэтөгсөд архи авч өгөөд согтоосон байсан. Ганхуяг нь урьд өмнө Эрдэнэтөгсийг дарамталж, цалинг авдаг хүн байсан” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Ч.Эрдэнэтөгс, Ч.Пүрвээ, Ч.Чулуумаа нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Ч.Пүрвээ, Ч.Чулуумаа нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасан нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх гэрч Б.Ганхуягийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тус тус тогтвортойгоор өгсөн мэдүүлгийг ямар баримтаар, хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар үнэлэлт дүгнэлт хийгээгүй байна.
Түүнчлэн талийгаач А.Ариунзаяагийн төрсөн хүү 13 настай гэх Түвшинтөгс, 10 настай охин гэх Хатанмонгол, 5 настай хүү гэх Тэмүүжин нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн асуудлыг Гэр бүлийн тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу шүүх хянан шийдвэрлэх шаардлагатай.
Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.Эрдэнэтөгс, Ч.Пүрвээ, Ч.Чулуумаа нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Шүүх Ч.Пүрвээгийн цагдан хоригдсон 13 хоногийг шийтгэх тогтоолд зааж өгөөгүйг дурдаж байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.Эрдэнэтөгс, Ч.Пүрвээ, Ч.Чулуумаа нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Ч.Эрдэнэтөгсөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Ч.Пүрвээ, Ч.Чулуумаа нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Б.ЗОРИГ
Д.МЯГМАРЖАВ