Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 12А

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч С.Батгэрэл, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Иргэдийн төлөөлөгч Д.Мөнгөнзул,

            Нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

            Улсын яллагч Б.Уранчимэг,

            Шүүгдэгч Ч.Эрдэнэтөгс, түүний өмгөөлөгч Б.Даваасүрэн,

            Шүүгдэгч Ч.Пүрвээ, Ч.Эрдэнэчимэг, тэдгээрийн өмгөөлөгч Б.Дашдорж,

            Шүүгдэгч Ч.Чулуумаа, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Өнөрбат, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

Шинжээч Э.Амгалан,

Гэрч Б.Ганхуяг, Д.Сүхбаатар нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т заасан гэмт хэрэгт холбогдсон Чулуунбатын Эрдэнэтөгс, Эрүүгийн хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Чанцалын Пүрвээ, Чулуунбатын Чулуумаа, Чулуунбатын Эрдэнэчимэг нарт холбогдох, 201525031760, 201625030593 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1.Монгол улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 9 дүгээр гудамж, 124 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Таван хонгор овогт Чулуунбатын Эрдэнэтөгс (РД:ХЖ85120217),

            2.Монгол улсын иргэн, 1963 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, кителчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 9 дүгээр гудамж, 124 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бушга овогт Чанцалын Пүрвээ (РД:ХЖ63101700),

            3.Монгол улсын иргэн, 1978 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 29 дүгээр гудамж, 455 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржгин овогт Чулуунбатын Чулуумаа (РД:ХЖ78091701),

            4.Монгол улсын иргэн, 1980 оны 9 дүгээр сарын 11-нд Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт амьдрах, Чингэлтэй дүүргийн  16 дугаар хороо, Согоотын 10 дугаар гудамж, 143 б тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Бушга овогт Чулуунбатын Эрдэнэчимэг (РД:ХЖ80091109) 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

-шүүгдэгч Ч.Эрдэнэтөгс нь 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 9 дүгээр гудамж, 124 тоотод хамтран амьдрагч А.Ариунзаяагийн хүзүү болон хэвлийн тус газар хутгалж онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан,

-шүүгдэгч Ч.Пүрвээ, Ч.Чулуумаа, Ч.Эрдэнэчимэг нар нь 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 9 дүгээр гудамж, 124 тоотод Ч.Эрдэнэтөгс нь хамтран амьдрагч А.Ариунзаяаг санаатай алсан гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч нараас шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ:

            1.Ч.Эрдэнэтөгсөөс:-2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би ажлаа таслаад хохирогчтой архи уусан. Талийгч Ариунзаяа нь Ганхуягтай унтсан бичлэгээ устгах гэж миний гар утсыг булаалдсан. Тэр миний цээжинд хутга тулгахаар нь би түлхэхэд зүсэгдсэн. Баруун талын хүзүү рүү санамсаргүй хатгасан. Тэр өөрийнхөө хэвлий, цээж рүү өөрөө хутгалсан. Талийгч нас барсан гэдгийг би 14-нд мэдээд балмагдсан. Цогцосыг би ганцаараа байшингийн дээвэр рүү гаргасан. Задлан шинжилгээний дүгнэлтэд заасан зүсэгдсэн гэх шархыг би үүсгээгүй. 2 см хиртэй өнгөц зүсэгдсэн, өөхөн давхарга хүрээгүй. Баруун талын артерийн зүсэгдсэн шархыг хохирогч өөрөө зүссэн. Хатуу мохоо зүйлээр цохьсон бол хөхрөх ёстой байсан. 14-ний орой Ганхуяг уулзая гээд утасдахаар нь би түүнд машин дотор хэлсэн. Ганхуяг над руу залгаад хурдал гэхээр нь би 3 метр өндрөөс цогцос унагаахад толгой хуйханд нь цохилт өгсөн. Хохирогч өөрөө ч пийшин мөргөж унаснаас толгойд гэмтэл авсан байх. Надад цогцос нуух санаа байгаагүй. Уг санааг Ганхуяг л гаргасан. Ариунзаяа дээр байгаа гэсэн чинь нууя гэсэн. Бензин байхгүй гэхээр нь би мөнгө олъё гээд гэр рүүгээ орсон. Ороход 2 эгч байсан. Эрдэнэчимэг эгч би хамт явъя, чи хаашаа ч алга болчих юм билээ гэсэн. Эрдэнэчимэг, Пүрвээ эгч хоёр гарч ирээд Ганхуягт бензин аваад ир гэсэн.  Сонсгож байгаа 91.2.12 гэсэн зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй. Би санаатай хатгасан бол нэвт хатгах байсан. Би хохирогчийг алаагүй, их гэмшиж байна гэв.

 

            2.Ч.Пүрвээгээс:-Эрдэнэтөгс 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн орой Ариунзаяа өнгөрчихлөө, яана аа гэж орж ирсэн. Би сонсчихоод 2 дүүгээ утсаар дуудсан. Хэрэг гарсан өдрийг бид мэдээгүй. Цагдаад мэдэгдэе гэхэд Эрдэнэтөгс миний утсыг булааж авчихаад, өөрөө мэдэгдэнэ гэсэн. Ганрхуяг дүү Эрдэнэтөгсийг архи уулгаад согтоогоод орж ирсэн. 30.000 төгрөг авъя гэхэд нь дэлгүүрээс 30.000 төгрөг авч Эрдэнэчимэгт өгсөн. Дэлгүүрийн арын өрөөнд бид нар яах аа ч мэдэхгүй байсан. Баянхошуу руу аваачиж хая гэж яриагүй гэв.

            3.Ч.Чулуумаагаас:-Өмнөх шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг үнэн. 2015 оны 12 дугаар сарын 14-ний орой Пүрвээ эгч дуудсан. Орой очиход сэтгэлийн шоконд орсон байсан. Би 1 ширхэг биеийн тамирын өмд, 2 футболк, 2 бандааш авч очсон. Энэ хүн тэртээ тэргүй шоронд орох юм чинь гээд л хувцас авсан. Өөрөө л цагдаа дуудна, хэрэг хөнгөрдөг гээд байсан.

            4.Ч.Эрдэнэчимэгээс:-Тэр орой эгч намайг дуудсан. Ганхуяг Эрдэнэтөгсийг согтоосон. Би хохирогчийг хараагүй. Ариунзаяа дүүд гэмтэл учруулахад нь л нэг удаа харсан. Эрдэнэтөгс согтсон байна гэж Эрдэнэчимэг эгч дуудахаар нь би очсон. Намайг очиход сонин байдалтай байсан. Эрдэнэтөгс, Ганхуяг хоёрыг бензинд явна гэхээр нь архи уугаад өөр тийшээ явчих байх гэхээр нь би машинд нь бензин хийхээр явсан гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Өнөрбатаас шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ:-Миний эгч Ариунзаяа 1986 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Миний эгч 6-13 насны 3 хүүхэдтэй. Эрдэнэтөгс миний эгчийг удаа дараа байнга дарамталдаг байсан. Эгч шоронд орох гээд байна гэхээр нь би 800.000 төгрөг өгсөн. Хохирогч барилгын ажил хийдэг байсан. Том хүүхэд нь Эрдэнэтөгсийн хүүхэд. Нэг хүүхдийг эцэгт нь өгсөн байгаа. Хүүхдүүд нь тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгоогүй. Оршуулгын зардал нийт 4.958.000 төгрөг гарсан. Эрдэнэчимэг 1.500.000 төгрөг төлсөн. Гомдолтой байна, шударгаар шийдвэрлэж өгнө үү гэв.

            А.Өнөрбатаас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Талийгаач А.Ариунзаяа бол миний төрсөн эгч байгаа юм. Эрхэлсэн ажилгүй хувиараа барилгын ажил хийдэг байсан. Талийгаач уг нь Яармагт Лхагва гэдэг хүнтэй хамтран амьдарч байсан, тэгтэл 2015 оны 5 сарын үед салаад Чингэлтэй дүүргийн 15 хороонд эмээ өвөө хоёр дээр ирчихээд байгаад байсан. Тэгээд талийгаачийг байж байхад нь Эрдэнэтөгс дуудаад уулзсан байсан, би ер нь бодохдоо Эрдэнэтөгс манай эгчийг их зодож дарамтлаж эрхшээлдээ байлгаж байсан юм шиг байна. Манай эгч хэрэг гарахын өмнөх өдөр над руу залгаад, эгч нь чамаас авсан мөнгөө удахгүй өгнө, эгч нь хөдөө ажил хийж байна гэж байсан. Ер нь 3 хүүхдийг нь манай эмээ өвөө хоёр л хардаг байсан талийгаачийг хүүхдүүдтэйгээ хамт байх гэхээр нь энэ Эрдэнэтөгс нь байлгадаггүй байсан. Би маш их гомдолтой байна Миний эгчийн амь насыг хохироогоод бидэнд хэлээгүй гэмт үйлдлээ нуусан хүмүүст маш их гомдолтой байна. Хуулийн дагуу хуулийн хамгийн дээд хэмжээний ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

            Гэрч Б.Ганхуягаас шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ:-2000 оноос хойш Эрдэнэтөгстэй найзалж байгаа. Ариунзаяагийнх манайтай нэг гудамжинд байсан. Би Ариунзаяатай бэлгийн харьцаанд орж байгаагүй. 2015 оны 12 дугаар сарын 14-ний орой Эрдэнэтөгс намайг дуудаад, миний машинд 1 шил архи уусан. Тэр үед хөгшин нь нэг болохгүй юм хийчихлээ, манай руу оръё гэсэн. Найздаа тусал, нэг тийш нь аваачихад тусал гэсэн. Пүрвээ гэдэг айлд ороход Эрдэнэчимэг, Пүрвээ хоёр байсан. Хааш нь яах вэ гээд хоорондоо ярилцаад байсан. Цогцосыг нэг тийш нь аваачиж орхиё гээд ярилцаад байсан. Чулуумаа нь байгаагүй. Намайг бензингүй гэхэд том эгч нь 30.000 өгсөн. Эрдэнэчимэг эгч нь намайг дагаад бензинд явсан. Би Сүхбаатарт утсаар хэлсэн. Эхлээд цогцос хаана байгааг хэлээгүй. Сүүлд очоод цогцос зөөхөд Эрдэнэтөгс бид хоёр байсан гэв.   

 

            Гэрч Б.Ганхуягаас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Би одоогоос 3-4 хоногийн өмнө 100 айлд гэртээ байж байтал Эрдэнэтөгс /Тоогий/ залгаад завтай байна уу, хаана явж байна, хүрээд ирээч, 32-оос дүүргийн эмнэлэг оруулаад өгөөч дүү эмнэлэгт хэвтсэн эргэх гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би 32 дээр яваад очтол Эрдэнэтөгс одоо талийгаач болсон Ариунзаяа хоёр савтай хоол цай барьчихсан хүлээж байсан. Тэгээд би тэр хоёрыг дүүргийн эмнэлэг дээр хүргэж буулгаад явсан. Би тэр үед, та хоёр юу хийж байна гэхэд, 1 дүгээр хороололд айлын заслын ажил хийж байгаа гэж байсан. Би тэр үед тэр хоёрт ажил олдвол хэлээрэй, би хамт хийнэ гэх зэрэг зүйл яриад салаад явсан. Тэгээд байж байгаад 2015 оны 12 сарын 12-ны өдөр байсан байх 13-14 цагийн орчимд Эрдэнэтөгс над руу залгаад ажил байна хийх үү гэсэн, би тэр үед машинаа засаад завгүй байсан учир одоо амжихгүй дараа болъёо гэж хэлсэн. Түүнээс хойш би завгүй байж байгаад 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зав гараад Эрдэнэтөгс рүү өдөр 16 цагийн орчимд залгаад, нөгөө ажил чинь яасан, өнөөдөр хийж болох болов уу гэтэл тэр больсон, чи хүрээд ирээч хоёулаа ганц шил архи ууя гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө эзэмшлийн 97-52 УНН дугаартай машинтай явж байсан болохоор одоо болохгүй, орой хоёулаа уулзаад манайд очиж 1 юм ууя гэж хэлсэн. Тэгээд би гадуур ажилтай явж байгаад 19 цагийн орчимд Эрдэнэтөгс рүү залгаад манайх руу явж уух уу гэтэл Эрдэнэтөгс өөдөөс би энд ганц юм уучихлаа, чи хүрээд ир гэсэн. Тэгээд би яваад 84 дүгээр сургуулийн автобусны буудал дээр очоод Эрдэнэтөгс рүү залгатал Эрдэнэтөгс 1 залуутай хамт жаахан архи уучихсан байдалтай ирж суусан. Тэгэхээр нь би Ариунзаяа хаана байгаа юм гэтэл 2-3 хоногийн өмнө надтай муудалцаад ахынх руугаа явлаа гээд явсан гэж хэлсэн. Тэгээд дээшээ манайх руу явъя гэхээр нь Эрдэнэтөгсийн гэр рүү яваад хашааны ар талын зам дээр нь очоод зогстол тэр хоёр 1 жижиг 0.33 тай Хараа нэртэй архи хувааж уусан. Тэгээд байж байтал хорооны цагдаа Сүхбаатар бид нарын хажуугаар явж байгаад хүрээд ирсэн. Бид нар бүгд бие биенээ таньдаг юм, тэгээд жаахан ярьж хөөрч байгаад нөгөө Эрдэнэтөгстэй архи хувааж уусан залуу гэр рүүгээ явлаа гээд явсан. Тэгээд Сүхбаатар Эрдэнэтөгс бид 3 жаахан юм ярьж байгаад Сүхбаатар гэр рүүгээ яваад өгсөн. Тэр үед Эрдэнэтөгс нилээд согтож байгаа бололтой ард сууж байснаа уйлаад байх шиг болоод, найз нь нэг том хэрэг хийчихсэн, Ариунзаяаг алчихсан, одоо яах вэ гэсэн. Би тэр үед итгээгүй, тэгээд гэр рүү оръё гэхээр нь хамт яваад ортол том эгч нь болох /Оогий/ Пүрэв бас нэг эгч хоёр нь байж байсан. Тэр хүмүүс урд нь намайг орохоор бараг загнах шахуу байдаг хүмүүс их баргар царайтай, дуу муутай байсан. Бид хоёр дэлгүүрийн хаалгаар ороод дамжаад гэр рүү нь ороод суутал Эрдэнэтөгс надад хандан чи найздаа тусал, эндээс холдуулж хаях хэрэгтэй байна гэсэн. Тэгтэл том эгч Пүрэв нь Баянхошууны тийшээ хая наадах чинь тэнд ажил хийдэг гээ биз дээ гэсэн, тэгтэл бага эгч нь тийм ойрхон яах юм гэтэл Эрдэнэтөгс биогийн тийшээ аваачиж хаяна гээд байсан Тэгээд бид нар нилээд удсан, би тухайн үед айгаад ёстой мэдэхгүй гэж хэлсэн Тэгж байгаад би миний машин бензин байхгүй, би ер бараг чадахгүй ухааны зүйл ярьтал, Эрдэнэтөгс чи найздаа тусал гээд байсан. Тэгтэл эгч нь бензин хийчих гээд 30 000 төгрөг өгөөд 22 цагийн орчимд бага эгч нь надтай хамт яваад 17 ороод Шатахуун түгээх станцаас бензин хийсэн. Тэр үед би яаж цагдаад мэдэгдэх вэ гэж бодоод Сүхбаатарт хэлэх арга хайсан. Тэгээд 17-оос өгсөөд Эрдэнэтөгсийн гадаа очоод эгчийг нь та орж бай, би нэг хүнтэй уулзаад ирье гэж хэлээд түүнийг буулгаад доошоо эргээд явсан. Жаахан холдоод Сүхбаатартай утсаар болсон зүйлийн талаар яриад уулзахаар болсон. Сүхбаатар цагдаа надаас чи яг алсан байгааг нь баттай харсан уу гэсэн. Би Ариунзаяаг нас барсан байгааг нь хараагүй Эрдэнэтөгс надад байшингийн дээвэрт хийсэн гэснийг хэлсэн Тэгээд би цагдаатай ярилцаад буцаж Эрдэнэтөгсийнд очихоор болоод явсан. Сүхбаатар цагдаа намайг утсаа асааж халаасандаа хийгээд явж бай гэсэн. Би буцаад 01 цагийн орчимд очоод тэдний хашаанд машинаа ухраагаад оруулсан. Тэгтэл хүн унтсан хойно гарна гээд нилээд удаад бараг 1 цаг орчим болоод 02 цагийн үед гараад Эрдэнэтөгс намайг машинаа дэлгүүрийн залгаа байшингийн дээвэр рүү тулгаж тавиад өөрөө тийшээ яваад орсон. Тэгээд харж байтал Эрдэнэтөгс байшингийн дээвэр дотор нэг юм чирээд байгаа чимээ гарч байснаа нөгөө нүхээр нь гарыг нь унжуулаад гаргаад ирсэн. Би тэр уед маш их айгаад бараг харж чадахгүй байж байтал пид гэсэн чимээ гараад нэг юм газарт унасан. Би тэр үед ойртоод очтол газарт Ариунзаяагийн цогцос хэвтэж байсан. Түүнийг Эрдэнэтөгс дээрээс унагасан байсан тэгээд тэр өөрөө араас нь гарч ирээд цасан дээр чирээд, миний машины арын багааж руу хийгээд, нэг цагаан ууттай юм 2 бадуушиг аваад буцаж гарч ирээд машины арын багааж онгойлгоод цогцосны дээрээс дарж тавиад, явъя гэсэн. Тэр үед би машинаа асаагаад хөдөлсөн, өөр хүн гарч ирээгүй. Эрдэнэтөгс хашааны хаалга хаахаар явахаар нь би утасаа дахин Сүхбаатар цагдаа руу залгаж холбоод, халаасандаа хийгээд доошоо явж уулзвар ороод болзсон газраа хартал цагдаа байхгүй байх шиг байхаар нь яанаа гэж бодоод явж байтал Сүхбаатар цагдаа алаг машинтай цагдаа нарын хамт хажуугаас гэнэт гарч ирээд урдуур орж зогсоогоод шалгаад аваад явсан. Тэр үед Эрдэнэтөгс пизда пизда гээд машин дотор ямар ч хөдөлгөөнгүй суугаад байсан гэжээ.

            Шүүх хуралдаан дээр гэрч Д.Сүхбаатараас мэдүүлэхдээ:-Эрдэнэтөгс, Ганхуяг бид нар багын найзууд. Тэр орой би ажлаа тараад явж байхдаа энэ хоёртой тааралдсан. Шөнө 12 цагийн үед Ганхуяг над руу утсаар яриад болсон явдлыг яриад, би энэ тухай ахмад Батсайханд мэдэгдсэн гэв.

Мөрдөн байцаалтад гэрч Д.Сүхбаатараас мэдүүлэхдээ:-Би 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн орой 21 цаг 30 минутанд Согоотын 10 дугаар гудамжны үзүүрт Ганхуяг, Эрдэнэтөгс буюу Тоогий нар Ганхуягийн 97-52 УНН улсын дугаартай Раум маркийн машинтай архи уугаад сууж байхад нь гэр рүүгээ харих замдаа таарсан. Би Эрдэнэтөгст архи дарсаа болио, гэр орондоо харьж амар гэж хэлсэн. Тухайн үед Эрдэнэтөгс надад хандан архины эмчилгээнд явуулаад өгөөч, архинаас болж амьдарлаа алдах гээд байна гэх зүйл ярьж байсан. Би тэр үед нь чи маргааш эрүүл болоод надтай уулзаарай, архины эмчилгээнд явуулж болно, болохгүй зүйл гэж байхгүй гэдгийг би хэлсэн. Тэгээд би гэртээ хариад байж байтал шөнийн 00 цаг өнгөрч байхад Ганхуяг над руу утсаар залгаад нэг хэргийн талаар мэдээлэл өгье, ямар шагнап өгөх вэ гэхэд би Ганхуягт ямар мэдээлэл өгөх юм, тэрнээс шалтгаална гэж хэлсэн. Ганхуяг хүн амины хэргийн талаар мэдээлэл өгье, Эрдэнэтөгс Ариунзаяаг алсан, миний машинаар зөөж хаямаар байна гэж надад хэлсэн гэж ярьсан. Тэгээд би тухайн 15, 16 хороонд машинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Ахлах ахлагч Доржгочоо, дэслэгч Ө.Батсайхан нартай 84-ын автобусны буудал дээр очиж уулзаад энэ талаар хэлсэн. Бид нар ярилцаад Хайлаастын ХААН банктай эцэс дээр очоод Ганхуягийг дуудаж уулзаад асуутал, Эрдэнэтөгс сая архи ууж байгаад би Ариунзаяаг алсан миний машинаар зөөмөөр байна гэж хэлсэн, цогцос хаана байгааг мэдэхгүй байна гэж ярьсан. Тэгээд бид нар Ганхуягт чи буцаад Эрдэнэтөгс дээр очоод цогцосыг хаана байгааг мэдээдэх, хэрвээ цогцсыг ачих юм бол над руу залгаарай гэж хэлээд, би өөрөө Эрдэнэтөгсийн гэрийн харапдаа Жаргалантын 26 дугаар гудамжинд энгийн машинтай зогсож байсан. Шөнийн 01 цагийн үед Ганхуяг над руу утсаа залгаатай орхиж, удалгүй Ганхуяг Эрдэнэтөгстэй хамт машиндаа сууж хашаанаас доошоо яваад, би араас нь дагаж явж байгаад Ө.Батсайхан, Доржгочоо хоёрт Ганхуягийн машин усан сангаас 84-ийн уулзвар руу уруудлаа гэж утсаар хэлсэн. Тэр хоёр өөдөөс нь тосож зогсоогоод шалгаж, цогцос ачсан байгааг тогтоосон юм. Бид цогцосыг ил гаргаж ирэх зорилгоор Ганхуягийг буцаж очоод цогцос хаана байгааг мэдээд хэрэв ачихаар бол ачаад гараад ир, бид нар чамайг бид нартай хамтарсан гэж мэдэгдэхгүй байхаар барьж авна гэж тохироод Ганхуягийг явуулж цогцосыг ачсан. Би Ганхуяг, Эрдэнэтөгс нарыг 2002 оноос хойш таньдаг, хүүхэд байхдаа гудамжинд байдаг сагсны шийт дээр тоглодог, нэг хорооны хүүхдүүд юм гэжээ.

Шүүх хуралдаан дээр шинжээч ...Амгалангаас мэдүүлэхдээ:-Эрдэнэчимэгийг 5 гишүүний бүрэлдэхүүнтэй үзэж дүгнэлт гаргасан. Эрдэнэчимэг нь 2015 оны 12 дугаар сарын 12-ны байдлаар эрүүл байсан. Цагдан хорьсоноос хойш шоронгийн солиорол болсон. Чихэнд аппарат байна гээд яриад байсан. Сэтгэл санаа нь хямраад өвчтэй болсон. Энэ нь олдмол өвчин гэж үзсэн. Түүнийг эмээр эмчилсэн. Одоо бол зүгээр гэв.

            Мөрдөн байцаалтад гэрч Ө.Батсайханаас мэдүүлэхдээ:- Би 2015 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд хороо хариуцсан цагдаа, ахлагч Сүхбаатарын таньдаг залуугийнх нь таньдаг хүн нь хүн алсан тэр залуугийн машинд ачиж хаяна гэж байна гэх мэдээлэл авч Согоот-10 мэдэгдэж, мэдээллийг үнэн эсэхийг шалгах болсон. Ингээд тухайн хүний цогцос нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан тул ахлагч Сүхбаатараар 97-52 УНН дугаартай жолооч Б.Ганхуягийг дуудуулж орой 01 цагийн орчимд Хайлаастын хаан банктай эцсийн буудлын тэнд уулзаад асуутал Ганхуяг ярихдаа, би Эрдэнэтөгс гэдэг найзтайгаа уулзсан чинь тэр эхнэрээ алсан, 2 хонож байна, чиний машинаар зөөнө гэсэн. Цогцос нь хаана байгааг би мэдэхгүй байна гэж ярьсан, тэгэхээр нь ахлагч Сүхбаатар, ахлах ахпагч Доржгочоо бид нар ярилцаад тэр Ганхуяг гэдэг жолоочийг цогцос байгаа газрыг олж, хэргийг илрүүлэх зорилгоор буцааж Эрдэнэтөгсийн гэр рүү явуулсан. Явуулахдаа хэрэв цогцос ачвал хөдлөхдөө утсаа залгаад орхи, ачихгүй бол цогцос хаана байгааг нь мэдээд гараад ир гээд оруулсан. Ингээд бид нар хүлээж байтал 02 цагийн орчимд Сүхбаатар Жаргалантын 26 гудамжинд энгийн машинтай харж байгаад Ганхуягийн машин Усан сангаас 84-ийн уулзвар руу уруудлаа гэж утсаар ярихад нь би ахпах ахлагч Доржгочоогийн хамт алаг тэрэгтэй 84-ийн уулзвар дээр өөдөөс нь хаалт хийж зогсоож шалгахад, эмэгтэй хүний цогцос байсан. Тэгээд хэргийн газрыг хамгаалалтанд авч жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн гэжээ.

            Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016.01.11-ний ¹2231 тоот актын дүгнэлтэд:

            1.Талийгаачид хуйх, 2 нүдний доод зовхи, хамрын уг нуруу, эрүүний ооч хэсэгт цус хуралт, 2 хөмсөгний гадна болон 2 хөмсөгний гол хэсэг, хамрын үзүүрийн өнгөц зулгаралт, хүзүү болон хэвлийн зүсэгдсэн шархнууд /шарх №1-3/ үүсчээ.

            2. 2 нүдний дээд, доод зовхи, хамрын уг нуруу, эрүүний ооч хэсэгт цус хуралт, 2 хөмсөгний гадна хэсэг болон 2 хөмсөгний гол хэсэг, хамрын үзүүрийн өнгөц зулгарал нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, үхэлд нөлөөлөөгүй, шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно. Хүзүү болон хэвлийн зүсэгдсэн шархнууд нь зүсэгч багажийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх бөгөөд шарх №2-ын гэмтэл үхэлд шууд хүргэжээ. Шарх №1, 3 үхэлд нөлөөлөөгүй хөнгөн зэргийн гэмтлүүд болно. Шархнууд нь зүсэгдсэн шарх тул зүсэгч багажийн ажлын хэсгийн урт өргөний хэмжээг тогтоох боломжгүй. Мөн үүсгэгдсэн дарааллыг тогтоох боломжгүй ч нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ба нас барахаас өмнө 12-18 цагийн өмнө үүсгэгдсэн байна.

            3.Рефлексийн бүсийн гэмтэл болох /шарх №2/ төвөнхийн бамбайн мөгөөрс, баруун гүрээний артерийн зүсэгдсэн шархны улмаас рефлексээр зүрх гэнэт зогсож нас баржээ.

            4.Булчинд 3.2 промилли этилийн спирт илэрсэн нь нас барахаас өмнө этилийн спирт хэрэглэж цусанд шимэгдэх хугацаанд өнгөрсөнийг илэрхийлнэ.

            5.Цусны 3-р бүлэгтэй байна.

            6.Үтрээ шулуун гэдэсний арчдас наалдцад эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй байна гэжээ.

            Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээч эмч Б.Ариунзулыг байцаасан тэмдэглэлд:-Талийгаачийн хүзүү, хэвлий хэсэгт нь 3 ширхэг шарх үүссэн байсан. Шарх бүрт нь дугаар өгч, үүссэн механизм, үхэлд нөлөөлсөн байдал зэргийг тодорхойлж өгсөн. Цогцос ялзарсан байсан тул судаснаас цус авагдаж өгөхгүй хүндрэл гарсан тул согтолтын зэргийг тогтоож чадаагүй. Учир нь согтолтын зэргийг цусан дахь этилийн спиртийн хэмжээгээр тогтооно. Харин архи хэрэглэсэн эсэхийг булчингийн эдэд спирт тодорхойлж тогтооно. Шархыг дугаарласан дугаарлалт нь зүгээр л хооронд нь ялгах ялгасан дугаарлалт бөгөөд үүссэн дараалал биш болно. Талийгаачийн хүзүү болон хэвлийд учирсан 3 шархнаас бусад дээрх гэмтлүүд нь хэзээ үүссэн эсэхийг тогтоох боломжгүй боловч гэмт хэрэг үйлдэгдсэн үед хэвлий болон хүзүүний шархтай хамт үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаач №2 гэж дугаарласан шархнаас болж нас барсан байна гэжээ.

            Шүүх дээрх  баримтуудыг дүгнэн үзвэл шүүгдэгч Ч.Эрдэнэтөгс нь 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 9 дүгээр гудамж, 124 тоот гэртээ хамтран амьдрагч А.Ариунзаяаг зодож, хүзүү болон хэвлийн тус газарт нь 3 удаа хутгалснаас хохирогчид хуйх, 2 нүдний доод зовхи, хамрын уг нуруу, эрүүний ооч хэсэгт цус хуралт, 2 хөмсөгний гадна болон 2 хөмсөгний гол хэсэг, хамрын үзүүрийн өнгөц зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүзүү болон хэвлийн зүсэгдсэн шархнууд үүсч, улмаар хохирогч нь төвөнхийн бамбайн мөгөөрс, баруун гүрээний артерийн зүсэгдсэн шархны улмаас рефлексээр зүрх гэнэт зогсож нас барсан,

-шүүгдэгч Ч.Пүрвээ, Ч.Эрдэнэчимэг нар нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 9 дүгээр гудамж, 124 тоот гэртээ өөрсдийн дүү болох Ч.Эрдэнэтөгсийг хүн алсан гэмт хэргийг үйлдсэнийг мэдсэн атлаа түүнтэй үгсэж, хохирогчийн цогцосыг өөр тийш аваачиж нуух талаар ярилцаж, Ч.Пүрвээ нь 30.000 төгрөг өгч, Ч.Эрдэнэчимэг нь шатахуун түгээгүүрийн газраас цогцосыг зөөвөрлөх автомашинд шатахуун хийх зэрэг идэвхитэй үйлдлээр Ч.Эрдэнтөгсийн хүнийг санаатай алсан гэмт хэргийг нуун далдалсан,

-шүүгдэгч Ч.Чулуумаа нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүгдэгч Ч.Эрдэнэтөгсийг хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэнийг мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтан мэдээлээгүй болох нь  

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016.01.11-ний №2231 тоот акт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-4-6), цогцос нууж явсан 97-52 УНН дугаарын автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-14-16), гэрэл зургийн үзүүлэлтүүд, Ч.Эрдэнэтөгсийн сэжигтнээр мэдүүлсэн “Би уурлаад 19 цагийн орчим гэрт хөргөгч дээр байсан хар иштэй хутгыг аваад баруун гартаа бариад савсан чинь Ариунзаяагийн хоолойг хэрчсэн. Тэгээд хүзүүнээс нь их хэмжээний цус гоожсон. Талийгаач тэр дороо унаад нас барсан. Бид хоёр өөр хүнтэй архи уугаагүй, манай гэрт гаднаас өөр хүн байгаагүй. Би талийгаачийг хутгалсан хар өнгийн иштэй нугардаггүй, ойролцоогоор 20 гаруй см урттай хутгыг угааж цэвэрлээд хөргөгчид хийсэн“ гэх мэдүүлэг (1-р хх 123),

гэрч Б.Ганхуягийн шүүх хуралдаан дээр мэдүүлсэн “2015 оны 12 дугаар сарын 14-ний орой Эрдэнэтөгс намайг дуудаад, миний машинд 1 шил архи уусан. Тэр үед хөгшин нь нэг болохгүй юм хийчихлээ, манай руу оръё гэсэн. Найздаа тусал, нэг тийш нь аваачихад тусал гэсэн. Пүрвээ гэдэг айлд ороход Эрдэнэчимэг, Пүрвээ хоёр байсан. Хааш нь яах вэ гээд хоорондоо ярилцаад байсан. Цогцосыг нэг тийш нь аваачиж орхиё гээд ярилцаад байсан. Чулуумаа нь байгаагүй. Намайг бензингүй гэхэд том эгч нь 30.000 өгсөн. Эрдэнэчимэг эгч нь намайг дагаад бензинд явсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Ганхуягийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Эрдэнэтөгс нилээд согтож, уйлаад байх шиг болоод, найз нь нэг том хэрэг хийчихсэн, Ариунзаяаг алчихсан, чи найздаа тусал, эндээс холдуулж хаях хэрэгтэй байна гэсэн. ... би миний машин бензин байхгүй, би ер бараг чадахгүй ухааны зүйл ярьтал, Эрдэнэтөгс чи найздаа тусал гээд байсан. Тэр үед би яаж цагдаад мэдэгдэх вэ гэж бодоод Сүхбаатарт хэлэх арга хайсан. Сүхбаатартай утсаар болсон зүйлийн талаар яриад уулзахаар болсон. Сүхбаатар цагдаа надаас чи яг алсан байгааг нь баттай харсан уу гэсэн. Би Ариунзаяаг нас барсан байгааг нь хараагүй Эрдэнэтөгс надад байшингийн дээвэрт хийсэн гэснийг хэлсэн Тэгээд би цагдаатай ярилцаад буцаж Эрдэнэтөгсийнд очихоор болоод явсан. Сүхбаатар цагдаа намайг утсаа асааж халаасандаа хийгээд явж бай гэсэн. Би буцаад 01 цагийн орчимд очоод тэдний хашаанд машинаа ухраагаад оруулсан. Тэгтэл хүн унтсан хойно гарна гээд нилээд удаад бараг 1 цаг орчим болоод 02 цагийн үед гараад Эрдэнэтөгс намайг машинаа дэлгүүрийн залгаа байшингийн дээвэр рүү тулгаж тавиад өөрөө тийшээ яваад орсон. Тэгээд харж байтал Эрдэнэтөгс байшингийн дээвэр дотор нэг юм чирээд байгаа чимээ гарч байснаа нөгөө нүхээр нь гарыг нь унжуулаад гаргаад ирсэн. Би тэр уед маш их айгаад бараг харж чадахгүй байж байтал пид гэсэн чимээ гараад нэг юм газарт унасан. Би тэр үед ойртоод очтол газарт Ариунзаяагийн цогцос хэвтэж байсан. Түүнийг Эрдэнэтөгс дээрээс унагасан байсан тэгээд тэр өөрөө араас нь гарч ирээд цасан дээр чирээд, миний машины арын багааж руу хийгээд, нэг цагаан ууттай юм 2 бадуушиг аваад буцаж гарч ирээд машины арын багааж онгойлгоод цогцосны дээрээс дарж тавиад, явъя гэсэн. Тэр үед би машинаа асаагаад хөдөлсөн, өөр хүн гарч ирээгүй. Эрдэнэтөгс хашааны хаалга хаахаар явахаар нь би утасаа дахин Сүхбаатар цагдаа руу залгаж холбоод, халаасандаа хийгээд доошоо явж уулзвар ороод болзсон газраа хартал цагдаа байхгүй байх шиг байхаар нь яанаа гэж бодоод явж байтал Сүхбаатар цагдаа алаг машинтай цагдаа нарын хамт хажуугаас гэнэт гарч ирээд урдуур орж зогсоогоод шалгаад аваад явсан. Тэр үед Эрдэнэтөгс пизда пизда гээд машин дотор ямар ч хөдөлгөөнгүй суугаад байсан” гэх мэдүүлэг,  

гэрч Д.Сүхбаатарын ”Би 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн орой 21 цаг 30 минутанд Согоотын 10 дугаар гудамжны үзүүрт Ганхуяг, Эрдэнэтөгс буюу Тоогий нар Ганхуягийн 97-52 УНН улсын дугаартай Раум маркийн машинтай архи уугаад сууж байхад нь гэр рүүгээ харих замдаа таарсан. Тухайн үед Эрдэнэтөгс надад хандан архины эмчилгээнд явуулаад өгөөч, архинаас болж амьдарлаа алдах гээд байна гэх зүйл ярьж байсан. ... шөнийн 00 цаг өнгөрч байхад Ганхуяг над руу утсаар залгаад ... мэдээлэл өгье, Эрдэнэтөгс Ариунзаяаг алсан, миний машинаар зөөж хаямаар байна гэж надад хэлсэн гэж ярьсан. Тэгээд би тухайн 15, 16 хороонд машинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Ахлах ахлагч Доржгочоо, дэслэгч Ө.Батсайхан нартай 84-ын автобусны буудал дээр очиж уулзаад энэ талаар хэлсэн. Бид нар ярилцаад Ганхуягт чи буцаад Эрдэнэтөгс дээр очоод цогцосыг хаана байгааг мэдээдэх, хэрвээ цогцсыг ачих юм бол над руу залгаарай гэж хэлээд, ... удалгүй Ганхуяг Эрдэнэтөгстэй хамт машиндаа сууж хашаанаас доошоо яваад, би араас нь дагаж явж байгаад Ө.Батсайхан, Доржгочоо хоёрт Ганхуягийн машин усан сангаас 84-ийн уулзвар руу уруудлаа гэж утсаар хэлсэн. Тэр хоёр өөдөөс нь тосож зогсоогоод шалгаж, цогцос ачсан байгааг тогтоосон” гэх мэдүүлэг, гэрч Ө.Батсайханы “Би 2015 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Ганхуяг гэдэг жолоочийг цогцос байгаа газрыг олж, хэргийг илрүүлэх зорилгоор буцааж Эрдэнэтөгсийн гэр рүү явуулсан. 02 цагийн орчимд Сүхбаатар Жаргалантын 26 гудамжинд энгийн машинтай харж байгаад Ганхуягийн машин Усан сангаас 84-ийн уулзвар руу уруудлаа гэж утсаар ярихад нь би ахпах ахлагч Доржгочоогийн хамт алаг тэрэгтэй 84-ийн уулзвар дээр өөдөөс нь хаалт хийж зогсоож шалгахад, эмэгтэй хүний цогцос байсан” гэх мэдүүлэг,

Ч.Пүрвээгийн сэжигтнээр мэдүүлсэн “Тэгээд Эрдэнэтөгс манай гэрт орж ирсэн. Тухайн үед нилээд согтуу байсан. Эрдэнэтөгс уйлж байснаа би ханийгаа алчихлаа ш дээ гэсэн. Тэгээд чи хүн алсан юм бол цагдаа дуудахгүй яасан юм гэхэд Эрдэнэтөгс би айгаад чадахгүй байна гэсэн” гэх мэдүүлэг,

Ч.Эрдэнэчимэгийн сэжигтнээр мэдүүлсэн “Талийгаач А.Ариунзаяаг нас барсан гэдгийг 2015 оны 12 дугаар сарын 14-ний орой 20 цагийн орчим мэдсэн. Эгчээс Ганхуягийн машинд бензин хийнэ 30.000 төгрөг зээлээдэх гэтэл эгч 30.000 төгрөг өгсөн. Тэгэхээр нь би Ганхуягийн машинд сууж хамт явж бензин авсан” гэх мэдүүлэг,

Ч.Чулуумаагийн сэжигтнээр мэдүүлсэн “Тэгээд би байж байгаад Эрдэнэтөгст цай хийж өгөөд, хаашдаа цагдаад мэдэгдээд хоригдохоос хойш гэж бодоод Далай хүү захаас 1 зузаан өмд, 2 футболк, 2 оймс аваад ирсэн” гэх мэдүүлэг, хэрэгт хавсаргаж ирүүлсэн эд мөрийн баримтууд, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Прокурорын газраас шүүгдэгч Ч.Чулуумааг 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 9 дүгээр гудамж, 124 тоотод Ч.Эрдэнэтөгс нь хамтран амьдрагч А.Ариунзаяаг санаатай алсан гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн түүнд Эрүүгийн хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д заасан ял сонсгож, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн болон хэрэгт цугларсан баримтууд, гэрч Б.Ганхуягийн мэдүүлгээр шүүгдэгч нь Ч.Эрдэнэтөгсийн хүнийг санаатай алсан гэмт хэргийг нуун далдалсан болох нь нотлогдон тогтоогдохгүй байна. Харин тэрээр Ч.Эрдэнэтөгсийн үйлдсэн гэмт хэргийг үл мэдээлсэн байх тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд шүүгдэгч Таван хонгор овогт Чулуунбатын Эрдэнэтөгсийг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т заасан ял оногдуулах,  шүүгдэгч Ч.Пүрвээ, Ч.Эрдэнэчимэг хүнийг санаатай алсан гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д ял тус тус оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Чулуумааг Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д заасан хүнийг санаатай алсан гэмт хэргийг зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдснэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ч.Чулуумаа нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байсан.

 

Шүүх шүүгдэгч Ч.Эрдэнэтөгст ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсаныг хүндрүүлэх нөхцөлд харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ч.Пүрвээ, Ч.Эрдэнэчимэг нар нь тус бүр 13 хоног цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар тэдгээрийн цагдан хоригдсон нэг хоногийг албадан ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүүлж, 104 (13 х 8) цаг албадан ажил хийлгэх ял эдэлсэнд тооцож, ялаас хасч тооцсон болно. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардал 4.952.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгчийн ар гэрээс 1.500.000 төгрөг төлсөн гэх тул үлдэх 3.452.000 төгрөгийг шүүгдэгч Ч.Эрдэнэтөгсөөс нөхөн гаргуулахаар шийдвэрлэв. Харин хохирогчийн насанд хүрээгүй хүүхдүүдийн асрамж болон тэтгэврийн асуудлыг хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд ирүүлээгүй тул уг асуудлаа иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т зааснааг баримтлан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чулуунбатын Чулуумаад холбогдох хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.  

2.Шүүгдэгч Таван хонгор овогт Чулуунбатын Эрдэнэтөгсийг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан, шүүгдэгч Бушга овогт Чанцалын Пүрвээ, Бушга овогт Чулуунбатын Эрдэнэчимэг нарыг хүнийг санаатай алсан гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан, шүүгдэгч Боржгин овогт Чулуунбатын Чулуумааг хүнийг санаатай алсан гэмт хэргийг үл мэдээлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ч:Чулуумааг эрүүгийн хариуцдлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4.Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар шүүгдэгч Чулуунбатын Эрдэнэтөгсийг 21 (хорин нэг) жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д зааснаар шүүгдэгч Чанцалын Пүрвээ, Чулуунбатын Эрдэнэчимэг нарыг тус бүр 300 (гурван зуу) цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

4.Шүүгдэгч Ч.Пүрвээ, Ч.Эрдэнэчимэг нар нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар уг ялыг баривчлах ялаар сольж болохыг тэдгээрт сануулсугай.

5.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Ч.Эрдэнтөгсөд оногдуулсан 21 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч Ч.Эрдэнэтөгсийн цагдан хоригдсон 321 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Шүүгдэгч Ч.Пүрвээ, Ч.Эрдэнэчимэг тус бүрийн цагдан хоригдсон 13 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан 104 цаг албадан ажил хийлгэх ял эдэлсэнд тооцож, тэдгээрийн биечлэн эдлэх албадан ажил хийлгэх ялыг тус бүр 196 цагаар тогтоож, шүүгдэгч Ч.Чулуумаа цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн пүүзэн гутал 1 хос, ногоон улбар шар алаг өнгийн хөнжлийн хэсэг 1 ширхэг, хуванцар сав 1 ширхэг, хар өнгийн бариултай хутга 1 ширхэг, улаан өнгийн бариултай хутга 1 ширхэг, ягаан өнгийн ханын цаасны хэсэг 1 ширхэг, хар өнгийн гутал 1 хос, ногоон өнгийн хөнжил 1 ширхэг, улаан эрээн цэцгэн хээтэй цагаан саарал даавуу 1 ширхэг, зөөлөвч 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлйин 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Ч.Эрдэнэтөгсөөс 3.452.800 (гурван сая дөрвөн зуун тавин хоёр мянга найман зуу) төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Боржигон овогт Ариунчимэгийн Өнөрбат (РД:УХ87042917)-д олгож, бусад гэм хорын хохирлоо Иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

9.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Эрдэнэтөгсөд урьд авсан цагдан хорих, Ч.Пүрвээ, Ч.Чулуумаа, Ч.Эрдэнэчимэг нарт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр  үргэлжлүүлсүгэй.

10.Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ

   

ШҮҮГЧИД                                                            С.БАТГЭРЭЛ

     

  Б.ХАЛИУН