Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01033

 

 

Б.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2021/00708 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Эын хариуцагч Д.Эод холбогдуулан гаргасан гэм хор учруулсны хохиролд 2 592 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 8 дугаар сарын 17-ны шөнийн 02 цаг 30 минутын орчимд Д.Эын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг ...дугаар хороо 31 дүгээр байр 98 тоотоос ус алдаж, Б.Эын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, ...дугаар хороо, 31 дүгээр байр 94 тоотын өрөөнүүдэд нэвтэрч, хохирол учруулсан. Тухайн үед энэ талаар дээд айл болох 98 тоотын оршин суугчдад мэдэгдэхэд алчуур хатаагч задарснаас ус алдсан гэж хэлсэн. Тэднийд нэг цаг орчмын хугацаанд ус их алдсан, шавхаагүй байсан нь манай өрөөнүүдэд нэвтэрч, гоожсон. Контор луу хэлж усаа хаалгасан. Үүрийн 05 цагийн үед гэрийн эзэн нь ирсэн учир гэртээ оруулж бодит байдлыг үзүүлсэн. Маргааш нь 11 цагийн үед дахин ус алдахаар нь орж үзэхэд хүн усанд орж байсан бөгөөд бохирын хоолойгоо холбоогүй учир ус нь шууд шал руу нь гоожиж байсан. Дээд айлаас байнга шахам их, бага хэмжээгээр ус алддаг байсан. Д.Этой удаа дараа уулзаж асуудлыг шийдвэрлэхийг хүссэн ч чадаагүй. Тухайн үед үнэлгээчинд хандсан боловч шүүхийн журмаар хийдэг гэсэн. Гар утсан дээрээ зураг авснаа харуулахад Г.Сүхболд нь төвийн дүгнэлт гаргана гээд Хэрэглэгчдэд үйлчлэх төв дүгнэлт гаргасан. Хариуцагч нь орон сууцандаа засвар хийх угаалтуурын өрөөний зохион байгуулалтыг өөрчилсөн байсан.

Анх шүүхэд засвар хийсэн материалын зардал 1 462 400 төгрөг, засварын ажлын хөлс 1 076 000 төгрөг, нийт 2 538 400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч бодит зардал 2 592 250 төгрөг гарсан. Шинжээчийн дүгнэлтээр хохирлын хэмжээг 2 682 600 төгрөг гэсэн боловч бодит гарсан зардлыг нэхэмжилнэ.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар ус алдаж учруулсан хохиролд гарсан бодит 2 592 250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан банн усаар дүүрсний улмаас ус алдсан зүйл огт байхгүй. Тус орон сууц нь 1978 онд ашиглалтад орсон, олон жилийн эдэлгээнд идэгдсэн, сантехникийн холболт шугамууд нь элэгдэж, муудсан учир ванны өрөөний алчуур хатаагч усны даралт даахгүй задарч шөнийн 02 цагт халуун ус алдсан. Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дах хэсэгт орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид эвдрэл, гэмтэл гарсан тухай бүр оршин суугч нь эрх бүхий мэргэжлийн байгууллагад нэн даруй мэдэгдэж засвар, үйлчилгээ хийх хүнийг саадгүй нэвтрүүлж, түүнд шаардлагатай туслалцаа үзүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу холбогдох байгууллагад хандаж, ус хаалгах арга хэмжээ авхуулсан. Нэхэмжлэгчийнд ус алдаж байгааг орж харсан тул ус алдсаныг хүлээн зөвшөөрнө. Орон сууцны конторын дүгнэлттэй санал нэг байна.

Харин нэхэмжлэгч нь 2 өрөө орон сууцандаа супер засвар хийлгэсэн дүнг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Анхнаасаа үнэлгээний газарт хандаагүй. Б.Э нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв-8 буюу харьяа орон сууцны контороос Гэмтлийн шалтгаан тогтоох тухай дүгнэлтийг гаргуулан авахдаа цахилгааны инженер Г.Сүхболдод ... даатгалын компанид хандаж хохирлоо барагдуулна, очиж үзэх шаардлагагүй... гэж хэлээд ус алдсан байдлыг харуулалгүй, нийт 2 өрөө орон сууцны бүх талбайн хэмжээгээр өөрөө хэлж дүгнэлт бичүүлж авсан байна. Үүнийг инженер Г.Сүхболд нь гэрчилсэн. Засвар хийсний дараа үнэлгээ хийлгэсэн. Хариуцагчийг байлцуулаагүй үнэлгээ хийлгэсэнд гомдолтой. Ус нь угаалгын өрөө, 00-н өрөө, коридор, том өрөөний хаалганы дээд ирмэг хэсгээр орсон байтал Б.Э нь нийт 2 өрөө орон сууцны засварын бүх зардлыг нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

Өмнө нь удаа дараа ус алдаж байгаагүй, энэ талаар нотолсон баримтгүй. Ус алдсанаас хойш 2 удаа ярилцахаар гэрт нь орох гэхэд ээж, эхнэр нь гэрт битгий оруул гэсэн гээд оруулаагүй. Хэдэн өдрийн дараа би орцны үүдэнд Б.Этой таараад ...засвар хийх 2 засварчин байна, чи тавилгаа зайчлаад засвар хийх боломжтой болгочих гэж хэлэхэд, тэгж засуулахгүй бүрэн засвар хийнэ... гээд тохиролцож чадаагүй, ус алдсаны дараагийн 3 хоногийн туршид манайхаас залгуураар тог татаж авч байсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Эоос гэм хор учруулсы хохирол 2 592 250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эод олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 114 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 57 388 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эод, мөн хариуцагч Д.Эоос шинжээчийн зардал 400 000 төгрөгийг гаргуулж Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбоо ГҮТББ-д тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 38 дугаар зүйлийн 38.4, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.1, 10.4.2-т тус тус заасныг зөрчсөн. Хариуцагч нь энэхүү иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн 3 шатны шүүхэд гаргасан тайлбартаа 2018 оны 8 дугаар сарын 16-17-ны өдөр шилжих шөнө 02 цаг 30 минутын орчимд угаалгын өрөөний алчуур хатаагчийн босоо шугамын алчуур хатаагч труба даралт даахгүй задарч доод давхрын айл руу ус гоожсон, санаатай, хууль бус үйлдлээс шалтгаалаагүй тухай тодорхой дурдсан. Энэ нь угаалгын өрөө, 00-н өрөө, коридор, том өрөөний хаалганы дээд ирмэг хэсгээр орсон байтал Б. Э нь нийт 2 өрөө байрны засварын бүх зардлыг нэхэмжилж, 2 удаа ярилцахаар гэрт нь орох гэхэд ээж, эхнэр 2 нь гэрт битгий оруул гэсэн гээд оруулаагүй. Улмаар Б.Этой таараад ...засвар хийх 2 засварчин байна, чи тавилгаа зайчилаад засвар хийх боломжтой болгочих гэж хэлэхэд, би тэгж засуулахгүй бүрэн засвар хийнэ... гэсэн. Мөн 1 000 000 төгрөг өгье гэхэд заавал супер засвар хийсэн зардлаа бүгдийг авна гэсэн байтал буруугаар тайлбарлаж, энэ талаар огт авч хэлэлцээгүй мэт бичсэн байгаа нь хуульд нийцэхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

Хуульд заасны дагуу бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй байдаг атал Б.Э нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв-8 буюу харьяа орон сууцны контороос Гэмтлийн шалтгаан тогтоох тухай дүгнэлт-ийг гаргуулан авахдаа дарга Ж.Н-ийн гарын үсгийг хэсгийн инженер н.А-аар хуурамчаар зуруулан дүгнэлт гаргуулсан. Цахилгааны инженер Г.С ...даатгалын компанид хандаж хохирлоо барагдуулна, очиж үзэх шаардлагагүй... гэж хэлээд ус алдсан байдлыг харуулалгүй, нийт 2 өрөө орон сууцны бүх талбайн хэмжээгээр өөрөө хэлж дүгнэлт бичүүлж авсан байсныг инженер Г.С шүүхэд гэрчээр ирж мэдүүлсэн. Энэ талаар огт харгалзахгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан хохирлын дүнг үндэслэн шийдвэр гаргасан нь хууль эрх тэгш байх , нотлох баримт үнэн зөв байх зарчмыг алдагдуулж байна.

Шинжээчийн дүгнэлтэнд хохирлыг арилгах зардлын хэмжээг 2 682 200 төгрөг гэсэн нь труба задарснаас хойш бүтэн жилийн дараа 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр супер засвар хийсэн, засвар хийсний дараа мөн нэг жил орчим хугацаа өнгөрсөн байхад 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтдээ угаалгын өрөөний алчуур хатаагч труба задарснаас нэхэмжлэгчийн байрны аль өрөөнд ямар хэмжээний талбайд хохирол учирсныг яаж нотолсон, хэрэв талбайг тодорхойлсон бол ямар хэмжээний хохирол учирсаныг нотлоход шинжилгээний обьект нь шинжилгээ хийхэд шаардагдах тоо, хэмжээ, чанарын үзүүлэлтийг хангасан байх, эх хувь буюу биет байдлаар байж чадсангүй атал нэг талыг баримталсан дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ талаар мэдэгдсэн байхад шинжээчийн дүгнэлтэнд маргаагүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Д.Э холбогдуулан гэм хорын хохиролд 2 538 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа /хх-1-2/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 592 250 төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. /хх-92/ Хариуцагч нь ус алдсан буруугаа зөвшөөрч, хохирлын хэмжээг зөвшөөрөхгүй гэж маргажээ. /хх-29, 113/

Талууд 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 02 цаг 30 минутын орчимд Д.Эын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 2 дугаар хороо 31 дүгээр байр 98 тоот орон сууцны ариун цэврийн өрөөний алчуур хатаагч халуун усны даралт даахгүйн улмаас задарч алдсан ус доод айл буюу Б.Эын өмчлөлийн 94 тоот орон сууцанд нэвтэрсэн үйл баримтын талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан Хэрэглэгчдэд үйлчлэх төв-8-ын 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Гэмтлийн шалтгаан тогтоох тухай баримт /хх-6/, мөн төвийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Тодорхойлолт /хх-31/, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан буруутай этгээд нь уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Хариуцагч Д.Э нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд зааснаас бусад, тухайн сууцны хил хязгаараар тусгаарлагдсан орон сууцны доторх инженерийн байгууламж, ил шугам сүлжээний бүрэн бүтэн байдлыг хангах, элэгдлийг тооцож арчлан хамгаалах буюу шаардлагатайг солих, солиулах, үүнтэй холбогдон гарсан зардлыг төлөх, эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх үүргийг хариуцах үүрэгтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4, 15 дугаар зүйлийн 15.1.1, Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.4, 148 дугаар зүйлийн 148.2.1, 148.2.2-т заасантай нийцсэн байна.

Харин хариуцагчаас хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн байна.

Тодруулбал, Гэмтлийн шалтгаан тогтоосон комиссын 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтэд ...2 өрөө байрны тааз 49 м.кв талбайн эмульс норж ховхорсон, ханын обой том өрөө 24 м.кв, жижиг өрөө 20 м.кв, коридор 16 м.кв буюу нийт 60 м.кв талбайн обой норж хууларсан, паркетан шал 30 м.кв талбайд норж шал хөндийрөн салсан, цахилгааны монтаж гэмтсэн гэж хохирол учирсан талбайн хэмжээг тодорхойлсон.

Харин шүүхээс томилсон шинжээч нь нэхэмжлэгчийн орон сууцанд ус алдсаны улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоохдоо орлуулалтын, өртөгийн аргыг хэрэглэсэн ажлын хөлс, материалын зардлын нэгж бүрийн үнийг тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй боловч обой наах ханыг 111 м.кв, паркет шахах, хөвөө угсрах шалыг 40 м.кв гэж тусгасан нь дээрх комиссын дүгнэлтэд заасан хэмжээнээс илүү байна.

Давж заалдах шатны шүүхээс дээрх баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, шинжээчийн тогтоосон ажлын хөлс, материалын зардлын нэгж бүрийг эрх бүхий байгууллагын тогтоосон дээрх хэмжээнд нийцүүлэн тооцвол, нийт 60 м.кв хананд /15 000 төгрөгийн 11.8 боодол/ 167 838 төгрөгийн үнэ бүхий обойг наах ажлын хөлс /60х4 000 төгрөг/ 240 000 төгрөг, 30 м.кв шаланд /30х15 000 төгрөг/ 450 000 төгрөгийн паркетан шал шахах, хөвөө угсрах ажлын хөлс 150 000 төгрөг, мөн тааз, хана, хусч цэвэрлэх, замаска татах, эмульсээр будах ажлын хөлс нийт 874 500 төгрөг, хог цэвэрлэх зардал 52 000 төгрөг, бусад үндсэн болон туслах материалын зардал 201 200 төгрөг, нийт 2 135 538 төгрөгийн эд хөрөнгийн хохирол нэхэмжлэгч Б.Эод учирсан гэж үзнэ.

Иймд хариуцагч Д.Эоос 2 135 538 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эолд олгох нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийн заасантай нийцэх тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

Харин нэхэмжлэгч хуурамчаар нотлох баримт бүрдүүлсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Мөн шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан аргачлалд нийцүүлэн ажлын хөлс, материалын зардлын нэгж бүрийн үнийг тодорхойлсон байх тул шинжээч нэг талын баримталж дүгнэлтээ гаргасан гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад үнийн дүнд өөрчлөлт оруулж, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2021/00708 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 2,592,250 /хоёр сая таван зуун ерэн хоёр мянга хоёр зуун тавь/ гэснийг 2 135 538 гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 2 дах заалтын 57388 /тавин долоон мянга гурван зуун наян найм/ гэснийг 49 118 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 56 422 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ч.ЦЭНД