Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2019/00896

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/00071 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 307 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.Э-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Э-од холбогдох,

Гэм хорын хохиролд 2 538 400 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваанямын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 31 дүгээр байр, 94 тоотод оршин суудаг бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 17-ны шөнийн 02 цаг 30 минутад дээд айлаас ус алдсан. Тэр шөнөдөө дээд айлд энэ тухай хэлэхэд алчуур хатаагч задарснаас ус алдсан гэж хэлсэн. Энэ ус манай 3 өрөөнд нэвтэрч гоожсон. Контор руу хэлж усаа хаалгасан. Дээд айлаас байнга шахам их, бага хэмжээгээр ус алддаг байсан. Гэрт нь орж үзэхэд бохир, цэвэр усны стандарт холболтыг өөрчилсөн айл байсан.

Гэрт засвар хийхэд материалын зардалд 1 462 400 төгрөг, засварын ажлын хөлсөнд 1 076 000 төгрөг шаардлагатай байна. Материалын зардлыг гэмтлийн шалтгаан тогтоох актад заасан хэмжээнээс тооцож гаргасан.

Иймд хуучирсан сантехникийн шугамаа солиогүй нь хариуцагчийн эс үйлдэхүйтэй холбоотой тул хариуцагчаас гэм хорын хохиролд 2 538 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

... Тус орон сууц нь 1978 онд ашиглалтад орсон, олон жилийн эдэлгээнд идэгдсэн, сантехникийн холболт шугамууд нь элэгдэж, муудсаны учир хариуцагчийн ванны өрөөний алчуур хатаагч усны даралт даахгүй задарч ус алдсан ба холбогдох байгууллагад хандаж, ус хаалгах арга хэмжээ авахуулсан.

Ийнхүү дээрх шалтгааны улмаас буюу хариуцагчийн буруутай үйлдлээс шалтгаалахгүйгээр ус алдсан болох нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх төв 8-ын дарга Ж.Наранцэцэгийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 162 дугаартай албан тоот болон Өргөн СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 38 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдож байна.

Гаднаас нь хараад сангийн шугам солих шаардлагатай гэдгийг оршин суугч мэдэх боломжгүй тул хариуцагчийг шууд буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Иймд хариуцагчийн орон сууцны ванны өрөөний алчуур хатаагч задарч ус алдсан гэх асуудал нь хариуцагчийн хууль бус, санаатай буюу болгоомжгүй үйлдлийн улмаас шалтгаалаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/00071 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Д.Э-оос 1 948400 төгрөгийг гаргуулж Б.Э-од олгож, Б.Э-ын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 590 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 564 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46 124 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 307 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/00071 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Давж заалдах шатны шүүх нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хохирлын хэмжээнд маргаж, хохирлыг үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн тохиолдолд эвлэрэх боломжтой байсан талаар тайлбар гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчээс энэ талаар тодруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг бүрдүүлэх боломжтой байсан ба энэ алдааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчтэй оролцож байсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй.

...Анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үүнийг нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлага тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байсан.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч Д.Э-оос эд хөрөнгөд учирсан гэм хорын 2 538 400 төгрөгийг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Д.Э- шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчид гэм хор учирсан явдалд гэм буруугүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон зарим нотлох баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан шаардлагыг хангаагүй, анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг бүрэн хийгээгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, нотлох баримтын бүрдлийн талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3., 168.1.7., 168.3.-т заасан журамд нийцсэн гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1 .Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 307 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 56 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН