Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2021/00708

 

2021 03 26

181/ШШ2021/00708

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Б.Э-ийн 

 

хариуцагч: Д.Э-д холбогдох,

 

гэм хор учруулсны хохиролд 2,538,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Д.Э, иргэдийн төлөөлөгч Ж.Бадмаагарав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Сүхбаатар дүүрэг 2 дугаар хороо 31 дүгээр байр 94 тоотод оршин суудаг, 2018 оны 8 дугаар сарын 17-ны шөнийн 02 цаг 30 минутад дээд айлаас ус алдсан. Тэр шөнөдөө дээд айлд энэ тухай хэлэхэд алчуур хатаагч задарснаас ус алдсан гэж хэлсэн. Орж үзэхэд ус их алдсан байсан. Ус шавхах ажил хийгээгүй байсан. 1 цагийн хугацаанд ус их алдсан. Энэ ус манай өрөөнүүдэд нэвтэрч гоожсон. Контор луу хэлж усаа хаалгасан. Ямар хугацаанд энэ арга хэмжээ авсныг мэдэхгүй. Үүрийн 05 цагийн үед гэрийн эзэн нь ирсэн учир гэртээ оруулж бодит байдлыг үзүүлсэн. Маргааш өглөө нь 11 цагийн үед дахин ус алдахаар нь орж үзэхэд нэг хүн усанд орж байсан бөгөөд бохирын хоолойгоо холбоогүй учир ус нь шууд шал руу нь гоожиж байсан. Дээд айлаас байнга шахам их, бага хэмжээгээр ус алддаг байсан. Гэрт нь орж үзэхэд бохир, цэвэр усны стандарт холболтыг өөрчилсөн айл байсан. Гэрийн эзэн Д.Этой удаа дараа уулзаж энэ асуудлыг шийдвэрлэхийг хүссэн ч шийдэлд хүрч чадаагүй.

Бид одоо гэртээ засвар хийсэн байгаа бөгөөд анх материалын зардалд 1,462,400 төгрөг, засварын ажлын хөлсөнд 1,076,000 төгрөг шаардлагатай гэж энэ зардлын 2,538,400 төгрөгийг гаргуулахаар хариуцагчаас шаардсан. Материалын зардлыг гэмтлийн шалтгаан тогтоох актад заасан хэмжээнээс тооцож гаргасан бөгөөд ажлын хөлсийг Барилга.мн сайтад заасан жишиг үнээр тооцсон байсан.

Хуучирсан сангийн шугамаа солиогүй нь хариуцагчийн эс үйлдэхүйтэй холбоотой тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар засвар хийсний дараа гарсан бодит дүнгээр Д.Эын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 2 дугаар хороо 31 дүгээр байр 98 тоотоос ус алдаж учруулсан хохиролд 2,592,250 төгрөгийг Д.Эоос гаргуулах гэж нэмэгдүүлснээ шаардаж байна.

Сая шинжээчийн дүгнэлтээр 2682600 төгрөг гэж гарсан, гэхдээ үүнийг нэхэмжлэхгүй. Хохирлын хэмжээг нэхэмжлэлийн шаардлага болох бодит гарсан зардлаар 2,592,250 төгрөгийг нэхэмжилж байна.

Ус алдахад санаатай санамсаргүй хохирлыг хариуцна. Тухайн үед үнэлгээчин дээр очсон хэдий ч шүүхээс бичиг авчирвал хийна гэсэн. Сүхбат манайхыг хариуцсан хүнийг орлон гүйцэтгэгч гэсэн, гэрт минь очоод үзээдэхээч гэхэд боломжгүй гэсэн. Би гар утсан дээрээ зураг авснаа харуулахад төвийн дүгнэлт гаргана гээд хэрэглэгчдэд үйлчлэх төв гаргасан. Харин ч би угаалгын өрөө, ариун цэврийн өрөөний засварыг нэхэмжлээгүй. Шөнө 02 цаг 30 минутаас 04 цаг 30 минут хүртэл халуун ус алдсан. Хариуцагчийг шөнө гэртээ оруулж ус гоожиж байгааг харуулсан. Хариуцагчийнх засвар хийж шинэчлэхдээ угаалтуур банныг зохион байгуулалтыг өөрчилсөн байсан гэв.

 

Хариуцагч нэхэмжлэлд ирүүлсэн тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ 2018 оны 8 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 02 цаг 30 минут орчим манай дээд давхрын 98 тоотын айлаас их хэмжээний ус алдахаар нь тухайн айлын хаалгыг балбаж байгаад орж очиход нэг залуу усанд орсон байдалтай, угаалгын өрөөний алчуур хатаагч задарсан гэж хэлсэн. Тэгээд угаалгын өрөөг нь шалгахад ванныхаа бөглөөсийг аваагүй, ванны ус усаар дүүрч хальж асгарсан, усыг цэвэрлэх талаар юу ч хийгээгүй байсан гэсэн.

Энэ нь огт үндэслэлгүй худал зүйл. Учир нь ванны бөглөөс аваагүйгээс шалтгаалан ванн усаар дүүрсний улмаас ус алдсан зүйл огт байхгүй. Тус орон сууц нь 1978 онд ашиглалтад орсон, олон жилийн эдэлгээнд идэгдсэн, сантехникийн холболт шугамууд нь элэгдэж, муудсан учир ванны өрөөний алчуур хатаагч усны даралт даахгүй задарч шөнийн 02 цагт халуун ус алдсан. Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт Орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид эвдрэл, гэмтэл гарсан тухай бүр оршин суугч нь эрх бүхий мэргэжлийн байгууллагад нэн даруй мэдэгдэж засвар, үйлчилгээ хийх хүнийг саадгүй нэвтрүүлж, түүнд шаардлагатай туслалцаа үзүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу холбогдох байгууллагад хандаж, ус хаалгах арга хэмжээ авахуулсан.

Би энэ айлд ус алдаж байгааг орж харсан. Иймд ус алдсанаа хүлээн зөвшөөрнө. Орон сууцны конторын дүгнэлттэй санал нэг байна. Харин энэ хүн бүтэн 2 өрөө байрны супер засвар хийлгэсэн дүнг нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Анхнаасаа үнэлгээний газарт хандаагүй. Б.Э нь 2018 оны 08-р сарын 20-ны өдрийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв-8 буюу харьяа орон сууцны контороос Гэмтлийн шалтгаан тоггоох тухай дүгнэлтийг гаргуулан авахдаа цахилгааны инженер Г.Сүхболдод ... даатгалын компанид хандаж хохирлоо барагдуулна, очиж үзэх шаардлагагүй... гэж хэлээд ус алдсан байдлыг харуулалгүй, нийт 2 өрөө байрны бүх талбайн хэмжээгээр өөрөө хэлж дүгнэлт бичүүлж авсан байна. Инженер Сүхбат гэрчилсэн байгаа. Засвар хийсний дараа үнэлгээ хийлгэсэн. Надад үзүүлэхгүй байлцуулаагүй хийлгэсэнд гомдолтой. Ус нь угаалгын өрөө, 00-н өрөө, коридор, том өрөөний хаалганы дээд ирмэг хэсгээр орсон байтал Б.Э нь нийт 2 өрөө байрны засварын бүх зардлыг надаас нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

Манайх өмнө нь удаа дараа ус алдаж байгаагүй, баримт нотолгоогүй зүйл.

Би ус алдсанаас хойш 2 удаа ярилцахаар гэрт нь орох гэхэд ээж, эхнэр 2 нь гэрт битгий оруул гэсэн гээд оруулаагүй. Хэдэн өдрийн дараа би орцны үүдэнд Б.Этой таараад ...засвар хийх 2 засварчин байна, чи тавилгаа зайчилаад засвар хийх боломжтой болгочих гэж хэлэхэд, би тэгж засуулахгүй бүрэн засвар хийнэ... гээд тохиролцож чадаагүй, ус алдсаны дараагийн 3 хоногийн туршид манайхаас залгуураар тог татаж авч байсан гэв.

 

Шүүх хуралдаанаар талуудаас шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.1., 44.2.-т заасан шаардлага хангасан нотлох баримтууд болон талуудаас гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Д.Эод холбогдуулан гэм хорын 2,538,400 төгрөг гаргуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бодит зардлаар гарсан 2,592,250 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлэн шаардаж байна. 

Хариуцагч ус алдсан гэм бурууд маргаагүй, харин бүтэн байрны засварын хэт өндөр мөнгө шаардсан нь үндэслэлгүй гэж маргана. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 113 дугаар зүйлийн 113.1 Иргэдийн төлөөлөгч маргааны үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар дүгнэлтээ бичгээр гаргана гэж зааснаар шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Ж.Бадмаагарав орон сууцны 2 айлын нэг нь ус алдаж хохирол учруулсан, нэхэмжлэгч нь хариуцагч этгээдээс мөнгө нэхэмжилсэн байна. Хариуцагч гэм буруугаа хүлээсэн учир энэ хоёр этгээд нь иргэнийхээ хувиар хоорондоо тохиролцоод эвлэрч болмоор байх шиг байна. Мөнгөн дүн баримааргүй байна гэсэн дүгнэлт бичгээр гаргаж уншиж сонсгосон ба зохигч талуудад эвлэрэн хэлэлцэх эрх боломжийг бүрэн олгосон хэдий ч тохиролцохгүй гэсэн тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтээр шийдвэрлэх боломжгүй байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

2018 оны 8 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутын орчимд Д.Эын Сүхбаатар дүүрэг 2 дугаар хороо 5 дугаар хороолол 31 дүгээр байрны 98 тоот орон сууцны ариун цэврийн өрөөнд байрлах алчуур хатаагч нь усны даралт даахгүй задарч халуун ус алдсан, үүний улмаас доод давхарт нь байрлах Б.Эын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 2 дугаар хороо 5 дугаар хороолол 31 дүгээр байрны 94 тоот орон сууцны таазны 49 м.кв талбайн эмульс норж ховхорсон, ханын обой том өрөөний 24 м.кв, жижиг өрөөний 20 м.кв, коридорын 16 м.кв буюу нийт 60 м.кв талбайн ханын цаас норж хууларсан, паркетан шал 30 м.кв талбайд норж хөндийрөн, салсан, цахилгааны монтаж ил гарсан болох нь Орон сууц Нийтийн аж ахуйн удирдах газрын ОНӨААТҮГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 8-ийн гэмтлийн шалтгаан тогтоох комиссын 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлт/хэргийн 6-р хуудас/, нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн хариуцагч маргаагүй Б.Эын байрны гэмтэл учирсан байдлыг харуулсан гэрэл зургууд /хэргийн 10-16-р хуудас/ баримтуудаар нотлогдоно.

Хариуцагч даатгалын компаниас хохирлоо гаргуулна, очиж үзэх шаардлагагүй гэж конторын инженер Г.Сүхболдод хэлж, 2 өрөө байрны бүх талбайн хэмжээгээр дүгнэлт гаргуулсан гэж нэхэмжлэгчийг буруутгасан тайлбар гаргасан ба хариуцагчийн хүсэлтээр ирсэн гэрч Г.Сүхболдын ...Миний ярих зүйл бол энэ 2 хүний маргааныг таслах зүйл биш. Тухайн үед би газар дээр нь очиж үзээгүй. Ус алдалтын дүгнэлтийг би өөрөө гаргаж мэдэхгүй учир хэсгийн инженерээр гаргуулсан, ...Би орон сууцны контор хэрэглэгчдэд үйлчлэх төв 8-д цахилгааны инженер хийдэг. Энэ хэсгийг хариуцсан инженер ээлжийн амралтаа аваад түр орлон гүйцэтгэж байсан., ...Б.Э ус алдсаны маргааш нь ирсэн. Тухайн үед би ажил ихтэй байна гээд хэсгийн инженер Алтанзул гэж хүнд хэлээд дүгнэлт гаргуулсан, ...10 хоногийн дараа цахилгааны монтажны бүх юм нь хатсны дараа очиж үзээд гэмтлийг нь засаж өгсөн. Намайг очиход дээд айлаас тог авсан байсан, ...Алтанзул гэдэг хэсгийн инженер дүгнэлт гаргасан, би дүгнэлтийн талаар мэдэхгүй, .... Тааз, обой нь шарлаад хатсан байсан. Паркет шал нь пөмбийгөөд хөөсөн байсан. Цахилгаан ордог хаалганы дээд хэсэг нь далд газраа монтаж нь буудсан байсан, ...Үүдний коридорын шал нэлэнхүйдээ, том өрөөний үүдэн хэсэг шал нь хуулраад мултарсан байсан. Цонхон хэсэг нь зүгээр байсан. Цахилгаан монтаж нь гэмтэлтэй байсан. Энхболдын гэрт орж цахилгааныг нь засаж янзлахдаа төлбөрт үйлчилгээний хөлс оруулаагүй гэдгээ хэлсэн /хэргийн 128-129-р хуудас/ гэх мэдүүлэг гаргасан нь хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч шаардлагаа нотлож байрны засвар хийсэн тухай түүний 2019 оны 08 сарын 14-ний өдрийн Сүпер дизайнХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ /хэргийн 93,94-р хуудас/, засварт орсон гэх материалын зардлаа нотлож 2018 оны 09 сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 сарын 22-ны өдрүүдийн хооронд үйлдэгдсэн зарлагын баримтууд /ХХ-95-108 хуудас/ ирүүлсэн ба хариуцагч уг баримтуудыг үгүйсгээгүй, харин хохирлын хэмжээг үнэлгээний болон мэргэжлийн байгууллагаар нотлоогүй, хариуцагчийг байлцуулаагүй гэж маргасан, нэхэмжлэгч өөрийн баримтуудад шинжээч томилуулах тухай гаргасан хүсэлтийг хариуцагч мөн хүлээн авч дэмжсэн тул шүүх хүсэлтийг хангаж эрх бүхий этгээдийг шинжээчээр томилсон.

Шинжээч Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбооГҮТББ-н гүйцэтгэх захирлын 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 20/12 дугаар тушаалаар, шинжилгээ хийж дүгнэлт гаргуулахаар хөрөнгийн үнэлгээчин Д.Даваасүрэн, Т.Хоролсүрэн, А.Амарбуян нарыг шинжээчээр томилсон ба 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд ... 2018 оны 08 сарын 17-ны өдрийн шөнийн 02 цагт ус алдсан гэх Б.Эын Сүхбаатар дүүрэг 2 дугаар хороо 5 дугаар хороолол 31 дүгээр байрны 94 тоот орон сууцанд очиж бодит байдалтай танилцан, мөн ус алдсан 98 тоот орон сууцны иргэдтэй уулзаж, хэрэгт авагдсан ус алдсан болон дараах үе, засвар хийж байх үеийн гэрэл зураг болон дүрс бичлэгүүдээс, 2018 оны 8 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутын орчимд Д.Эын Сүхбаатар дүүрэг 2 дугаар хороо 5 дугаар хороолол 31 дүгээр байрны 98 тоот орон сууцны ариун цэврийн өрөөнд байрлах алчуур хатаагч нь усны даралт даахгүй хугарч их хэмжээний халуун ус алдсан, үүний улмаас доод давхарт нь байрлах Б.Эын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 2 дугаар хороо 5 дугаар хороолол 31 дүгээр байрны 94 тоот орон сууцны 98 тоотын угаалга, 00-ын өрөөнөөс бусад бүх өрөөний таазаар ус нэвчин хана даган гоожиж, таазны эмүльс замаска ховхорч шарлаж, ханын обой үрчийж шарлан толбо үүссэн, шалны паркет норж хөндийрч зай завсар гарч тавилгын доогуур байсан хэсгүүд хөгцөрч хатаж хөөсөн байдалтай болсон байсан, норсны улмаас цахилгаангүй болсон, халуун ус гоожсоноос усыг хааж тогтоож чадахгүй дуудлага өгч засварчин иртэл хааж чадалгүй бүтэн 2 цаг гаруй халуун ус гоожсон мэдээлэлтэй. Хохирлын нэгдсэн дүн материал-1,051,700 төгрөг, ажлын хөлс-1,570,500 төгрөг, тээврийн зардал-60,000 төгрөг гээд ус алдсаны улмаас хохирлыг арилгахад шаардагдах шууд зардлын нийт дүн 2,682,200 төгрөг болсон гэж дүгнэсэн, талууд шинжээчийн дүгнэлт /хэргийн145-167хуудас/-д хэт өндөр байна гэсэн, маргаагүй болно.  

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4-т сууц өмчлөгч нь өөрийн сууцны доторх засвар, үйлчилгээний бүх зардлыг хариуцахаас гадна мэргэжлийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний хөлсийг төлөх үүрэгтэй, 15 дугаар зүйлийн 15.1.1-д орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө болон холбооны сангийн хөрөнгө хамаарна гэж заасан.

Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.4.Дангаар өмчлөх өмчлөлд гагцхүү тодорхой хил хязгаар бүхий тусгаарлагдсан сууцны байр/сууц, өрөө/ болон барилгын тусгаарлагдсан бусад байгууламж хамаарна, 148 дугаар зүйлийн 148.2.Орон сууц өмчлөгч нь 148.2.1.дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх,148.2.2.сууц, сууцны бус зориулалттай хэсгийг ашиглах, түүнд засвар өөрчлөлт, шинэчлэл хийхдээ хууль тогтоомж, норм, стандартад заасан шаардлагыг сахин биелүүлэх, бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэг хүлээхээр тус тус зохицуулсан.

Иймд нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд зааснаас бусад, тухайн сууцны хил хязгаараар тусгаарлагдсан орон сууцны доторх инженерийн байгууламж, ил шугам сүлжээний бүрэн бүтэн байдлыг хангах, элэгдлийг тооцож арчлан хамгаалах буюу шаардлагатайг солих, солиулах, үүнтэй холбогдон гарсан зардлыг төлөх, эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх үүргийг хуульд зааснаар хариуцагч хариуцах үүрэгтэй байна..

 Тиймээс хариуцагч Д.Эын Сүхбаатар дүүрэг 2 дугаар хороо 5 дугаар хороолол 31 дүгээр байрны 98 тоот орон сууцны ариун цэврийн өрөөн дотор байрлах алчуур хатаагч нь усны даралт даахгүй хугарсан төхөөрөмжийн элэгдлийн улмаас их хэмжээний халуун ус алдсан, үүнээс доод давхарт нь байрлах Б.Эын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 2 дугаар хороо 5 дугаар хороолол 31 дүгээр байрны 94 тоот орон сууцанд халуун ус нэвтэрч хохирол учирсан нь, хариуцагчийн төхөөрөмжийнхөө бүрэн бүтэн байдлыг хангах, элэгдлийг тооцож арчлан хамгаалаагүй нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэс болж, түүний энэ болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учирсан байх тул учирсан гэм хорыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцан арилгах үүрэгтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхийг зохицуулсан ба хариуцагч гэм буруугийн талаар маргаагүй, ямар нэг үгүйсгэх баримт гаргаагүй болно.

Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмтсэн эд хөрөнгийг засан сэргээх замаар эд хөрөнгийг өмнө байсан байдалд сэргээх үүрэгтэй, энэ үүрэг биелэгдээгүй маргаан үүсч, нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо засвар хийж арилгасан байх тул энэ үүргийн хүрээнд учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.

Нэхэмжлэгчийн шаардлагаа нотлож шүүхэд бүрдүүлсэн баримтуудаар, 2018 он 8 сарын 20-ны өдрийн гэмтлийн шалтгаан тогтоох дүгнэлтэд заасан гэмтлүүдийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр ус алдсаны улмаас хохирлыг арилгахад шаардагдах шууд зардлын нийт дүн 2,682,200 төгрөг болсон гэж дүгнэсэн тул учирсан хохирлын үнэлгээг энэ дүнгээр тооцон авч үзэх үндэслэлтэй.

Харин нэхэмжлэгч өөрийн бодит зардлаар нэмэгдүүлэн тооцсон 2,592,250 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа дэмжиж байгаа тул нэхэмжилж буй 2,592,250 төгрөгийг хариуцагч Д.Эод хариуцуулан гаргуулж, нэхэмжлэгч Б.Эод олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1.-д зааснаар шинжээчийн ажлын хөлс нь зохигчоор нөхөн төлүүлэх шүүхийн зардал болох ба хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэгэж заасны дагуу шинжээчийн ажлын хөлс 400,000 төгрөгийг хариуцагч Д.Эоос гаргуулан Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбоо ГҮТББ-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,114 /жаран мянга нэг зуун арван дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эоос хариуцан төлөх хураамжид 57388 /тавин долоон мянга гурван зуун наян найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эод олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Э-оос гэм хор учруулсы хохирол 2,592,250 /хоёр сая таван зуун ерэн хоёр мянга хоёр зуун тавь/төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,114 /жаран мянга нэг зуун арван дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Д.Э-оос хариуцах улсын тэмдэгтийн хураамжид 57388 /тавин долоон мянга гурван зуун наян найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д, мөн хариуцагч Д.Эоос шинжээчийн зардал 400,000/дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбоо ГҮТББ-д тус тус олгосугай.

 

3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан иргэнээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 14 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор ирж гардан авах үүрэгтэйг, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацааны дотор гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ

 

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

 

С.ЭНХБАЯР