Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/00958

 

 

 

 

П.О-, С.Г- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 12-ны өдрийн 182/ШШ2021/00622 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.О-, С.Г- нарын нэхэмжлэлтэй, хариуцагчБ.Б-ад холбогдох гэрээний үүрэгт 198 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.О-, нэхэмжлэгч С.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:Б.Б- нь Аргуун-Эрдэнэ ХХК-ийн тоосгоны үйлдвэрийн балансад тусгагдсан өр дээр 110 000 000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцсоны дагуу 2009 оны 03 сарын 30-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ, компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан.Б.Б-ад компанийн бичиг, баримт, тамга тэмдэг, тайлан баланс, ажилчидтай холбоотой бүх бичиг баримтыг хүлээлгэн өгсөн ба тэрээр компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээнд тусгагдсан өр төлбөрөөс бидний Грави ХЗХ-нд төлөх өр 220 000 000 төгрөг, хувьцааны үнэ 110 000 000 төгрөг, нийт 330 000 000 төгрөгийг бүрэн хариуцан төлөхөөр болсон. Нэхэмжлэгч нар нь Грави ХЗХ-ны гишүүний хувьд уг хоршооноос 2006 оны 02 сарын 17-ны өдөр 220 000 000 төгрөгийг сарын 3,8 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлж, Грави ХЗХ-ны нэхэмжлэлээр зээлийн үүрэгт 309 353 333 төгрөг төлөхөөр Орхон аймгийн Сум дундын шүүхийн шийдвэр гарсан бөгөөд уг шийдвэр хэрэгт авагдсан.

Компанийн эрх шилжүүлэх гэрээний 2.1 дэх заалт хэрхэн хэрэгжсэн нь Аргуун-Эрдэнэ ХХК-ийн 2008 оны жилийн эцсийн тайланд Грави ХЗХ-оос 220 000 000 төгрөгийн өр тусгагдсанаар нотлогдоно.Б.Б-аас Аргуун-Эрдэнэ ХХК-ийн 50 хувийн хувьцааны үнэд өөрсдийн Грави ХЗХ-нд төлөх өр төлбөрийн үлдэгдэл 198 500 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2009 оны 03 сарын 30-ны өдрийн Аргуун-Эрдэнэ ХХК-ийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8, 9 дүгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг тус, тус үндэслэж байна.

Мөн худалдах, худалдан авах гэрээний зүйл Аргуун-Эрдэнэ ХХК-ийн 265 000 ширхэг хувьцаа, гэрээний үнэ 110 000 000 төгрөг бөгөөд хариуцагчБ.Б-аас авсан тухайд маргахгүй. Аргуун-Эрдэнэ ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2009 оны 03 сарын 30-ны өдрийн тогтоолоор компаниБ.Б-ад шилжилж байгааг бүртгэн авч, С.Г, П.О нарыг компанийн гишүүнээс хасаж, хувь нийлүүлэгч гишүүнээр Ж.Содгэрэл,Б.Б- нар компанийн эзэмшигч болж, компанийн нэрийг Голден брик ХХК болгож өөрчилсөн талаарх баримт хэрэгт авагдсан. Энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцэх баБ.Б- үнийг төлөхөө зөвшөөрдөг бөгөөд уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. ...Тоосгоны үйлдвэр доголдолтой байсан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, лиценз хүчингүй байсан... зэрэг тайлбарыг хариуцагч урьд нь гаргаж байсныг үгүйсгэсэн тайлбар, нотлох баримт хэрэгт байгаа ба хариуцагч тал гомдлын шаардлага болон сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Орхон аймгийн Сум дундын Иргэний шүүхийн шүүгчийн 2007 оны 02 сарын 01-ний өдрийн 108 дугаар захирамжаар Грави ХЗХ-нд төлөх 220 000 000 төгрөгийг Аргуун-Эрдэнэ ХХК-ийн тайланд тусгагдсан байсан ба үүнийгБ.Б- мэдэж байсан.

Иймд 198 500 000 төгрөгийг хариуцагчБ.Б-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: 2009 оны 03 сарын 30-ны өдөр компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр П.О-, С.Г- нарБ.Б-ад Аргуун-Эрдэнэ ХХК-ийн нэг бүр нь 1 000 төгрөгийн үнэ бүхий 265 000 ширхэг хувьцааг 110 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас 110 000 000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрдөг. Нөгөө талаасБ.Б- уг гэрээний дагуу төлөх ёстой байсан өр төлбөрөө бүрэн төлж дуусгасан. Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу талуудын хооронд үүссэн маргаан нь дуусгавар болсон гэдэг нь нотлогдож байна. Гэрээний 1.3-т заасан заалтын дагуу уг гэрээгээр компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд эдлэх эрх, хүлээх үүргийг шилжүүлэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй. Аргуун-Эрдэнэ ХХК-ийн өр 370 000 000 төгрөг давсан байхад уг компанийг худалдаж авах саналыгБ.Б-ад тавьж байсан. Тус компанийн 2008 оны 04 дүгээр улирлын тайлангаар 371 000 000 гаруй төгрөгийн өртэй гэж гарсан. Компанийн хувьцааг шилжүүлэн авах үед Аргуун-Эрдэнэ ХХК Грави хадгаламж зээлийн хоршоонд өртэй байсан ба санхүүгийн баримтад 220 000 000 төгрөгийн банкны урт хугацааны зээл гэсэн хэсэгт тусгагдсан.

Б.Баярбат нь П.О-, С.Г- нарын Грави хадгаламж зээлийн хоршоонд төлөх өрийг хариуцан төлөх үүрэг хүлээгээгүй. Нэхэмжлэгч нар нь Грави ХЗХ-д төлөх өрийг шилжүүлсэн гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 123 дугаар зүйлийн 123.8 дах хэсэгт тус, тус заасны дагууБ.Б-тай өр шилжүүлэх хэлцлийг бичгээр хийх, Грави ХЗХ-той тохиролцох байсан. Грави хадгаламж зээлийн хоршоо нь Ж.Содгэрэл, Ч.Амарбаяр,Б.Б-,Б.Б- нарт холбогдуулан 198 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд С.Г, П.О нарын нэхэмжлэлтэйБ.Б-ад холбогдох 198 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчБ.Б-ад холбогдох 198 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.О-, С.Г- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 150 450 төгрөгийг улсын орлогод хэвэээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Талуудын хооронд 2009 оны 03 сарын 30-ны өдөр компанийн хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг тус, тус байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний зүйл нь Аргуун-Эрдэнэ ХХК-ийн 265 000 ширхэг хувьцаа, гэрээний үнэ нь 110 000 000 төгрөг, компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээний зүйл нь 220 000 000 төгрөгийн өр байна. Өөрөөр хэлбэл,Б.Б- Аргуун-Эрдэнэ ХХК-ийн 50 хувийг эзэмших эрхийг П. Оюунсүрэн, С. Гэрэлмаа нараас 265 000 ширхэг хувьцааны үнэ болох бэлэн мөнгө 110 000 000 төгрөг төлөх, Грави ХЗХ-нд Аргуун-Эрдэнэ ХХК-ийн төлөх өр 220 000 000 төгрөг төлөх хоёр өөр үүрэг хүлээсэн . Энэхүү 2 үүрэг нь гэрээний үнэд тооцогдох бөгөөд нийлбэр дүн нь 330 000 000 төгрөг юм. Эрх шилжүүлэх гэрээний заалт болох 2.1-д баримтыг хэрхэн хүлээлгэж өгөх, 3.1-д Б. Баярбатын хүлээх үүргийн талаар заасан. Грави ХЗХ нь гишүүддээ зээл олгодог, компанид зээл олгодоггүй. Гэтэл П.О-, С.Г- нар Грави ХЗХ-ноос Аргуун-Эрдэнэ ХХК-ийн тоосгоны үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд зориулж өөрсдийн нэр дээр зээл авсан. Энэхүү 220 000 000 төгрөгийн зээлийн өр нь Аргуун-Эрдэнэ ХХК-д шилжсэн нь хэрэгт авагдсан нь Аргуун-Эрдэнэ ХХК-ийн 2008 оны жилийн эцсийн тайлан балансад тусгагдсан. Тайлангийн банкны урт хугацааны зээл гэсэн баганад Грави гэж тодотгон 220 000 000 төгрөг гэж бичигдсэн. Орхон аймгийн Татварын хэлтэс, Статистикийн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтсээс баталгаажуулсан Аргуун-Эрдэнэ ХХК-ийн 2009 оны 01 дүгээр улирал, 2015 оны 01 дүгээр улирлын тайлангуудад тусгасан 220 000 000 төгрөг Грави ХЗХ-ных биш гэдгийг үгүйсгэсэн баримт хариуцагч тал ирүүлээгүй.Б.Б- 220 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрдөг. ХариуцагчБ.Б- ...төлбөрийг компанийн тоосгоны үйл ажиллагаанаас төлнө гэж ойлгож байсан... гэж шүүгчийн асуултад хариулсан зэрэг нь хэрэгт авагдсан холбогдох баримтуудаар нотлогдоно. Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2007 оны 02 сарын 01-ний өдрийн 108 тоот шүүгчийн захирамжаар П. Оюунсүрэн, С. Гэрэлмаа нарын Грави ХЗХ-нд төлөх 220 000 000 төгрөгийн өр нь Аргуун-Эрдэнэ ХХК-д шилжсэн нь тус компанийн 2008 оны тайлан балансад тусгагдсанаар нотлогдоно.Б.Б- 220 000 000 төгрөгийн өрийг Грави ХЗХ-нд шууд төлөхөөр тохиролцоогүй, П.О-, С.Г- нарт төлөх өр юм. ТиймээсБ.Б- нарыг Грави ХЗХ-нд энэхүү 220 000 000 төгрөгийн өрийг шууд төлөх үүрэг хүлээгээгүй үндэслэлээр өмнөх 3 шатны шүүхийн шийдвэрээрБ.Б- нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. П.О-.С.Г- нарт 220 000 000 өр төлөх гэрээ байгуулахдаа Грави ХЗХ-оос зөвшөөрөл авах шаардлагагүй байсан буюу Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан өр шилжих ойлголт хамааралгүй гэж үзэх үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч С.Г, П.О нар анх хариуцагч Голден брик ХХК,Б.Б-, Ч.Амарбаяр, М.Энхболд, Ж.Содгэрэл нарт холбогдуулан гэрээний үүрэгт 198 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Голден брик ХХК, Ч.Амарбаяр, М.Энхболд, Ж.Содгэрэл нараас татгалзаж 198 500 000 төгрөгийг хариуцагчБ.Б-аас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөө төлж дуусгасан, эрх шилжүүлэх гэрээгээр С.Г, П.О нарын өрийг шилжүүлэн аваагүй гэх үндэслэл заан маргажээ.

 

С.Г, П.О нар ньБ.Б-тай 2009 оны 03 сарын 30-ны өдөр Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэг бүр нь 1 000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 265 000 ширхэг Аргуун эрдэнэ ХХК-ийн хувьцааг нэг бүрийг нь 415.1 төгрөгөөр тооцож нийт 110 000 000 төгрөгөөр худалдах нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /1хх 4/ Мөн өдөр талууд Компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан байх ба Аргуун эрдэнэ ХХК-ийн санхүүгийн тайланд бүртгэлтэй Грави ХХК-д төлөх өр болох 220 000 000 төгрөгийг эрх шилжүүлэн авагч буюуБ.Б- хариуцах нөхцөлийг уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.1-д тус тус тусгажээ. /1хх 5-6/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн талаар зөв дүгнэлт хийсэн боловч С.Г, П.О нарын Грави ХЗХ-нд төлөх 220 000 000 төгрөгийн өрийгБ.Б- хариуцахаар тохиролцсон эсэх нь ... бүрэн нотлогдоогүй, компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй, хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй, Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 123 дугаар зүйлийн 123.8-д заасан хэлбэрээр хэлцэл хийгдээгүй, Грави ХЗХ болон шинэ үүрэг гүйцэтгэгчБ.Б- нарын хооронд өр шилжих тохиролцоо хийгдээгүй гэсэн үндэслэл заан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх дээр дурдсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хоёр өөр харилцааг зохицуулсан мэт ойлгож, эдгээр гэрээнүүд иргэд хооронд байгуулагдсан байхад компанийн харилцааг зохицуулсан хуулийг тайлбарлан хэрэглэж маргааныг хянан шийдвэрлэсэн нь буруу. Хэлцэл хийгч этгээдүүдийн тухайн үед илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийг харгалзан үзэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцээгүй байна.

 

Нэгж үнэ нь 1 000 төгрөгийн үнэтэй хувьцааг нэг ширхэгийг нь 415.1 төгрөг байхаар Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-нд тусгасан нөхцөл байдал, уг гэрээг хийсэн мөн өдрөө талууд Компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г байгуулсан нөхцөл байдал, тухайн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.1-д тусгагдсан заалтын агуулга, хэрэгт авагдсан улсын байцаагчийн тамгаар баталгаажсан Аргуун эрдэнэ ХХК-ийн 2008 оны 4-р улирлын санхүүгийн тайланд урт хугацаат өр төлбөр хэсэгт 220 000 000 төгрөгийн өглөг тусгагдсан нөхцөл байдал /2хх 16, 17-арын нүүр/, Аргун эрдэнэ ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хурлын 2009 оны 03 сарын 30-ны өдрийн тогтоолоор С.Г, П.О нарыг компанийн гишүүнээс хасч,Б.Б-ыг компанийн хувьцааны 50 хувийг эзэмшигчээр тогтоосны дагуу /1хх 80/ мөн өдөр эрх бүхий этгээдээс холбогдох өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэсэн /1хх 83/ нөхцөл байдал зэргийг харьцуулан үзвэл дараах дүгнэлтийг хийж болохоор байна. Үүнд:

 

а/. Талууд 2009 оны 03 сарын 30-ны өдөр өмнө дурдсан хоёр гэрээг байгуулах үед Аргун эрдэнэ ХХК-ийн санхүүгийн тайланд бусдад өгөх өглөг 220 000 000 төгрөг тусгагдсан байсан, мөн П.О-, С.Г- болонБ.Б- нар 2009 оны 03 сарын 30-ны өдрийн Компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.1-д энэ талаар тусгасан байх тул хэлцэл хийх үед хариуцагч нь уг өр төлбөрийн талаар мэдэж байжээ.

 

б/. Талуудын хооронд байгуулагдсан 2009 оны 03 сарын 30-ны өдрийн Компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.1-д Компанийн үүсгэн байгуулагч компанийн эрхийг шилжүүлэхдээ эрх шилжүүлэн авагч талын зөвшөөрсөн үндэслэлээр 2008 оны жилийн эцсийн тайланд тусгагдсан өглөг. Үүнд: ... Грави Хадгаламж зээлийн хоршооны 220,000,000.0 төгрөгийн зээлийн өр...-ийг эрх шилжүүлэн авагчийн талд баримтын хамт хүлээлгэн өгнө, 3 дугаар зүйлийн 3.1-д Эрх шилжүүлэн авагч нь ... эрх шилжүүлэн авсан өдрөөс эхлэн компанитай холбоотой, тус гэрээний 2.1-д заасан компанийн баланс дээрх өр, өглөгийг хуулийн өмнө бүрэн хариуцах үүрэг хүлээнэ гэж тус тус тусгасныг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасны дагуу үгийн шууд утгаар тайлбарлавал хариуцагчБ.Б- нь Аргун эрдэнэ ХХК-ийн санхүүгийн тайланд тусгагдсан бусдад өгөх өглөг болох 220 000 000 төгрөгийн өр төлбөрийг хариуцахаар харилцан тохиролцсон байна.

 

в/. Иймд С.Г, П.О болонБ.Б-ын нар Аргун эрдэнэ ХХК-ийн 50%-ийн хувьцаа буюу нийт 265 000 ширхэг хувьцааг худалдах, худалдан авахаар тохиролцсон бөгөөд гэрээний нийт үнийн дүн талуудын хооронд 2009 оны 03 сарын 30-ны өдөр байгуулагдсан хоёр гэрээний үнийн дүнгийн нийлбэрээр тодорхойлогдох буюу 110 000 000 + 220 000 000 = 330 000 000 төгрөг байна.

 

г/. Аргун эрдэнэ ХХК-ийн 50 хувийн хувьцаа буюу 265 000 ширхэг хувьцаа эзэмшигчээрБ.Б- улсын бүртгэлд бүртгэгдсэн байх тул өөрсдийн эзэмшлийн хувьцааг худалдсан С.Г, П.О нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нарт 110 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, мөн Грави ХЗХ-нд төлөх өр төлбөр болох 220 000 000 төгрөгөөс 21 500 000 төгрөг төлөгдсөн болох нь хэрэгт авагдсан баримт /1хх 161/, зохигчдын тайлбараар тогтоогдсон тул 330 000 000 110 000 000 21 500 000 = 198 500 000 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчБ.Б-аас гаргуулан нэхэмжлэгч С.Г, П.О нарт олгож, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 03 сарын 03-ны өдрийн 001/ХТ2016/00193 дугаар тогтоолоор Грави ХЗХ-ны нэхэмжлэлтэй, Ж.Содгэрэл,Б.Б-, Ч.Амарбаяр нарт холбогдох иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх тул С.Г, П.О нарын нэхэмжлэлтэйБ.Б-ад холбогдох иргэний хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэхэд харшлахгүйг тайлбарлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 12-ны өдрийн 182/ШШ2021/00622 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчБ.Б-аас 198 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Г, П.О нарт олгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 150 450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчБ.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 1 150 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Г, П.О нарт олгосугай гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсэгт шинээр 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Г, П.О нар хариуцагч Голден брик ХХК, Ч.Амарбаяр, М.Энхболд, Ж.Содгэрэл нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж нэмж,

тогтоох хэсгийн 3 гэснийг 4 гэж дугаарлан, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.О-, нэхэмжлэгч С.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.О-, нэхэмжлэгч С.Г-агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунцэцэг нар нь давж заалдах журмаар гомдол гаргах улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг тэмдэглэсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Д.НЯМБАЗАР