Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2021/00967

 

 

 

 

 

 

 

 

 

Д Б И ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 02-ны өдрийн 102/ШШ2021/00944 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д Б И ХХК-ийн хариуцагч П ХХК-д холбогдуулан гаргасан 6,637,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Дэлгэрсайхан, хариуцагчийн төлөөлөгч Д.Чанцалдом, хариуцагчийн өмгөөлөгч Т.Цэен-Ойдов, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Талууд 2013 оны 10 сарын 29-ний өдөр Агуулахын байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулсан. Тус барилгын 3 давхарт байрлах 100 м.кв талбай бүхий байрыг 2013 оны 10 сарын 29-ний өдрөөс 2014 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл агуулахын зориулалтаар сарын 550,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. 2014 оны 12 сард түрээсийн гэрээний сунгалтыг хийсэн. 2015 оны 09 сарын 30-ны өдөр хүртэл сунгасан боловч хариуцагч П ХХК нь 2016 оны 07 сарын 31-ний өдрийг хүртэл тухайн байрыг агуулахын зориулалтаар ашигласан. 2018 оны 04 сарын 14-ний өдөр П ХХК-ийн захирал Л.Чанцалдом болон Д Б И ХХК-ийн нярав Н.Цэндээ нар нь нэхэмжлэгч компанийн 2013-2016 оны санхүүгийн баримтуудыг нэг бүрчлэн түүвэрлэн төлсөн төлбөртэй нь тулган үзэхэд 4,424,000 төгрөг дутуу төлөгдсөн байсныг бичгээр үйлдэн, гарын үсэг зурцгаасан болно. Л.Чанцалдом нь компанийн тамга, тэмдэг байхгүй гэсэн үндэслэлээр тамга дарж өгөөгүй. 2013 оны 11 сараас 2016 оны 09 сар хүртэлх нийт төлөх ёстой үнийн дүн 18,269,720 төгрөг байхаас 12,626,000 төгрөгийг төлсөн бөгөөд үүнээс 2014 оны 04 сарын 02-ны өдрийн 1,100,000 төгрөг цахилгааны төлбөрийг тооцоход 4,424,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тодруулбал, 2013 оны 10 сарын 29-ний өдрөөс 2014 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх 14 сарын хугацаанд нийт 8 удаагийн гүйлгээгээр 8,226,000 төгрөгийг төлсөн байдаг ба үүнээс хамгийн сүүлд 2014 оны 11 сарын 30-ны өдөр төлсөн 1,650,000 төгрөгөөс 526,000 төгрөгийн илүүг дараа сарын буюу 2015 оны 01 сарын түрээсийн төлбөрийн төлөлт гэж тооцоход 2015 оны 01 сарын түрээсийн төлбөрөөс 24,000 төгрөг, 2015 оны 04,05,06 сарын түрээсийн төлбөр 1,650,000 төгрөг мөн 2015 оны 09-12 сарын 2,200,000 төгрөг, 2016 оны 05 сарын түрээсийн төлбөр 550,000 төгрөг нийт 4,424,000 төгрөгийн түрээсийн төлбөр огт төлөгдөөгүй байна. Алдангийг гэрээнд заагдсаны дагуу 0.5 хувиар тооцсон бөгөөд нийт гүйцэтгээгүй дүнгийн 50 хувиар хэтрүүлэлгүй 2,212,000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч П ХХК-аас түрээсийн төлбөр, алдангид нийт 6,636,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг олон удаа тодруулсан. 2015 оны 12 сараас 2016 оны 07 сарын нийт 8 сарын түрээсийн төлбөрийг шаардаж байна гэж ойлгож байна. 2013 оны түрээсийн гэрээ нь 2015 оны 09 сарын 30-ны өдөр хүртэл сунгагдсан. Энэ түрээсийн гэрээгээр одоо шаардаад буй 2016 оны 07 сар хүртэл хугацааны төлбөрт хариуцагч 1,150,000 төгрөгийн илүү төлөлттэй байдаг. 2016 оны 01 сарын 26-ны өдөр 2 удаагийн төлөлтөөр буюу 1,100,000 төгрөгөөр, 550,000 төгрөгөөр, нийт 1,650,000 төгрөгийг төлсөн, 2016 оны 05 сарын 16-ны өдөр 550,000 төгрөг, 2016 оны 09 сарын 15-ны өдөр 550,000 төгрөг, 2016 оны 07 сарын 05-ны өдөр 550,000 төгрөг гэх мэтчилэн түрээсийн төлбөрийг төлөөд явж байхад одоо гаргаж буй төлбөрүүд нь ямар баримт дээр үндэслэсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. 2015 оны 09 сарын 30-ны өдөр түрээсийн гэрээ буюу бичгээр хийсэн түрээсийн гэрээнд хугацааг заасан байдаг. Тус гэрээ нь дуусгавар болсон байхад 2015 оны 12 сараас 2016 оны 07 сарын хоорондох төлбөр 4,424,000 төгрөг, мөн 50 хувийн алданги шаардаж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч П ХХК-аас 4,424,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д Б И ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2,212,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,126 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч П ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 85,734 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д Б И ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй, хэт нэг талыг барьж нотлох баримтууд дутуу, буруу үнэлсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Үүнд, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа түрээсийн гэрээний дагуу дутуу төлсөн төлбөр гэж шаарддаг ба гэрээний дагуу хэдэн оны хэдэн сарын түрээсийн төлбөр дутуу болох нь ойлгомжгүй, тодорхой бус байдаг. Харин хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хариуцагч тал нэхэмжилсэн хугацааны түрээсийн төлбөрийг гэрээний дагуу бүрэн төлсөн төдийгүй илүү төлсөн нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл, хэргийн 21-28 дахь талд П ХХК-аас 2016 оны 01 сарын 26-ны өдрөөс 2016 оны 09 сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 3,850,000 төгрөгийг нэхэмжлэгч Д Б И ХХК-д төлсөн байхад анхан шатны шүүх үүнд дүгнэлт хийлгүй орхигдуулсан.

Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ 2015 оны 09 сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон байхад хариуцагч талаас төлбөр төлж байсан нь гэрээ сунгагдсан гэж үзнэ гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцэхгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан байна.

 

Нэхэмжлэгч Д Б И ХХК нь хариуцагч П ХХК-д холбогдуулан 2013 оны 10 сарын 29-ний өдрийн Агуулахын байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ-ний үүргийн тооцоо нийлсэн 2018 оны 04 сарын 14-ний өдрийн баримтад үндэслэн төлөгдөөгүй төлбөрт 4,424,000 төгрөг, алдангид 2,212,000 төгрөг, нийт 6,636,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа 2015 оны 12 сараас 2016 оны 07 сар хүртэлх хугацааны талбай ашигласны хөлс гэж тодруулсан байна. /1хх1, 156, 204, 235/

 

Хариуцагч тал дээрх нэхэмжлэлийн шаарлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзал болон давж заалдах гомдлын үндэслэлээ, нэхэмжлэгч нь хэзээний, хэдэн төгрөгийн түрээсийн төлбөр шаардсан нь ойлгомжгүй, дээрх гэрээний хугацаа 2015 оны 09 сарын 30-ны өдөр дууссан, төлбөрийг бүрэн төлсөн, мөн анхан шатны шүүх 2016 оны 01 сарын 26-ны өдрөөс 2016 оны 09 сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 3,850,000 төгрөг төлсөн талаарх баримтыг үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл заан маргажээ. /1хх 39, 241-242/

Хэрэгт авагдсан 2013 оны 10 сарын 29-ний өдрийн Агуулахын байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ, 2014 оны 12 сарын 26-ны өдрийн Түрээсийн гэрээний сунгалт, талуудын харилцан үйлдсэн 2016 оны 07 сарын 31-ний өдрийн Байр хүлээлцсэн акт, 2018 оны 04 сарын 14-ний өдрийн тооцоо нийлсэн баримт зэргийг зохигчийн тайлбартай харьцуулан үзвэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 2 дугаар хороонд байршилтай 11,769 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсэг 100 м.кв талбайг агуулахын зориулалтаар ашигласны хөлсөнд сар бүр 550,000 төгрөг төлөх үүргийг хүлээж, гэрээний хугацааг 2013 оны 10 сарын 29-ний өдрөөс 2015 оны 09 сарын 30-ны өдөр хүртэл бичгээр сунгасан боловч хариуцагч нь нэхэмжлэгчийн 100 м.кв талбайг 2016 оны 07 сарын 31-ний өдөр хүртэл ашигласан үйл баримт тогтоогдож байна. /1хх 5-8, 10, 12, 31-33/

 

Түрээслүүлэгч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг түрээслүүлсэн байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасны дагуу түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй юм.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний үүргийн харилцаа үүссэн, улмаар Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт заасан ...хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцох талаарх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх тул дээрх түрээсийн гэрээ нь өмнө байгуулсан гэрээний нөхцөлөөр тодорхой бус хугацаагаар сунгагдсан байна. Иймд 2015 оны 09 сарын 30-ны өдрөөр гэрээ дуусгавар болсон үндэслэлээр гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Түүнчлэн, талуудын 2018 оны 04 сарын 14-ний өдөр тооцоо нийлсэн баримтад /1хх31-33/ 2016 оны 01 сарын 26-ны өдрөөс 2016 оны 09 сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд төлсөн нийт 3,850,000 төгрөгийг хасч тооцсоноор үлдэгдэл 4,424,000 төгрөг байгаа талаар тусгагдсан байх тул уг хугацаанд төлсөн төлбөрийн баримтуудыг үнэлээгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Анхан шатны шүүх алдангийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр хийх зохицуулалтад нийцсэн ба энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Иймд хариуцагч П ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт 4,424,000 төгрөг гаргуулж, алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 02-ны өдрийн 102/ШШ2021/00944 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,734 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.НЯМБАЗАР