Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2020/00677

 

“Д... интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

          2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/01054 дүгээр шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1063 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “Д... интернэшнл” ХХК

          Хариуцагч: “П..” ХХК-д холбогдох

          Гэрээний үүрэгт 6,636,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Билэгтийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Д... интернэшнл ХХК-н агуулахад 100 м.кв талбайг П.. ХХК нь 2013-10-29-ний өдөр 1 жилийн хугацаатай түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулсан. 1 м.кв талбайн үнэ 5,500 төгрөг, сарын төлбөр 550,000 төгрөг байхаар гэрээгээр тохирсон. 2014-12-26-ны өдөр түрээсийн гэрээг 2014-10-01-с 2015-09-30-ны өдөр хүртэл сунгасан. П.. ХХК нь 2013, 2014 оны түрээсийн төлбөрийг төлсөн. 2014-12- 26-ны өдөр түрээсийн төлбөрт 1,650,000 төгрөг хамгийн сүүлд төлснөөр тухайн жилийн төлөх ёстой төлбөрөөс 526,000 төгрөгийн илүү төлөлт хийсэн тул энэ мөнгийг 2015-01-р сарын түрээсийн төлбөрт тооцож оруулснаар 24,000 төгрөгийн дутуу төлөлт байгаа. Түрээсийн гэрээ 2015-09-30-ны өдөр дууссан боловч үргэлжлүүлэн 2016-07-31-г хүртэл түрээсэлсэн ба энэ өдрөөр түрээсийн гэрээ дуусгавар болж, байр хүлээлцсэн акт үйлдсэн байдаг. П.. ХХК нь 2015-02-04-ний өдөр 1,100,000 төгрөг төлсөнг 2, 3 сарын төлбөрт тооцсон. 2015 оны 04, 05 дугаар сарын түрээсийн төлбөр төлөгдөөгүй явж байгаад 2015 оны 07, 08 дугаар сарын түрээсийн төлбөр төлөгдөж, 09-12 дугаар саруудын түрээсийн төлбөрөө төлөөгүй. 2016-01-26-ны өдөр 1,100,000 төгрөг, мөн өдрөө дахин 550,000 төгрөг төлсөнг 1, 2, 3 дугаар сарын төлбөрт тооцсон. 2016-05-16-ны өдөр 550,000 төгрөг төлсөнг 04-р сарын төлбөрт нь тооцсон.. Гэрээнд зааснаар төлөөгүй саруудын алдангийг 0,5 хувиар тооцсон. Иймд хариуцагч П.. ХХК-аас 4,424,000 төгрөгийг алданги 2,212,000 төгрөгийн хамт нийт 6,636,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд дурьдсан нэхэмжлэгчийн хаяг, гэрчилгээний хаягтай зөрүүтэй байна. Үл хөдлөх эд хөрөнгийг бусдад аж ахуйн зориулалтаар түрээсэлсэн бол улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой. 2015 оны 4, 5, 6 дугаар сарын төлбөрт 1,650,000 төгрөг төлсөн. Энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан. Хариуцагч тооцоо нийлсэн боловч үнийн дүн дээр тохироогүй тул дахин тооцоо нийлэхээр болсноо гараар бичиж баримтжуулсан. 2016-01-26-ны өдөр П.. ХХК нь түрээсийн төлбөрт 2 удаагийн төлөлтөөр 1,650,000 төгрөг төлсөн. Энэ нь 3 сарын түрээсийн төлбөр бөгөөд 2015 оны түрээсийн төлбөрт тооцогдоно. 2016 онд гэрээний хугацаа дууссан. Гэрээг нэг л удаа сунгасан. Түрээсийн гэрээ бичгээр байгуулагддаг тул гэрээний хугацаа дууссан боловч П.. ХХК түрээсийн төлбөрөө төлөөд байгаа. 2016 оны 07, 09, 11 дүгээр сард түрээсийн мөнгө төлсөн. Илүү төлсөн мөнгө нь түрээсийн гэрээтэй байсан хугацаанаас илүү явсан. Нэхэмжлэгч 2015 оны 10, 11, 12 дугаар сарын түрээсийн төлбөрийг шаарддаг боловч энэ хугацаанд түрээсийн гэрээний хугацаа дууссан тул алдангийн хамт ямар үндэслэлээр нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. 2016 онд төлсөн төлбөрийг 2015 онд шахаад харвал бланслаад таарна. Төлсөн баримтаар нь хөөгөөд үзвэл бүгд төлөгдсөн. Түрээсийн гэрээ 2015-09-30-ны өдөр дууссан тул үүнээс хойш иргэн Л.Чанцалдомоор явах ёстой. 2016-07-31-нийг хүртэл П.. ХХК, Л.Чанцалдомын хэн аль нь үйл ажиллагаа явуулсан талаар, 2015-01-р сарын төлбөрөөс 24,000 төгрөг дутуу төлөгдсөнд маргахгүй гэжээ. 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 102/ШШ2019/01054 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 287 дугаар зүйлийн 287.1-т зааснаар П.. ХХК-наас 5.536.000 төгрөг гаргуулж Д... Интернэйшнл ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1.100.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121.126 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 103.526 төгрөг гаргуулж Д... Интернейшнл ХХК-нд олгохоор шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1063 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/01054 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч гомдол гаргахдаа төлсөн 103,526 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор болсон байна.

 Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Билэгт хяналтын журмаар гаргасан гомдолдоо: магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх гомдлыг хянаад “хэрэгт авагдсан баримтаас ямар хугацааны төлбөр болох нь тодорхой бус байна, уг нөхцөл байдал тодорхой болсноор хариуцагчийн төлбөрүүдийн аль хэсэг нь ямар хугацаанд тооцогдох болох нь тодорхой болно. Шүүх дээрх нөхцөл байдал, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн, түрээсийн гэрээ дуусаснаас хойш төлбөр шаардах эрхийг түрээслэгчид олгосон хуулийн зохих заалтыг хэрэглээгүй нь нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаатай холбоотой” гэж дүгнэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгт тайлбар бусад нотлох баримтаар “хариуцагч нь манай түрээсийн байранд гэрээ байгуулснаас хойш буюу 2013-11 сараас хойш 2016-07-31-ний өдрийг хүртэлх хугацаанд буюу 33 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулснаа хүлээн зөвшөөрч маргадаггүй ба харин энэ хугацааны түрээсийн төлбөрөө төлчихсөн учир төлөх төлбөр байхгүй гэж” маргадаг боловч үүнийгээ нотлож маргаж чадаагүй. Хэргийн 15-22, 25- 28 дугаар хуудсуудад авагдсан П.. ХХК-с түрээсийн төлбөр гэсэн гүйлгээний утга бүхий бэлэн мөнгөний орлогын баримтуудыг нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн ба эдгээр бүх баримтуудад төлбөр авагч нь Д... Интернэшнл ХХК, мөнгө тушаагч нь П.. ХХК нь гэж бичигдсэн. Гэтэл Давж заалдах шатны шүүхээс гэрээний хугацаа дуусч, түрээслэгчээс түрээсний байрыг хүлээлгэж өгсөн огноо буюу 2016-08-31-с хойш төлөгдсөн төлбөрийн баримттай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж дүгнэн хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Д... интернэшнл ХХК нь 2018-05-03-ны өдөр нэхэмжлэл гаргаж П.. ХХК-с нийт 6,636,000 төгрөг шаардсан байна.

        Анхан шатны шүүх 5,536,000 төгрөг гаргуулж Д... Интернэйшнл ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,100,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

        Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо зохигчийн хооронд гэрээний харилцаа үүссэн эсэх, хэрэгт буй баримт нь тухайн маргаанд хамааралтай эсэх зэрэг үйл баримт тогтоогдоогүй буюу хэрэгт буй баримтын хэмжээнд дүгнэлт хийх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-г зөрчөөгүй байна.

        Өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүргийг талууд хүлээнэ. Шүүх хэрэгт байгаа баримт, зохигчийн гаргаж өгсөн баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэнэ.

             Давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул магадлалыг хэвээр үлдээж, хяналтын гомдлыг хангахгүй орхив.

         Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцвол зохих этгээдийг хуульд заасан журмын дагуу оролцуулж, талуудаас гаргасан нотлох баримтыг үнэлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1063 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 103,526 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ