Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2021/00944

 

 

 

 

 

2021 04 02

102/ШШ2021/00944

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо  Д б И ХХК /РД:, утасны дугаар: /

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 5 дугаар хороо  п ХХК /РД:, утасны дугаар: /

 

6,636,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Э 

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д 

хариуцагчийн өмгөөлөгч Т.Ц 

нарийн бичгийн дарга Б.Сэндэр нар оролцов.

Нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д б И ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай  компани нь п ХХК-тай 2013 оны 11 дүгээр сараас эхлэн 2016 оны 7 дугаар сар хүртэл 100 м.кв талбайг үнэ 5,500 төгрөг, сарын төлбөр 550,000 төгрөг байхаар түрээслүүлэн түрээсийн гэрээ байгуулан хамтран ажиллаж байсан. 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр түрээсийн гэрээ дуусгавар болж, үүний дараагаар буюу 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр п ХХК-ийн захирал Чанцалдом болон Д б ИХХК-ийн нярав Н.Цэндээ нар нь Д б Ил ХХК-ийн 2013-2016 оны санхүүгийн баримтуудыг нэг бүрчлэн түүвэрлэн төлсөн төлбөртэй нь тулган үзэхэд үлдэгдэл 4,424,000 төгрөг дутуу төлөгдсөн гэж үзэн бичгээр үйлдсэн цаасанд гарын үсэг зурсан болно. Үүнийг сар жилээр нь тодруулбал: 2013 оны 10 дугаар царын 29-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний хүртэлх 14 сарын хугацаанд нийт найман удаагийн гүйлгээгээр 8,226,000 төгрөгийг төлсөн байдаг ба үүнээс хамгийн сүүлд 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 1,650,000 төгрөгөөс 526.000 төгрөгийн илүүг дараа сарын буюу 2015 оны 1 сарын түрээсийн төлбөрийн төлөлт гэж тооцоход 2015 оны 1 сарын түрээсийн төлбөрөөс 24,000 төгрөг, 2015 оны 4,5,6 дугаар сарын түрээсийн төлбөрт 1,650,000 төгрөг мөн 2015 оны 09-12 дугаар сарын 2,200,000 төгрөг мөн, 2016 оны 5 дугаар сарын түрээсийн төлбөр 550,000 төгрөг нийт 4,424,000 төгрөгийн түрээсийн төлбөр огт төлөгдөөгүй байна. Алдангийг гэрээнд заагдсаны дагуу 0.5 хувиар тооцсон бөгөөд төлбөр төлөгдөөгүй сар болох 2015 оны 4 сарын 31-ний өдрөөс эхлэн өссөн үнийн дүнгээр нэхэмжлэл гаргах хугацаа болох 2018 оны 5 дугаар сарын 03 ны өдрийг хүртэлх хугацаанд тооцоход 8,688,060 төгрөг гарч байгаа учир нийт гүйцэтгээгүй дүнгийн 50 хувиар хэтрүүлэлгүй тооцон 2,212,000 төгрөгийг нэхэмжилж байна. 2013 оны 11 дүгээр сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэлх нийт төлөх ёстой үнийн дүн 18,269,720 төгрөг байхаас 12,626,000 төгрөгийг төлсөн байгаа бөгөөд үүнээс 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 1,100,000 төгрөг цахилгааны төлбөрийг төлбөрт тооцоход 4,424,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Ийнхүү тооцооллын дагуу алданги нэмэн бодосноор нийт нэхэмжлэлийн шаардлага 6,636,000 төгрөг болно. Иймд хариуцагч ХХК-иас түрээсийн төлбөр, алдангид 6,636,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д б И ХХК нь п ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр агуулахын байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулсан. Тус барилга нь өөрийн байрны 3 давхарт байрлах 100 м.кв талбай бүхий байрыг 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл агуулахын зориулалтаар сарын 550,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. 2014 оны 12 дугаар сард түрээсийн гэрээний сунгалтыг хийсэн. 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгасан боловч хариуцагч ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тухайн байрыг агуулахын зориулалтаар ашиглаж байгаад байр хүлээлцэх актаар хүлээлгэн өгсөн байдаг. Хариуцагч компанийн захирал Л.ч нь компанийн тамга тэмдэг байхгүй гэсэн үндэслэлээр тамга дарж өгөөгүй. Хариуцагч 2013 оны 11 сараас 2016 оны 8 сар хүртэл 33 сарын хугацаатай агуулахын зориулалтаар ашигласан. Үүнээс 2013 оны 12 сарын 31-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл гэрээний төлбөрт нийт 13,726,000 төгрөгийг төлсөн ба зарим төлбөрийн баримт дээр хугацаа заагаагүй учир Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасны дагуу 2013 оны 11 дүгээр сараас 2015 оны 11 сар хүртэлх төлбөрт тооцож авсан байгаа. Одоо хариуцагч компани нь 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 7 дугаар сар дуустал 8 сарын төлбөр болох 4,424,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэ хугацааны алданги нь үндсэн үүргийн 50 хувиас хэтэрсэн тул 4,424,000 төгрөгийн тал болох 2,212,000 төгрөг нийт 6,636,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг олон удаа тодруулсан. 2015 оны 12 сараас 2016 оны 7 сарын нийт 8 сарын түрээсийн төлбөрийг шаардаж байна гэж ойлгож байгаа. 2013 оны түрээсийн гэрээ нь 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгагдаад дууссан. Ингэхдээ өмнөх гэрээний заалтууд нь хэвээрээ гэж тохирсон. Сунгалтын гэрээг 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хийсэн байдаг. Энэ түрээсийн гэрээгээр одоо шаардаад буй 2016 оны 7 сар хүртэл хугацааны төлбөрт хариуцагч 1,150,000 төгрөгийн илүү төлөлттэй байдаг. Тэгэхээр энэ хүн дараа нь хувь хүнээрээ ашиглаад явсан ч бай төлбөрөө төлж явсан гэдэг нь харагдаж байна. 7 хоног л түрээсийн гэрээний төлбөрийг төлөөгүй байвал тухайн байр руу оруулдаггүй. Тийм учраас төлбөрийг жил өнжүүлж өгөөд, түрээсийн байрыг ашиглаад явах ямар ч боломжгүй гэдэг нь бодит байдлаас харагдаж байгаа юм. 2016 оны 1 дүгээр сарын 26-нд 1,100,000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 550,000 төгрөг гээд нэг өдөр л гэхэд 1,650,000 төгрөгийг төлсөн байдаг. 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 550,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 550,000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 550,000 төгрөг гэх мэтчилэн түрээсийн төлбөрийг төлөөд явж байхад одоо гаргаж буй төлбөрүүд нь ямар баримт дээр үндэслэсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр түрээсийн гэрээ буюу бичгээр хийсэн түрээсийн гэрээнд хугацааг заасан байдаг. Тэр гэрээ нь тэр өдрөө дуусгавар болсон байхад 2015 оны 12 сараас 2016 оны 7 дугаар сарын хоорондох төлбөр 4,424,000 төгрөг, үүн дээрээ 50 хувийн алданги шаардаж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов. Учир нь:

 

Нэхэмжлэгч Д б И ХХК нь хариуцагч п ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 4,424,000 төгрөг, алданги 2,212,000 төгрөг, нийт 6,636,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Талуудын хооронд 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Агуулахын байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр Д б И ХХК нь Хан-Уул дүүрэг 2 дугаар хороонд байршилтай 11769м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 100м2 талбайг агуулахын зориулалтаар п ХХК-д эзэмшүүлэх, уг талбайг ашигласны хөлсөнд сар бүр 550,000 төгрөг төлөх үүргийг п ХХК хүлээжээ. Дээрх гэрээний агуулга, шинж, талуудын эрх, үүргээс дүгнэвэл Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна. Энэхүү гэрээг байгуулсан болон хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй, хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Талууд гэрээний хугацааг 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл тогтоосон байх ба 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр түрээсийн гэрээний сунгалт гэсэн баримт үйлдэж гэрээний хугацааг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгасан үйл баримтад маргаагүй, гэрээний хугацааг сунгасан гэж талууд үзжээ. Харин үүнээс хойш гэрээний хугацааг бичгээр сунгаагүй байх бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр талууд байр хүлээлцсэн акт үйлдэж П ХХК-ийн эзэмшиж байсан талбайн хэмжээг багасгаж 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 53м2 талбай түрээслэхээр тохиролцжээ. /ХХ-ийн 5-10, 12 дугаар тал/

 

Дээрх актаар хариуцагч нь түрээсийн талбайг 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгч, түрээсийн гэрээ дуусгавар болсон, энэ хүртэл хугацаанд хариуцагчийг түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй гэж нэхэмжлэгч тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бол хариуцагч түрээсийн гэрээ 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсон, түрээсийн гэрээний хугацааг сунгаагүй, гэрээний хугацаанд төлөх бүх төлбөрийг төлсөн гэж маргав.

 

Талуудын гарын үсэг бүхий байр хүлээлцсэн акт гэсэн баримтаар хариуцагч нь 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр түрээсийн талбайн зарим хэсгийг хүлээлгэн өгч, цаашид 53м2 талбай эзэмшиж, ашиглахаар тохирсон үйл баримт тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл бичгээр байгуулсан түрээсийн гэрээний хугацаа дууссанаас хойш түрээслүүлэгч нь эд хөрөнгөө буцаан шаардсан, түрээсийн талбайг ашиглахыг зөвшөөрөөгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд түрээсийн талбайг хариуцагч 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ашиглаж байжээ. Үүнийг түрээслэгч, түрээслүүлэгч хэн аль нь гэрээг сунгах хүсэл зориг илэрхийлсэн гэж ойлгоно. Иймд Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно гэж заасны дагуу түрээсийн гэрээг өмнө байгуулсан гэрээний нөхцөлөөр тодорхой бус хугацаагаар сунгасан гэж үзнэ. Энэхүү журам түрээсийн гэрээнд нэгэн адил үйлчлэхийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт заасан.

 

Иймд хариуцагч 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 33 сарын хугацааны түрээсийн төлбөрт 18,150,000 төгрөг төлөх үүрэгтэй байна. Үүнээс хэрэгт авагдсан баримтуудаар 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд 12,100,000 төгрөг төлөгдсөн байх ба харин нэхэмжлэгч нь хариуцагчийг 13,726,000 төгрөг төлсөн гэж үзжээ. Үүнд 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр цахилгааны төлбөрт төлсөн 1,100,000 төгрөгийг оруулан тооцсон гэжээ. Мөн 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр талууд тооцоо нийлж, хариуцагчийг 13,726,000 төгрөг төлсөн, 4,424,000 төгрөг төлөөгүй байгаа тухай баримт үйлдэж, уг тооцооллыг хариуцагч өөрт байгаа баримттай тулгаж үзэхээр тохиролцсон байна. Түрээсийн төлбөр төлсөн талаарх өөр баримт хариуцагч тал шүүхэд гаргаж өгөөгүй тул 13,726,000 төгрөг төлсөн гэж үзэн, төлөөгүй үлдсэн 4,424,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хуульд заасны дагуу өмнө байгуулсан гэрээний нөхцөлөөр үргэлжилсэн хэдий ч анзын гэрээг бичгээр байгуулаагүй тул алданги шаардах эрхгүй гэж үзэв. Иймд нэхэмжлэлээс алдангид 2,212,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хариуцагч тал түрээсийн төлбөрийг төлөөгүй 7 хоносон тохиолдолд түрээсийн байр руу оруулдаггүй байсан тул түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байх үндэслэлгүй гэж маргасан хэдий ч энэ тайлбараа нотлоогүй, нэхэмжлэгчийн гаргаж өгснөөс өөр төлбөр төлсөн баримт гаргаж өгөөгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч  П ХХК-иас 4,424,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д б И ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2,212,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,126 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч П ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 85,734 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д б И ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА