Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 89

 

Ц.П-ийн нэхэмжлэлтэй,

МУЗГ-т холбогдох захиргааны

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч              Ч.Тунгалаг

Шүүгчид:                           Г.Банзрагч

                                           Б.Мөнхтуяа

                                           Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                 Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:    Д.Долгордорж

Нэхэмжлэлийн шаардлага: “...МУЗГ-ын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулахыг хариуцагчид даалгуулах, МУЗГ-ын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0717 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2019/0033 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Ц.П-, түүний өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбулган, хариуцагчийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунбилэг нар,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0717 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.П-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, МУЗГ-ын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх ажлын 746 өдрийн хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг МУЗГ-аас гаргуулж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, МУЗГ-ын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2019/0033 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0717 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “МУЗГ-ын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.П-ийн “МУЗГ-ын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулахыг хариуцагчид даалгуулах, МУЗГ-ын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч Ц.П- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2019/0033 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Ц.П- миний бие 2009 оны 4 сард Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргаар, 2012 оны 9 сард Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2013 онд Төрийн албаны зөвлөлөөс зарласан нээлттэй сонгон шалгаруулалтад орж, хуулийн шаардлагыг бүрэн хангаж, тэнцэн Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 110 дугаар тогтоолоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар томилогдон, төрийн албанд ажиллах хугацаандаа хоёргүй сэтгэлээр, шударгаар ажиллаж ирсэн.

5. Гэтэл МУЗГ-ын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Улсын Их Хурлын 2015 оны 100 дугаар тогтоолыг үндэслэн намайг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байдаг. Гэвч ажлаас чөлөөлсөн тухай 19 дүгээр тогтоолыг надад албан ёсоор өгөөгүй бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр миний ажлыг хүлээлцсэнээр ажлаас чөлөөлөгдсөнөө мэдсэн.

6. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд: Монгол Улсын Их хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 100 дугаар тогтоолын 1 дүгээр хэсэгт “...Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Улсын бүртгэлийн ерөнхий газар” гэснийг “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар” гэж тус тус өөрчилсөн байдаг. Монгол Улсын Хууль зүйн сайдын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/304 дүгээр тушаалын 2 дугаар хэсэгт “...Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын удирдлагын орон тоог ерөнхий газрын дарга-1, дэд дарга-2, нийт 1457 төрийн албан хаагч”-тай байхаар тогтоосон байдаг. Дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсон, уг албан тушаал байхгүй байхаар баталсан зүйлгүй юм. Мөн Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална” гэжээ. Дээрхээс үзвэл Улсын бүртгэлийн ерөнхий газрыг нэгтгэх замаар өөрчлөн байгуулсан бөгөөд Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааг зогсоож, түүний хэрэгжүүлж байсан чиг үүргийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар”-т шилжүүлсэн нь статистикийн хорооны даргын албан тушаал хасагдаж харин Улсын бүртгэлийн газрын даргын албан тушаал хэвээр хадгалагдаж, миний бие үүрэгт ажлаа үргэлжлүүлэн ажиллах ёстой.

7. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэх заалтыг баримтлан Ц.П-ийг ажлаас чөлөөлсөн боловч дээрх тохиолдол тус бүрийн аль нь хамаарч байгааг нэрлэн заагаагүй нь захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй.

8. Мөн хариуцагчаас мэргэжил ур чадварын хувьд Ц.П-ийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын ажил, албан тушаалд тэнцэхгүй тул Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, эрхлэх асуудлынх нь хүрээнд тухайн агентлаг хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн МУЗГ- 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө. Агентлагийг татан буулгасан нъ агентлагийн даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болно. Агентлагийн даргыг улируулан томилж болно” гэх заалтыг мөн баримтлан ажлаас чөлөөлсөн. Гэтэл хариуцагчаас хуульд заасан журмын дагуу буюу өөрийн үндэслэл болгосон хуулийн заалтын дагуу Төрийн албаны зөвлөлөөр сонгон шалгаруулалт явуулаагүй, Ц.П-ийг мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй талаар ямар нэгэн дүгнэлт гаргаагүй, ажлаас чөлөөлөх тухай урьдчилан мэдэгдээгүй бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс шүүхэд ирүүлсэн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 958 дугаар албан бичгээр сонгон шалгаруулалт явагдаагүй тухай мэдэгдсэн байдаг. Төрийн эрх бүхий байгууллага нь бусдын шударгаар хуулийн дагуу сонгон шалгаруулалтаар тэнцэн гүйцэтгэж байсан ажил албан тушаалаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байхад хууль зөрчиж, хуулийн шаардлагыг хэлбэрийн төдий баримтлан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, эрх зүйн байдлыг илтэд дордуулсан шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

9. Анхан шатны шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөв талаас үнэлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

10. Нэхэмжлэгчээс маргаан бүхий 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлтэй холбоотойгоор өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандсан. Хариуцагчаас төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан тул сонгон шалгаруулалт явуулж Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын тодорхойлолтод мэргэжил нь математикч байна гэх шаардлагын дагуу Ц.П- шаардлага хангаагүй тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т "төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нъ өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нъ үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасныг баримталж ажлаас чөлөөлсөн хэмээн маргаж, тайлбар гомдлоо гаргасаар ирсэн байхад давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтыг тус хуулийн заалтад хамаарахгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн Улсын Дээд шүүхийн 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ыг зөрчиж, сонгон шалгаруулалт явуулалгүй хууль дээдлэх, ил тод байх зарчмыг алдагдуулан, Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан урьдчилан мэдэгдэлгүй төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн хууль бус 19 дүгээр тогтоолыг хариуцагчаас гаргасан.

11. Ийнхүү маргаан бүхий актыг гаргахдаа хариуцагч Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба ил тод, мэргэшсэн тогтвортой байх зарчмыг зөрчин, төрийн албаны удирдах албан тушаалд сонгон шалгаруулалт явуулалгүй, хуульд заагдаагүй шаардлага үндэслэж ажлаас чөлөөлсөн хариуцагчийн буруутай үйлдлийг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжгүй юм. Давж заалдах шатны шүүхээс нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэх үүргээ биелүүлэлгүйгээр, хуулийг буруу тайлбарлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

12. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2019/0033 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0717 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

13. Иргэн Ц.П-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

14. -Маргаан бүхий МУЗГ-ын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолын тухайд:

15. “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 100 дугаар тогтоолоор 2014 оны 75 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж, “Улсын бүртгэлийн ерөнхий газар”-ыг “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар” болгосон байна.

16. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Ц.П-ийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг үндэслэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ.

17. Нэхэмжлэгч нь “...байгууллага нэгдэж, өөрчлөн байгуулагдсанаар бүртгэлийн байгууллагын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн..., ...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн..., ...үүрэгт ажилдаа үргэлжлэн ажиллах ёстой...” гэж маргаан бүхий 19 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар, харин хариуцагч нь “..., нэхэмжлэгч нь эрх зүйч, хуульч бөгөөд Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заасан математикч, статистикч мэргэжилтэй байх шаардлагыг хангаагүй..., ...түүнийг чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн Улсын бүртгэлийн асуудал хариуцсан дэд даргын албан тушаалд томилсон, ...19 дүгээр тогтоол хуульд нийцсэн...” гэж тус тус маргажээ. 

18. Хэрэгт “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын бүтэц орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан С.Мэндсайханыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэл, статистикийн газрын даргаар томилсон Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 24 дүгээр тогтоолоос гадна нэхэмжлэгч Ц.П-ийг тус газрын Улсын бүртгэлийн асуудал хариуцсан дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Хууль зүйн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/31, дэд даргаар томилсон мөн сайдын 2016 оны 03 дугаар сарын 01-ний Б/04 дүгээр тушаалууд мөн Улсын бүртгэлийн газрыг Оюуны өмчийн газартай нэгтгэж, Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газар болгосонтой холбогдуулан Ц.П-ийг “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн асуудал хариуцсан дэд даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/07 дугаар тушаал зэрэг нотлох баримтууд авагдсан, нэхэмжлэгчийн зүгээс эдгээр захиргааны актуудтай маргаагүй болно. 

19. Шинээр байгуулагдсан “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар”-ын  даргын ажлын байрны тодорхойлолтод мэргэжлийн хувьд “математикч, эдийн засагч-статистикч” байхаар заасан шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй байх тул “...төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, ...орон тоо нь хасагдсан...” гэх үндэслэлээр Ц.П-ийг ажлаас нь чөлөөлсөн Засгийн газрын 2016 оны 19 дүгээр тогтоол нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасантай нийцсэн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

20. Мөн өмнө дурдсанаар С.Мэндсайханыг “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар”-ын даргын албан тушаалд томилсон захиргааны акттай нэхэмжлэгч маргаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлж дүгнэх боломжгүйгээс гадна нэхэмжлэгч Ц.П-ийг мэргэжил ур чадварын хувьд албан тушаалдаа тэнцэхгүй гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлөөгүй болно. 

21. Иймд “...сонгон шалгаруулалт явуулаагүй..., ...мэргэжил ур чадварын хувьд албан тушаалдаа тэнцээгүй талаар ямар нэг дүгнэлт гараагүй...” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй, маргаан бүхий Засгийн газрын 2016 оны 19 дүгээр тогтоолын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.

22. Анхан шатны шүүх дээрх үйл баримттай хамаарах нотлох баримтуудад үндэслэл бүхий хийж чадаагүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хангасан алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, уг тогтоолыг хүчингүй болгож, цалин, нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна. 

23. -Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

24. Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг шинэчлэн баталж, Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар” гэснийг “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар” болгож, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 175 дугаар тогтоолоор “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар”-ыг татан буулгаж, “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар” гэснийг “Улсын бүртгэлийн ерөнхий газар”, “Оюуны өмчийн газар”-ыг тус тус шинэчлэн байгуулахаар шийдвэрлэжээ.

25. Үүний дагуу “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар”-ын даргын ажлын байрны сонгон шалгаруулалтад тэнцсэн Б.Баасандоржийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар томилсон Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаар тогтоол нь МУЗГ-ын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2-дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, эрхлэх асуудлынх нь хүрээнд тухайн агентлаг хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн МУЗГ- 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө...” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан, хууль ёсны ба Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус актад хамаарахгүй юм.

26. Нэхэмжлэгч тухайн удирдах ажилтны ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцоогүй, сонгон шалгаруулалтын талаар маргаж байгаагүй атлаа дээрх томилгоог өөрийнх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж, маргах боломжгүй.

27. Б.Баасандорж нь төрийн байгууллага татан буугдсан буюу “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар”-ыг татан буулгасны дараа шинээр байгуулагдсан “Улсын бүртгэлийн ерөнхий газар”-ын даргын албан тушаалд хуульд заасан журмын дагуу томилогдсон албан тушаалтан байх тул маргаан бүхий Засгийн газрын 2018 оны 176 дугаар тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзнэ. 

28. Дээр дурдсан бүгдийг нэгтгэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2019/0033 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.ТУНГАЛАГ

   ШҮҮГЧ                                                       Л.АТАРЦЭЦЭГ