Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 473

 

   О.С-, С.М-, С.Т-,

Т.О-, Д.Д-, Э.Ө-, Ц.Б-

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 53 дугаар магадлалтай, О.С-, С.М-, С.Т-, Т.О-, Д.Д-, Э.Ө-, Ц.Б- нарт холбогдох 1734004080116 дугаартай эрүүгийн хэргийг Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 2003 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Төв аймаг Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн 10д ангид сурдаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр багийн 18-1-12 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Г шар овогт О-н С-,

2. Монгол улсын иргэн, 2003 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехникийн коллежийн автомашин засварын 1б ангид сурдаг, ам бүл 2, эхийн хамт Төв аймаг, Зуунмод сум, 4 дүгээр багийн А16-03 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт С-н М-,

3. Монгол улсын иргэн, 2001 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, сургуульд сурдаггүй, ам бүл 4, эх 2 дүүгийн хамт Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар багийн 10-07 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт С-н Т-,

4. Монгол улсын иргэн, 2001 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бага боловсролтой, автомашин засварчин мэргэжилтэй, ам бүл 4, эх, ах, дүүгийн хамт Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар багийн 8в-8 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Т-н О-,

5. Монгол улсын иргэн, 2002 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Төв аймаг Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн 10д ангид сурдаг, ам бүл 3, эцэг эхийн хамт Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр багийн Энхжин 15-2 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Д-н Д-,

6. Монгол улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, ах, 4 дүүгийн хамт Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар багийн 3-11 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ц-н Б-,

7. Монгол улсын иргэн, 2003 оны 07 дугаар арын 12-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Төв аймаг Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн 9а ангид сурдаг, ам бүл 4, эх, эмээ, өвөөгийн хамт Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар багийн 12-4 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Э-н Ө-.

Өсвөр насны хүүхдүүд болох С.Т-, Д.Д-, Э.Ө-, Т.О- болон Ц.Б- нар нь 2017 оны 08 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн М.М-ийн өмчлөлийн ТҮЦ-ний хаалганы цоожийг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн эвдэлж, хууль бусаар нэвтэрч, хүнсний эд зүйл хулгайлан бусдад 243,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн өсвөр насны хүүхдүүд болох С.Т-, О.С-, С.М- нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн М.М-ийн өмчлөлийн ТҮЦ-ний хаалганы цоожийг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн эвдэлж, хууль бусаар нэвтэрч, бэлэн гоймон 20 ширхэг, хрустек печень, 20 ширхэг, том ундаа 6 ширхэг, жижиг ундаа 10 ширхэг, наран цэцгийн тос 2 ширхэг, асаагуур 20 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлан, бусдад 116,620 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч С.Т-ийг үргэлжилсэн үйлдлээр, өсвөр насны шүүгдэгч Д.Д-, Э.Ө-,Т.О-, О.С-, С.М-, шүүгдэгч Ц.Б- нарыг бүлэглэн, орон байранд, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Т-т 4 жил хорих ял оногдуулж, эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч Д.Д-, Э.Ө-,      Т.О-, О.С-, С.М- нарыг тус бүр 2 жил хорих ял оногдуулж, эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 3 жил хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Т-, Д.Д-, Э.Ө-, Т.О-, О.С-, С.М- нарт тус бүр оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц. Б-д оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч С.Т-ийн 2 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч Д.Д-, Э.Ө-, Т.О-, О.С-, С.М- нарт тус бүр 1 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар тус тус хойшлуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 3 жил хорих ялыг тэнсэж, 1 жил 8 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн байна.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 2 дугаар заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар өсвөр насны С.Т-т 2 жил 2 сар хорих ял оногдуулж, эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар,” гэсэн,

3 дугаар заалтад “3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэсэн,

4 дүгээр заалтад “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Т-т оногдуулсан 1 жил 1 сар хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад” гэсэн өөрчлөлт оруулж,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад” гэснийг хүчингүй болгож,

5 дугаар заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч С.Т-ийн 1 жил 1 сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар,” гэсэн,

6 дугаар заалтыг хүчингүй болгож,

7 дугаар заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.” гэсэн,

8 дугаар заалтад “мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг” гэсэнөөрчлөлт тус тус оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд прокурор Х.Оюунцэцэг бичсэн эсэргүүцэлдээ “...прокуророос Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэний дагуу шүүхээс хэргийг хянан хэлэлцээд шийтгэх

тогтоолын тогтоох хэсгийн "... 3 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж...” өөрчлөлтийг оруулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн ба хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төл хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилсан байна.

Харин Ц.Б-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнд” ангиллын гэмт хэрэг байна.

Иймд яллагдагч Ц.Б-, өсвөр насны яллагдагч С.Т-, О.С-, С.М-, Т.О-, Д.Д-, Э.Ө- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн магадлалд өөрчлөлт оруулахаар прокурорын эсэргүүцэл гаргав” гэжээ.

Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “О.С-, С.М-, С.Т-, Т.О-, Д.Д-, Э.Ө-, Ц.Б- нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэн шийтгэх тогтоол гаргаж, давж заалдах шатны шүүх тус шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, зөвтгөж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хорих ял оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнсэж болно гэсэн хуулийн зохицуулалттай, Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан хүнд гэмт хэрэг үйлдсэн байхад Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэсэн нь үндэслэлгүй гэж эсэргүүцэл бичсэн. Энэ нь хавтаст хэргийн материалтай танилцахад үндэслэлтэй байгаа.

Ц.Б-ийн хувьд хулгайлах гэмт хэргийн нэг удаагийн үйлдэлд оролцсон бөгөөд хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгдэх үед насанд хүрсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоол, магадлалын Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн О.С-, С.М-, С.Т-, Т.О-, Д.Д-, Э.Ө-, Ц.Б- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Өсвөр насны шүүгдэгч С.Т- нь хоёр удаагийн үргэлжилсэн үйлдлээр, харин өсвөр насны шүүгдэгч Д.Д-, Э.Ө-,Т.О-, О.С-, С.М-, түүнчлэн шүүгдэгч Ц.Б- нарын хувьд нэг удаагийн үйлдлээр бүлэглэн бусдын орон байранд, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нууцаар, хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлэг, хэргийн шийдвэрлэлтэд аливаа нэгэн сонирхолгүй хөндлөнгийн гэрч,  шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байх бөгөөд  шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсгийг зөв тодорхойлж зүйлчилжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх насанд хүрээгүй шүүгдэгч С.Т- Д.Д-, Э.Ө-, Т.О-, О.С-, С.М- нарын гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч нарын насны байдал, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэлийг ялгамжтай оногдуулсан байх бөгөөд шүүгдэгч нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэхдээ хуулийн агуулга, холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин хоёр шатны шүүх насанд хүрсэн Ц.Б-ийн үйлдсэн хэргийн шинж чанар, үйл баримт, гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч оногдуулсан хорих ялыг тэнсэж шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 хэсэг,  давж заалдах шатны шүүх мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг тус тус буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзнэ.   

Иймд хэргийн шийтгэх тогтоол, магадлалын Ц.Б-д холбогдох хэсгийг Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр хүчингүй болгож, прокурор Х.Оюунцэцэгийн бичсэн эсэргүүцэлийг хангаж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 болон 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 53 дугаар магадлалд: “шүүгдэгч Ц.Б-д холбогдох зүйл, заалт, хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэгийн бичсэн эсэргүүцлийг хангаж шийдвэрлэсүгэй.  

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН