Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2016/0509/З |
Дугаар | 115 |
Огноо | 2019-04-22 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 115
“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
БОАЖЯ-нд холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Х.Батсүрэн
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Л.Атарцэцэг
Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж
Нэхэмжлэлийн шаардлага: “...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаалын “Д” ХХК-нд холбогдох, мөн сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/277 дугаар тушаалын “Монгол их коал” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0750 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2019/0052 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батхүү, П.Цэцгээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрцэцэг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0750 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, БОАЖЯ-анд холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаалын “Д” ХХК-д холбогдох хэсгийг, мөн сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/277 дугаар тушаалын “Монгол их коал” ХХК-д холбогдох хэсгийг нэхэмжлэгчийн газартай давхцаж буй хэмжээгээр тус тус хүчингүй болгож, Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/265 дугаар тушаалын “Д” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2019/0052 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0750 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “Д” ХХК-д холбогдох хэсгийг, мөн сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А-277 дугаар тушаалын “Монгол их коал” ХХК-д холбогдох хэсгийн нэхэмжлэгч “Д” ХХК-ийн ашиглах эрх бүхий газартай давхцаж буй хэмжээгээр хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтаар “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд “Монгол их коал” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/265 дугаар тушаалын “Д” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмэн, 2, 3, 4 дэх заалтын дугаарыг 3, 4, 5 болгон тус тус өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрцэцэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0750 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2019/0052 дугаар магадлалыг хууль буруу хэрэглэж, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж хяналтын гомдлыг дараах үндэслэлээр гаргаж байна.
4. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн тухайд: Шийдвэрт “Нэхэмжлэгч нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Хан-Уул дүүргийн Газрын албатай газар ашиглах талаар гурвалсан гэрээг байгуулаагүй хэдий ч газрын төлбөрийг төлж байсан болох нь ...тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэж дурджээ. Мөн “магадлалд газрын гэрээ байгуулаагүй ч төлбөр төлсөн, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй ч хийлгэхээр “Пиггг” ХХК-тай гэрээ байгуулсан ерөнхий үнэлгээ хийлгэсэн болох нь тогтоогдсон. “Д” ХХК нь гэрээ байгуулаагүй нь маргаж байгаа газрыг ашиглах эрхгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж дүгнэсэн” зэрэгт дараах тайлбарыг өгч байна.
5. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж зааснаар тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрх зөвхөн гэрээний үндсэн дээр үүсэхээр хуульчилсан ба “Д” ХХК нь гэрээ байгуулаагүй нь маргаж байгаа газрыг ашиглах эрхгүй этгээд юм. Түүнчлэн Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулан газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ...газрын төлбөр төлөгч байна” гэж заасан ба “Д” ХХК нь хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулаагүй тул газрын төлбөр төлөгч биш юм. “Д” ХХК нь тусгай хамгаалалттай газарт газар ашиглах гэрээ байгуулаагүй ч “Содтрейд” ХХК-ийн газар ашиглах гэрээг үндэслэн “Д” ХХК-ийн нэр дээр шилжсэн газарт төлбөр төлснийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг буруу тайлбарлан хууль зүйн дагуу байна гэж дүгнэсэн.
6. Анх “Содтрейд” ХХК нь маргаан бүхий газрыг 2004 онд 112 дугаар газар ашиглах гэрээ байгуулж, 1/63 дугаар гэрчилгээгээр ашиглаж байсан ч “Содтрейд” ХХК-ийн хүсэлтээр газар ашиглах эрхийг шилжүүлэхэд “Д” ХХК-ийн 2012/58 дугаартай гэрчилгээгээр газрын солбицлын байршил өөрчлөгдсөн ба хуучин солбицол бүхий газар дээр газар ашиглах гэрээ байгуулсан “Содтрейд” ХХК-ийн гэрээгээр өөрчлөгдсөн солбицол бүхий газрыг ашиглаад, ашиглах эрх нь хууль ёсны дагуу байна гэж анхан шатны шүүх дүгнэж үзсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн гэж үзэж байна.
7. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд “1.10.хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”. Мөн зүйл, хэсэгт заасан “...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэсэн байх ба дээрх хүчин зүйл бий болоогүй.
8. Шийдвэрт “...нэхэмжлэгчээс тус яаманд 2013 оны 9 дүгээр сарын 02, 2013 оны 11 дүгээр сарын 08, 2015 оны 8 дугаар сарын 02, 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрүүдэд тус тус хүсэлт гаргаж байсан ба уг хүсэлтүүдийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна”, мөн шийдвэрт “Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, барилга, байгууламж, зам, талбай бариагүй хэдий ч 5 одтой зочид буудал барьж байгуулах төсөл хэрэгжүүлж, уг төслийн хүрээнд төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд удаа дараа хандаж байсан нь тогтоогдож байна” гэж дурджээ.
9. “Д” ХХК-ийн нотлох баримтаар гаргаж өгсөн барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгож өгнө үү гэсэн утга бүхий албан бичиг тус яамны ирсэн бичгийн бүртгэлд бүртгэгдээгүй ба тус яамны ирсэн баримт бичгийн жагсаалтад бүртгэгдсэн 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн “Химийн бодисын зөвшөөрөл олгож өгнө үү” гэсэн 07 дугаартай албан бичиг, 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Аялал жуулчлалын зориулалтаар газар ашигладаг нь үнэн гэсэн тодорхойлолт гаргуулах тухай” 10 дугаартай албан бичиг, 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Төслийн үйл ажиллагааны тухай” гэсэн 03 дугаартай албан бичиг, 2015 оны 09 дүгээр сарын 07-нд “Ерөнхий үнэлгээ гаргуулах тухай” хүсэлт зэрэг албан бичгүүдийг тус яаманд гаргаж байсан байна.
10. Дээрх албан бичгүүд нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүссэн эсвэл хүндэтгэн үзэх шалтгаантайгаа дурдсан албан бичиг, хүсэлтийг Байгаль орчны яам болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргаж хандаж байгаагүй ба Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.4-д “Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн ...газар ашиглах гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна” гэснийг зөрчиж 2012 оноос хойш ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй дөнгөж 2015 оны 09 дүгээр сарын 07-нд “Д” ХХК анх удаа ерөнхий үнэлгээ гаргуулах тухай хүсэлтийг Байгаль орчны яаманд гаргасан, нарийвчилсан үнэлгээ хийгдээгүй барилгын эскиз зургаа батлуулаагүй зэрэг нь “Д” ХХК-ийн буруутай үйл ажиллагаа байхад анхан шатны шүүх дүгнэхдээ 5 одтой зочид буудал барьж байгуулах төсөл хэрэгжүүлж, уг төслийн хүрээнд төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд удаа дараа хандаж байсан нь тогтоогдож байна гэж ор үндэсгүй дүгнэсэн нь хууль хэрэглээний алдаа гаргасан, хуулийг буруу тайлбарласан гэж үзэж гомдол гаргаж байна.
11. Иймд, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
12. Анхан шатны шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.
13. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалаар “Д“ ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд байрлах 2 га газрын ашиглах эрхийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцалсан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасантай нийцээгүй байна.
14. Мөн сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А-277 дугаар тушаалаар “Монгол их коал” ХХК-д Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд аялал жуулчлалын зориулалтаар 4 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн, уг 4 га газартай нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий 2 га газар давхацсанаас маргаан үүсчээ.
15. Тодруулбал, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол ...Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан ...этгээдэд мэдэгдэнэ” гэж заасан үүргээ хариуцагч нь “...газар дээрээ хашаагүй, ...холбогдох утасгүй...” гэсэн үндэслэлээр биелүүлээгүй, нэхэмжлэгч нь “...газар ашиглах зөвшөөрлийг хүчингүй болгосныг өнөөдрийг хүртэл мэдээгүй байсан..., төлбөрөө төлсөн, ...байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтийг гаргуулахаар хүлээгдэж байгаа...” гэх үндэслэлээр маргаж, холбогдох захирамжуудыг хүчингүй болгуулахыг хүсчээ.
16. “Д” ХХК нь газрын төлбөрийг зохих журмын дагуу төлж байсан тухай Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын “газрын төлбөр төлсөн талаарх” 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/574, дүүргийн Газрын албаны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 13/1764 тоот албан бичгүүд, Улаанбаатар, Худалдаа хөгжлийн банкны депозит хуулга, төлбөрийн баримтууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан бөгөөд хариуцагч эдгээр баримтуудыг үгүйсгээгүй болно.
17. Түүнчлэн нэхэмжлэгч компани газраа зориулалтын дагуу ашиглах төслөө хэрэгжүүлэхээр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамаар “Таван одтой зочид буудал барьж байгуулах” төсөлд байгаль орчинд нөлөөлөх ерөнхий үнэлгээ хийлгэсэн, нарийвчилсан үнэлгээг “Пиггг” ХХК-иар хийлгүүлэхээр харилцан тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хүсэлт гаргаж, дээрх зочид буудлын барилгын зураг төслийг нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд оруулах санал нь дэмжигдсэн, 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “Тэмүүлэл цамхаг” ХХК-иар барилгын ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан зэрэг нотлох баримтуудыг үндэслэн “...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үйл баримт тогтоогдоогүйг хоёр шатны шүүх тодорхой зөв дүгнэжээ.
18. Тухайлбал, дээрх хуульд зааснаар газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргахаас өмнө захиргааны байгууллага “хүндэтгэн үзэх шалтгаан” байсан эсэхийг нягталж шалгах үүрэгтэй, энэ үүргээ бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн зүгээс тодорхой бичиг баримт бүрдүүлэх ажиллагаа хийгдэж байсан нь тогтоогдож байна.
19. Хариуцагч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д зааснаар газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа нөхцөлд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхтэй эсэхийг маргаж, үгүйсгэх боломжгүй тул “...анхнаасаа газар ашиглах гэрээ байгуулаагүй, ...газар ашиглах эрхгүй, ...төлбөр төлөгч биш, ...шүүх хууль буруу хэрэглэсэн...” гэх түүний гомдол үндэслэлгүй.
20. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэглэвэл зохих маргааны үйл баримтад хамааралтай Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2019/0052 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ