Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 151

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийж,

Нэхэмжлэгч: “*******” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 333 дугаар шийдвэр, 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 440 дүгээр шийдвэрийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, ******* дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбайг буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэгээ хийхийг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б******* П.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” ХХК нь Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутагт орших Өвөр хөшөөтийн амны алтын шорооны ордын MV-012806А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд энэхүү тусгай зөвшөөрлийн талбай анх 204.37 га байсан. Харин Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хамгаалалтын бүстэй уг ордын талбай хэсэгчлэн давхцалтай гэсэн үндэслэлээр манай компанийг энэхүү ордод бүхэлд нь үйл ажиллагаа явуулахыг 2009-2011 онуудад түдгэлзүүлсэн.

Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс ийнхүү манай тусгай зөвшөөрлийн талбайгаас хасахдаа Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон энэхүү хууль хэрэгжих, үйлчлэх хүрээ хязгаар, хилийн заагийг тодорхойлсон Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолд үндэслэн гаргасан.

Өөрөөр хэлбэл “*******” ХХК-ийн эзэмшдэг MV-012806А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн зарим талбай нь Засгийн газрын 174 дүгээр тогтоолын дагуу Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хамрах хүрээнд багтаж, улмаар хасагдсан юм.

МV-012806А ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хүрээнд хасалт хийхдээ Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн дарга нь 2012 оны 05 дугаар сарын 15-нд 333, мөн оны 07 дугаар сарын 04-ний өдөр 440 дүгээр шийдвэрүүдийг тус тус гаргасан.

Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.6, Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан журмын 5.2-оос харахад нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах эрх үүсэхээр байхад хариуцагч нь сая дурдсан шаардлага хангагдаагүй, нөхцөл бүрдээгүй байхад 333, 440 дүгээр шийдвэрүүдийг гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус захиргааны акт болсон байна.

Өөрөөр хэлбэл нөхөх олговрыг олголгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцлах, тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон, их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн талбайн хэмжээг багасгах зохицуулалт Ашигт малтмалын тухай хууль болон буса холбогдох хуульд байхгүй юм. Хуульд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг заасан ба уг үндэслэл байхгүй байхад зөвшөөрлийг цуцалсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасантай нийцээгүй тул хууль бус акт юм.

Харин дээр дурдсан Засгийн газрын 174 дүгээр тогтоол нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт 

малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд 2015 оны 02 дугаар сарын 18-нд өөрчлөлт орсонтой холбогдуулан Засгийн газраас гаргасан Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор хүчингүй болсон. 

Цаашлаад 2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 1 дүгээр зүйл нь “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана” гэж 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өөрчлөгдсөн нь өмнө нь тухайн хориглогдсон талбайд тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан тусгай зөвшөөрөл эзэмшигч энэхүү заалтын дагуу тухайн талбайдаа дахин үйл ажиллагаа явуулах боломжийг нээж өгсөн явдал юм.

Мөн манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайгаас хасалт хийхдээ ямар нэгэн нөхөх олговор олгоогүй бөгөөд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд нөхөх олговор олголгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцлах, тусгай зөвшөөрлийн талбайг хасах боломжгүйгээр хуульчилсан байдаг.

Иймд нэхэмжлэгчийн MV-012806А ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулсан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн 333, 440 дүгээр шийдвэрүүдийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, MV-012806А ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбайг буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэгээ хийхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутагт Өвөрхөшөөтийн ам нэртэй 204.37 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-012806А дугаар тусгай зөвшөөрлийг  2007  оны  10  дугаар  сарын  10-ны  өдөр “*******” ХХК-д олгосон.

Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудыг тус тус гаргасан.

Тус тогтоолд хамрагдаж буй 7211 солбицлыг кадастрын мэдээллийн санд бүртгэхэд ашигт малтмал ашиглалтын MV-012806А дугаар тусгай зөвшөөрлийн талбай нь хуулиар хориглосон хязгаарласан талбай буюу гол, мөрний урсац бүрэлдэх эх газартай хэсэгчлэн давхцалтай байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалт, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалт, Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолын хавсралт Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох журмын 5.3 дахь заалт, Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ даргын 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 495 дугаар тушаалаар батлагдсан нөхөх олговор тооцох дотоод зааврын 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Сангийн яамны 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3-2/1457 дугаар албан бичиг, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ХХ-14 дугаар тэмдэглэл зэргийг тус тус үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2012 оны 333, 440 дүгээр шийдвэрүүдээр тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулж, давхцалтай хэсгийг цуцалж хууль болон тогтоолд нийцүүлж шийдвэрлэсэн.

Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор усан сан бүхий газрын эргээс 50 метрт онцгой, 200 метрт энгийн хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлж, 2012 оны 194 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн, ойн сан бүхий газрын хилийн заагийн солбицолд тус тус өөрчлөлт оруулж баталсан бөгөөд дээрх тогтоолын хавсралтад оруулсан өөрчлөлтөд нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан ашиглалтын MV-012806А дугаар тусгай зөвшөөрлийн талбайн хэсэг хамаарахгүй байна.

Ашигт малтмалын тухай хууль, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрыг хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Засгийн газрын 289 дүгээр тогтоолоор нэгэнт солбицолд өөрчлөлт орсон талбайг буцаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох хууль зүйн зохицуулалт байхгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “******* дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбайг буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийхийг даалгах” тухай нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн шалгах явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 333 дугаар шийдвэр, 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 440 дүгээр шийдвэрийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаж байгаа асуудлаар дүгнэж, энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

“Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 333 дугаар шийдвэр, 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 440 дүгээр шийдвэрийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлагын тухайд;

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутаг Өвөрхөшөөтийн ам нэртэй газар орших 204 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч 12806А дугаар тусгай зөвшөөрлийг “*******” ХХК-д 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олгосон байна. Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг баталж, Монгол улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хил заагийг Засгийн газар тогтоохоор тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заажээ. 

Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” тогтоолоор “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-ийг баталсны дотор “*******” ХХК-ийн эзэмшиж буй ******* дугаар тусгай зөвшөөрөл хамаарч байна. 

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулж, цуцлах тухай” 333 дугаар шийдвэрээр Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор батлагдсан ашигт малтмал ашиглахыг хориглосон талбайтай давхацсан 33 тусгай зөвшөөрлийг цуцалсны дотор MV-12806 дугаар тусгай зөвшөөрөл багтжээ.

Мөн хэлтсийн даргын 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 440 дүгээр шийдвэрээр “*******” ХХК-ийн Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Өвөр хөшөөтийн ам нэртэй талбай бүхий MV-12806 дугаар тусгай зөвшөөрлийн  Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор батлагдсан ашигт малтмал ашиглахыг хориглосон талбайтай давхцалтай 97.62 гектар талбайн хэсгийг цуцалж, давхцалгүй хэсгийг 106.75 гектар талбай байхаар солбицолд өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх шийдвэрүүдийг илт хууль болохыг тогтоолгох үндэслэлээ “...нөхөх олговрыг олголгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцлах, тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон, ... талбайн хэмжээг багасгах зохицуулалт Ашигт малтмалын тухай болоод бусад хуульд байхгүй...” гэж тодорхойлжээ.

Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журамд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөх олговор авах хүсэлтээ геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр гаргахаар зохицуулсан байна.

Уг  журмын  3.4.2-т  зааснаар  тусгай   зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор хүсэлт гаргаагүй бол нөхөх олговор олгохгүй байхаар заасан бөгөөд нэхэмжлэгч компани нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй болохоо нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр мэдүүлсэн болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар зохицуулсан боловч Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашиг малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-т заасан эрхийнхээ дагуу Засгийн газрын баталсан журмын дагуу нэхэмжлэгч хүсэлт гаргаагүй байна. 

Нэгэнт нэхэмжлэгч “*******” ХХК хүчин төгөлдөр журмын 4.1-д заасны дагуу хүсэлт гаргаагүй тул 3.4.2-т зааснаар нөхөх олговор олголгүйгээр тусгай зөвшөөрлөөр олгогдсон уурхайн талбайн тодорхой хэсгийг цуцалсан төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж зааснаар илт хууль бусад тооцох боломжгүй юм.

Иймд Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 333 дугаар шийдвэрийн “*******” ХХК-д холбогдох хэсэг, 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 440 дүгээр шийдвэрийг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

“******* дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбайг буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашиг малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. 

Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор Монгол улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн болон ойн сан бүхий газрын хилийн заагийг баталж, усны сангийн эргээс 50 метрт онцгой,  200  метрт  энгийн   хамгаалалтын   бүсийг   тэмдэгжүүлэх   ажлыг   зохион 

байгуулахыг аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нарт даалган, Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцжээ. 

Хариуцагч “... нэгэнт солбицолд өөрчлөлт орсон талбайг буцаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох хууль зүйн зохицуулалт байхгүй юм...” гэж тайлбарлаж байх боловч Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашиг малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаас үзвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргахаар зохицуулсан байна.  

Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор 2011 оны 174 дүгээр тогтоолыг хүчингүй болгосноор Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Өвөр хөшөөтийн ам нэртэй газар орших ******* дугаар тусгай зөвшөөрлийн хасагдсан талбайн Засгийн Газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт орохгүй хэсгийг солбилцолоор нь тооцон буцаан олгох асуудлыг шийдвэрлэх боломжийг хуулийн дээрх заалтаар төрийн захиргааны байгууллагад олгосон байна. 

Ашигт малтмалын тухай хуульд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашиг малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хасагдсан талбайг буцаан олгох талаар зохицуулаагүй боловч Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.8 дахь хэсгүүдэд төсөөтэй харилцааг буюу тусгай хэрэгцээний газар болон нөөцөд авсан талбай чөлөөлөгдсөн бол тусгай зөвшөөрөл эзэмшигч үргэлжлүүлэн эзэмших давуу эрхийн талаар зохицуулсан байна. 

Нэхэмжлэгч хасагдсан талбайг буцаан эзэмших талаар хүсэлт гаргаж байсан болох нь Ашигт малтмалын газрын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1/3879 дүгээр албан бичгээр тогтоогдож байна. 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн “******* дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбайг буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Харин ******* дугаар тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбайг солбицлоор нь тооцон буцаан олгох эрх нь төрийн захиргааны байгууллагад хамаарах тул буцаан олгох талбайн хэмжээг шийдвэрт тусгаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.4, 106.3.13 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 4.6, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашиг малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.8, 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “******* дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбайг буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийхийг даалгаж, Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 333 дугаар шийдвэр, 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 440 дүгээр шийдвэрийг тус тус илт хууль бусад тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.ДАМДИНСҮРЭН