| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 169/2019/0024/Э |
| Дугаар | 497 |
| Огноо | 2019-10-14 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 23.1.2.2., |
| Улсын яллагч | Г.Гэрэлтуяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 497
Б.Од холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоол, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 9 дүгээр магадлалтай, Б.Од холбогдох 1922000040024 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1988 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Чонос овогт Б.О нь Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2.2, 11.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Б.Од Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2.2, 11.4 дүгээр зүйлийн 2.1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б.Ог хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
шүүгдэгч Б.О нь хохирогч С.Бт 3.900.000 төгрөг өгсөн, хохирогч С.Б нь өөрт учирсан бусад хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгч Б.Огоос нэхэмжлэх эрхтэйг дурдаж,
шүүгдэгч Б.О нь Дундговь аймгийн Цагдаагийн хэсгийн өмчлөлийн 300.000 төгрөгийн эд зүйлийг устгаж гэмтээсэн үйлдэл зөрчлийн шинжтэй эсэхийг шалгаж, хариуг тус шүүхэд ирүүлэхийг Дундговь аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэсэн байна.
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Од холбогдох Эрүүгийн 1922000040024 тоот хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаан шийдвэрлэсэн байна.
Дундговь аймгийн Прокурорын газраас Б.Ог Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2.2, 11.4 дүгээр зүйлийн 2.1 хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон шийдвэрлэсэн. Гэтэл Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн хэмээн үзэж байна.
1.Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийг хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэжээ. Ийнхүү дүгнэхдээ хэргийн талаар мэдүүлсэн хохирогч С.Б, гэрч Ж.Ч, С.Б нарын мэдүүлгээс дурдан хэрэгт зөрүүтэй баримт байхгүй, Б.О нь С.Быг Луус сумын хэсгийн төлөөлөгч, хэсгийн мөрдөгч гэх албан үүргээ биелүүлж байгаатай нь холбогдуулан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн эсэх нь хангалттай нотлогдохгүй байна гэж дүгнэлт хийсэн бөгөөд нотлогдоогүй гэж үзсэн үндэслэл болон улсын яллагчийн дүгнэлийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тодорхойлоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 заалтыг ноцтой зөрчсөн гэжээ.
Шүүхийн шийтгэх тогтоолын “Тодорхойлох“ хэсэгт хэргийн зүйлчлэлийн талаар гэж тусгайлан тэмдэглэж байгаад улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол, Эрүүгийн хуулийн тайлбар, Барилгын тухай хууль зэргийг үндэслэн маш тодорхой тайлбарлан бичсэн байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.5 дахь хэсгийг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
2.Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Огийн үйлдсэн гэх дээр дурдсан хэргийг Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн боловч хэргийг хэрэгсэхгүй болгон шүүгдэгчийг цагаатгалгүйгээр шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.8 дугаар зүйлийн 1.10 дахь заалтуудыг зөрчсөн гэжээ.
Анхан шатны шүүхээс Б.Огийн үйлдсэн С.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийн Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн юм. Нэгэнт хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гараагүй байхад шүүгдэгчийг цагаатган шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй учир давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт үндэслэл муутай болжээ. Мөн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.10-т зааснаар “илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэж дүгнэсэн нь туйлын ойлгомжгүй ба Магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй хэмээн үзэж байна.
Б.Огийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2.2 дахь заалт, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулаагүй. Түүний үйлдэл нь цаг хугацааны хувьд цагдаагийн хэсгийн байрнаас зугтан гарсны дараа буюу хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх үйлдэл төгссөний дараа болсон, барилга байгууламжид халдаж үйлдсэн гэх шинж хангалттай нотлогдоогүй юм. Хэргийн зүйлчлэлийн хууль зүйн үндэслэлийн талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж хууль зүйн үндэслэлийн талаар шийтгэх тогтоолд маш тодорхой тусгагдсан учир нэмж дурдах шаардлагагүй гэж үзлээ.
Иймд Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 9 дүгээр магадлалыг хүчингүй болгон 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон ахлах прокурор Г.Гэрэлтуяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна. Прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгох талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан атлаа тогтоох хэсэгт энэ талаар шийдвэр гаргаагүй. Түүнчлэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, ойлгомжгүй бичигдсэн, тогтоох хэсэг нь 36.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагад нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Од холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Шүүгдэгч Б.О нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Луус сумын цагдаагийн хэсгийн байранд тус сумын хэсгийн мөрдөгч С.Быг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, биед нь халдан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн уг гэмт хэргийг хууль сахиулах албаны барилга, байгууламжид халдаж үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогдож, прокуророос Б.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2.2, 11.4 дүгээр зүйлийн 2.1-д тус тус зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шүүгдэгч Б.Огийн үйлдсэн гэмт хэргийн талаар хийсэн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.5-д заасныг ноцтой зөрчсөн, мөн шүүх хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөхдөө Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Од холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байх тул Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 9 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, уг шийдвэрийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэнгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 9 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН