Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01199

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01199

 

 

Г.Г-, Ч.Б- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 183Ш2021/00743 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Г-, Ч.Б- нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Г-т холбогдох

гэм хорын хорын хохирол 12 445 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Г-, Ч.Баянжаргал нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгч Г.Г- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах 14/2и байранд миний бие амьдардаг бөгөөд анхны СӨХ-ны даргаар нь сонгогдож ажиллаж байсан. Манай СӨХ нь орон сууцны конторын үүргийг давхар гүйцэтгэдэг байсан бөгөөд оршин суугчид төлбөр төлөхгүйн тулд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан иргэн Х.Г- үгсэн хуйвалдаж, зохион байгуулалтайгаар бүлэглэн СӨХ-г шинээр байгуулж, СӨХ-ны эзэмшлийн байранд байсан иргэн Ч.Б-, Г.Г- бид нарын хувийн өмч хөрөнгө, гэрийн эд хогшил, тоног төхөөрөмж, барилгын материал, эд зүйлсийг хулгай хийж, цагаан өнгийн портер машинаар хоёр удаа ачиж явсан нь цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогдож, хохирлоо иргэний журмаар шийдвэрлүүл гэж шийдвэрлэгдсэн болно. Мөн иргэн Г.Г- миний хувийн орон сууцны гэрэл цахилгааныг тасалж, цахилгааны шитийг давхар төмрөөр битүүмжилж, цоож зүүж манай гэр бүлийг бүхэл бүтэн 6 сар гэрэл цахилгаангүй хохироож, гэр бүлээрээ эд материал, сэтгэл санааны ихээхэн хохирлыг амссан болно. Г.Г- миний бие 2018 оны 03 дугаар сарын 27, 2018 оны 9 дүгээр сарын 27, 2018 оны 10 дугаар сарын 05-нд тус тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд Алтад их говь СӨХ-ны өмнөөс нэхэмжлэл гаргаж байгаагүй, зөвхөн иргэн Г.Г- гэж гаргаж, цагдаагийн байгууллагад олон удаа хандаж байсан. Тус байр нь муу баригдсан, ус гоождог, улсын комисс ашиглалтад хүлээн аваагүй байр байсан. Оршин суугчид Х.Г- гэж манай байранд байдаггүй хүнийг СӨХ-ны даргаар тавьсан цагаас манай гэрэл цахилгааныг тасалж 6 сар гэрэл, цахилгаангүй байсан. Иймд цахилгааныг 6 сар тасалж хохироосныг 1 сарын түрээсийн төлбөр болох 1 000 000 төгрөгөөр тооцон 6 000 000 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн миний хувийн өмчийг хүмүүсээр ачуулж, алга болгосон. Нийт 6 445 200 төгрөгийн эд зүйлсээс 4 662 000 төгрөгийнх нь миний эд хогшил, 1 783 200 төгрөгөөр үнэлэгдэх эд зүйлс нь хадам болох Ч.Б-ынх болно. Иймд бид Х.Г-ийн ачиж явсан эд хогшил, тоног төхөөрөмж, эд зүйлсийн төлбөр 6 445 200 төгрөг, гэрэл цахилгаангүй 6 сар хохироосон хохирол 6 000 000 төгрөг, нийт 12 445 200 төгрөгийг хариуцагч Х.Г-оос нэхэмжилж байна, гэжээ.

Хариуцагч Х.Г- шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Г- миний бие 2015 оны 04 дүгээр сарын 11-нд нийт оршин суугчдын 57.6 хувийн дэмжлэгтэйгээр Тохь тух СӨХ-г Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн шийдвэрийн дагуу үүсгэн байгуулсан. Алтад их говь СӨХ-ны дарга Г.Г- нь тус хурал дээр өөрийн СӨХ-гоо өгөхгүй, та нар өөрсдөө СӨХ-гоо байгуул гэж хэлснээр оршин суугчдын хүсэлтээр Тохь тух СӨХ-г Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийг дахин шинээр үүсгэн байгуулсан. Алтад их говь СӨХ ажиллаж байх үед үүссэн өр төлбөрийг 3 сарын дотор барагдуулна хэмээн бичгээр батлан даалт гаргасан болно. Хурлын үйл ажиллагаа тус байрны харьяа фитнес зааланд зохион байгуулагдсан бөгөөд хурлын дараагаар сантехникийн узелийн өрөөнд ороход өрөөний хэмжээ нь 3х4.5 метр, Цахилгаан щитний өрөөний хэмжээ 2х3 тус тус байсан бөгөөд хаалганы цоож нь эвдэрхий, ялтсан бойлуураас ус гоожсон, өрөөнд их ус тогтсон, чийгтэй, том хоёр моторын нэг нь эвдэрхий, туслах жижиг мотор эвдэрхий, трубанууд нь элэгдэж ус шүүрсэн, хог ихтэй, чийгийн хорхой үүрлэсэн байдалтай байсан. Иргэн Г.Г- нь оршин суугчдын хамт ажлаа хүлээлгэж өгөөд дахин огт ирээгүй бөгөөд 14/2и байрны 34 тоотод амьдардаг гэх боловч тус байранд амьдардаггүй бөгөөд тус байрны урд байрлах Жиди констракшн ХХК-ийн Воли апартментийн 1202 тоотод оршин суудаг болохыг өөрөө болон оршин суугчид хүлээн зөвшөөрсөн. Алтад их говь СӨХ-ны дарга Г.Г- нь дулаан, ус халаалт, цахилгаан, гарааш, СӨХ болон ашиглалтын болон нийт нийт төлбөрийг бэлнээр өөрөө гардаж авдаг байсан тул Тохь тух СӨХ-г байгуулж данстай болгох, халаалт, усыг нийтийн орон сууцны конторт шилжүүлэх, эрчим хүчийг цахилгаан түгээх компанид шилжүүлэх, СӨХ-ны ашиглалтын мөнгийг тус СӨХ-ны дансанд байршуулж хураалгах, Алтад их говь СӨХ-ны дарга Г.Г-ын оршин суугчдад үүсгэсэн өрийг барагдуулах зэрэг ажлууд байсан. Нийт оршин суугчид Сүхбаатар дүүргийн нийтийн орон сууцны ашиглалтын контор, Сүхбаатар дүүргийн Зүүн түгээх төвд эрчим хүчийг шилжүүлэн Төрийн банкны Арслантай гүүр салбарт төлбөр тооцоог хийдэг болсон. Гэтэл өмнө нь уг байрны Алтад их говь СӨХ-ны даргаар ажиллаж байсан Г.Г- гэгч нь миний биеийг СӨХ-ны ажлыг булааж авсан, өрөөнд оруулж зодсон, дарамталсан гэж цагдаагийн хэлтэст 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөдөл өгч шалгуулсан ба эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдоогүй тул тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтгэрэл 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2092 дугаартай прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Г.Г-той өөртэй нь уулзах гэтэл олдоогүй учир СӨХ-ны өрөөнд байсан түүний гэх эд хогшлыг ачиж аваачаад өөрийнх нь эзэмшлийн амбаарт аваачиж хийсэн. Тэнд нэхэмжлэлд дурдсан шиг олон төрлийн эд хогшил, тоног төхөөрөмж байгаагүй. Ерөнхийдөө ашиглах боломжгүй цөөхөн тооны эд зүйлс л байсан. Миний бие бүх айлын тоолуурыг баталгаажуулаад цахилгааны мөнгийг банкинд төлдөг болсон. Гэтэл Г.Г- нь өөрийнхөө тоолуурыг баталгаажуулсны дараа цахилгаан түгээх байгууллагад дуудлага өгөн цахилгаанаа залгуулаагүй атлаа цахилгааны шитэнд хулгайгаар утас холбоод засвар хийгээд, унтуулахгүй засварын ажил хийгээд байна гэж хажуу айл нь хэлсэн. Иймд тоолуурыг гаднаас нь хардаг болгож, наагуур нь төмөрлөж, гаднаас нь утас залгах боломжгүй болгосон. Үүнийг түүний орон сууцны цахилгааныг тасалсан гэж үзэхгүй бөгөөд өөрөө дуудлага өгөөд цахилгаанаа залгуулах боломжтой байсан. Цахилгааныг нийтэд нь тасалж байгаад тоолууруудыг авч баталгаажуулаад дараа нь хэрэглэгч бус бүр өөрсдөө дуудлага өгч залгуулахад залгуулаагүй атлаа намайг цахилгаан тасалсан гэж байгааг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна, гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Х.Г-оос гэм хорын хохирол 12 445 200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Г.Г-, Ч.Б- нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214 080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Г- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. Хариуцагч Х.Г- нь цагдаа шалгахад хүн хэрэглэхээр эд зүйлс байгаагүй, хоосон будгийн сав, түмпэн сав байсан бүгдийг хогонд дээр хаясан гэж тайлбарласан. 2015 оны 4 дүгээр сараас, иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэх гаргах хүртэл буюу 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл миний эзэмшлийн путекэнд ямар ч эд зүйлс байгаагүй бөгөөд цоож нь бүтэн байсан болно. Мөн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргасан гомдлын дагуу цагдаа путекийг шалгахад мөн эд зүйлс байгаагүй. Цагдаа, прокурор нь эд зүйлс байгаагүй гэж Сүхбаатар дүүргийн прокурорын 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 2092 дугаартай прокурорын тогтоолоор ...гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг шалгах явцад эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурьдсугай гэснээс үзэхэд путекэнд ямар ч эд зүйлс байгаагүй болох нь нотлогдож байна. Хариуцагч Х.Г- биднийг иргэний шугамаар нэхэмжилж эхлэх үеэс эрүүгийн хэрэг нь хаагдсан тул хэрэггүй гэсэн эд зүйлсийг буцаан авч путкэнд хийсэн, байсан ба энэ нь шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээч тогтоож, хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа. Хариуцагч Х.Г- миний эд зүйлсийг цагаан өнгийн портер машинаар 2 удаа зөөж, Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо, 10-71 тоот, өөрийн гэрт болон мөн байрлалтай СӨХ-ны байранд аваачиж, буулгасан байдаг. Үүнийг хариуцагч Х.Г-той хамт ажиллаж байсан Я.Оюун , ачилцсан Б.Ганчөдөр, дэргэдээс нь харсан Г.Бумцэнд нар нотолсон байдаг. 2018 оны 5 дугаар сард буцааж авч хийсэн зүйлсийнх нь зарим дрож нь нуглаасаараа сэмэрч, хөгцөрч, номын сантай болон хайрцагтай номууд нь хулганад идэгдэж, цаашид ашиглагдах боломжгүй болсныг Вендо" ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа. Б.Баярцэнгэл 2018 оны 5 дугаар сарын 23-нд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч Б.Ууганбаярт өгсөн гэрчийн мэдүүлэгтээ ... 2015 оны 5 дугаар сарын үеэр байх, СӨХ-ны даргыг оршин суугчдын дунд хурал хийж байгаад Ганзориг гэдэг хүнийг сонгож, Ганболдыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан юм. Тэгээд Ганболд нь ямар нэгэн байдлаар ажил, эд хөрөнгө хүлээлгэн өгөлгүй яваад өгсөн. Мөн 2 өрөөн дотор Ганболдын эзэмшилийн гэх эд зүйлс байсан гэжээ. Энэ нь тухайн үед миний эзэмшлийн путекэнд юу ч байгаагүй гэдгийг нотлож байна. "УБЦТС" ТӨХК нь цахилгаан шитийг битүүмжлээгүй, цахилгаан тоолуурыг шинэчлээгүй бөгөөд зөвхөн нэгдсэн журмаар 1 хоног баталгаажуулаад, бүх айлын цахилгааны гэрээг 3 жилийн хугацаатай 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс сунгаж өгсөн. Манайх мөн холбогдсон. Дуудаж цахилгаан холбоогүй, нэгдсэн журмаар тоолуурыг нь холболт хийж, лацдаж, тоолуурын заалтыг баталгаажуулж хүлээлгэн өгсөн ба энэ нь хариуцагч Х.Г-ийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хурал дээр гаргаж ирж 4 жил 6 сарын дараа надад өгсөн манай 413432 дугаартай гэрээний дэвтэр, төлбөр, тооцоны хуудаснаас харагдаж байгаа. Нэгдсэн журмаар айл болгонтой эрчим хүчээр хангах гэрээ байгуулагдаж, манайд 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эрчим хүчээр хангах 413432 тоот гэрээ, 4035515 дугаартай код өгч цахилгааны асуудал бүрэн шийдвэрлэгдсэн болох нь нотлогдож байна. Би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гомдол дахин гаргасан бөгөөд УБЦТС" ТӨХК-ны хариуцсан инженер, техникийн ажилтан болон " Тохь тух СӨХ-ны УЗ-ийн хүмүүсийг байлцуулан шалгаж, нэгдсэн дүгнэлтийг НМХГ-аас гаргаж, 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 02-07 / 2326 тоот албан бичиг, шаардах хуудсыг СӨХ-ны дарга Х.Г-т хүргүүлсэн бичигтээ ". айлын эрчим хүчийг цахилгаантай холбоотой бус хувийн санаатай хохироох зорилгоор тасалсан болохыг тогтоож, дүгнэлт гаргаж, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-т заасныг зөрчсөн болохыг мэдэгдсэн байдаг..... Ийнхүү нотлогдож, тогтоосон атал хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч "Тохь тух" СӨХ-ны дарга Х.Г- 4-5 сар Хан-Уул дүүргийн Яармагаас ирж ажиллахдаа манай байрны цахилгаан тоолуурыг огт шинэчлээгүй, УБЦТС ТӨХК-ийн айл өрхөөс төлбөрийг нь авч нэгдсэн журмаар баталгаажуулж, лацдаж, холбож өгсөн. Мөн цахилгааны шитийг хариуцагч Х.Г- цоожтой болгосон биш, 2008 онд Алтад их говь СӨХ болон хохирогч Г.Г- миний бие цахилгааны тоолуур хулгайд алдахаас сэргийлж, давхар болгоны цахилгаан шитийг цоожтой болгосон. Гэтэл шүүгч Алтад их говь" СӨХ-ны болон нэхэмжлэгч миний хийсэн ажлыг хариуцагч Х.Г- хийсэн агуулгаар дүгнэсэн нь үндэслэлгүй үзэж байна. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 14/2и байрны СӨХ-ны дарга н.Ганзоригт гээд" танай оршин суугч н.Ганболдын өргөдлийг судлаж үзэхэд уг айлын эрчим хүчийг цахилгаантай холбоотой бус шалтгаанаар тасалсан байгаа нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтыг зөрчсөн байна. Иймд Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7, 29.1.8 дахь заалт, 32 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд хэрэглэгчийн эрчим хүчийг хуулинд зааснаас бусад ямар нэгэн шалтгаанаар тасалдаггүй болохыг мэдэгдэж байна гэснийг өргөдлийн хариу гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Миний бие 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хойшлогдсон шүүх хуралдааны дараа Тохь тух СӨХ-ны УЗ-ийн анхны дарга У.Оюунсаруул, УЗ-ийн гишүүн А.Дуламрагчаа нарыг гэрчээр дуудаж оролцуулахаар хүсэлт гаргасан. Шүүх миний хүсэлтийг хүлээн авсан, асуудалгүй, хурлын тов дахин зарлагдахаар шүүх хуралд дуудаад оруулчихна гэж шүүгчийн туслах Б.Соронзонболд нь хэлж байсан тул итгэсэн. Нэхэмжлэгч миний бие 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралд ирэх байх гэж хүлээж байсан боловч ирээгүй, мэдэгдээгүй хуурсан байсан. Гол гэрчүүдийг яагаад хуралд оролцуулаагүй шалтгаанаа шүүгч тайлбарлаагүйд гомдолтой байна. Иймд нэхэмжлэгч Г.Г- миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Г.Г-, Ч.Б- нар нь хариуцагч Х.Г-т холбогдуулж эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд нийт 12 445 200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3.-т зааснаар гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах тухай хүсэлт гаргах эрхтэй бөгөөд хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх талаар гаргасан хүсэлт бүрийг шүүх хангах үүрэгтэй гэж үзэхгүй боловч хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулах нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчих үндэслэл болдог тул хүсэлтийг хангах эсэхийг шүүх шийдвэрлэх учиртай.

 

Нэхэмжлэгч Г.Г- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ....НМХГ-ын тухайн үеийн эрчим хүчний улсын ахлах байцаагч нар болон уг байгууллагаас тодруулга авах, Тохь тух СӨХ-ны УЗ-ийн анхны дарга У.Оюунсаруул, УЗ-ийн гишүүн А.Дуламрагчаа нараас гэрчийн мэдүүлэг авах хүсэлт тус тус гаргажээ. /2хх-ийн 139/

 

Анхан шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 17 дугаартай шүүхийн тогтоолоор хариуцагч талаас ажил хүлээлцсэн актыг нотлох баримтаар гаргуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, харин дахин шинжээч томилуулах, хэргээс нотлох баримт хасуулах, Н.Золсайханыг гэрчээр асуулгах хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. /2хх-ийн 142/

Харин нэхэмжлэгчийн гаргасан дээрх хүсэлтүүдийг шийдвэрлэлгүй орхигдуулснаар шүүхийн журмаар нотлох баримтыг бүрдүүлэх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөнөөр нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болно.

Мөн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 17 дугаартай шүүхийн тогтоолоор шүүх хуралдааныг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хийхээр хойшлуулсан боловч уг өдөр шүүх хуралдаан болоогүй, шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1688 дугаартай захирамжаар шүүх хуралдааны товыг өөрчилж шүүгч жич товлон зарлахаар шийдвэрлэсэн боловч шүүх хуралдааныг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шүүгчийн туслахын утсаар ярьсан тухай тэмдэглэлээр 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 14:30 цагт явуулахаар товложээ. /2хх-ийн 142, 146, 154/

 

Анхан шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэх үед нэхэмжлэгчийн өмнө нь гаргасан хүсэлтийг дэмжиж байгаа эсэхийг өөрөөс нь тодруулж шийдвэрлэх байжээ. /2хх-ийн 156/

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргах эрхийг зөрчсөн, нотлох баримт дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д тус тус заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэдийн төлөөлөгч Ө.Цэндсүрэнд шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан байх боловч тус иргэдийн төлөөлөгч нь Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 63 дугаар зүйлд заасан журмын дагуу сонгогдсон эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дах хэсэгт зааснаар дараагийн иргэнийг оролцуулах арга хэмжээ авсан эсэх нь тодорхой бус байгааг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2021/00743 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Г-ын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214 153 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Н.БАТЗОРИГ