| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 102/2020/02517/И |
| Дугаар | 210/МА2021/01374 |
| Огноо | 2021-09-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2021/01374
2021.09.06 Дугаар Улаанбаатар хот.
Г.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Г.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л ХХК-д холбогдох
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б
Орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Оюумаа, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Л ХХК-тай Орон сууц захиалгаар барих тухай гэрээний дагуу Дархан-Уул аймгийн Дархан сум, 11 дүгээр баг, Л хотхоны 9 давхар А блокын 1 дүгээр орц, 9 дүгээр давхарт 36 тоот дахь 62,7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 62 700 000 төгрөг өгөхөөр бариулсан. Төлбөрийг 2014 оны 7 дугаар сарын 07-нд 20 000 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 29-нд 20 000 000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 05-нд 20 000 000 төгрөг, 2 дугаар сарын 08-нд 1 700 000 төгрөг, 12 дугаар сарын 02-нд 1 000 000 төгрөг, нийт 62 700 000 төгрөг өгч тооцоо дууссан байгаа. Мөн 2016 оны 2 дугаар сарын 05-нд Авто зогсоол захиалгаар бариулах гэрээ хийж, авто зогсоолыг 16 000 000 төгрөгөөр бариулсан ба гэрээний дагуу төлбөрийг бүрэн өгч дуусгасан. Гэтэл тус компани гэрээний дагуу үүргээ биелүүлж миний захиалж бариулсан орон сууц болон авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа тул гэрээний дагуу Л ХХК-иас дээрх орон сууц болон авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөхийг даалгахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхэд анх гаргасан нэхэмжлэлээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж өгөхийг даалгах гэснийг орон сууц болон авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох гэж өөрчилж байна. Нэхэмжлэлийн агуулга хэвээрээ болно. Тухайн орон сууцанд төлбөрөө төлж дуусгаад 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс нүүн орж, амьдарч байгаа. Байраа өмчлөлдөө бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад албан ёсоор бичгээр хандаагүй. Хариуцагч Л ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нийтээр нь гаргаж өгнө, бүх байрнууд компанийн нэр дээр байгаа гэж байсан учраас түүнийг нь хүлээгээд хугацаа алдсан. 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Г.Б болон Л ХХК-ийн хооронд Орон сууц захиалгаар бариулах гэрээ хийгдсэн. Гэтэл үүнээс хойш хийгдсэн Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу бусдад орон сууцыг шилжүүлсэн нь буруу юм. Тиймээс орон сууц болон авто зогсоолыг Г.Б өмчлөх эрхтэй. Үүнийгээ тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байгаа. Хариуцагч байгууллагатай тооцоо нийлсэн баримт хэрэгт авагдсан байгаа. Тиймээс гэрээ хүчин төгөлдөр байна. Мөн уг орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа гэжээ.
Хариуцагч Л ХХК-ийг төлөөлөгч Т.Чимэддулам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б нь Л ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Орон сууцны захиалгаар бариулах гэрээ байгуулсан байна. Ц.Б нь 144 айлын орон сууц барихад 2014 онд гэрээ байгуулан хөрөнгө оруулсан төблөр авагч ба Т.Чимэддулам миний бие нягтлан бодогчоор ажилладаг. Зээл төлөлтийн графикийн сүүлийн хугацаа 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байсан. Захирал А.Л графикийн дагуу зээлийн төлбөрийг хийгээгүй. Ц.Б нь мөнгөө авч чадахгүй байсны улмаас өөрийн хөрөнгөө хамгаалж тус компанийн захирал А.Лтэй уулзан 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ээр харилцан тохиролцож, хөрөнгө оруулсан төлбөрөө буцаан авсны дараа компанийг буцаан өгөх хэлцэлтэйгээр гэрээ байгуулан шилжүүлж авсан. Компанийн өмнөх хувьцаа эзэмшигч А.Л 2017 оноы 12 дугаар сарын 31-ний өдөр Ц.Бд зээлсэн мөнгөө хятадуудаас авчирч өгөөд компаниа буцаан авна гэсэн учир бид хүлээж байсан. Ц.Б захирал гадаад томилолтоор явахаар болсон тул компанийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ээр Т.Чимэддулам миний нэр дээр шилжүүлсэн. Улсын бүртгэлийн албанд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас компанийн шилжих хөдөлгөөнд хориг тавьсан байгаа. Компанийг шилжүүлэн авсны дараа орон сууцыг худалдахдаа хөрөнгө оруулагч, иргэд, захиалгаар орон сууц барьсан барилгын компаниудтай гэрээг давхардуулан хийсэн байсныг мэдсэн. Иймээс өмнө компанийн хувьцаа эзэмшигч байсан А.Лтэй уулзаж, хөрөнгө оруулагч, өмгөөлөгч нарыг байлцуулан хуралдаж Л ХХК нь бусдын өмнө хүлээсэн зээлийн болон бусад өр төлбөрийг төлөх асуудлыг бүрэн хариуцахаар хэлцэл хийж, компанийн эрхийг буцаан шилжүүлэхээр 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулан компанийг өмнөх хувьцаа эзэмшигч А.Лд 100 хувь шилжүүлсэн. Гэтэл А.Л нь гэрээний үүргийн дагуу Улсын бүртгэлийн албанд бүртгэл хийлгээгүйгээр, бидэнд мэдэгдэлгүй 2018 оны 3 дугаар сард Хятад улс руу яваад өнөөдрийг хүртэл орж ирээгүй байгаа болно. Гэрээ байгуулсан өдрөөс хойш А.Л нэг ч удаа уулзаагүй, холбоо бариагүй бидэнд итгэл үзүүлэн алга болсон, өнөөдрийг хүртэл олдохгүй байгаа. Компанийн санхүүгийн бичиг баримт, зээлийн гэрээг мөн хүлээлгэн өгөөгүй. Иргэн Г.Б нь Л ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан, авто зогсоолын гэрээ нь байхгүй, шүүхэд өгсөн материалаас танилцсан болно. Г.Б нь тус компанийн Худалдаа хөгжлийн банкны 464004610 тоот, Хаан банкны 5088065798 тоот дансанд байрны төлбөр 62 700 000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан байна. Компани нь шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар 3 хөрөнгө оруулагчдад орон сууцнуудыг хувааж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн. Хөрөнгө оруулагч тус компанийн хоорондох маргаантай асуудлууд хуулийн шатанд байгаа, эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Г.Б-ийн амьдарч байгаа А-36 тоот 62,76 м.кв талбайтай 2 өрөө байрыг компанийн өмнөх хувьцаа эзэмшигч давхардуулан хийснийг мэдээгүй. Л ХХК нь А-36 тоот 2 өрөө байрны төлбөр Шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу хөрөнгө оруулагч Д.Бгийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр шилжсэн. Д.Бгийн нэр дээр шилжүүлэхэд шийдвэр гүйцэтгэлийн алба Д.Б нар А-36 тоот 2 өрөө байранд айл амьдарч байгааг мэдэж байсан. Тухайн үед дээрх байр эрхийн доголдолгүй, улсын бүртгэлийн албанд Г.Б гэрээгээ бүртгүүлээгүй байсан юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шийдвэрийг биелүүлсэн гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анх 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Л ХХК-тай 01/14 дүгээр Хөрөнгө оруулалтын гэрээ, мөн оны 12 дугаар сарын 22-ны өдөр 01 дүгээр Хөрөнгө оруулалтын гэрээ-г тус тус байгуулж, Дархан-Уул аймгийн Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороололд баригдахаар болсон 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтанд орсноор тэргүүн ээлжинд ашиг авахаар харилцан тохиролцсон. Л ХХК-иас 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор эхний хөрөнгө оруулалт болон түүнтэй тэнцэх хэмжээний ашгийг өгөх үүргээ биелүүлээгүй, барилгын ажлын явц удааширсан тул тус компаниас гаргасан саналыг үндэслэн уг өдөр гэрээний хугацааг сунгаж, 02 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгах гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 03 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ болон Барьцааны гэрээг тус тус байгуулсан. Эдгээр гэрээгээр хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахдаа хөрөнгө оруулагч тал Д.Б надад гэрээ байгуулах талаараа мэдэгдэж, зөвшөөрөл авсны үндсэн дээр захиран зарцуулж байхаар тохиролцсон. Гэтэл хариуцагч Л ХХК нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсэгт заасныг болон надтай байгуулсан гэрээний үүргээ зөрчиж, Г.Б гэгч хүнтэй 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулж, уг гэрээний үндсэн дээр Дархан-Уул аймгийн Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын Л хотхоны 10а блокын 36 тоотын 2 өрөө орон сууцыг худалдахаар тохиролцож гэрээ байгуулсан нь хууль бус болсон байна. Л ХХК нь Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, хөрөнгө оруулагч миний эрхийг зөрчиж байсан тул уг асуудлаар миний бие Хан-Уул дүүргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандан өргөдөл гаргаж, эвлэрүүлэн зуучлагчийн оролцоотойгоор Л ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 183 дугаартай Эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2017/08942 дугаар захирамжаар баталгаажуулсан. Уг захирамжийн дагуу Л ХХК нь надад 2,500,000,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор төлөх байсан ч энэ үүргээ биелүүлээгүй тул шүүгчийн захирамжийг албадан биелүүлэхээр хүсэлт гаргасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Дархан-Уул аймгийн Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Л хотхоны 10а блокын 33 тоотын 41,3 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц болон бусад орон сууцнуудыг миний өмчлөлд шилжүүлэх асуудлаар 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хойш удаа дараа мэдүүлэг гаргаж, тэдгээртэй холбоотой маргааныг захиргааны журмаар шийдвэрлүүлсний эцэст 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийг баталгаажуулж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан. Д.Б нь Г.Б болон Л ХХК нарын хооронд хийгдсэн Орон сууц захиалгаар бариулах гэрээний оролцогч тал биш юм. Тус компани миний зөвшөөрлийг авч хэлцэл хийх ёстой байтал огт зөвшөөрөл авалгүй хэлцэл хийсэн, мөн нэхэмжлэгч нь миний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2003021861 дугаарт бүртгэгдсэн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд хандаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй Орон сууц захиалгаар барих тухай гэрээ нь гуравдагч этгээдийн оролцоогүйгээр хийгдсэний зэрэгцээ улсын бүртгэлд бүртгүүлэх хуульд заасан шаардлага хангаагүй байна. Гэрээний талуудаас хэн нь ч тухайн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандах эрхтэй. Гэвч нэхэмжлэгч гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандаагүй байна. Тийнхүү хандсан гэх байдал хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна. Л ХХК-ийн зүгээс хөрөнгө оруулагч Д.Бд мэдэгдэж бусадтай гэрээ хийх ёстой байсан. Мөн тус компаниас улсын бүртгэлд хандсан 18 иргэд байсан ба энд нэхэмжлэгч Г.Б-ийн нэр байгаагүй. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 183.2, 183.3 дахь хэсгүүдэд зааснаар Д.Бгийн нэр дээрх бүртгэл үнэн зөв, тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Д.Б байгаа учир түүний өмчлөлийн хөрөнгийг өөр этгээдтэй байгуулсан гэрээний үүрэгт шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн орон сууц захиалгаар барих гэрээг хариуцагч байгууллагын эрх бүхий этгээдтэй хийгээгүй, тухайн цаг хугацаанд Л ХХК-ийн гүйцэтгэх захирлаар н.Хүрэлбаатар гэх хүн бүртгэгдээгүй байна. Хүчин төгөлдөр бус хэлцлээс үүсэх үр дагаврыг буюу төлсөн мөнгөө нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Л ХХК-иас шаардах эрхтэй гэж үзэж байна. Авто зогсоолын тухайд талуудын байгуулсан гэрээг хариуцагч компанийн захирал н.Л баталсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхээр байна. Уг авто зогсоол хариуцагчийн өмчлөлд байдаг гэж сонссон. Д.Бгийн хувьд авто зогсоолын хүрээнд хамааралгүй учир өөр нэмж хэлэх тайлбар байхгүй гэжээ.
ШҮҮХ: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Бат-Эрдэнийг Дархан-Уул аймгийн Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Л 144 айлын орон сууцны байрны 05 тоот 20 м.кв талбайтай авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас Г.Бат-Эрдэнийг Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, Л хотхоны 9 давхар орон сууцны А блокын 1 дүгээр орцны 9 давхарт 36 тоот дахь 62,7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 527 350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 257 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Г.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Миний бие Г.Б нь 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Л ХХК-тай харилцан тохиролцож, Орон сууц захиалгаар бариулах гэрээ хийж, Дархан-Уул аймгийн Дархан сум, 11-р баг Л хотхоны 9-р давхарт А блокын 1-р орц, 9-р давхрын 36 тоот дахь 62.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 62 700 төгрөгөөр өөрийн хөрөнгө мөнгөөр бариулсан. Гэтэл миний хөрөнгө мөнгөө өгч, орон сууц захиалгын гэрээгээр, захиалж бариулсан байрыг, Хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн Д.Болормоод өгсөн байсан. Иргэн би үзэхдээ хөрөнгө оруулалтын гэрээ, Захиалгаар орон сууц бариулах гэрээ, 2 ялгаатай өөр өөр гэрээ гэж үзэж байна, Миний бие дээрх тоот байрыг, болон гражыг, өөрийн зардал мөнгөөр, захиалга өгч төлбөрийг, гэрээний дагуу өгсөн. Гэрээний дагуу өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж өгөөгүй боловч намайг байранд оруулсан байгаа, би байрандаа орсон одоо эндээ амьдарч байна. Байрны ордер гаргаж өгөхийг шаардсан боловч гаргаж өгнө гэж, явсаар өдий хүрч удсан, Гэрээний дагуу, байраа захиалж, бариулсан. Л ХХК миний нэр дээр байрыг шилжүүлж өгнө гэж найдаж байсан. Ер нь хүний захиалж авсан байрыг бусдын өмчлөлд шилжүүлж болохгүй гэж ойлгож байна, Гэтэл миний захиалсан, гэрээний дагуу төлбөрөө гүйцэд төлөөд байрандаа орсон байтал. Бусдын өмчлөлд шилжүүлсэн байсан, Бид маш их хохирч байгаа тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэ байрны өмчлөгч мөн болох тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх Дархан уул аймгийн Дархан сумын 11-р баг 13-р хороолол Л 144 айлын орон сууцны 05 тоот 20м.кв талбайтай авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож, Нэхэмжлэлийн шаардлагаас, Дархан уул аймаг, Дархан сум, 11-р баг, Л хотхоны , 9-р давхар орон сууцны А блокын 1-р орцын 9 давхарт 36 тоот дахь 62.7 м.кв 2 өрөө байрны өмчлөгч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна, Шударга бус шийдвэрлэлээ гэж үзэж байна. Миний захиалж бариулсан, байрыг өмчлөх гэж шийдвэрлэсэн нь, ойлгомжгүй байна. Би Л ХХК-аар орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж гэрээ байгуулж, Гүйцэтгэгч нь Дархан Уул аймагт баригдсан миний захиалсан дээрх 2 өрөө 62.7 м.кв байрыг барьж захиалагчид хүлээлгэж өгөх зэрэг үүргийг хүлээж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар захиалагчийн өөрийн хөрөнгө мөнгөөр гэрээнд засан ажлыг г гүйцэтгэж, захиалагч миний бие хөлсөө бүрэн гүйцэд төлж, байрыг Л ХХК надад хүлээлгэн өгөх, өмчлөлийн гэрчилгээ гаргуулж өгөх үүрэгтэй байсан, "Ласти Интернейшнл ХХК үүргээ биелүүлээгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан , орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу өмчлөгч мөн болохийгтогтоолгох нэхэмжлэл гаргасан Үүнийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзлээ. Мөн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний гол үндэслэл , гэрээний зүйл нь үр дүн байна гэж заасан байна. Тэгвэл ажил гүйцэтгэгч захиалагчийн гэрээний дагуу эд зүйлийг хийсэн бол үүнийгээ захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан. Гэтэл миний захиалгаар байраа барьж дуусаад намайг захиалсан байранд оруулсан. ба миний өмчлөлд шилжүүлж өгөх үүрэгтэй байтал миний өмчлөлд шилжүүлээгүй надад мэдэгдэлгүй бусдын өмчлөлд шилжүүлсэн нь хууль бус үйлдэл гэж үзэж байна, Иймд дээрх 2 өрөө байрны өмчлөгч Б би мөн, шударга өмчлөгч гэж үзэж байна. Гэтэл шүүх, иргэн намайг хохироосон шийдвэр гаргаж, мөн хуулийн дагуу шийдвэрлэсэнгүй гэж үзэж байна. Иргэн хүн өөрийн байдаг хөрөнгөөрөө байраа захиалж орсон байтал гэрээгээ зөрчиж бусдын өмчлөлд шилжүүлсэн хууль бус гэж үзэж байна, ийм байхад шүүх өмчлөх эрхгүй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний хувьд Дархан уул аймгийн Дархан сум 11-р баг " 13 р хороолол Л хотхоны, 9 давхар орон сууцны А блокны 1-р орцны 10а байрны 9 давхарт 36 тоот дахь 2 өрөө 62,7 м.кв байрыг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхтэй гэж үзэж байна. Иймд хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр давж заалдах гомдол гаргалаа, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Л ХХК-д холбогдуулан орон сууц болон авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Талууд 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Орон сууц захиалгаар барих тухай 020 тоот гэрээг байгуулж, уг гэрээгээр Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, Л хотхоны 9 давхар орон сууцны А блокын 1 дүгээр орцны 9 давхарт 36 тоот дахь 62,7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 62.700.000 төгрөгөөр худалдан авах, мөн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 05 тоот Авто зогсоол захиалгаар бариулах гэрээ байгуулж, гүйцэтгэгч Л ХХК нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Л нэртэй 144 айлын орон сууцны 05 тоот дахь 20 м.кв талбай бүхий авто зогсоолыг 16 000 000 төгрөг худалдан авахаар тус тус тохиролцсон байна.
Дээрх гэрээний дагуу худалдан авагч Г.Б орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан болох нь мөнгөн шилжүүлгийн баримтууд болон Л ХХК-ийн НӨАТ-ын буцаан олголтын баримт зэргээр тогтоогдож байна. /хх.14,15 /
Уг гэрээний дагуу Г.Б төлбөрийг бүрэн төлж барагдуулснаар талууд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Авто зогсоол худалдан авах 01 тоот гэрээг байгуулжээ. /хх.17-21/
Орон сууц захиалгаар барих тухай гэрээний 3.4 дэх хэсэгт зааснаар захиалагч Г.Б төлбөрийг гүйцэтгэгчийн дансанд 100 хувь төлснөөр өмчлөх эрхийг захиалагчид шилжүүлэхээр тохиролцож, захиалагч энэ үүргээ биелүүлсэн боловч гүйцэтгэгч Л ХХК нь гэрээний зүйлийг захиалагчийн эзэмшилд хүлээлгэн өгч, харин өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч Г.Б үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулахаар Л ХХК-д хандаж байсан талаарх бичгийн баримтууд хэрэгт авагдсан, хариуцагч байгууллага уг баримтыг үгүйсгэж маргаагүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх гуравдагч этгээдээр Д.Бг татан оролцуулсан байх бөгөөд Д.Б нь нь Л ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгт 3 000 000 000 төгрөг нэхэмжилснийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2017/08942 дугаар захирамжаар баталж, уг захирамжийн дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас маргааны зүйл болох 36 тоот орон сууц болон бусад 23 үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөр авагч Д.Бгийн өмчлөлд бүртгэж, Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст бүртгэгдсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх.85-102/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх үүргийг хуулиар хүлээдэг.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй байна гэж үзлээ.
Тухайлбал, Л ХХК, Д.Б нарын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, талууд гэрээний зорилгоо... 144 айлын 8470 мкв талбай бүхий орон сууцыг баригдсаны дараа орон сууцыг худалдан борлуусанаас олсон ашгаас авахаар тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан Орон сууцны захиалгаар бариулах гэрээ-ний 2.2-т ...төлбөрийг захиалагч гүйцэтгэгчид бүрэн төлсөн нөхцөлд холбогдох бичиг баримтыг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ... гэж, Хөрөнгө оруулалтын гэрээ-ний 5.2.2-т ...гүйцэтгэгч тал хамтын ажиллагааны үр дүнд бий болсон үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй, харин хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцож захиран зарцуулна... гэж, мөн гэрээний 1.1-д ...хөрөнгө оруулагч орон сууц худалдсаны дараа талууд ашиг хуваана... гэж тус, тус заажээ.
Дээрх гэрээний заалтуудаас үзэхэд тухайн орон сууцыг худалдан борлуулах талаар хэн аль нь мэдэж байсан бөгөөд нэхэмжлэгч Г.Бат-Эрдэнийг 2014 оноос хойш тухайн орон сууцанд амьдран сууж байсныг хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн хэн аль нь үгүйсгээгүй байна.
Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэнд олж байгаа этгээд улсын бүртгэлд бүртгэсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно... гэж заасан.
Хэргийн үйл баримт, талуудын тайлбараас үзэхэд анхан шатны шүүх ийн уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гуравдагч этгээдийн нэр дээр гаргуулахдаа өөр хүний эзэмшилд тухайн маргаж буй орон сууц байгааг мэдэж байсан эсэх асуудлыг тодруулаагүй, энэ талаар талуудыг мэтгэлцүүлээгүйгээс маргааны үйл баримт тодорхой бус үлдсэн байна. Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхээс хэргийн талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй гэж үзнэ.
Түүнчлэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай гэж үзлээ. Нэхэмжлэгч өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Хэрэгт өмчлөх эрхийн гэрчилгээ бусдын нэр дээр гарсан хүчин төгөлдөр байгаа нөхцөлд тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох гэж байгаа нь хохирол шаардаж байгаа эсэх, эсхүл өмчлөгчөөр байгаа этгээдийн гэрчилгээний талаар маргаж байгаа зэрэг асуудлыг тодруулах ажиллагааг хийх шаардлагатай гэж үзэж байна.
Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээн хийж, талуудыг маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахиж шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2021/01477 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ............ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
з
Ц.ИЧИНХОРЛОО