Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01308

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01308

 

РР СӨХ-ны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2021/01298 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч РР СӨХ-ны хариуцагч Т.Т-д холбогдуулан гаргасан дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 7 604 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус СӨХ нь 2011 онд байгуулагдсан бөгөөд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны 16 дугаар байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, ашиглалтын найдвартай байдлыг хангаж оршин суугч, түрээслэгчдийн тав тухтай амьдрах боломжоор хангах зорилготой ажиллаж байна. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй зардалд 125 000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн. Гэтэл тус байрны 406 тоотод оршин суугч Т.Т- нь 2011 оноос амьдарч байгаа дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний зардлыг СӨХ-д төлөх үүргээ биелүүлэхгүй хохироож байна. Т.Т- нь тус байрыг үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанитай гэрээ хийж бусдад түрээсэлсэн байна. Удаа дараа СӨХ-ийн зардлыг шаардахад бага багаар төлнө гэдэг байсан ба сүүлдээ утсаа авахгүй, утсаа авахаар тийм хүн энэ дугаар дээр байхгүй гэж хэлдэг болсон. Түрээсэлсэн айлтай нь уулзахад би өр төлбөргүй гэж худлаа ярьдаг. Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.6-д орон сууцаа бусдад эзэмшүүлж, ашиглуулж байгаа бол эзэмшигч ашиглагчийн гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгэнэ гэж заасан байх тул тус байрны 406 тоотын өмчлөгч Т.Т-гээс 2011 оны үлдэгдэл төлбөр 625 000 төгрөг, 2012 оны үлдэгдэл төлбөр 632 000 төгрөг, 2013 оны үлдэгдэл төлбөр 569 000 төгрөг, 2014 оны үлдэгдэл төлбөр 818 000 төгрөг, 2015 оны үлдэгдэл төлбөр1 060 000 төгрөг, 2016 оны үлдэгдэл төлбөр 900 000 төгрөг, 2017 оны үлдэгдэл төлбөр 1 500 000 төгрөг, 2018 оны үлдэгдэл төлбөр 500 000 төгрөг, 2019 оны үлдэгдэл төлбөр 1 375 000 төгрөг, 2020 оны үлдэгдэл төлбөр 750 000 төгрөг, нийтдээ 7 604 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэсэн байдгийн дагуу тухайн орон сууцанд оршин сууж байгаа оршин суугч нь тус холбооны гишүүн байх үүргээ биелүүлэх ёстой гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт өмчлөгч дангаар болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн байдагчлан хариуцагч нь байраа өөрөө ашиглаагүй бусдад хөлслүүлж байгаа ч гэсэн дундын өмчлөлийн засвар, үйлчилгээний ашиглалтын төлбөрийг СӨХ-д зайлшгүй төлөх ёстой гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар агуулгын хувьд сууц өмчлөгч нь тухайн орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдон үүссэн зардлыг төлөх үүрэгтэй гэсэн байдаг. Гэтэл хариуцагч нь хэрэгт авагдсан баримтад тухайн орон сууцны өмчлөгч биш гэдэг нь харагддаг бөгөөд нэгэнт өмчлөгч нь биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хэрэгт авагдсан мессеж явуулсан гэх баримтуудад тухайн мессежийг н.Э- гэдэг хүн рүү явуулсан байгаа. н.Э- хэдийгээр хариуцагчийн ээж ч гэсэн хүүхдээс нь төлбөрийг гаргуулах нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Т.Т-гээс дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 7 604 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч РР СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136 614 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э давж заалдах гомдолдоо:

... Хариуцагч Т.Т-гийн ээж н.Э- нь 2011 оноос эхлэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 16 дугаар байрны 406 тоот орон сууцанд амьдарч эхэлснээс хойш РР СӨХ-ийн төлбөрийг төлж явсан ба 2011 оноос 2021 оныг хүртэл дутуу төлөлт үлдэгдэлтэй байсан. Төлбөрөө төлөхийг удаа дараа шаардахад н.Э- нь гадаадад амьдарч байгаа байраа хөлслүүлж байгаа гэдэг. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад н.Э- нь хаягтаа байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. 406 тоот байрыг н.Э-гийн хүү Т.Т- түрээсийн гэрээ хийсэн байсан тул Т.Т-ий гэрийн хаягаар Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжилсэн.

Хариуцагч Т.Т-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийг гардан авч хариу тайлбартаа нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа талаар бичсэн байхад шүүхээс орон сууцны өмчлөгч биш гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх нь 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр РР СӨХ-д дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөрийг 62 500 төгрөг болгон багасгах тухай өргөдлийг Удирдах зөвлөлд гаргасан баримт байгаа ба тус 406 тоот орон сууцыг бусдад түрээсэлж байгаа гэдгийг нотолж байгаа. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний и-мэйл хаягт эвлэрлийн гэрээ байгуулах төслийн загварыг явуулсан байгаа. Иймд хариуцагч эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байсан ба түрээсэлж байсныг хүлээн зөвшөөрч байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч РР СӨХ нь хариуцагч Т.Т-д холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний зардал 7 604 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авч, шүүхэд бичгээр тайлбар гаргахдаа Сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний зардал төлөхтэй холбоотой асуудлаар маргахгүй, харин 125 000 төгрөг болсныг зөвшөөрөхгүй гэсэн агуулгаар татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ. /хх-34/

 

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлын хэмжээ, хуваарилалттай холбоотойгоор маргаж байгаа тохиолдолд өмчлөгчид хуваарилсан төлбөрийн хэмжээг тогтоосон үндэслэл, зардлын хэмжээг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан журмын дагуу тогтоогдсон эсэх, зардлыг өмчлөгч хариуцах үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.

 

Хэрэгт маргаж буй дээрх үндэслэлд хамааралтай нотлох баримт авагдаагүй, сууц өмчлөгчдийн холбооны айл өрхөөс авах үйлчилгээний хураамж /хх-14/, РР СӨХ-ны удирдах зөвлөлийн хурлын шийдвэр /хх-41/ нэртэй баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй, талууд маргаж буй уг асуудлаар мэтгэлцээгүй байна.

 

Иймд хэргийн маргаж буй дээрх нөхцөл байдлыг тодруулах, маргааны үйл баримтыг тогтоох, шаардлагатай нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулан авах, талуудыг уг асуудлаар мэтгэлцүүлж, эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай.

 

Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Т.Т нь Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Олимпийн гудамж, 16 дугаар байрны 406 тоот орон сууцны өмчлөгч биш гэх үндэслэлээр гаргасан татгалзал үндэслэлтэй эсэхэд хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Э.Тэлмэн нь орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг 62 500 төгрөгийн хэмжээнд төлж байсан, үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэж тайлбар гаргаснаас үзвэл тухайн орон сууцны засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг төлж байсан нөхцөл байдал тогтоогджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Т нь дээрх 406 тоот орон сууцны өмчлөгч биш учраас зардлыг хариуцахгүй гэж татгалзал гаргахдаа өөрийн өмчлөлийн эд хөрөнгийн талаарх лавлагааг шүүхэд гаргасан ч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох шаардлагыг хангахгүй, үнэлэх боломжгүйгээс гадна 406 тоот орон сууцтай холбоотой баримт гэж үзэхээргүй, нэхэмжлэлд заасан 16 дугаар байрны 406 тоот орон сууцны өмчлөгчийг тодруулсан баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Энэ тохиолдолд тухайн сууцыг өмчлөгч нь хэн, өмчлөгч нь өөрийн байранд байнга оршин сууж, ашиглаагүй бол түр сууж эзэмшиж, ашиглан, засвар үйлчилгээг авч буй этгээд нь хэн болохыг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй байхад мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар уг ажиллагааг хийгээгүйг нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн татгалзлын үндэслэлийг тодруулаагүйгээс талууд маргаантай асуудлаар мэтгэлцээгүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2021/01298 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136 614 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ