Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01368

 

 

Д.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 22-ны өдрийн 183/ШШ2021/01358 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “ИНҮТ” ТӨААТҮГ-т холбогдох, ажилгүй байсан 2020 оны 08 сарын 15-ны өдрөөс 2021 оны 01 сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 18,881,676 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М-, түүний өмгөөлөгч Н.Наранбаяр,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүсэлт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэл, тайлбартаа: Иргэний нисэхийн Ерөнхий газрын ИНҮТийн даргын 2020 оны 04 сарын 27-ны өдрийн Б/111 тушаалаар “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын захирал Д.М-ыг Үндэсний Аудитын газрын 2020 оны 03 сарын 13-ны өдрийн 06/842 дугаар дүгнэлт, 2020 оны 03 сарын 18-ны өдрийн 01/20 дугаар албан шаардлагыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн. Энэхүү тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсанаар Монгол улсын Дээд шүүхийн 2020 оны 12 сарын 16-ны өдрийн 001/ХТ2020/00806 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийг “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын захирлаар эгүүлэн томилж, 2020 оны 04 сарын 28-ны өдрөөс 2020 оны 08 сарын 14-ний өдрийг дуустал хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 14,662,292 төгрөгийг авахгүй байхаар тохиролцож шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Харин 2020 оны 08 сарын 15-ны өдрөөс хойших ажилд томилогдох хүртэлх буюу 2021 оны 01 сарын 04-ний өдрийг дуустал хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 18,881,676 төгрөгийг авах эрхтэй юм. /2020.08.15-2021.01.14-ний өдөр хүртэл ажлын 99 хоног, нэг өдрийн цалин 190 724 төгрөг = 18,881,676 төгрөг байна/

Иймд Д.М-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт 18,881,676 төгрөгийг олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Талуудын хооронд 2020 оны 10 сарын 28-ны өдөр байгуулсан 01 дугаар Эвлэрлийн гэрээний 2.1.1-т “Шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1-т нэхэмжлэгчийг одоогийн Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын захирлын ажилд эгүүлэн тогтоосныг хүлээн зөвшөөрч, энэхүү эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж, эсхүл шүүхийн тогтоол цаасан хэлбэрээр гарсан өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан тухайн албан тушаалд томилохоор эвлэрч байна”, 2.1.2-т “Шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсгийн 2-т хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 14,662,292 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байх ба талууд харилцан тохиролцсноор нэхэмжлэгч энэхүү олговрыг авахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, эвлэрч байна”, 2.1.3-т “Шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсгийн 3-т нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэсэн. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4 дэх хэсэгт заасны дагуу энэхүү эвлэрлийн гэрээг шүүхийн шийдвэрээр баталгаажуулсны дараа ажилд томилох шийдвэр /тушаал/ гарч, ажил үүргээ гүйцэтгэж эхлэх өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон төлж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт тус тус нөхөн бичилт хийх санал гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, эвлэрч байна” гэж эвлэрсэн.

Дээрх эвлэрлээс дүгнэвэл, хариуцагч буюу ИНҮТ нь хариуцагч Д.М-ыг ажилд томилох тушаал гарч, ажил үүргээ гүйцэтгэж эхлэх өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон төлж, нөхөн бичилт хийнэ гэж, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.М- нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорыг авахгүй, харин ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлнэ гэж эвлэрчээ.

Нэхэмжлэгч нь нэгэнт эвлэрсэн асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон цалин олговрыг авахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч гэдэг нь ажилд томилогдох хүртэл гэж ойлгоно, мөн энэхүү эвлэрлийн гэрээг шүүхийн шийдвэрээр баталгаажуулсны дараа ажилд томилох шийдвэр тушаал гарч, ажил үүргээ гүйцэтгэж эхлэх өдөр хүртэл гэж хугацааг бас харилцан тохиролцсон гэж ойлгоно.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М-ын ажилгүй байсан хугацааны цалин 18,881,676 төгрөгийг хариуцагч ИНҮТ Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас гаргуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М-ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 252,359 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ИНҮТ Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас 252,359 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.М-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт тус тус заасныг анхан шатны шүүх баримталсангүй, дутуу үнэлж шийдвэр гаргажээ. Иргэний хуулийн хүсэл зоригийг тайлбарлах тухай, мөн гэрээг тайлбарлах тухай болон энэ дагуу эвлэрлийн гэрээг дүгнэвэл, Нэхэмжлэгч Д.М- нь урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн томилогдох нь нэн тэргүүний сонирхол байсан бөгөөд уг хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор авахгүй, харин уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүйн тулд шүүхийн шийдвэрээр хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлүүлэх зорилготой байсан нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.М- нь шүүхэд зориуд худал тайлбар өгч, шүүгчийг төөрөгдүүлсэн. ИНҮТ нь “Эвлэрлийн гэрээ”-нд заасны дагуу 2020 оны 04 сарын 28-ны өдрөөс 2021 оны 01 сарын 04-ний өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон төлсөн боловч нэхэмжпэгч Д.М- нь ажилгүйдлийн тэтгэмжийг гаргуулан авсан, дараа нь ажилдаа эгүүлэн тогтоогдсон бөгөөд ажилгүйдлийн тэтгэмжийг эгүүлэн төлөөгүй тул нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийгээгүй гэдэг тайлбарыг одоогийн “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын ерөнхий нягтлан бодогч Ц.Цацрал өгсөн.

Нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор шаардах эрхгүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд эвлэрлийн гэрээний 3.1-т заасны дагуу нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь шийдвэрлэж, эвлэрлийн гэрээг баталсан Улсын Дээд шүүхийн тогтоол, тус тогтоолоор баталсан эвлэрлийн гэрээний 3 нөхцөл бүрэн биелэсэн байна. Үүнд, Д.М- нь 2021 оны 01 сарын 04-ний өдрөөс урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын захирлаар ажиллаж эхэлсэн; ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор авахгүй, нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар 2020 оны 08 сарын 14-ний өдрөөс 2021 оны 01 сарын 04-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаас хуульд заасан хувь хэмжээгээр тооцон төлсөн.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.4 дэх хэсэгт тус тус заасныг зөрчин, нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.М- хариуцагч “ИНҮТ” ТӨААТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны буюу 2020 оны 08 сарын 15-ны өдрөөс 2021 оны 01 сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 18,881,676 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 49-50/

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/02155 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.М-ыг Чингис хаан Олон улсын нисэх буудлын захирлын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “ИНҮТ” ТӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацаа буюу 2020 оны 04 сарын 28-ны өдрөөс 2020 оны 08 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 14,662,292 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.М-т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 сарын 25-ны өдрийн 2017 дугаар магадлалаар хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна. /хх 33-38, 39-42/

 

Улмаар дээрх шийдвэр, магадлалыг хариуцагч тал эс зөвшөөрч хяналтын гомдол гаргасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 12 сарын 16-ны өдрийн 001/ХТ2020/00806 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчдын байгуулсан 2020 оны 10 сарын 28-ны өдрийн №01 тоот “Эвлэрлийн гэрээ”-г баталж, Д.М-ын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /хх 30-32/

 

Дээр дурдсан “Эвлэрлийн гэрээ”-гээр хариуцагч “ИНҮТ” ТӨААТҮГ нь эвлэрлийг баталсан шүүхийн тогтоол цаасан хэлбэрээр гарсан өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан нэхэмжлэгч Д.М-ыг Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын захирлын ажилд томилж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэх, харин нэхэмжлэгч Д.М- нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 14,662,292 төгрөгийг авахаас татгалзаж, зохигчид эвлэрсэн нь Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолд тусгагджээ. /хх 30-32/

 

Үүний дагуу “ИНҮТ” ТӨААТҮГ-ын даргын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн Б/550 дугаар тушаалаар Д.М-ыг Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын захирлаар томилж, 2020 оны 04 сарын 28-ны өдрөөс 2021 оны 01 сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Захиргаа, хүний нөөцийн газар, Үйлдвэлэлийн нягтлан бодох бүртгэлийн албанд үүрэг болгосон байна. /хх 28-29/

 

Нэхэмжлэгч Д.М- нь “2020 оны 04 сарын 28-ны өдрөөс 2020 оны 08 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор авахгүй гэж эвлэрсэн, харин 2020 оны 08 сарын 15-ны өдрөөс 2021 оны 01 сарын 04-ний өдөр хүртэлх олговрыг авах эрхтэй” гэж тайлбарладаг бол хариуцагч “ИНҮТ” ТӨААТҮГ нь “нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор авахгүй гэж эвлэрснийг шүүх баталсан” гэж маргадаг.

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолд тусгагдсан зохигчдын эвлэрэл нь “ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх 14,662,292 төгрөгийн олговроос татгалзсан” агуулгатай буюу уг дүн нь 2020 оны 04 сарын 28-ны өдрөөс 2020 оны 08 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарах олговор байх тул нэхэмжлэгч Д.М- нь 2020 оны 08 сарын 15-ны өдрөөс 2021 оны 01 сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардах эрхтэй, уг хугацааны олговрын талаар зохигчид эвлэрэн хэлэлцээгүй гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.М-ыг 2020 оны 08 сарын 15-ны өдрөөс 2021 оны 01 сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн боловч нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлсэн эсэхэд дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь учир дутагдалтай болжээ.

 

Тодруулбал, Д.М-ыг Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын захирлаар томилсон тушаал гарсан 2020 оны 12 сарын 30-ны өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гурван сарын хугацааг тоолоход 2021 оны 03 сарын 30-ны өдөр дуусгавар болж байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “ИНҮТ” ТӨААТҮГ нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй юм.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч “ИНҮТ” ТӨААТҮГ-т холбогдох нэхэмжлэгч Д.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх үүргийнхээ хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянасан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 22-ны өдрийн 183/ШШ2021/01358 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ИНҮТ” ТӨААТҮГ-т холбогдох ажилгүй байсан 2020 оны 08 сарын 15-ны өдрөөс 2021 оны 01 сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 18,881,676 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Д.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252,359 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “ИНҮТ” ТӨААТҮГ-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2021 оны 07 сарын 29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,358.38 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                             

                ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА

 

Д.НЯМБАЗАР