Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 503

 

  З.Б-д холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаар цагаатгах тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 09 дүгээр магадлалтай, З.Б-өд холбогдох 1923000260027 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Улиастай суманд 1971 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, Г овогт З-н Б.

З.Б- нь бусдын орон байранд нэвтэрч 60,000 төгрөгний үнэ бүхий архи хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч З.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дугаар 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “цагаатгагдсан этгээд Батмөнх нь бусдын ... хүн байнга амьдрах ... орон байранд хууль бусаар нэвтэрч байгаагаараа онцлог бөгөөд тухайн хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээ хамаагүй юм. Нөгөө талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “... хүн байнга амьдрах ... орон байранд нэвтэрч үйлдсэн гэдгийг хууль тогтоогч хуульчлан тайлбарлахдаа үйлдлээр нь хүндрүүлэн эрүүгийн хариуцлага оногдуулж байхаар хуульчилсан байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхуйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу “хулгайлах гэмт хэрэг”-ийг Эрүүгийн хуульд заахдаа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэж тодорхойлоод, хэрэв энэ үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй байхаар зохицуулсан.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд хулгайлах гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо бага хэмжээний (300 нэгж) хохирол учруулсан бол тус хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохгүй байхаар заасан.

Энэ нь Зөрчлийн тухай хуульд заасан “хулгайлах зөрчил”-өөс ялгагдах шинж юм. Гэмт хэрэг ба зөрчил нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээгээр ялгаатай тул түүнд хүлээлгэх хариуцлагыг хууль тогтоогч ялгаатай хуульчилсан байдаг.

Бага хэмжээний хохирол учруулсан хулгайлах үйлдэл нь Зөрчлийн тухай хуулиар хамгаалагдсан өмчлөх эрх ашгийн эсрэг чиглэсэн гэж үзэхээр байгаа, харин бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан хулгайлах үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрх ашгийн эсрэг чиглэсэн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагуй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас 60,000 төгрөгийн хохирол учирсан ба энэ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй байна. Шүүгдэгч Батмөнхийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хэлбэрийн хувьд агуулж байгаа хэдий ч учруулсан хохирол нь Эрүүгийн хуульд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнийг хангахгүй байгаа юм.

Гэтэл Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрх ашигт бодит хохирол учруулаагүй, зөрчлийн шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнийг ч хангахгүй байхад Эрүүгийн хуулийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй зүйл ангиар зүйлчлэх нь шударга ёсны зарчимд үл нийцэх юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл шударга ёсны зарчимд “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх”-ыг шаарддаг. Гэтэл үүнийг үл харгалзан гэмт хэрэг үйлдсэн гэх үндсэн бүрэлдэхүүн нь бүрдээгүй байгааг үл харгалзан, гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж буюу орон байранд нэвтрэх үйлдлээр нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж хуулийг тайлбарласан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж магадлалыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “З.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаагаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгасан, прокурор Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлджээ.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхдээ хулгайлсан 1 шил архины үнэ болох 60,000 төгрөгийн хохирлыг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодитой хохирол, хор ушиг учирсан гэж үзэхэд эргэлзээтэй, гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байна гээд хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгасан нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Учир нь бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтрэн үйлдсэн тохиолдолд үйлдлээр нь хүндрүүлэн эрүүгийн хариуцлага оногдуулж байхаар хууль тогтоогч тогтоосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийг тайлбарласан тайлбарт энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй гэж тодорхой хуульчилсан байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хууль зүйн үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, З.Б-ийг цагаатгасан нь буруу байна гэж дүгнэлт хийж, цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлтэй, зөв байна.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн З.Б-өд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос З.Б-ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс З.Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх прокурорын яллах дүгнэлтэнд дурдсан зүйлчлэлийн дагуу З.Б-ийн гэм бурууг хэлэлцэж хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэн  цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Хяналтын шатны шүүх З.Б-өд холбогдох хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэх үед тэрээр нас барсан байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэлд хамаарах тул түүний гэм буруу болон холбогдох хэргийн талаар хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, З.Б-өд холбогдох хэргийг “шүүгдэгч нас барсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...гэмт хэргийн үндсэн шинж хангагдаагүй байхад хүндрүүлэх шинжийг нь хангасан гэж үзэн хуулийг буруу тайлбарласан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй тул хүчингүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэлэлцэхгүй орхисон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаар цагаатгах тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 09 дүгээр магадлалыг хүчингүй болгож, З.Б-өд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН