| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2022/02799/И |
| Дугаар | 192/ШШ2025/04448 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2025/04448
2025 05 23 192/ШШ2025/04448
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, шүүгч Т.Батсүх, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, ** улирлын цэцэрлэг, ** байр, ** тоотод оршин суух, Ц овогт М-ын Г /РД:УС********4 /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, яармаг наадамчдын зам гудамж, ** байр, ** тоотод оршин суух, С овогт Т-ын Т /РД:ШЗ*********1 /-т холбогдох,
Гэм хорын хохиролд 28.778.763 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Г шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1597 дугаар шийдвэрээр хариуцагч Т.Т-ээс 13,000 ам.доллар, 34,168,820 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Е ХЗХ-нд олгохоор шийдвэрлэснийг Нийслэлийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 854 дугаар магадлалаар өөрчилж, хариуцагчаас 22,646 ам.доллар, 34,168,820 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, Монгол Улсын Дээд шүүхийн 97 дугаар тогтоолоор дээрх магадлалыг хэвээр үлдээсэн. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учраас 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэрийг биелүүлэхээр гэрээ байгуулсан. Тухайн үед Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай зардал, урамшууллын гэрээ байгуулахад доллароор гэрээ хийж, ажиллагааны зардал тооцох боломжгүй гэсэн үндэслэлээр 22,646 ам.долларыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеийн ам.долларын төгрөгтэй тэнцэх ханшаар буюу 1400.3 төгрөгөөр тооцож 31,711,420 төгрөгт хөрвүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч Е ХЗХ нь татан буугдаж, шаардах эрх шилжүүлэх гэрээгээр М.Г төлбөр авагчийн эрх үүргийг шилжүүлж авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцсоор ирсэн. Төлбөр төлөгч нь тухайн үед ханшийн зөрүүгүйгээр, удаашруулахгүйгээр төлсөн бол нэхэмжлэгч тал хохирохгүй байсан. Гэвч хариуцагч Т.Т нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар удаашруулж, нэг ч төгрөг төлөхгүй, шүүхэд удаа дараалан нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэж, анх зээл өгснөөс хойш 9 жил 3 сар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгснөөс хойш 6 жил 4 сарын хугацаа өнгөрсөн нь төлбөр авагч талын бизнесийн үйл ажиллагааг доголдуулж, мөнгийг түгжих, олох ёстой байсан орлогыг хааж, бодит хохирол учруулсан. Хариуцагч Т.Т нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд үлдэгдэл нийт төлбөр болох 62,410,783 төгрөгийг төлсөн байдаг. Төлбөр авагчийн зүгээс олон жилийн дараа ямар ч ханшийн өөрчлөлтгүйгээр төгрөгөөр тооцож төлбөр төлсний хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасныг зөрчсөн буюу Сүхбаатар дүүгийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1597 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 854 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 97 дугаар тогтоолыг биелүүлээгүй. М.Г-ын нэхэмжлэлтэй хариуцагч Т.Т-т холбогдуулан гэм хорын хохиролд 28,778,763 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд ИХШХШтХуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 -т заасан Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж хуульд заасан үүргийг хариуцагч Т.Т нь зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй нь нэхэмжлэгч талд эд хөрөнгийн алдагдал санаатай учруулсан гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасны дагуу нэхэмжилж байгаа болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж тайлбарлавал гэм хорын л хохирол шаардаад байгаа юм, бичгээр тодруулахдаа орох байсан орлого гэдэг агуулгаар шаардсан ба хуулийн заалтын шаардах эрх нь 497 байж болох юм. 2010 онд бид доллар зээлж байсан, 6 жилийн турш хариуцагч янз бүрийн байдлаар гомдол гаргаж, бүүр алга болж эрэн сурвалжлагдаж байсан ба хамгийн эцэст байр нь зарагдах дээрээ тулахад л төлсөн. Гэхдээ 2019 оны ханшаараа төлөөгүй , 2013-05-09 ний өдөр шийдвэр гүйцэтгэгч урамшууллаа авахын тулд доллараар гарсан шийдвэрийг хөрвүүлснээс болж төгрөгөөр 31,711,420 төгрөг төлсөн, хэн бүхэн шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй атал биелүүлдэггүй, анх өөрсдөө барьцаа хөрөнгийн үнийн санал гаргачихаад тэрийгээ ч хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд үнэлгээтэй холбоотой гомдол гаргаснаар түдгэлзэж байсан. Ингээд шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ хийхгүй байсаар 2013 оны 05 дугаар сарын ханшаар 2019-09-11 нд төлж байна, доллар 2013 онд 1400 байсан бол 2019 онд 2671 төгрөг байхад бид 1400 төгрөгөөр тооцож авч байгаа нь энэ хохирлыг үүсгээд байна. Иймээс нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
2. Хариуцагч Т.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т.Т нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Е ХЗХ-нд 4,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр үлдэгдэл 62,410,783 төгрөг, нийт 66,410,783 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Энэ тухай 3 шатны шүүхийн шийдвэр гарсан байгаа. Ам.долларын ханшийн зөрүүг шаардах эрхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлд зааснаар үүрэг үүсэх үеийн ханшаар төгрөгөөр тогтооно гэсэн байдаг. Иргэний хуулийн 218 дугаар зүйлд зааснаар валютын ханш гэдэг зүйл үргэлж өсөж, буурч байдаг учраас шийдвэр гарах үеийн ханшаар тогтоож төгрөгөөр төлбөр барагдуулдаг байхыг заасан. Төлбөр төлөгч Т.Т нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхлоо хамгаалж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг шүүхэд гаргаж шийдвэрлүүлж байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар удаашруулсан зүйл байхгүй. Гурван шатны шүүх Е ХЗХ түүний эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өнөөдөр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор ШШГА-г дуусгавар болгосон тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна. Иргэн Т.Т зээлийн гэрээний харилцааг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн тэр байдлыг нь шат шатны шүүх дүгнэлт хийж шийдвэрлэсэн байтал нэхэмжлэгч биелүүлээгүй байна гэх шаардлага үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасны дагуу нэхэмжилж байгаа болно гэж тодруулжээ. Нэхэмжлэгч иргэний хуулийн гэрээний эрх зүйн харилцааны зохицуулалтаас иш татаж үндэслэл болгожээ. Хариуцагч болон нэхэмжлэгч нарын 2010 онд байгуулсан зээлийн гэрээний маргааныг 2012-2013 онд бүх шатны шүүх шийдвэрлэсэн тухай дээр дурдсан. Тухайн зээлийн гэрээний хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх явцад л дээрх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх тэр харилцаанд хуулийн үндэслэл болох боломжтой юм. Гэтэл зээлийн харилцааг шүүх эцэслэн шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан гүйцэтгэсний гэрээний үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлага (ИХ-ийн 227) ыг хохирол гэж нэхэх шаардах нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Огт зөвшөөрөхгүй. Анх доллар бол зээлсэн тэрийгээ ч бид хангалттай нэмээд 22,000 ам доллар болгон өгөхөөр шүүх шийдвэрлэсэн. Шийдвэр биелүүлэх ажиллагаа ч явагдсан би хүүгээ төлөөлөөд дуустал нь явсан. 6 жил биелүүлээгүй л гээд байдаг ихэнхдээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа алдаатай явагддаг. Шүүхийн шийдвэрүүдийн бараг ихэнхи нь энэ алдаатай явагдсан байгааг нотлох ба дандаа буруу ажиллагаа явуулдаг учраас дахиад л бүх ажиллагаа нь эхнээсээ явагддаг байсан. Ер нь тэгээд ч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаасан тогтоолд эднийх гомдоод шийдвэрлэгдээд зөв гээд дууссан байхад энд одоо хэрэг шийдэж байгааг буруу гэж бодож байна. Гомдол гаргах эрхийг хуулиар олгосон учраас тэр хүрээндээ гомдлоо гаргасан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан, 66 сая төгрөг төлчихсөн байна. шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссантай холбоотой шүүхийн шийдвэр гарчихсан учраас зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгч талаас Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1597 дугаар шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 854 дугаар магадлалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 97 дугаар тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Шаардах эрхээ шилжүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 4/285 дугаар хариу мэдэгдэх хуудас, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 9/841 дугаар тогтоолын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Төрийн банкны Орлогын мэдүүлэг гэх баримтын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн огноо бүхий Монголбанкнаас зарласан ханшийн лавлагаа, П.Н-д олгосон итгэмжлэл, Б.А-д олгосон итгэмжлэл, П.Г-т олгосон итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
4. Хариуцагч талаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 5/617 дугаар албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгч Г.И-д 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан М.Г-гын гомдлын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн банк дахь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 10***75 дугаар дансанд 62,410,783 төгрөгийг Т.Т-ээс шилжүүлсэн тухай Орлогын мэдүүлэг гэх баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 19/21 дугаар тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Битүүмжилсэн, хураасан хөрөнгө чөлөөлөх тухай 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 19/33 дугаар тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1/19955 дугаар албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 9/841 дугаар тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 4/582 дугаар Хариу мэдэгдэх хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 4/2280 дугаар албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гаргасан Т.Т-ийн нэхэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШЗ2020/02292 дугаар захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШЗ2020/00979 дугаар захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн баримт бичиг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/01556 дугаар шийдвэрийн Шүүхийн архив хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, 2020 оны 07 дугаар сарын 01-ний огноо бүхий нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г-ийн гаргасан давж заалдах гомдол, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 7643 дугаар магадлалын Шүүхийн архив хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн огноо бүхий Улсын Дээд шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г-ийн гомдол, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2021/00762 дугаар тогтоолын Шүүхийн архив хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар зэргийг нотлох баримтаар тус тус гаргаж өгсөн байна.
5. Шүүхээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012.09.27-ны өдрийн 1597 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012.12.03-ны өдрийн 854 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 97 дугаартай тогтоолыг гүйцэтгэсэн төлбөр төлөгч Т.Т /РД:ШЗ*********1/-т холбогдох шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг гаргуулж нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх бөгөөд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1597 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 854 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 97 дугаар тогтоол биелэгдээгүй, хариуцагч Т.Т нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар удаашруулж, анх зээл өгснөөс хойш 9 жил 3 сар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгснөөс хойш 6 жил 4 сарын хугацаа өнгөрсний дараа төлбөр төлж, доллар 2013 онд 1400 байсан бол 2019 онд 2671 төгрөг байхад бид 1400 төгрөгөөр тооцож авч байгаа нь энэ хохирлыг үүсгээд байна гэв.
Хариуцагч Т.Т нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: шүүхийн шийдвэрийг биелүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, энэ тухай 3 шатны шүүхийн шийдвэр гарсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар удаашруулсан зүйл байхгүй, хуульд заасан эрх, ашиг сонирхлоо хамгаалж шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг эрх бүхий байгууллагад гаргаж шийдвэрлүүлж байсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан, 66 сая төгрөг төлчихсөн байна. шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссантай холбоотой шүүхийн шийдвэр гарчихсан учраас зөвшөөрөхгүй гэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2012 оны 09 дүгээр сарын 27-ний өдөр 1597 дугаартай Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрээр зээлийн гэрээний үүрэгт 13,000 ам доллар, мөн 34,168,820 төгрөгийг Т.Т-ээс гаргуулан Е ХЗХ-нд олгохоор шийдвэрлэснийг, Нийслэлийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 854 дугаар магадлалаар 13,000 ам долларыг 22,646 ам доллар болгон өөрчилж бусад заалтыг хэвээр , Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 97 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлж, 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр дуусгавар болжээ. Албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Т.Т-ийн зүгээс 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр үлдэгдэл 62,410,783 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 10********575 дугаар дансанд шилжүүлж, нийт 66,410,783 төгрөгийг төлбөр төлөгч хүлээн авчээ.
2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр шаардах эрх шилжүүлэх гэрээгээр 22,646 ам долларыг Т.Т-ээс шаардан авах эрхийг иргэн М.Г-д олгосон байх тул энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэй гэж үзсэн болно.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/01556 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 7643 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2021/00762 дугаар тогтоолд дурдсанаар шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон нь үндэслэлтэй гэж үзжээ.
Хэрэгт шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаанаас буюу 2013 оны 0 дугаар сарын 09-ний өдрөөс эхлээд 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр дуусгавар болох хүртэлх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бүхий л баримтууд ирсэн байх ба 2 дугаар хавтаснаас 3 дугаар хавтас хүртэл үргэлжилнэ. Энэхүү 2013-2019 оны хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагч талаас удаа дараа ажиллагаанууд хууль зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэл гаргаж, 2014оны 03 дугаар сарын 20-ний өдөр 2612 дугаартай Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцсон, мөн 2015 оны 6 дугаар сарын 10-ний өдрийн 4220 дугаартай Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шийдвэрээр барьцаа хөрөнгийг төлбөрт тооцон олгож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүйд тооцсон, 2015 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн 8881 дугаартай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр барьцаа хөрөнгийг санал болгох хурлаар оруулахаар шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцсон, 2016 оны 08 дугаар сарын 8-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/0459 тоот шийдвэрээр үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн Т.Т-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 2018 оны 02 дугаар сарын 13-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2018/00408 дугаартай шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийн 2 дах албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцсон шийдвэрүүд гарч, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс шийдлүүдийг хэвээр үлдээж байжээ.
2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 4/113 дугаартай Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн эрэн сурвалжлах ажиллагаа явуулах тогтоолоор ..Төлбөр төлөгч Т.Т нь оршин суух хаягтаа байхгүй, зарлан дуудсан цагт ирэхгүй, утсаа авахгүй байгаа үндэслэлээр эрэн сурвалжлах ажиллагааг явуулсан байна.
4. Нэхэмжлэгч нь ...шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, шийдвэрийг санаатайгаар эсхүл болгоомжгүйгээр биелүүлээгүйн улмаас эд хөрөнгийн хувьд алдагдалд орж хохирсон ...66,410,783 төгрөгөөс 34,168,820 төгрөгийг хасаад үлдэх хэсгээр нь 22,646 ам доллар авч чадахгүй 11,980 доллар л болж байгаа, 2019 онд долларын ханш 2671,12 төгрөгөөр тооцон 60,490,183 төгрөг авах байтал 1400,30 аар бодож 31,711,420 төгрөг авч хохирсон ..тул зөрүү 28,778,753 төгрөгийг нэхэмжилнэ гэж шаардлагаа дэмжинэ. Хариуцагч нь ...шүүхийн шийдвэрийг бүрэн төлсөн, хуульд заасан эрхийнхээ хүрээнд гомдол гаргаад үндэслэлтэй байсан тул ажиллагаа удааширсан, 6 жил урт гэдгийг тогтоосон хууль байхгүй .. ам долларын зөрүү гэж нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, энэ талаар шүүхийн шийдвэр гарчихсан гэж татгалзана.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан буруутай үйл ажиллагааны улмаас учирсан гэм хорын хохирол шаардаж байна. Нэхэмжлэгч тал хариуцагч Т.Т-ийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад удаа дараа шүүхэд гомдол гаргах замаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргасан гэж байгаа нь түүнийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчийн хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлоо эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргаж, хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн байна. Тодруулбал шүүхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан гаргасан гомдол буюу нэхэмжлэлийг шүүх нэг л удаа хэрэгсэхгүй болгож, бусад тохиолдолд хангаж шийдвэрлэж байжээ.
Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж,
Мөн зүйлийн 44.4-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж тус тус хуульчилсан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 д Гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлно гэж заасан байх ба хариуцагч нь 22.646 ам долларыг 1 ам долларыг 14,000.30 төгрөгөөр тооцон төлбөр төлөгчид шилжүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байна. Улмаар хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/01556 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 7643 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2021/00762 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн, шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон нь үндэслэлтэй гэж үзжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээдээс шаардан гаргуулах эрхтэй гэж заасан. Энэ нь хариуцагчийн хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учирсан шалтгаант холбоотой байж хариуцагч хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээх агуулгатай байна.
Гэтэл хариуцагчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хуульд заасан эрхийнхээ хүрээнд гомдол гаргаж байсан, улмаар шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон нь үндэслэлтэй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэрийг дахин нотлохгүй тул хариуцагчид хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй байхгүй гэж үзнэ.
5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
6. Иргэдийн төлөөлөгч Б.М-аад шүүх хуралдааны товыг 2025 оны 4 дүгээр сарын 18-ний өдөр мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, зохигчид иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дах хэсэгт зааснаар хуралдааныг үргэлжлүүлсэн болно.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 301,845 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Т-ээс гэм хорын хохиролд 28,778,763 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 301,845 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ
ШҮҮГЧ Т.БАТСҮХ
Г.НЯМСҮРЭН