| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 102/2020/01172/И |
| Дугаар | 192/ШШ2025/05308 |
| Огноо | 2025-06-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/05308
|
2025 06 18 |
192/ШШ2025/05308 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 5-А дугаар байр, 3 тоот хаягт бүртгэлтэй Хүрмэн ХХК /регистрийн дугаар: 2807696/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, Соло молл худалдааны төвд байрлах Ди Эйч Ти ХХК /регистрийн дугаар: 2724456/-д холбогдох,
Үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоолгож үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримт бүрдүүлж өгөхийг хариуцагчид даалгах, алдангийн төлбөрт 111,550,000 төгрөг, олох ёстой байсан орлогод 457.101.215 төгрөгийг тус тус гаргуулах, үйлчилгээний талбайг барьцаанаас чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч П.Сарантуяа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Хүрмэн ХХК нь хариуцагч Ди Эйч Ти ХХК-д холбогдуулан үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоолгож үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримт бүрдүүлж өгөхийг хариуцагчид даалгах, алдангийн төлбөрт 111,550,000 төгрөг, олох ёстой байсан орлогод 457.101.215 төгрөг тус тус гаргуулах, үйлчилгээний талбайг барьцаанаас чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Манай "Хүрмэн" ХХК нь "Ди Эйч Ти" ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр "Үйлчилгээний талбай худалдах-худалдан авах тухай" гэрээг байгуулж Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, Соло молл худалдааны төвийн 1 дүгээр давхарт 48.5 м.кв талбайг худалдан авахаар харилцан тохиролцсон. Гэрээ байгуулагдахаас өмнө 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр болон 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд нийт 2,667,500 төгрөгийг урьдчилгаа төлбөр болгон төлж байсан. Мөн гэрээний хавсралт 2-т заасны дагуу 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 66,930,000 төгрөгийг, 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 131,192,500 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөгийг тус тус төлж байсан. 1,829,420 төгрөгийг суутган тооцохоор талууд тохиролцсон байдаг. Энэхүү худалдаа, үйлчилгээний талбайд өөрийн эрхэлдэг үйл ажиллагаа болох Хүрмэн эмийн санг ажиллуулахаар барилгын засвар, засал, чимэглэлийн ажлыг 3 сарын хугацаанд гүйцэтгэж, нийт 60,000,000 төгрөгийг зарцуулж байсан. Гэтэл 2017 оны 6 дугаар сарын үед "Ди Эйч Ти" ХХК-ийн зүгээс Соло молл худалдааны төвийн 1, 2 дугаар давхарт И-март хайпермаркет байрлан ажиллахаар болсон, энэ нь танай байгууллагын үйл ажиллагаа явуулж буй талбайтай давхцаж байх тул түр 104 болон 105 тоот талбайн дундын байршилд шилжүүлэхээр болсон. И-март хайпермаркетын зүгээс тавьсан хатуу биет бүхий хана босгох шаардлагатай гэсний дагуу дундын хана өрдөг блокоор өөрийн талбайн хэсгийг тусгаарлаж, дотор заслын ажлыг мөн өөрсдийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн, 10,000,000 орчим төгрөгийг зарцуулж, засал засвар, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэн өөрсдийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. "Үйлчилгээний талбай худалдах-худалдан авах тухай" гэрээний 3.5-3.6 дахь хэсэгт улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулах хугацааг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тогтоож, улсын комисст хүлээлгэн өгсний дараа үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхөөр тусгасан байдаг. "Ди Эйч Ти" ХХК-ийн зүгээс бидэнд өнөөдрийг хүртэл улсын комиссын актыг болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авахад шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөөгүй юм. Бид энэ асуудлаар удаа дараа тус компанийн удирдлагуудтай уулзаж, шаардаж байсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг удахгүй гаргаж өгнө гэхээс өөр хариулт өгөөгүй. Тиймээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй байна. Гэтэл Хас банкнаас 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 2а/341 дугаартай "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгийг манай компанид ирүүлсэн. Тус албан бичигт "Ди Эйч Ти" ХХК нь тус банктай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт Соло молл төвийн 1, 2 дугаар давхрын зарим үйлчилгээний талбайн өмчлөх эрхийг шилжүүлсэн бөгөөд танай эмийн сан уг шилжүүлсэн хэсэгт байршиж байна гэж дурдсан байх бөгөөд талбайг чөлөөлж өгөхийг мэдэгдсэн юм. Энэ талаар бид "Ди Эйч Ти" ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, ярилцахад "Хас банк-тай зээлийн гэрээ байгуулсан нь үнэн, гэхдээ Соло молл худалдааны төвийн анхны зураг төсөл И-март хайпермаркет орсонтой холбоотойгоор өөрчлөгдсөн, танай үйл ажиллагаа явуулж буй талбай тусдаа байх ёстой, бид танай байгууллагын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх үүрэгтэй гэх мэтээр тайлбарлаж байсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 09 дүгээр сард бидний байрлаж байсан талбайг албадан чөлөөлсөн тул маргаантай байгаа асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн. Мөн бидний хооронд байгуулагдсан Үйлчилгээний талбай худалдах-худалдан авах тухай" гэрээний 7.2 дахь хэсэгт ХҮТ/худалдаа үйлчилгээний талбай/-ийг ашиглалтад оруулахаар 3.5-д заасан хугацаа 45 хоногоор хойшилсон тохиолдолд худалдагч тал алданги 46 дахь хоногоос эхлэн худалдан авагч талд гэрээний үнийн дүнгийн 20 хувийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлнө" гэж заасан байдаг. "Ди Эйч Ти" ХХК нь өнөөдрийг хүртэл буюу 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 2636 хоногийн хугацаанд манай компанийн худалдан авсан талбайг хүлээлгэн өгөөгүй, улсын комиссын акт болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг бүрдүүлж өгөөгүй юм. "Үйлчилгээний талбай худалдах-худалдан авах тухай" гэрээний нийт үнийн дүн 223,100,000 төгрөг байх бөгөөд үүний 20 хувь нь 44,620,000 төгрөг болж байна. 44,620,000 төгрөгийн 0.1 хувь нь 44,620 төгрөг байх бөгөөд "Ди Эйч Ти" ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 2636 хоногийн хугацаанд гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул нийт 117,618,320 төгрөгийн алданги болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу алдангийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 223,100,000 төгрөгийн 50 хувь болох 111,550,000 төгрөгийн алданги хариуцагчаас шаардах эрхтэй байна. Нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагын тухайд манай худалдаж авсан Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, Соло молл худалдааны төвийн 1 дүгээр, давхарт байрлах, 107 дугаар бүхий 48,5 м.кв худалдаа үйлчилгээний талбайг Хас банкны барьцаанд тавьж "Ди Эйч Ти" ХХК зээл авсан зээлийн барьцаанд байна. Хүрмэн" ХХК-ийн Ди Эйч Ти ХХК-тай 2015 оны 11 дүгээр 30-ны өдөр байгуулсан Үйлчилгээний талбай худалдах-худалдан авах тухай гэрээний 2.4-т заасан талбай нь биет байдлын доголдолгүй, худалдагдаагүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, хөлслүүлээгүй, түрээслээгүй болно гэж заасан. Гэтэл тухайн хөрөнгийг Хас банкинд барьцаалсан байна. Соло молл худалдааны төвийн Хүрмэн эмийн сангийн үйл ажиллагаа явуулж байсан талбайг албадан чөлөөлөх ажиллагааг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хийж Соло молл худалдааны төвийн Хүрмэн эмийн сан үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Хэрэв хариуцагч "Ди Эйч Ти" ХХК-ийн зүгээс "Үйлчилгээний талбай худалдах-худалдан авах тухай" гэрээний 3.5-д "Үйлчилгээний талбайн Улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулах хугацаа 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 3.6-д Худалдагч нь улсын комисст хүлээлгэн өгсний дараа Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх Худалдан авагч талд төлнө гэж тус тус заасны дагуу үйлчилгээний талбайг хугацаанд нь хүлээлгэн өгч өмчлөх эрхийн гэрчилгээг гарган өгсөн бол тус эмийн сангийн үйл ажиллагаа зогсохгүй байсан. Соломолл худалдааны төвийн эмийн сан нь 2019 онд 174,716,624 төгрөг, 2020 онд 188,989,093 төгрөг, 2021 оны эхний 9 сарын байдлаар 187,783,493 төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байсан. Итгэлт эстимэйт ХХК-иар үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны алдагдал хохирлыг гаргуулахад 457,101,215 төгрөг болж байна. Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана, 222 дугаар зүйлийн 222.4-т Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна, 222.7-д Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж заасан. Тиймээс Хүрмэн ХХК нь хохирлоо шаардах эрхтэй. Иймд Хүрмэн" ХХК-ийг Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө, Соло молл худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах, 107 дугаар бүхий 48.5 м.кв худалдаа үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоож, гэрээний алданги 111,550,000 төгрөгийг хариуцагч "Ди Эйч Ти ХХК-иас гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримт бүрдүүлж өгөхийг хариуцагч "Ди Эйч Ти" ХХК-д даалгаж, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, Соло молл худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах 107 дугаар бүхий 48,5 м.кв худалдаа үйлчилгээний талбайг "Хас" банкны барьцаанаас чөлөөлж өгөхийг хариуцагч компанид, мөн учирсан хохиролд 457,101,215 төгрөгийг хариуцагч "Ди Эйч Ти" ХХК-иас гаргуулж "Хүрмэн" ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэж өгнө үү. гэж тодорхойлсон.
2. Хариуцагч Ди Эйч Ти ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон: Хүрмэн ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үйлчилгээний талбай худалдах-худалдан авах SS15-001 дугаартай гэрээг байгуулан, гэрээгээр Ди Эйч Ти ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, Ард аюушийн өргөн чөлөө гудамжинд байрлах Солло молл худалдаа үйлчилгээний төвийн 1 дүгээр давхрын 107 тоотод байрлах 48.5 м.кв талбайг худалдахаар тохиролцсон. Харин энэ гэрээнд талууд харилцан тохиролцож, 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 2015 оны 11 сарын 30-ны өдрийн үйлчилгээний талбай худалдах-худалдан авах SS15-001 дугаартай" үйлчилгээний талбай худалдах-худалдан авах гэрээ"-ний нэмэлт хэлцлийг сайн дурын үндсэн дээр байгуулсан. Энэ гэрээгээр Хүрмэн ХХК-ийн худалдан авахаар тохиролцсон 48.5 м.кв талбайг Солло молл худалдааны төвийн 104, 105 тоот талбай руу томруулж шилжүүлэхээр болсон үндэслэл нь И-март худалдааны төв үйл ажиллагaa явуулах болсонтой холбоотой гэдэгт талууд маргадаггүй бөгөөд харилцан тохиролцож нэмэлт хэлцлийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байгуулж, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн үйлчилгээний талбай худалдах-худалдан aвax SS15-001 дугаартай гэрээг өөрчилсөн байхад нэхэмжлэгч нь хүчингүй болсон гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргаж, маргаж байна. Ди Эйч Ти ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний хавсралтын 1 дүгээр давхрын план зурагт Хүрмэн эмийн сангийн талбайг зааж өгсөн. Хүрмэн ХХК ч энэ талбайг хүлээн авч үйл ажиллагаа явуулж байсан талаараа нэхэмжлэлдээ дурдсан. 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн үйлчилгээний талбай худалдах-худалдан авах үйлчилгээний талбай худалдах-худалдан авах гэрээ"-ний нэмэлт хэлцлийг SS15-001 дугаартай" сайн дурын үндсэн дээр байгуулахдаа нэмэлт гэрээний 3.2-т алдангийн талаар тохиролцож, үндсэн төлбөрөөс хасаж тооцсон. Хүрмэн ХХК-ийг худалдан авахаар тохиролцсон 48.5 м.кв талбайг Солло молл худалдааны төвийн 104, 105 тоот талбай руу шилжүүлэхээр, талбайн хэмжээг 54.9 м.кв болгон томруулж, 3.2 дахь заалтаар алдангийн хэмжээг тэглэж (3 дугаар хавтасны 132, 137 дугаар тал), худалдааны талбайн зүүн талд гадагш гарсан тусдаа хаалга гарган өгснөөр Хүрмэн ХХК-д эмийн сангийн үйл ажиллагаа явуулсан. Ди Эйч Ти ХХК-д мэдэгдэхгүй, манай компанийн оролцоогүйгээр Хүрмэн ХХК нь өөрийн эзэмшил, өмчлөлийн талбайгаа гуравдагч этгээд Хас банк ХК-д чөлөөлж өгсөн. Энэ чөлөөлж өгсөн нь манай Ди Эйч Ти ХХК-ийн буруугаас болоогүй тул учирсан хохирол 457,101,215 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Ди Эйч Ти ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй Баянгол дүүргийн 13 дугаар хороонд байрлах Соло молл худалдааны төвийн барилга бүхэлдээ 2015 онд Хас банк ХК-тай байгуулсан барьцааны гэрээний дагуу барьцаалагдсан, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа явуулж байгаа бөгөөд ажиллагааны явцад (14,000,000,000 төгрөг) гаргуулахаар дуудлага худалдаанд оруулах зорилгоор битүүмжлэгдсэн, хураах тогтоол гарсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж тайлбарласан.
3. Гуравдагч этгээд Хас банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн газар очиж үзвэл ертөнцийн зүгээр баруун тийшээ харсан хаалганы хажууд 104, 105 тоот байдаг. Тухайн байрнаас гаргасан шалтгаан нь юу вэ гэхээр 104, 105 тоот нь манай өмчлөлд байсан. Тийм ч учраас бид Хүрмэн ХХК-д мэдээлэл хүргүүлсэн. Банк зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө авах гэж байгаа бол Банкны тухай хуулиар хоёр л зүйлийг зөвшөөрдөг. Манай банкны баланс дээр бүртгэлтэй байж үйл ажиллагаа явуулахгүй, зарагдаад төлбөр нь төлөгдөхгүй байгаа учраас ямар нэгэн байдлаар түрээслүүлье гэдэг шаардлага тавиад байгаа. Энэ талаар Хүрмэн ХХК-д мэдэгдэл хүргүүлэхэд хариу өгөөгүй тул шүүхийн шийдвэр гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж тухайн талбайг чөлөөлсөн. Талбайг чөлөөлөхөд Ди Эйч Ти ХХК-ийн оролцоо байгаагүй. Талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Энэ хэлцэл зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн тул өгсөн авснаа буцаах үүрэгтэй. Талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа гэрээний зүйлээ өөрчилж 107 тоот биш 104, 105 тоот гэж өөрчилсөн байна. Алдангийн асуудлаа харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлж шийдвэрлэсэн байна. Иймд дахин шаардах эрх үүсэхгүй. Бид барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулъя гэхээр 107 тоотод албан ёсны гэрчилгээ гаргуулсан зүйл байхгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт зохион байгуулалтын план зургийг бүртгүүлсэн болохоос биш тусдаа 107 тоотыг бүртгүүлээгүй. Манайх өмчлөгч биш, барьцаалагч нь юм. гэж тайлбарласан.
4. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 000139446 дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар итгэмжлэл, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн SS15-001 дугаар Үйлчилгээний талбай худалдах-худалдан авах гэрээ, хавсралтын хамт, зарлагын баримт, тооцооллын хүснэгт, төлбөрийн баримт, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 103 дугаар, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 18/621 дугаар, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 01/120 дугаар Ди Эйч Ти ХХК-ийн албан бичиг, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 182 дугаар, 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 156 дугаар Хүрмэн ХХК-ийн албан бичиг, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2а/341 дугаар Хас банк ХК-ийн албан бичиг, орлогын ордерын баримт, 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/00846 дугаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2022/04288 дугаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 04 дугаар итгэмжлэл, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ХХ-15/22/3179 дугаар Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаар итгэмжлэл, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 60 дугаар итгэмжлэл.
5. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 02/160 дугаар итгэмжлэл, 0000120612 дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 01/89 дугаар итгэмжлэл, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн SS15-001 дугаар Үйлчилгээний талбай худалдах-худалдан авах гэрээний хуулбар, хавсралтын хамт, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн SS15-001 дугаартай Үйлчилгээний талбай худалдах-худалдан авах гэрээний нэмэлт хэлцлийн хуулбар.
6. Шүүхээс дараах баримтуудыг хэргийн оролцогчдын хүсэлтээр бүрдүүлсэн. Үүнд: 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 785 дугаар Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, хавсралт баримтын хамт, 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 293 дугаар Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, хавсралт баримтын хамт, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 4/4518 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, хавсралт баримтын хамт, 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 356 дугаар Хөрөнгийн үнэлгээний төв-ийн шинжээчийн дүгнэлт, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 45 дугаар Хөрөнгийн үнэлгээний төв-ийн шинжээчийн нэмэлт тайлбар, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Итгэлт эстимэйт үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1/1372 дугаар Шүүхийн тусгай архивын газрын албан бичиг, хавсралт баримтын хамт, 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 341 дугаар Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, хавсралт баримтын хамт, 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 9/5668 дугаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичиг, хавсралт баримтын хамт, 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч Хүрмэн ХХК хариуцагч Ди Эйч Ти ХХК-д холбогдуулан Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, Соло молл худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах 107 дугаартай, 48.5 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоолгох, алдангийн төлбөрт 111,550,000 төгрөг, олох ёстой байсан орлогод 457,101,215 төгрөг тус тус гаргуулах, Хас банк ХК-ийн барьцаанаас 107 дугаартай, 48.5 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний талбайг чөлөөлүүлж өгөхийг хариуцагч Ди Эйч Ти ХХК-д даалгах шаардлагуудыг гаргасан.
1.1 Нэхэмжлэгч Хүрмэн ХХК нь Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, Соло молл худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах 107 дугаартай, 48.5 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагынхаа талаар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
- ... хариуцагч Ди Эйч Ти ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Үйлчилгээний талбай худалдах-худалдан авах тухай" гэрээ байгуулж Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, Соло молл худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах 107 дугаартай, 48.5 м.кв талбайг худалдан авахаар харилцан тохиролцсон. Улмаар 2017 оны 6 дугаар сарын үед "Ди Эйч Ти" ХХК-ийн зүгээс санал гаргаж, Соло молл худалдааны төвийн 1, 2 дугаар давхарт И-март хайпермаркет байрлан ажиллахаар болсон гэх үндэслэлээр 104 болон 105 тоот талбайн голын байршилд шилжихээр болсон. Гэтэл Хас банкны 2020 оны 3 сарын 5-ны өдрийн 2а/341 дугаартай албан бичиг ирж талбайг чөлөөлөхийг шаардсан. Энэ талаар Ди Эйч Ти ХХК-ийн удирдлагатай уулзахад асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн ... гэж тайлбарласан байна.
1.2 Зохигч, гуравдагч этгээдийн тайлбар болон хэрэгт авагдсан 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн SS15-001 дугаартай Үйлчилгээний талбай худалдах-худалдан авах гэрээ, 000392112 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлт зэргээс үзвэл Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, Соло молл худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах 107 дугаарлалт бүхий 48.5 м.кв талбай нь хариуцагч Ди Эйч Ти ХХК-ийн өмчлөлд байгаа, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн SS15-001 дугаартай Үйлчилгээний талбай худалдах-худалдан авах гэрээ-ний нэмэлт хэлцэлд тусгагдсан 104, 105 дугаар талбайн голын талбай нь өмчлөх эрхийн зөрчилтэй болох нь тогтоогдож байна.
1.3 Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан дээрх агуулга бүхий нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Хүрмэн ХХК нь худалдан авсан эд хөрөнгийн доголдлыг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар арилгуулах буюу өмчлөх эрхийн доголдолтой хөрөнгө /104, 105 дугаартай талбайн голын гэх/-ийг ижил төрлийн өмчлөх эрхийн доголдолгүй хөрөнгө /107 дугаарлалт бүхий талбай/-өөр буцаан солиулах шаардлага гаргасан гэж үзэхээр байна.
2. Нэхэмжлэгч алдангийн төлбөрт 111,550,000 төгрөг гаргуулах шаардлагаа:
- Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан Үйлчилгээний талбай худалдах-худалдан авах тухай" гэрээний 7.2 дахь хэсэгт ХҮТ/худалдаа үйлчилгээний талбай/-ийг ашиглалтад оруулахаар 3.5-д заасан хугацаа 45 хоногоор хойшилсон тохиолдолд худалдагч тал 46 дахь хоногоос эхлэн худалдан авагч талд гэрээний үнийн дүнгийн 20 хувийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлнө" гэж харилцан тохиролцсон. "Ди Эйч Ти" ХХК нь өнөөдрийг хүртэл буюу 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 2636 хоногийн хугацаанд манай компанийн худалдан авсан талбайг хүлээлгэн өгөөгүй гэж тайлбарласан.
3. Нэхэмжлэгч хохирлын төлбөрт 457,101,215 төгрөг гаргуулах шаардлагаа:
- Хариуцагч "Ди Эйч Ти" ХХК-ийн зүгээс "Үйлчилгээний талбай худалдах-худалдан авах тухай" гэрээний 3.5-д "Үйлчилгээний талбайн Улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулах хугацаа 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байна гэж заасан. Соломолл худалдааны төвийн эмийн сан нь 2019 онд 174,716,624 төгрөг, 2020 онд 188,989,093 төгрөг, 2021 оны эхний 9 сарын байдлаар 187,783,493 төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байсан. Итгэлт эстимэйт ХХК-иар 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны алдагдал хохирлыг гаргуулахад 457,101,215 төгрөг болж байна гэж тайлбарласан.
4. Нэхэмжлэгч Хүрмэн ХХК нь гуравдагч этгээд Хас банк ХК-ийн барьцаанаас Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, Соло молл худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах 107 дугаартай 48.5 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний талбайг чөлөөлөхийг хариуцагч Ди Эйч Ти ХХК-д даалгах шаардлагын талаараа:
4.1 Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн нэхэмжлэлдээ: Хүрмэн ХХК-ийн худалдаж авсан Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, Соло молл худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах, 107 дугаартай 48,5 м.кв худалдаа үйлчилгээний талбайг хариуцагч Ди Эйч Ти ХХК нь барьцаанд тавьж Хас банк ХК-иас зээл авсан. Хүрмэн" ХХК-ийн Ди Эйч Ти ХХК-тай 2015 оны 11 дүгээр 30-ны өдөр байгуулсан Үйлчилгээний талбай худалдах-худалдан авах тухай гэрээний 2.4-т заасан талбай нь биет байдлын доголдолгүй, худалдагдаагүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, хөлслүүлээгүй, түрээслээгүй болно гэж заасан тул хөрөнгийг Хас банк ХК-ийн барьцаанаас чөлөөлж өгөхийг хариуцагч Ди Эйч Ти ХХК-иас шаардах эрхтэй. гэж тодорхойлсон.
4.2 Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ди Эйч Ти ХХК манай компанийн худалдан авсан 107 дугаартай талбайг Хас банк ХК-ийн барьцаанд тавьсан тул барьцаа хөрөнгөд хамаарах зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулахыг хариуцагч Ди Эйч Ти ХХК-д даалгах шаардлага гаргасан гэж тодорхойлсон.
4.3 Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан дээрх агуулга бүхий нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзвэл тэрээр мөн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдаж авсан эд хөрөнгөд бүртгэгдсэн эрхийн доголдол /барьцааны эрхээр хязгаарлагдсан өмчлөх эрх/-ыг мөнгөн хэлбэрээр арилгуулах шаардлага гаргасан гэж үзэхээр байна.
5. Хариуцагч Ди Эйч Ти ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ:
5.1 Талууд 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн SS15-001 дугаартай Үйлчилгээний талбай худалдах-худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлтөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь 104, 105 дугаарлалттай талбайн голын талбайг авахаар 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн SS15-001 дугаартай Үйлчилгээний талбай худалдах-худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулсан тул 107 дугаартай талбайг шаардах эрхгүй гэж үзсэн.
5.2 Талууд 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр SS15-001 дугаартай Үйлчилгээний талбай худалдах-худалдан авах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа алдангийн төлбөрийг харилцан тооцож дуусгавар болгосон, түүнчлэн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гэрээнд өөрчлөлт оруулж 104, 105 дугаартай талбайн голын талбайг авсан ба энэ талбайг нэхэмжлэгч өөрөө сайн дураар чөлөөлж өгсөн тул алданги болон хохирлын төлбөрийг хариуцахгүй гэж тайлбарласан.
5.3 Хас банк ХК-иас авсан зээлийн төлбөрийг төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан, мөн 107 дугаартай талбайг нэхэмжлэгч шаардах эрхгүй тул Хас банк ХК-ийн барьцаа хөрөнгөөс 107 дугаартай талбайг чөлөөлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзсэн.
6. Гуравдагч этгээд Хас банк ХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэхдээ дараах тайлбарыг гаргасан:
6.1 Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, Соло молл худалдааны төвийн 1 дүгээр давхар хаягт байрлах 107 дугаартай үйлчилгээний талбайг Ди Эйч Ти ХХК-тай байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ1440001531 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн БИ1440001531-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээний дагуу барьцаалсан. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.6-д заасны дагуу бусдад худалдан борлуулахдаа барьцаалагч болох Хас банк ХК-иас зөвшөөрөл аваагүй тул Хүрмэн ХХК болон Ди Эйч Ти ХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн SS15-001 дугаартай Үйлчилгээний талбай худалдах-худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тайлбарласан.
6.2 Нэхэмжлэгч Хүрмэн ХХК хариуцагч Ди Эйч Ти ХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн SS15-001 дугаартай Үйлчилгээний талбай худалдах-худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус учир гэрээний дагуу алданги хохирол шаардах үндэслэлгүй, мөн өөрт учирсан хохирлоо нэхэмжлэгч нотолж чадаагүй гэж тайлбарласан.
6.3 Хас банк ХК-ийн барьцаатай холбоотой шаардлагын талаар: - Ди Эйч Ти ХХК-иас зээлийн төлбөр гаргуулахаар шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон гэж тайлбарласан.
7. Талууд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр SS15-001 дугаартай Үйлчилгээний талбай худалдах-худалдан авах гэрээ-г бичгээр байгуулж, уг гэрээгээр Ди Эйч Ти ХХК Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, Соло молл худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах 107 дугаартай, 48.5 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайн өмчлөх эрхийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Хүрмэн ХХК-д шилжүүлж өгөх, Хүрмэн ХХК гэрээний төлбөрт нийт 223,100,000 төгрөгийг Ди Эйч Ти ХХК-д төлөх үүргийг харилцан хүлээж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээг байгуулжээ.
7.1 Дээрх гэрээний дагуу төлөх ёстой 223,100,000 төгрөгийг Хүрмэн ХХК бүрэн төлж барагдуулсан талаар хариуцагч маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар талууд нэг үйл баримтын талаар маргаагүй бол тухайн үйл баримтыг тогтоогдсон гэж үздэг.
7.2 Талууд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр SS15-001 дугаартай Үйлчилгээний талбай худалдах-худалдан авах гэрээ-г байгуулснаас хойш буюу 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр бичгээр харилцан тохиролцож, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний зүйл болох 107 дугаартай талбайг 104, 105 дугаартай талбайн голын талбай болгож SS15-001 дугаартай Үйлчилгээний талбай худалдах-худалдан авах гэрээ-нд нэмэлт өөрчлөлт оруулсан болох нь баримтаар тогтоогдож байна.
8. Хариуцагч Ди Эйч Ти ХХК дээрх гэрээний дагуу 104, 105 дугаартай талбайн голын гэх талбайн эзэмшлийг нэхэмжлэгч Хүрмэн ХХК-д шилжүүлэн өгсөн байх боловч голын талбайн өмчлөх эрхийг Хас банк ХК-д шилжүүлсэн, Хас банк ХК эдгээр хөрөнгийг Блью скай фанд хувийн ХОС ХХ-д шилжүүлсэн болох нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/02881 дугаартай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 21280795 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 4-153/16195 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Иймд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр SS15-001 дугаартай Үйлчилгээний талбай худалдах-худалдан авах гэрээ-нд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу шилжүүлсэн эд хөрөнгө болох 104, 105 дугаартай талбайн голын талбайг өмчлөх эрхийн хувьд доголдолтой хөрөнгө гэж үзнэ.
9. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д: Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй. гэж заажээ. Иймд худалдан авагч Хүрмэн ХХК нь өмчлөх эрхийн доголдолтой хөрөнгө болох 104, 105 дугаартай талбайн голын талбайг доголдолгүй хөрөнгө болох 107 дугаартай талбайгаар сольж өгөхийг Ди Эйч Ти ХХК-иас шаардах эрхтэй байна.
10. Гуравдагч этгээд Хас банк ХК нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг Хүрмэн ХХК-тай байгуулаагүй Ди Эйч Ти ХХК-тай байгуулсан тул Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.6-д заасны дагуу зөвшөөрөл авах үүрэг Хүрмэн ХХК-д биш Ди Эйч Ти ХХК-д байсан байна.
10.1 Дээрх тохиолдолд зөвшөөрөл аваагүй-н хариуцлагыг Хүрмэн ХХК хүлээхгүй ба тэрээр Хас банк ХК хөрөнгийг барьцаалсан болохыг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан тул Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар өмчлөх эрхийг шударгаар олж авсан этгээд гэж үзнэ. Иймд Хүрмэн ХХК болон Ди Эйч Ти ХХК-ийн хооронд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан 107 дугаартай талбайг худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхгүй.
Дээр дурдсан үндэслэлүүдээр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, Соло молл худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах 107 дугаартай 48.5 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайн өмчлөх эрхийг Хүрмэн ХХК-д шилжүүлж өгөхийг хариуцагч Ди Эйч Ти ХХК-д даалгах нь зүйтэй гэж үзлээ.
11. Зохигчдын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан Үйлчилгээний талбай худалдах-худалдан авах гэрээ-ний 3.5, 3.6-д хариуцагч Ди Эйч Ти ХХК гэрээний зүйл болох үйлчилгээний талбайн өмчлөх эрхийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор шилжүүлэн өгөх үүрэг хүлээжээ. Энэ үүргээ биелүүлэхгүй бол гэрээний нийт үнийн дүнгийн 20%-иас 0.1%-иар тооцсон хэмжээний алдангийг хоног тутам төлөхөөр гэрээний 7.2-т талууд тохиролцсон байна.
11.1 Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний зүйл болох Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, Соло молл худалдааны төвийн 1 дүгээр давхар хаягт байрлах 107 дугаартай үйлчилгээний талбайн өмчлөх эрхийг хариуцагч шилжүүлж өгөх үүргээ зохих ёсоор /104, 105 дугаартай талбайн голын талбай доголдолтой эд хөрөнгө байсан/ биелүүлэлгүй 2636 хоногийн хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч Хүрмэн ХХК нь 2636 хоногийн алдангийн төлбөр 111,550,000 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т заасан үндэслэлээр шаардах эрхтэй байна.
12. Нэхэмжлэгч Хүрмэн ХХК нь олох ёстой байсан орлого 457,101,215 төгрөгийг шаардах эрхгүй байна. Тодруулбал нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар хугацаа хэтрүүлснээс үүссэн хохирол буюу олох ёстой байсан орлогыг шаардах эрхгүй гэж үзлээ.
12.1 Зохигчид анх 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 107 дугаартай талбайг худалдахаар харилцан тохиролцсон, дараа нь буюу 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гэрээний зүйлийг сольсон ба энэ тохиролцооны дагуу Хүрмэн ХХК нь 104, 105 дугаартай талбайн голын талбайг хүлээн авч өөрийн эзэмшилдээ байлгаж байгаад 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр чөлөөлсөн байна. Мөн талбайг чөлөөлөхөөс өмнө буюу 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр анх шүүхэд хандаж 107 дугаартай талбайн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан байна. Энэ тохиолдолд олох ёстой байсан орлого гэх 457,101,215 төгрөгийг хариуцагч Ди Эйч Ти ХХК-иас гаргуулах боломжгүй юм.
13. Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, Соло молл худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах 107 дугаартай үйлчилгээний талбайг Хас банк ХК-ийн барьцаанаас чөлөөлж өгөхийг хариуцагч Ди Эйч Ти ХХК-д даалгах шаардлагаа хариуцагчаас мөнгөн хөрөнгө гаргуулах замаар хэрэгжүүлнэ гэж тайлбарласан. Нэхэмжлэгчийн энэ тайлбараас үзвэл тэрээр мөн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар барьцааны эрх бүртгэгдсэн хөрөнгийн доголдлыг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шаардсан гэж үзэхээр байна.
13.1 Хас банк ХК-ийн барьцаалсан хөрөнгө гэх 107 дугаартай талбайг тухайлан худалдан борлуулах талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй, 107 дугаартай талбайн үнэлгээ гараагүй, Хүрмэн ХХК-иас барьцааны эрхтэй холбоотой зардал гараагүй тул доголдлыг арилгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгоно. Хожим өмчлөгч Хүрмэн ХХК доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
14. Дээр дурдсанаар Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, Соло молл худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах 107 дугаартай 48.5 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний талбайн өмчлөгчөөр Хүрмэн ХХК-ийг тогтоож өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч Ди Эйч Ти ХХК-д даалгаж, хариуцагч Ди Эйч Ти ХХК-иас алдангийн төлбөрт 111,550,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хүрмэн ХХК-д олгож, олох ёстой байсан орлогод 457,101,215 төгрөг гаргуулах, Хас банк ХК-ийн барьцаанаас хөрөнгийг чөлөөлөхийг Ди Эйч Ти ХХК-д даалгах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
15. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар гуравдагч этгээд Хас банк ХК-ийн барьцааны эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлээгүй, барьцааны эрхийн хүчин төгөлдөр байдлын талаар аливаа шийдвэр гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,375,369 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ди Эйч Ти ХХК-аас 1,838,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хүрмэн ХХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 222 дугаар зүйлийн 222.7, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, Соло молл худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах 107 дугаартай, 48.5 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайн өмчлөгчөөр Хүрмэн ХХК-ийг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авахад шаардагдах бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг хариуцагч Ди Эйч Ти ХХК-д даалгаж, хариуцагч Ди Эйч Ти ХХК-аас 111,550,000 төгрөгийг гаргуулан Хүрмэн ХХК-д олгож, нэхэмжлэлээс 457,101,215 төгрөгийн шаардлага болон Хас банк ХК-ийн барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчид даалгах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,375,369 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ди Эйч Ти ХХК-аас 1,838,200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Хүрмэн ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР